Их хүрээний алдарт зэс барын Жадамба судар ба ном судрын үнэгүйдэл

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2016 оны 09 сарын 21

Нөгөө Соёлын яам дахиад л айлын шоовдор хүүхэд болов. Шоовдор гэснээс ном судрын үнэгүйдлийн тухай нэг жишээ дахиад хэлбэл ”галзуу солиотой”, ”хулгайч, дээрэмчин”-ээрээ дуудуулах л байх. Гэхдээ судлаач бид л хэлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсэв. Ойрмогхон зүрх ёгхийлгэсэн хоёр ч тохиол болов. Саяхан Бээжинд болсон Төвдийн соёлын гайхамшиг хэмээх үзэсгэлэнд Халхын Их хүрээний 8 нандин, Богд хаант Монгол Улсын соёлын хүчирхэгжилийн бэлгэ тэмдэг болж байсан зэс барын Жадамба судар ”Төвдийн соёлын содон онцгой ололт” гэсэн нэрийн дор явахыг үзэв. Харамсалтай. Тэдэнтэй маргах хэн ч алга. Бүгд л алга ташаад л тууз хайчлаад л. Ингээд Төвдийнх болчихов. За энэ ч яахав дүүрч. Ноднин жил манай нэг ахмад буурал ирж, үе уламжилж тахиж шүтэж ирсэн зэс барын Жадамбыг нь ач хүү нь хаашаа ч юм үгүй хийчихсэн тухай, цуглаанд явдаг болсноос хойш бурхныг нь шавар, будаг хэмээн ад үзэж, гаргаж хаяна хэмээн айлгах болсон тухай хэлж билээ. Харамсалтай нь бид л ойшоож анзаарахгүй байгаа болохоос биш аймшигт ”СОЁЛЫН ХУВЬСГАЛ” арай намжуу бөгөөд хорон маягаар Монгол Улсад хэрэгжиж байгаа нь энэ. Юу ч гэсэн Халхын Их хүрээний зэс барын Жадамба судрын тухай энд өгүүлэхийг хичээе. Монголоос хамгийн их гадагшаа зарагдаж, нэгэнт Төвдийн соёлын өв болчихоод байгаа энэ номынхоо тухай нэгэн цагт арга хэмжээ авна гэж найдъя.

“Жадамба” хэмээх номын тухай

“Жадамба” хэмээх нь төвд үг юм. Монгол хэлнээ орчуулбал “Найман мянган шүлэгт” гэсэн утгатай. Монгол газар болоод бурхны шашин дэлгэрсэн газар оронд чухам яагаад энэ ном ингэж дэлгэрсэн бэ? гэвэл бурханы багшийн айлдвар зарлигийн хураангуй Ганжуур эрдэнэтэй их холбоотой юм.

Бүх номын эх нь А үсэг юм. А үсгийг дэлгэрүүлбэл Ум үсэг, Ум дэлгэрээд Хум, Хум дэлгэрээд Ум А Хум, Ум А Хум дэлгэрээд Ум мани бадмэ хум… гэх мэтчилэн явсаар яг дунд нь ”Найман мянган шүлэгт” буюу Жадамба дээр очиж зогсдог байна.

Жадамба судраас дээш ”Арван хоёр мянган шүлэгт”, ”Хорин мянган шүлэгт”, ”Зуун мянган шүлэгт”, Юмын 12 боть гэж ахисаар 108 боть Ганжуур болдог ийм тогтолцоотой.

Ганжуурын 108 ботийг орчуулахын урьд хамгийн түрүүнд Жадамба судрыг орчуулдаг. Чухамдаа ингэж орчуулсанаар бүхий л Ганжуурыг орчуулах нэр томъёоны толь нь болдог хэмээн үздэг ажээ.

