Монгол Улсын хөгжил оюуны хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилна

Монгол Улс яавал хөгжих вэ? Хөгжингүй гэж хэлдэг тэр нийгмийн ядаж босгонд нь хэзээ тулж очих вэ? Уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжихээр үү? Гадагшаа экспортонд гаргаж зардаг зэс, нүүрс эрдэс баялагийн үнэ өсөхөөр үү? Эсвэл барилга, зам гүүр их тавигдахаар уу? 

Миний бодлоор бол эдгээрийн аль нь ч Монгол Улсыг хөгжингүй, энэрэнгүй нийгэмтэй улс болгохгүй. Монголд хүний оюуны хүч чадлыг үнэлдэг болсон тэр л цагт бид хөгжингүй улсын жишигт хүрнэ. Монголчууд бид оюуны асар их баялагтай оюунлаг ард түмэн. Харамсалтай нь Монголд өнөөдөр оюуны хөдөлмөрийн үнэлэмж шалан дээр унасан байна гэж хэлэхэд болно. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд барилгын салбар хөгжөөд болсон болоогүй баахан барилга барилаа. Үр дүнд нь барилгын материал, ажиллах хүч, барилгын дотоод засал чимэглэл гээд барилгатай холбоотой юм бүхэн үнэд оров. Өнөөдөр паркет гэж нэрлэгддэг шал шахдаг ажилчдын хөлс шоо дөрвөлжин метрийг хийх өртөг нь 4000-3500 төгрөгийн үнэлгээтэй байна. Тэгэхээр 100 гаруй шоо дөрвөлжинг нэг хүн өдөрт өлхөөн хийчихийг харж байхад 400000-350000 төгрөгийн ажлын хөлс өдөртөө авч байна. Нэг удаагийн ажил аргагүй гэж та бодож байна уу. Тэгвэл манайд шал шахаж өгсөн залуусын яриагаар бол тэд өөр айлд ажилтай гэж гуйлган байж ирээд оройдоо дуусгаад шөнө өөр нэг үсчний газрын шалыг хийнэ гээд явсан. Гэтэл оюуны ажил хийдэг хүний өдрийн цалин хөлс ийм байж чадаж байна уу? 

Саяхан гэртээ цонхны дулаалга хийлгэв. Ганцхан метр резиний үнэ 6000 төгрөг, ирсэн 2 ажилчин 2-3хан цаг нөгөө резинээ наачихаад надаас хагас сая төгрөг нэхэх жишээтэй. Нэг метр дулаалгын резин хөөрхий миний оюун тархиа зовоон байж хэвлүүлсэн номын маань үнэтэй бараг л адилхан гээд бод доо. 

Бид саяхан Олимп үзэж нэг хэсэг л тамирчдаа медаль авах эсэхийг догдлон байж үзээд амжилт таарууд нь гомдоллон бөөн л шуугиан дэгдээлээ. Ашгүй ганц нэг медаль авч тэнгэрийн умдаг атгасан мэт л хөөрцөглөв. Гэтэл хэдэн Монгол хүүхдүүд оюуны олимп буюу математикийн олон улсын олимпиадаас бүгд алт мөнгөн медальтай ирснийг хэн ч тоосонгүй. Төр засаг нь ч нөгөө наадмын түрүү бөхийн бай шагнал, олимпийн медальт тамирчид шиг шагнал урамшуулах юм юу ч хийсэнгүй.     

Монголд оюуны хөдөлмөрийн үнэлэмж ийм л байна. Дэлхийд цөөхөн эрдэмтэд нь энд тэнд нээлт хийлээ гэж дуулдах харин тэдний хүчийг Монгол Улсад ашиглаж байгаа юм огт алга. Бизнесийн ертөнцөд толгой нь ажилладаг, орчин үеийн сэтгэлгээтэй, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч боловсорсон хүмүүсийг тоогоод хүчийг нь компанидаа, цаашлаад улс эх орондоо ашиглаж байгаа нь их цөөхөн. Монголд юм мэддэг, чадвартай хүмүүс арай чамай амьжиргаагаа залгуулан явах атал харин танил тал нөгөө л шударга бус аргаар явсан нь чадваргүй ч цээжээ дэлдэж худал үнэн үг өндөр дуугаар ярьсаар зангарагтай мундаг гэж үнэлэгдэх болжээ. 

Ийм байхад Монгол Улс хөгжинө гэж итгэх итгэл үнэхээр алдарч байна. Аливаа улсын хөгжлийн нууц нь хүнээ, ард иргэдээ хэр хөгжүүлсэн боловсруулсан эсэх, тэнд оюуны хөдөлмөр хэр үнэлгээтэй байдгаас шууд хамааралтай байдгаас бус байгалийн нөөц баялаг хэр ихтэйгээс нь хамаарахгүй болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл бид нөгөө л материаллаг баялагаар хөгжлийг хэмжсээр оюун тархи нь ажилладаг сэхээтэнлэг давхаргаа улам бүр дарж доройтуулсаар байгаа нь улс эх орны хөгжлийг боомилж  удахгүй Африкийн улсуудын араас орох шинжтэй болоод байгаа нь өнөө цагийн хамгийн том эмгэнэл юм даа.