Чингис хааны бурханчилсан хөрөг хийгээд тайлбар

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2016 оны 10 сарын 28

Монгол бахархалын өдөрт зориулав.

Энэхүү хөрөг зураг нь Өндөр гэгээн Занабазарын буюу түүний шавь нарын сургууль хийцийн үед хамаарна. Өөрөөр хэлбэл XVII зууны сүүл XVIII зууны эхэн үед хамаарна. Үүнийг доорхи шинжүүдээр баталж байгаа болно.

- Торгон дээр зурсан байна. Шууд торгон дээр шороон будгаар зурсан танка буюу шороон будгийн дэлгэмэл зураг маш ховор. Өнөөдөр монголын цөөн хэдэн цуглуулагчдын гарт хадгалагдаж байна. Судалгааны эргэлтэнд ороогүй байна.

- Энэ зургийн ерөнхий суурь өнгө нь цагаан. Гартан буюу цагаан шороон дэлгэмэл зургийн төрөлд орно. Энэ нь одоогоор Монголд олдоод байгаа хамгийн эртний маш сайн хадгалагдсан хийцийн дурсгал юм.

- Монголын танка зургийн түүхэнд морин цэргийн амьд технологийг бурхны хөрөг зургийн аргаар ихээхэн бодитой хадгалан авч үлджээ. Эрдэнэзуугийн ханын зураг болон өөр бусад танка зургуудад морин цэргийг ийм тодорхой зурж үлдээсэн дурсгал ховор юм.

- Банчин богдоор Өндөр гэгээн, Халхын Зая бандида Лувсанпринлай нар Чингис хааны сан тахилгын гарын авлага зохиолгожээ. Далх 9 тэнгэр болоод Говийн лха бурхантай үлгэрлүүлэн зохиосон энэ номын утгатай тааруулан зүрх мэдэн зурж чадах хүн бол тухайн үедээ Өндөр гэгээн Занабазараас өөр хүн байхгүй юм. Энэ нь Монголын шашны эзэн алтан ургийн тойн болон бурхны шашны өндөр мэдлэгтэн гэсэн утгаараа өөр хүн зурсан байх үндэслэлгүй юм.

Зургийн ерөнхий зохиомж ба тайлбар:

Зургийн ерөнхий зохиомж: 

Зургийн төв хэсэгт улаан дэлтэй ногоон луус унасан улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй бадам суурин дээр дөрөө жийн хантайрсан морьтон түүн рүү 2 талаар нь эгнэн зогссон 9 морьтон болоод 6 соёотой цагаан заан хөлөглөсөн лха тэнгэр. Орой дээр залсан Очирвани бурхан. Зургийн доод хэсэгт хаан төрийн 7 эрдэнэ болон Загарвадийн хааны төгс эдлэл, баатарын бүхэн хөө хуяг зэр зэвсэг бүхий дэлгэрүүлэхийн тахил үүлний мөн чанар бүхий дэвсгэр дээр сансарын орон зайд байгаа мэтээр дүрсэлжээ.

Эзэн богд Чингис хааныг дүрсэлсэн нь:

Чингис хааныг чухам яагаад бурханчлан Бадам суурины дээр бүтээв. Энэ бадам суурь бол Өндөр гэгээний сургууль хийцийн цутгуур бурхад дээр элбэг тохиолдоно. Манай зарим судлаачид Өндөр гэгээн бол бурхадыг маш төгс тиг хэмжээтэй бүтээсэн атал энэ зурган дээр яагаад тиг барьсангүй вэ? хэмээн асуудаг. Бурхад бол бурхад. Чингис хааныг бурханчлан бүтээж тахих цаг үеийн шаардлага гарчээ. Цаг төрийн хямраантай тэр үед чухамдаа Чингис хааныг бурханчлан бүтээж тахих туйлын чухал байсан төдийгүй бурхны шашны агуулгатай зурж үлдээжээ.

Энд нарийн ажиглавал ихэнх бурхадыг бөөрөнхий бадам цэцэгийн суурь дээр цагаан саран мандалын дээр бүтээдэг. Энэ нь юуг илэрхийлдэг вэ? гэвэл бүх бурхад тэнгэрт харъяалагддагаас ийнхүү бүтээдэг ажээ.

