Амарбаясгалантаа аврахын учир

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2016 оны 07 сарын 15

Амарбаясгалант хийдийн албан ёсны веб хуудсаар зочлоё гэвэл тэнд Японы нүүрний тосны сурталчлах хуудас байршсан байгаа. Amarbayasgalant.org энэ хаяг руу та нэг ороод үзээрэй. Юутай ч хамгийн түрүүнд энэ хаягийг сэргээгээд гадаад ертөнцтэй холбоод өгье. Эндээс л эхэлнэ дээ. Эхлээд Амарбаясгалант хийд ч бус ерөөс энэ уран барилгын түүх нь ямар байсан тухай цухасхан дурдахыг хичээе.

Монголын шинэ үеийн түүх Өндөр гэгээн Занабазараас эхэлсэн. Тиймдээ ч бүхий л сэжим, үйл явдал Өндөр Богд болоод 8 дүрийн Богдтой холбогдсоор ирсэн учир энэ уран барилгын түүх ч ингэж л тайлагдах учиртай.

Өндөр гэгээн Занабазар болоод Манжийн Энх-Амгалан хаан хоёрын нэг нь Манжийн төрийн хаан, нөгөө нь хааны номын багш явсан түүхийг бид энд дахин сөхөх хэрэгтэй болно.

Амарбаясгалант хийд их олон нэртэй. Хятадаар Чин нин си буюу Баясгалан Амар хийд гэсэн утгатай. Бас нэг нэр нь Шар сүм. Шар сүм бол шар паалан дээвэртэй хааны сүм гэсэн үг юм. Энд хаан суухаас гадна хааны багш буюу Төрийн багш суудаг учиртай.

Ийм нэртэй сүм хийд олон боловч Амарбаясгалант хийд өөрийн гэсэн онцлогтой. Энх-Амгалан хаан бол 61 жил хаан ширээнд суужээ. Өөрийн гэсэн Энхамгалангийн эрин үеийг бүтээсэн хүн. Энх-Амгалан хаан өөрөө бодож гаргасан уран барилгын цоо шинэ энэ хэлбэрээр ердөө 5 хийд барьжээ. 

Нэгдүгээрх хийд нь: Бээжинд байсан Шар сүм. Энэ бол Бээжингийн хурдны замын зурагт ороод нураагдсан

Хоёрдугаарх хийд нь: 1691 онд Долоннуурт баригдсан Шар сүм. 1996 онд нурсан. 10 сахиусны дуганаас нь 1 нь л хагас дутуу байгаа
Гуравдугаарх хийд нь: Мүгдэн хотын Шар сүм 1902 онд шатаагдсан.
Дөрөвдүгээрх хийд нь: Далайн эргийн дагууд баригдсан бөгөөд давстай чийглэг уур амьсгалаас болоод эвдэрсэн гэдэг.
Тавдугаарх хийд нь: Амарбаясгалант хийд юм.

Одоо цорын ганц бүрэн бүтэн үлдсэн нь бидний Амарбаясгалант. Энэ хийдийн онцлог нь ДЭЭВЭРГҮЙ буюу орой нь дотогш цөмөрхий. Өөрөөр хэлбэл орсон борооны ус бүдүүн модон баганын дотор суулгасан чулуун хоолойгоор дамжин шалан доогуураа урсаж, гадагшилдаг гэсэн үг. Ийм гайхалтай архитекторыг үзэхийн тулд бороо хүлээн Амарбаясгалант хийдэд хагас сар хүртэл сууж байсан тохиол бий.

Өндөр гэгээнтэй хэрхэн холбогддог вэ? гэвэл Энх-Амгалан хаан түүнтэй олон жил харилцаатай байжээ. Анхан холбоотон байснаа өмгөөлөн хамгаалагч болсон бол яваандаа түүний эрдэм ухаан авъяас билгийг хүндлэн багшаа болгожээ. Ингэсээр Долоннуур, Бээжинд өөрийн багш Өндөр гэгээний суух өргөө болгон өөрийн зохиосон уран барилгын хийц бүхий Шар сүмдээ суулгадаг байв.    

Дэлхий дээр ийм их хүндэтгэл хүлээж байсан лам хувраг хүн ч ховор биз дээ.

 

1722 онд 68 насандаа Энх-Амгалан хаан нас барсан бол түүний багш Халхын Өндөр гэгээн Занабазар өөрийн шавийн хойтын буяны ажлыг хийж яваад, 1723 онд 88 насандаа Бээжингийн Шар сүмд таалал барьжээ.

