Бурханы Шашин эргэн ирж байгаа нь

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2016 оны 09 сарын 30

ОХУ-ын Буриад дахь Бурхны шашны сэргэлт

ОХУ-ын Буриад дахь бурхны шашин бол коммунизмийн үед БНМАУ-аас ихээхэн хамааралтай байлаа. Иволгын дацан 1970-аад оны үед шатахад СГЗ бурханч лам Уран Данзан гуай очиж, сүм дуган болоод гол шүтээнүүдийг нь бүтээж өгчээ. Шинэ тулгар байгуулагдсан Гандантэгчинлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн төдийгүй билэг тэмдгийн төдий үлдээд байсан Буриадын бурхны шашныг сэргээхэд Монголын Үндэсний Номын сангаас хүртэл ном судраар тусалж, манай улс их дэмжлэг үзүүлжээ.

1990-ээд он буюу Коммунизм нуран унасны дараа Еше Лодой ринбүчи Монголоор дамжин Буриадад заларсан бөгөөд өнөөг хүртэл буриад лам нартай зэрэгцэн шашин номын үйл ажиллагаа явуулж байна.

В.Путин ОХУ-ын ерөнхийлөгч болсон цагаас эхлэн түүхэн алдаагаа засч Орос орныг өндийлгөсөн нэг шийдвэртэй алхам бол Үнэн алдартны шашны сүм хийдийг Октябрын хувьсгалын өмнөх үеийн хэмжээнд очтол өргөн дэмжсэн явдал юм. Төрийн ёслол төдийгүй цэргийн номлолд ч Үнэн алдартны шашин ”шашин төрийг хослон барих” хэмжээнд үүрэг нөлөөтэй болсон төдийгүй кино урлагаар дамжуулан, үнэн алдартны лам нарыг магтан дуулж, ариун шудрага баатар болгон өргөмжлөв.

Мөн үүний хамтад Иволгын дацангийн хамба лам Дамба Аюушеевт ОХУ-ын Бурхны шашны Сангха нийгэмлэгийн тэргүүн болоод Буриадын бурхны шашны тэргүүний албан тушаал байр суурийг олгож, бүрнээ итгэл хүлээлгэснээр зах хязгаарын Буриад улсын дотор Бурхны шашин хөгжих нэн таатай хөрс шороог бүрдүүлжээ. Сүм хийдүүд сэргээгдэх буюу шинээр нээгдэж, олон суварга шүтээнүүд боссон бөгөөд Шашны дээд сургуулийн дэргэдэх Урлахуйн ухааны сургуульд Бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор анхны 4 оюутан суралцсанаар эхлэн буриадууд өөрсдөө бүтээх болсон юм.

Мөн Итгэлт хамбын шарилыг гаргаж ирсэн болоод Улаан-Үдийн ойролцоо Хүннүгийн суурин олдсон зэрэг соёлын акциуд нь буриадуудын дундахи бурхны шашны хөгжилтөнд маш том түлхэц өгсөн юм. Ялангуяа 2010 оноос сүүлийн 6 жил сүм суварга барих ажил маш идэвхтэй сэргэсэн төдийгүй эрэлт хэрэгцээгээ хангахын тулд Балба, Энэтхэгээс урчууд авчирч, сүм суварга шүтээн байгуулж, Итгэлт хамбатай холбоотой соёлын аялал жуулчлалыг маш амжилттай хөгжүүлэв. Ямар ч байсан Оросууд ойлгов.

- Коммунистууд шашинтай тэмцсэн нь буруу байжээ. Якут, Тува, Халимаг, Буриадууд Бурхны шашнаар нэгдэн нягтарч Сибирт түрэн орж буй Хятадын нөлөөг сөрөн зогсох ашигтай.

- Шашин бол аялал жуулчлал, мөнгө юм. Буйд хязгаар байсан Улаан-Үд Монголоос ирж буй эргэлчин мөргөлчин жуулчны урсгалаар сүүлийн 2 жил танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна.

Иймийн учир Бурхны шашныг Буриадад улам дэлгэрүүлэх, улмаар хил орчмын худалдаа, аялал жуулчдад таатай бүх боломжыг нээн өгөх, бурхны шашнаар дамжуулан монголчуудыг талдаа татах бодлого явуулж эхэллээ.