Хятадын ”Зурхайт ном”-ын эхэнд ”Тэнгэр бөөрөнхий газар дөрвөлжин” хэмээн бичсэн байдаг. Энэ ч сургаалиар Улаанхад хотын Чингис хааны тахилгын сүм болоод Ордосын Эзэн хорооны Чингис хааны тахилгын сүмийн уран барилга нь бөөрөнхий оройтой дөрвөлжин сууртай барьсан байдаг. Мөн цөх зоос ч тэр дугариг бөөрөнхий хэлбэртэй хирнээ дундаа дөрвөлжин нүхтэй бүтээдэг нь ”тэнгэр” болоод ”газар” хоёрыг далд ёгтоор дүрсэлсэн хэрэг.

Тэгвэл энэхүү бадны дээр улаан шаргал наран дэвсгэр нь дөрвөлжин хэлбэртэй байгаа нь энэ бол ”газар”-ын эгэл хүн боловч, бидэнд бурхан мэт тахигддаг гэсэн санааг гаргажээ.

Энэхүү зургаас хожмын Богд хаант Монгол Улс сэргэн мандахдаа олон зүйл авч сэргээсэн байж болох талтай бөгөөд нэг нь энэхүү өвөрмөц зүсмийн луус юм. Луус нь цээж бөгс тэнцүү, ногоон зүстэй, улаан дэлтэй юм. Яагаад ийм өвөрмөц зүстэй байна вэ? Хаан хүн бол жирийн морь унавал азарганы сүрд дарагддаг. Гүү унавал азарганд гишгүүлчихдэг. Азарга унавал гүү хураах гээд байдаг учраас эртнээс нааш луус хөлөглөдөг. Луус бол 4-5 морь өртөөчлөн хөөхөд эцдэггүй ядардаггүй. Гайхалтай тэсвэртэй бас хурдан. Бурхадын хүлэг гэдгээрээ алдартай юм.  Мөн ногоон луус нь хичнээн удаан давхиад хөлөрсөн ч зүс нь хувирдаггүй. Улаан дэл нь мөн хөлсөнд хувирдаггүй. Сайн харваач хүн бол морины зүс танигдахын төдий газарт харваж онох учир ийнхүү содон зүсмийн хөлөг унажээ. Мөн Ажнай хүлэг хэмээх нь (монгол бичгээр эжинэй гэж бичдэг) эчнээ далдыг мэдэх эрдэм чадалтай гэсэн утгатай бөгөөд ”Нар” хэмээх үгийг ”Ногоон морьт” хэмээн далд ёгт утгаар хэрэглэдэг. Энэ учраас морины ёгт нэр болоод бадам суурины өнгө хоёр холбогдож байгаа юм.

“Зэрэгцлийн чимэг” гэж нэр томъёо монголын төрийн уламжлалын ёсонд бий. Энэ тухай Богд хаант Монгол Улсын хуулинд ч Манжийн Чин улсын хууль зүйлийн бичигт ч гардаг. 

Агуулга нь бол ”Хаан хүмүүн нь 5 улаан молцогтой морь унана” гээд төрийн хөсөг цуваа явах үед ямар албан тушаал, зэрэг дэвтэй хүн нь ямар зүсмийн хүлэг унаанд, хэдэн молцогтой зэрэгцлийн чимэг хэрэглэх тухай хуульчлан заажээ. Энэ утгаар авч үзвэл өнөөдөр Богд хааны музейн сан хөмрөгт энэ зурагнаас эх авч хийсэн болов уу? гэж бодмоор маш олон улаан молцог, торгон жолоо зэрэг байна. Энд нэгэн зүйлийг сануулахад Богд хаант Монгол улсын төрийн дуулалыг "Зуун лангийн жороо луус" хэмээн нэрлэж байсан билээ. Тэр дууны үг нь:

    Зуун лангийн жороо луусыг
    Жуузан дундаа хөлөглөнө дөө
    Зураг болсон Богд ламыгаа
    Зонховынх нь ширээн заллаа даа хөө... гэж дуулдаг.

Ногоон луус хэнхдэг цээжээрээ 5 улаан молцогтой. Хоолойдоо 1 улаан молцогтой. Эрүүвчиндээ 3 молцогтой. Нийт 8 улаан молцог зүүжээ. Ийм молцогуудыг зөвхөн хаан хүний ”зэрэгцлийн чимэг” хэмээн нэрлэнэ.

Эзэн богд Чингис хааны баруун мөрөн дээр нь арслан, зүүн мөрөн дээр нь бар, орой дээр нь шонхор шувуу дүүлэн байгаагаар дүрсэлжээ. Бурхны танка зургийн уламжлалд төвд болоод энэтхэгт бурхадын сүр хүчийг ингэж шууд утгаар зурж бүтээж байсан түүх үгүй.