Ингээд түүний хойтын буянд зориулан Шар сүмийг түүний нутаг Халхын нутагт барих болжээ.Манай аман зохиол судлаачид Хүйтрэлийн хачир, шашингүй түүх зохиох гэж олон зүйлийг гуйвуулсан. Тэрний нэг нь бол яах аргагүй Амарбаясгалант хийдийн түүх.

Ивэн-Хийвэн-Хайвин гэхчлэн энэхүү голын нэрийг олон янзаар бичиж байна. Газрын шинжийн хувьд лууны өвчүүн дээр барьжээ. Уг голын нэр бол Кайфин буюу Дэлгэрэн мандах гэсэн утгатай кидан үг юм.
Энэ тухай сурвалж бичиг хятад хэлээр үлдсэн гэх боловч өнөө хир хятад хэлний мэдлэг үгүй болоод, Кидан судлал сайн хөгжөөгүй тул тухайлан уншиж чадсангүй.
Мөн Бүрэн хаан уул байна. Эртний тахилгын судруудад Амарбаясгалантын ар дахь Бүрэн хаан уул, Налайхын Нагал хаан, Хархорины баруунтайх Хангай хаан 3 уул бол төрийн тахилгатай 3 уул хэмээн бичсэн байх нь үзэгддэг. Үүгээр бодвол эртнээс нааш хот суурин, нийслэл төв байсан нутаг яахын аргагүй мөн байжээ. 

Өндөр гэгээнийг таалал болсны дараа Халхын Их хүрээ буюу одоогийн УБ хотноо авчран, занданшуулсан бөгөөд 1727-1736 он хүртэл 10 жил Амарбаясгалант хийдийг барьжээ. Энэхүү хугацаанд маш олон урчууд, шаварчин, тоосгочин, чулуучин, төмөрчин гар урчууд ажилласан бөгөөд Манжийн Найралт төв хаан "ажил удааширч байна" хэмээн донгодсоны учир, хариуцаж байсан сайд нь хүртэл амиа хорлож, дахин сайд томилж байсан данс эвхмэлүүд олон бий. Энэ тухай Манж судлалаар ажилладаг эрдэмтэд үгээ хэлэх байх хэмээн найдаж байна.

Чухам яагаад Бүрэн хаан уулын өвөрт Амарбаясгалант хийдийг барьсан болоод хожмын үр дагаварын тухай олон таамаг, үнэлэлт дүгнэлт бий. 

Нэгд, Байгаль нуурын баруун бие нь Түшээт хааны зуслан, зүүн бие нь Сэцэн хааны зуслан байжээ. Нөмрөн орж ирсэн Оросуудыг цааш хөөх зорилгоор цэрэглэн явсан хойгуур Галдан бошигт Халхад довтолж, Өндөр гэгээн их цэргийнхээ араас Хонин нуга, Ерөөгийн сав, Сарьдагийн хийдийн чигт зугтжээ. Дараа нь Долоннуурт 10 жил яваад, ирэх завсар Хиагтад Троицсавскийн сүм баригдсан байлаа. Дундад зуунд улсын хил бол улсын шашнаараа л тогточихдон байлаа. Ингээд бид Байгалт нуураа алдсан тул Хиагтаар хиллэх болж, улмаар Хиагтад тулган Амарбаясгалант хийдийг барьжээ.

Хоёрт, Амарбаясгалант хийд бол Шавийн өмч буюу 8-р Богд хүртэл Богд хааны өмч явсаар ирсэн. 1736 оноос буюу байгуулагдсан цагаас эхлэн Срайдорж Номун хаан буюу Өндөр гэгээний хүү эзэмшиж байсан бол 1820-иод оноос хойш Срайдорж Номун хан Сэлэнгийн Цагааннуурт Нинж Долби номун хааны хийдийг байгуулан тусгаарлаж, хойт хилийн дагууд харуулын нутагт олон сүм хийдүүд байгуулан монголын хилийг сүм хийдээр мануулах ажлыг явуулжээ. Үүний үр дүнд Тавтын Мөнгөний орд, Хүдэрийн алтны ордууд, өн шимлэг газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгэ аймаг Монголын газрын хуваарьт орсон нь чухам энэхүү Амарбаясгалант хийдтэй холбоотой.