БНХАУ-ын ӨМӨЗО дахь бурхны шашны байдал


Банчин богдын багш Хөх нуурын Мачу голын эрэг дээр Дүйнхорын ван тавьж байгаа зураг

Өвөр Монголчууд бол Буриадуудыг бодвол монгол хэлээ чамгүй сайн хадгалж үлджээ. Газар нутаг ч тийм жижиг биш 1.2 сая хавтгай дөрвөлжин км. 200 орчим хошуутай буюу манайхаар бол сумтай. Сум болгон Шашны хэрэг эрхлэх товчоотой. Путины бодлогыг Си Жин Пин маш сайн судалсан төдийгүй түүхээ ч бас сайн судалжээ.

Нэг тэрбум 600 сая хүн амынх нь 4/1 буюу 400 сая орчим лалын шашинтны асуудал бол төрийн бодлогынх нь зүрхний шигдээс юм. Хаанаас ийм олон лалын шашинтан гараад ирсэн хэрэг вэ? хэмээн гайхаж болох юм. Тэд бол зөвхөн Шинжаанд ч байдаг бус Хятадын бүхий л томоохон хот, муж, төв суурин газарт амьдардаг. Нэлээд нь идэвхгүй боловч коммунистуудын ”шашинтай хийсэн тэмцэл”-д хамгийн сайн тэсч үлдсэн. 100 сая гишүүнтэй ХКН-аас ч илүү эв нэгдэлтэй, хүчтэй.

Хятадын төрт улсын түүхэнд Цагаан хэрмийн гаднах Лалын шашны түрэлтийг хэн тогтоон барьж байсан бэ? гэвэл бурхны шашинт монголчууд, манж нар л байлаа. Энэ түүхээ бодсон ч тэр хөрш зэргэлдээ ОХУ-ын ерөнхийлөгч Путины чиг баримжааг харсан ч тэр ямар ч байсан Өвөр Монголд бурхны шашин дэлгэрүүлэх нь туйлын чухал болсон юм. Гэхдээ алгуур удаан биш, маш түргэн болж өгвөл аль болох олныг хамарсан шинжтэйгээр дэлгэрүүлэх.

Хэдий тийм боловч олон жилийн хориг саадаас болоод боловсон хүчний асуудал гарч ирсэн юм. Гүмбүм, Лавранд суралцсан монгол лам нар цөөхний дээр хилийн чанадад суралцсан судлаач эрдэмтэд ч маш цөөн байлаа. Дармасала буюу Энэтхэгт Монгол улсаас 500 шахам лам хуврагууд суралцаж байхад Өвөр монголоос очиж суралцаж байгаа хүүхэд гарын 5 хуруунд ч багтахгүй.

Нөгөө талаас засаг төрөөс нь бодлогоо хэрхэн боловсруулахаа бодож амжаагүй байтал Wechat хэмээх гар утасны апп санаандгүй тус болжээ. Бурхны шашны чин үнэнч сүсэгтэн өвөр монголчууд Энэтхэг Дармасала-д сурч буй монгол лам нарт Wechat апп суулгасан гар утаснууд бэлэглэж, тэдэнтэй интернетээр онлайн харилцан, ном судар, учир шалтгааны ухаанд суралцах болсон юм. Өнөөдөр Wechat-д Шажин дэлгэр 1-12, Бурхны шашинд суралцах гэх мэтчилэн 500 хүртэлх гишүүнчлэлтэй 100 гаруй группүүд ажиллаж байгаа бөгөөд энд 20 гаруй монгол лам нар янз бүрийн хугацаагаар онлайн хичээл, сургалтууд явуулж байна. Ялангуяа Си Жин Пин төрийн эрхэнд гарч, авилгал хээл хахуультай тэмцсэнээр улбаалан ХКН-ын нэр хүнд ард нийтийн дунд ихээхэн унаж байна. Энэ тэмцэл яваандаа ХКН-ыг задралд хүргэж болох тухай олон ажиглагчид бичиж байгаа ч хэрвээ тийм тохиолдол ирвэл Күнз болоод Бурхны шашинд тулгуурласан улс төрийн шинэ бүтэц бүрэлдэн тогтоохыг хүсч байна.

Саяхан музей маягтай ажиллаж байсан сүм хийдүүд сүүлийн 2 жилийн дотор байнгын уншлагатай хурал номын газар болжээ. Банчин богдын багш нар жил бүр заримдаа жилд 2 удаа Дүйнхорын ванг олон нийтэд нээлттэй Хөх нуурт зохион байгуулах болсон бөгөөд зөвхөн сүүлчийн 3 жилийн статистикаас харахад 100.000 хүртэлх лам хувраг, 800.000-1 сая хүртэлх сүсэгтнүүд тогтмол оролцог болж байна. Хөх нуурт зохион байгуулсан Дүйнхорын ванд суугчдын 30 хувь орчим нь Өвөрмонголчууд байна гэсэн тооцоо гарчээ.
Ном хэвлэлийн зах зээл дээр ISBN аваагүй номуудыг ”хар ном” хэмээн нэрлэдэг бөгөөд эдгээр номын дийлэнх нь бурхны шашны холбогдолтой тэр дундаа хамгийн гүйлгээ сайтай нь ч бурхны шашны хөлгөн судрууд байна.