Эзэн богд Чингис хааны дуулга бол маш онцгой. Үүнтэй төстэй дуулга Тайванийн Чан Кай Ши-ийн нэрэмжит Үндэстний түүхийн музейд ”Найралт төв хааны дуулга” нэртэй хадгалагдаж байгаа бөгөөд орой дээрээ хиуртай. Зулай дээрээ зээбадын хээтэй. Хацавчыг нь зааны арьсаар хийсэн. Хааны шар өнгө шар бөс, шар эмжээрээр эрдэнийн чулуу шигтгэж хийсэн дуулга юм.

Баруун ташаандаа барын арьсаар хийсэн нумны саадаг, зүүн ташаандаа ирвэсийн арьсаар хийсэн сумны ховдол зүүжээ. Баруун гартаа урт сэлэм болоод урт ташуур, зүүн гартаа 3 хэл бүхий улаан хиур доод үзүүр нь хурц жад, дээд үзүүр нь мөн жад буюу зэвсгийн чанартай туг мөрөн дээрээ ташуулан, тэвхэдсэн бол зүүн гарынхаа атганд эрээс дээсэн цалам атгажээ.

Энэхүү эрээн дээсэн цалам бол 2 утга илэрхийлдэг. Морин цэргийн хэрэглээний утга нь бол өрсөлдөгч дайснаа эрээн цаламны гох дэгээ бүхий хэсгээр гохдон унагааж, чирэх зориулалттай бол бурхны утганд энэхүү цалам нь ”эрлэгт очих ёстой улсыг гохдон дэгээдэх буюу Эрлэг номун хааны элч” гэсэн утга илэрхийлдэг. Хөгжлийн явцад эрээн дээсэн цалам сур болж, гох дэгээг хэрэглэхээ болин нөгөө үзүүрийн төмөр цагираг үлдсэн бөгөөд одоо бугуйл бол энэ цаламтай нэг язгууртай хэмээн бичдэг.

Богд хаант Монгол Улсын туг бол 3 улаан хэлтэй хийгдсэн байдаг. Зүүн мөрөндөө дамнуулан барьсан туг хиур нь улаан цацагтай, 3 улаан хэлтэй байна.

Баруун гартаа урт сэлэм барьсан бөгөөд улаан урт ташуур барьсан байна. Хаана ч дүрслэгддэггүй, археологийн малтлагаас олддоггүй нэг сонин зүйл бол тохойвч буюу тохойны хамгаалалтыг зурсан байна.

Эзэн богд дөрөөгөө жийж, хантайрсан маягтай суусан бөгөөд түүний гутлын ул нь ширмэл, дөрөөний ул нь ”Дөрвөн арвай, таван нүдэн” тамгатай байна. Энэ тамгыг зөвхөн Чингис хааны алтан ургийнхан эдэлдэг бөгөөд Өндөр гэгээнээс эхлэн Богд Жавзандамба хутагтын өмчийн тамга болон хэрэглэгджээ.

Чанх орой дээр нь Очирвани бурхны бүтээжээ. Очирвани бурхныг санскритаар Vajrapani хэмээн нэрлэдэг бөгөөд төвдөөр Чагнаадорж монголоор Мутартаа очирт хэмээн нэрлэдэг. Энэхүү бурхныг бүтээсэн нь Очирвани бурхан бол Монгол газар орныг эрхшээж даасан бурхан юм. Монгол орныг даагаад зогсохгүй Чингис хаан бол Очирванийн хувилгаан гэсэн томъёололыг анхан Пагва лам гаргажээ. Ингэснээр энэхүү зураг бол Монгол орон төдийгүй Монголын Чингис хааны тухай зураг юм гэдгийг дам давхар баталж байгаа хэрэг юм.

Очирвани бурхны зүүн талд 6 соёотой их цагаан зааныг дүрсэлжээ. Энэ бол Загарвадийн хаан буюу Хаадын хааны нэг төгс эдлэл юм. Энэ бол Хаадын хааны газар нутгийг хамгаалагч бөгөөд хуурай газар болж буй дайн байлдааны хамгийн хүчирхэг тэнгэр юм. Өөрөөр хэлбэл хэзээ ч ялагдашгүй сүр хүчний бэлгэдэл бөгөөд энэ тухай домог олон бий боловч бурхны танка зурагт тэр бүр зурдаггүй. Ихэвчлэн сүм хийдийн ханын зураг болоод сэнтийний сийлбэрт дүрслэгддэг.

