Сүүтэй уул, Сутай хайрхан, Цаст Богдын домог оршвой

Монгол орны маань алс баруун хязгаарт Говь-Алтай аймгийн Тонхил суманд Сутай хайрхан уул оршдог. Нутгийнхан энэхүү бөмбөгөр оройтой мөнх цаст уулын нэрийг нь хэлэхээс хүндэтгэн “цээрлэж” Цастбогд хэмээн тахин шүтдэг ажээ. Цастбогдын савдаг нь хөх сарлаг унасан эмэгтэй хүн байдаг гэх домог байдаг бөгөөд сүүтэй уул нь эхийн сэтгэл шиг зөөлөн болох нь айлчлан очиж бараалхсан хэн бүхэнд эжийдээ очоод үнсүүлэх шиг эерэг зөөлөн сэтгэгдэл төрдөгөөс андашгүй. Цастбогд биднийг барааны газраас цалин цагаан мөнгөн хэвнэг,  чимэг зүүлтээр гоёсон үзэсгэлэн гоо эхнэр хүн шиг бүртийх ч үүлгүй хөх тэнгэрийн хаяанаас тосон угтлаа.

Сүүтэй хайрханаас олон олон залуус уулчин болох замналаа эхэлсэн гэхийг хамт явсан уулчдаас сонсож миний сэтгэл ч бас хөвсөлзөн баяр хөөрөөр дүүрэн явлаа. Нээрээ л нутгийн алдарт уулчин өдгөө 84 настай Галсан гуайгаас сонсжихуйяа энэхүү хайрханы өвөрт төрсөн олон хүн Монгол улсын гавьяат уулчид болсон агаад Тонхил сумаар овоглосон 30 гаруй гавьяат эндээс төрөн гарчээ. Миний мэдэхийн Тонхил суманд төрсөн, Эверестийн оргилд гарсан анхны Монгол эмэгтэй уулчин Цогзолмаа гэх зоригт уулчин эмэгтэйг хүндэтгэн биширч явдаг. “Сутайн бор” гэх уулын клуб ч өдгөө Монголд үйл ажиллагаа, цар хүрээгээрээ тэргүүлдэг ажээ. Миний бие ч тэртээ олон жилийн өмнө хүмүүний биеийг энд олох хувьтай төрж, Хайрхан уулын өвөрт өлгийдүүлж, Зүйлийн голын усаар угаалгаж төрсөн минь, сүүлийн үед ууланд “сэтгэл алдрах болсон” минь ч төрсөн нутгийн минь уул усны ерөөл мэт санагдана. Аав минь цэргийн хүн байсан агаад зах хязгаарын энэ суманд томилогдон ажиллаж ахуй цагт би бээр мэндэлсэн гэдэг. Галсан гуайд Хайрханд бараалхаж мөнгөн зулай дээрээс нь хорвоогийн наран мандахыг харснаа хэлж, энд төрснөө дурсан аавыгаа сураглахад тэр буурал аав, ээж хоёрыг минь аль энэ олон жилийн ард гэхэд тодоос тод санаж “нутгийн охин уулчин болж, миний насан дээр иртэлээ ууланд яваарай” гэж ерөөхөд сэтгэл өөрийн эрхгүй ихэд догдлон тун их бэлгэшээн буурлаас ерөөлийг нь авлаа. Энд төрөөд эцэг эхдээ үр нь болж заяагаад нэгхэн настай нялзрай амьтан эндээс явснаас хойш төрсөн газраа зочлох боломж надад урьд өмнө нь тохиосонгүй. Эвий, эжий аав хоёр минь намайгаа зах хязгаарын буйдхан ч гэлээ өвс ургамал, уул ус, тэгширсэн ямарч сайхан газарт хүмүүн заяаг хайрлав даа гэж бодохоор буян хишигт нь дандаа л сүслэн залбирч явдаг эцэг эхээ аанай л дурсан үе үехэн самсаа шархирч шүүрс алдан явлаа. Хүн нээрээ л төрсөн газартайгаа хүйн холбоотой байдаг ажгуу. 

Уулчин Галсан гуай бидэнд уул усаа зөв шүтэж биширч хүндэтгэн явах талаар сайхан сургааль үгээ хэлж 1984 онд анх Хайрханы орой дээр 1 хонож нисдэг тэрэгнээс үсрэх шүхэрчин Отряд, Сугар нарыг тосож авсан тухай хөгжилтэй дурсамжаа хуваалцав. Тэр бол хайрханы оргил дээр хоносон анхны түүхэн тохиол байсан бололтой. Бидний хэсэг нөхөд оргил дээр мөн зориглон майхантай хонож үзлээ. Саваагүй болчимгүй юм хийж буй ч юм шиг нэгэн бодлын адал явдалд дурласан хүмүүсийн ажил бизээ. 

Юутай ч буурлын “Та нар залуу хүчтэй байж болно, харин хайрхан уулс хэдэн зуу дахин хүчтэй байдаг юм шүү” гэсэн сургааль орой руу орох шиг болж цээжинд минь хадагдан үлдлээ. Харин Хайрханы зулай дээр хоног төөрүүлж нар  мандахыг үзнэ гэдэг үгээр хэлшгүй нэгэн сайхан мэдрэмж байсныг би энд зориглон дурдах байна. Нэг их хүйтэнгүй ч, салхи ширүүсч шөнөжин шуурч хоносон ч, өглөө нар мандахад тэнгэр мөн л бүртийх ч үүлгүй цэлмэхэд бид орчныг тольдсон нь хүмүүний амьдралд ховорхон тохиох аз завшаан гэлтэй. 

Оргилоос бид Отгонтэнгэр, Мөнххайрхан, Цамбагарав гээд олон олон цаст хайрханы барааг бишрэн ширтэж байлаа. Сүүтэй хайрхан маань ийм л зөөлөн түшигтэй хайрхан юм. Цастбогд хайрхан Таны минь хийморь савдаг биднийг ивээх болтугай.      

Говь-Алтай Тонхил сум