Үүн дээр нэмээд Ганжуур, Данжуур, Богд Зонховын бүрэн сүмбүм, Ринчэндэрзод, Жанжаагийн 2 дүрийн бүрэн монгол сүмбүм бүхий 400 гаруй боть ном өнгөрсөн жил хэвлэгдэн гарсан нь Өвөр Монголд бурхны шашныг сурч судлах ажилд маш том эргэлтийн шинжтэй үйл явдал болжээ. Хоёр жилийн өмнө Өвөр Монголын Багшийн их сургууль дээр ”Бурхны шашныг судлах нийгэмлэг” байгуулагдсан бөгөөд өдгөө энэ нийгэмлэгт 100 гаруй лам нар судлаачид ажиллаж байна.

Лам нараа дахин боловсруулах, сургах ажлыг Хөх хотод Лаврангийн гэвш Ёндон болоод Японд сурч төгссөн судлаач Бодьцагаан нар маш амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд ойрын гурван жилд Өвөр монголчуудын дунд Бурхны шашин хамгийн ихээр хөгжин дэлгэрэх хөрс шороо нэгэнт бүрджээ.

Монгол Улсын байдал

За, манайд байдал ямар байгааг бараг бүгд мэднэ дээ. Шашны тухай бодлого бүрхэг. Хууль эрхзүйн орчин нь ойлгомжгүй. Болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Дан ганц ой санамж, дурсамжаараа өөрөөр хэлбэл урсгалаараа явж байна. МАН бол шашны талаар явуулж ирсэн маш том бодлоготой, судалгаатай байлаа. Байлаа гэдэг нь 1991 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Даш-ёндон намынхаа чиг баримжааг Нагаржунайн ”Төв үзэл”-тэй нийцүүлэн шинэчлэл хийхийг оролдож байлаа. Нэлээн алсыг харсан энэ бодлого нь дэмжлэг аваагүй ч ямар ч байсан унтраагүй. Мөн тус намаас ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Н.Энхбаярын имиж нь ч ”Бурхан багшийн сургааль”-ийг орчуулснаар бүрэлдэн тогтож байв.

Гандан хийд ч дахин сэргэсэн үеэсээ эхлэн МАН-ын сүүдэрт тус намын бодлого зохицуулалт, зөвлөмжийн хүрээнд ажиллаж ирсэн юм. Энэ ч утгаараа дөнгөж саяхан Хэнтий аймагт залагдсан Жонан Ханчин хутагтын ширээнд залах ёслол бол Гандан хийдийн гэхээсээ илүү МАН-ын хийсэн алхам юм. Яг одоо Монгол улсын төр засагт шашны тухай тэр дундаа Бурхны шашны тухай судалгааны болон бодлогын нэг ч нэгж байхгүй байна. Энэ нь дараах гурван асуудлыг шийдсэний дараа буй болж болох юм.

Нэгд, Хэдийгээр хүний эрхийг зөрчсөн заалт байж болох ч Төрийн албан хаагч нар өөрсдийн шашин шүтлэгийн байдлыг нийтэд ил тод болгох

Хоёрт, Далай ламын талаархи байр сууриа ил тод болгох

Гуравт, Дотоод дахь Бурхны шашинтнууд, лам хуврагуудын эв нэгдлийг хангах үүднээс шашны тэргүүнийг батламжлах

Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын дотор хамгийн зөв менежменттэй явж байгаа байгууллага бол ”Цогт цагийн хүрдэн” нийгэмлэг юм. Ганжуур Данжуур цаашлаад бурхны номыг эх хэл, бичгээрээ түгээн дэлгэрүүлэх явдал бол хамгийн эрхэм ажил билээ. Энэ үйлсийг дэмжиж, тус нийгэмлэгээс гаргасан ботиудыг төрийн ордонд залах болсон нь ч тун сайшаалтай үйл явдал.

Тийм ээ, Монголын төрд Бурханы шашин аажмаар ч гэсэн эргэн ирж байна.