Монгол хэлнээ Жадамбыг бүхий л цаг үеийн туршид 8 удаа орчуулжээ. Энэ нь монголчууд 8 удаа Ганжуурыг орчуулахаар оролджээ гэсэн үг юм.
Халх Монголын газарт анхан 1640-өөд оны үед Алтангэрэл увш хэмээх хүн Жадамба судрыг монгол хэлээр орчуулсан бол 1720-иод оны орчим Хануй Хүнүй голын бэлчир Ханан хад хэмээх газар II Богдын шавданг бататгахын тулд Дарба бандида Жадамба судрыг монголоор орчуулж байжээ. Далай Чойнхор вангийн даллагын Жадамба гэж алдаршсан энэ судар өдгөө ”Шинэ Ази” группын захирал Л.Төрбаярын цуглуулга болоод Мэргэн гүн Гомбожавын зээ Т.Тамирт ердөө 2-хон ширхэг л хадгалагдан үлджээ. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн эхнэр болоод хүүхдүүд 1998 онд Жадамба судрыг крилл үсэгт хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд ”Монгол Улсын эд эрдэнэс арвижин дэлгэрэхийн тулд” ийнхүү гаргасан байдаг. Монголчууд энэ мэтчилэн үеийн үед Жадамба судрыг хэвлэх, орчуулах ажил хийж ирсэн бөгөөд тухай бүр монголчуудын сайн сайхан буян заяа дэлгэрэх, эд баялаг арвижихын тулд хэвлэдэг байжээ. Энэ мэтчилэн төвд хэлээр монголчуудын оролцоотой бүтээгдсэн 30 гаруй хэвлэл бий хэмээн үздэг ч нарийн судалгаа хийгдээгүй байна.

Зэс барын Жадамба гарсан түүх

1906 онд Вангийн хүрээ буюу одоогийн Булган аймгийн төвд нэгэн Жадамба судрын бар гарчээ. Урьд Хятад, Төвд, Монголд сийлэгдэж байсан барнуудаас онцгой жижигхэн үсэг нь тод байв. Энэхүү Жадамбын бар гарсан даруйдаа Халх даяар алдаршжээ. ”Эвсээрхэн Жадамба” гэдэг цол ч олов. Гэвч бурхны ном хүний өвөрт багтах цөвүүн цаг иржээ хэмээн ярилцаад, Туулын гүн (Одоогийн Төв аймгийн Өндөр ширээт сум)-ий Мижиддорж ловон том хэмжээтэй Жадамба судрын эхийг бүтээжээ. Энэхүү бүтээсэн эхийг Богдын дэргэдийн лам Чойндон цорж ихэд дэмжсэн бөгөөд улмаар Богд хаанд айлтгажээ. Тухайн үед Богд хаант Монгол Улсын дотоод яамны сайд Цэдэнсодном болоод Хамба номун хаан Жамбалдорж, Ялгасан хутагт нар энэхүү Жадамба судрын зэс барыг хийх ажлыг даан авчээ. Богд хаант Монгол улсын үеийн ном соёлын хоёр том бүтээл үлдсэн нь Хүрээ барын Ганжуур болоод Зэс барын Жадамба юм. Хүрээ барын Ганжуурын эхийг сийлэх ажлыг одоогийн Өвөрхангай аймгийн Уянга, Батөлзий, Хужирт орчимийн хийд орны барчин сийлбэрчин урчууд голлон бүтээсэн бол үүнээс илүү хүнд нарийн хийцтэй Жадамба судрын зэс барыг төмрийн дарханаараа алдартай Далай Чойнхор вангийн хошууны 53 сүм хийдийн Бор хэмээх Чүлтим, Тунгийн Шар зэрэг урчууд хийжээ.

Энэхүү зэс барын зэсийг Орос, Хятад, Төвд зэрэг олон газраас авчирсан бөгөөд хийцийн хувьд цутгах, гагнах, шарах зэрэг олон аргаар бүтээснээрээ монгол дархны гайхамшигт ур авъяасыг бүрэн шингээж, 3 жилийн дотор бүтээжээ.

Зарим хүрээний хууччуул Мигжэд Жанрайсиг бурхныг аравнайлах ёслолд зориулан анхан хэвлэсэн хэмээн ярьдаг бөгөөд Жанрайсиг бурхны эргэн тойронд түмэн Аюуш бурхан бүтээж, зэс барын Жадамбыг тэрхүү их буяныг хийсэн өглөгийн эздэд зориулан 100 илүү хувь барласан хэмээн ярьдаг.