Очирвани бурхны баруун талд нэгэн баатар байна. Зэрэгцлийн чимгээс нь үзвэл Чингис хааны дараахи эрх мэдэл бүхий хүн. 9 өрлөг жанжны дотроо бол зэрэг дэвээр хамгийн өндөр. Чингис хааны залгамжлагч буюу орлогч хэмжээний эрх мэдэлтэй. Энэ нь юунаас мэдэгдэж байна вэ? гэвэл түүний унасан хул шаргал луусны зэргэцлийн чимэг нь хэнхдэгтээ 3 улаан молцогтой байна. Түүний сэлэм нь охор. Дээр нь шонхор шувуу зурсан ч бусад баатартай адил баруун зүүн мөрөн дээр нь бар арслан зураагүй байна. Баруун гартаа барьсан туг нь улаан. Мөн ширмэл ултай монгол гутлаар дөрвөн арвайн тамга бүхий дөрөөн дээр жийсэн байдалтай бүтээжээ.

Бусад 8 жанжин нь голд бүтээсэн Чингис хаан руу хандсан маягтай баруун зүүн талаас нь зурсан байна. Бүгдийнх нь мутрын барьц ижил хоромсог, саадаг, сэлэм, хиур бүхий жад, баруун зүүн мөрөн дээрээ бар арслан дүүлүүлж, орой дээрээ шонхор шувуу наадуулсан. Өөр өөр өнгийн ажнай хүлэг буюу луус хөлөглөсөн. Хүлэг унаа тус бүрийн зэрэгцлийн чимэг нь тус бүр 1 1 улаан молцогтой. 

Зургийн баруун дээд талд сар, зүүн дээд талд нар бүтээжээ. Мөн баруун дээд талд үүлний мөн чанартай дэвсгэр дээр хангарьд, зүүн дээд талд үүлний мөн чанартай дэвсгэр дээр лууг үүлэн дундаас цухуйж байгаа маягтай бүтээжээ.

Мөн үүлний завсар дунд олон туг хиур намируулсан цэрэг баатрууд нааш хандан ирж байгаагаар бүтээсэн бөгөөд зарим цэргүүд нь цухуйжээ. Мөн үүлний дунд 3 өөр янзын нохой муурын төрлийн амьтад байна. Энэ нь тухай үеийн морин цэргийн чухал бүрэлдхүүн болох банхар нохой, тайга нохой, улаан ханшаарт үчимбэр зэрэг амьтан байна.10 газар үүлний мөн чанарт дэвсгэрийн дундаас галын мандал дүрэлзсэн маягтай зурж бүтээжээ. Энэ нь бас тохиолдлын шинжтэй дүрслэл биш бололтой байна.

Зургийн ерөнхий доод хэсэгт Хүрдэн орчуулагч хаан буюу Загарвадийн хаан. Эдүгээчлэн ойлговол Хаадын хааны төгс эдлэлийг дэлгэрүүлэхийн тахил болгон бүтээжээ.

Энэ хэсэгт голдуу тухай бурханд зориулсан бүхий л үйлийг дэлгэрүүлэх тахил идээ үнэртэн тэргүүтнийг бүтээдэг уламжлалтай бол энд ихээхэн төрийн хааны эдлэлийг бүтээж иргэншүүлжээ. Үүнд Төрийн 7 эрдэнэ, төрийн 8 эрдэнэ. Лус болон лха тэнгэрүүд. Баатрын их бүрэн хөө хуяг, зэр зэвсэг. 4 төрлийн балин тахил гэх мэт төрийн болоод шашны маш олон бэлгэдлийг үйлс дэлгэрч, өрнөн хөгжихийн бэлгэдэл болгон бүтээжээ. 

Пагва лам Чингис хааныг ”Нэг тивийг эзэлсэн төмөр хүрдэт хаан”, Хубилай хааныг ”3 тивийг эзэлсэн алтан хүрдэт хаан” хэмээн томъёолон бичиж байжээ. Үүгээр бодвол энэхүү зураг нь Төмөр хүрдэт хааныг дүрсэлсэн бололтой. Мөн Банчин богдын олон дүрүүд Чингис хааны сан тахилга, уншлага урилгатай олон номууд зохиож, монголын ноёд язгууртан алтан ургийнхны дотор хүндлэлийг олжээ. Одоогоор нэг бүтэн тахилгын судар болоод бурханчилсан хөрөг Ордосын Үүшин хошууны Саган сэцний дурсгалын сүм буюу Мэйрэн сүмээс олдоод байна. Цөхрөлгүй эрэл хайгуулын эцэст Халхын их хүрээнд бүтээгдсэн энэхүү шүтээний сан солх, урилга уншлага, тахих ёсны ном олдоно гэдэгт итгэлтэй байна.