Гуравт, Амарбаясгалант хийд болоод тасран гарсан Нинждолби номун хааны хийд нь Төв монголын хойт хэсэг төдийгүй Буриадад бурхны шашин дэлгэрэхэд онцгой нөлөө үзүүлжээ. Ингэснээр өнөөг хүртэл монголын тусгаар тогтнолын хойт хана хэрэм болсон бурхны шашинт Буриад зон үүсэн бий болоход онцгой нөлөө үзүүлжээ. Эндээс улбаалан Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг том хэмжээгээр ууланд байгалийн чулуугаар хийх уламжлал эхэлсэн бөгөөд өнөөдөр Монголын хамгийн том соёмбо буюу 70 м өндөр соёмбо үсэг Ар Толбийн даваанд байгааг уран барилгач Даажав гуай 10 шахам жилийн өмнө нээн илрүүлсэн. Үүний дараа орох 50 м байгалийн 3 өнгийн чулуугаар хийсэн соёмбо Хөвсгөл аймгийн Чандмани-Өндөр сумын нутагт байна. Энэхүү соёмбыг 1860-аад онд Улаан дүвчин хэмээх лам бүтээжээ. Энэ мэт Хөвсгөл нутгийн араас болон ОХУ-ын нутагт Саяны уулсын дунд Зэдийн голын урд биеэр нийт 9 ш том хэмжээтэй соёмбо үсэг бүтээсэн бөгөөд одоогоор 3 нь олдоод байна. Энэ бол Амарбаясгалант хийдээс гарсан Хил хамгаалах уламжлалын гайхам жишээнүүдийн ердөө нэг нь юм. 

Амарбаясгалант хийдийн түүх болоод архитектороор ажилладаг уран барилгач х.Оюунбилиг одоо ШУТИС-д багшилж байгаа. Энэ барилгын архитекторын тухай ном гаргасан. Энэ сэргээн засварлалт хийж байгаа улсууд энэ хүнтэй холбогдсон уу? Хир зэрэг мэрэгжлийн түвшинд хийж байна. Бүү мэд.

Долооннуурын уран барилга болоод Шар сүмийн архитектороор ажилладаг хятад судлаач ССАЖЯ-нд хандаж энэхүү уран барилгын өвийг хамгаалах тухай маш таатай санал тавьсан боловч, тухайн үеийн төрийн нарийн бичиг "ичгүүр"-тэй зүйл нэхсэнээс болоод таг гацсан гэдэг.

Дөнгөж өчигдөр ирсэн БНХАУ-ын Гадаад яамны сайд "Илүү дотно хамтран ажиллах" тухай цохон тэмдэглэж хэлж байна. Тэгвэл бид өнөө маргаашийн идэх талх, өмсөх хувцас төдийхөн бус яагаад АМАРБАЯСГАЛАНТ хийдийг сэргээн засварлахад хамтрах тухай ярилцаж болдоггүй юм бэ?

Энэ хийдэд гадны хандив тусламж ирээгүй биш ирсэн, өгөөгүй биш өгсөн.
Тухай нийдийн хамба байсан нэг лам АНУ-ын Элчин сайдын яамнаас 500 000 доллар авч дээврийн пааланг хийлгэсэн боловч, буруу стандартын буруу дээвэр авчирсан. Мэрэгжлийн бус алдаа.

Гүрү Дива ринбүүчийгээс хойш залган авч яваа лам нарт нь үнэндээ төрийн зүгээс ямар ч дэмжлэг байсангүй.

Хамгийн сүүлд ноднин очиход эзэмшлийн хувьд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын мэдэлд очсон тухай яригдаж байлаа.
Харин Соёлын бодлого барьдаг түшмэд "удахгүй хар зам очно" тэгээд өөрөө босчихно хэмээн том том ярьдаг.

Хамгийн сүүлд хэлэхэд 3 жилийн өмнө Шар сүмээр дагнан ажилладаг өвгөн профессортой очиж, хоёул бороо орохыг хүлээн 7 хоног суусан юм. Тэр хүн хэлэхдээ

"Амарбаясгалант хийд бол Цагаан хэрмээс хойш Монголын нутагт үлдсэн хамгийн онцгой уран барилга. Зам тавиад, сэргээн засварлаад, аялал жуулчлад хөгжүүлэхэд жилдээ 3 сая хүн ирэх боломжтой. Тэр үед та нар ирсэн жуулчдын бэлэн гоймон найруулах усыг нь ч буцалгаж гүйцэхгүй. Тийм их жуулчин ирэх боломжтой" л гэж хэлсэн юм даа.