Зэс барын Жадамба нь 2 дэвтэр бөгөөд эхний дэвтрийн эхний хуудасны бярга хэмээх тэмдэгний ар дахь 2 урт шадны дунд соёмбо тэмдэг, 2-р ботийн эхний хуудасны 2 шадны завсар Эбам гачил тэмдэг хийсэн. Энэ нь Монгол Улс, монголын шашин үүрд оршихын бэлгэ тэмдэгээр хийсэн хэмээн ярьдаг.

Мигжид Жанрайсиг бурхны эргэн тойронд байрлуулсан 10.000 Аюуш бурхныг Хятад, Төвд, Польш улсад захиалан хийлгэсэн бөгөөд бүгд Дэлхийн 2-р дайны үед Орос руу ачигдан сум цутгасан гэдэг.

Харин энэ Жадамба судрыг Монголын Үндэсний номын санд хадгалан авч үлдсэн бөгөөд их үймээний хөлд 3 хуудас нь үрэгджээ.

Зава Дамдин гавьжийн шавь Монголын Үндэсний номын сангийн Төвд номын фондод эрхлэгчээр ажиллаж байсан Гончигдорж гуай энэхүү дутуу хуудаснуудыг нөхүүлэн Дэлгэрийн Чойрын Уран хэмээх Гэмпилээр шинээр хийлгэсэн юм.

Хэмжээний хувьд маш том. Энхамгалан хааны Жадамбын дараа орох бөгөөд 62 см х 21 см. Эхний Га боть нь 433 хуудастай. 2 дахь Ха боть нь 343 хуудастай. Нийтдээ 747 хуудас, 1494 нүүртэй. 300 орчим бар зурагтай. Богд хаант Монгол Улсын үеийн соёлын гайхамшиг юм.

Энэхүү Жадамба судрын зэс барыг 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын ”Хосгүй үнэт” хэмээх ангилалд бүртгэжээ. Хэдий тийм боловч энэхүү соёлын гайхамшигт өвийг ном хэвлэлийн түүх гэсэн утгаар нь ч тэр, Богд хаант Монгол Улсын Соёлын гайхамшигт дурсгал гэсэн утгаар нь ч тэр нэг ч удаа эргэж сөхсөнгүй.

Ард түмнээ соён гэгээрүүлж, тайлбарлаж таниулсангүй. Судлах шинжлэх төсөв мөнгө ч гаргасангүй. Эхэндээ нэгэн удаа “Шашны” гэсэн ангилалаар хэлмэгдүүлсэн бол, хоёр дахь удаадаа ”хосгүй үнэт” гэдэг ангилалаар хэлмэгдүүлж байгаа юм байна.

Ийм Соёлын яамтай, соёлын сайдтай, соёлын судлаачидтай байхад, бусад улс өөрийн соёлын өвөөр бүртгэх нь ч зөв, шинэ залуу үеийнхэн үл ойшоох нь ч зөв. Буруу бол зөвхөн бидэнд л байгаа юм.

Чухамдаа энэхүү Зэс барын Жадамба бол монголчуудын ном хэвлэлийн түүхэн дэхь онцгой гайхамшиг юм. Тухайн үед Монгол улсад бизнес хийж байсан Дашинхүүгийн пүүсийн хойч үеийнхэн өнөө хүртэл хадгалж, Хөх хотод цагаан сарын шинийн 8 бүхэнд монгол лам залан, үсэг тоолон уншуулдаг уламжлал өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Хүрээний хуучин баячуул ч энэ уламжлалаа алдаагүй байх нь мэр сэр тааралддаг. Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх үйлс болон Богд хаант Монгол улсын үеийн хамгийн дээд шагналуудын нэгэнд Зэс барын Жадамба дагалдуулах ёс байжээ. Энэ утгаараа ном төдийгүй төрийн дээд шагнал явсан ном эдүгээ үнэгүйдэж, адлагдсаар мартагдах бололтой.

Харин энэхүү түүхээ сайн мэддэг цуглуулагч, судлаач нар энэхүү номыг нандигнан хадгалсаар байна. Энэхүү нийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлж, өөрийн цуглуулгын Жадамба судрынхаа зургийг авхуулсан О.Маш-Эрдэнэ ахдаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.