Дутуугийн комплекс

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2016 оны 07 сарын 11

Хятадад сая болж өнгөрсөн “Зуны Давос”-ын албан сэдэв нь технологи, эдийн засаг байсан боловч албан бус сэдэв нь дэлхий даяар хэрхэн популистуудтай тэмцэх вэ хэмээх сэдэв болов. Жишээ нь, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Трамп, санаанд оромгүй үр дүн гаргасан Брекситийн санал хураалт гэх зэрэг. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан зарим эрхэм гишүүдэд ч бид аль хэдийн “поп” цол хэргэм өгч амжаад байна.

Уг нь яг өөрийн ойр тойрны хамт олон, найз нөхөдтэйгээ ярихаар дээрх популистуудыг дэмжиж буй бараг нэг ширхэг ч хүн алга. Гэтэл массаараа эдгээр хүмүүсийг ард олон дэмжээд л гаргаад ирээд байна. Сэхээтэн гэгдэх хэсэг нь массаасаа тэгтлээ тасарчихаад байна уу, аль эсвэл ард түмний мэргэн ухаанд үнэхээр сонголт үлдсэнгүй юу? 

Популизм дэлгэрч байгааг дараах 3 үндсэн шалтгаанаар нэгэн эрхэм тайлбарлаж буй сонсов.

Эхний тайлбар нь өнөөгийн нийгэмд хувь хүн бодсон санаснаа шууд хэлж болохоо байсан аж. Ухаан нь хар арьстай хүнийг хар гэхээр арьс өнгөөр ялгаварласан болно. Эмэгтэй хүнийг эмэгтэй гэхээр жендерийн асуудалд орно. Хүнийг магтахаар палдигдсан болно. Хүн шүүмжлэхээр атаархсан болно. Иймээс дотроо бодож явдаг хэдий ч нийгэмд, найздаа, хайртдаа шууд илэрхийлж хэлж чадахгүй үгсээ хэлүүлэхийн тулд Трамп, Жириновский, Ганбаатар гэх зэрэг хүмүүсийг дэлхий даяар сонгоод буй аж. “Хүний хувийн оронд зайд хамаг хог шаар нь нуугдаж байдаг” хэмээн нэгэн рэмбүүчи хэлсэн байдаг юм билээ.  

Удаах шалтгаан нь хүн уйдамтгай ажээ. Бат-Эрдэнэ, Балжинням аваргууд олон жил дарааллан үзүүр, түрүүнд үлддэг байхад үзэгч түмэн “шинэ шөл” ууж, “нялх ногоо” харахыг ямар их хүсэж байлаа. Өөр хүн түрүүлэхэд ямар их баярлаж байсан билээ. Ээлжлэн засаглаж буй МАНАН-ийн ажлын үр дүр, сонгуулийн амлалтаас гадна уйдамтгай ард түмэн бид мөн гэдгийг УИХ-н танхимын талыг нь бүрдүүлж буй цоо шинэ гишүүдээс харж болно. 

Эрх тэгш нийгэм, тэгш эрхийн хувьсгал, баялаг, орлогын шударга хуваарилалт гэдэг үгс дэлхий даяар өмнө байгаагүй ихээр яригдаж байна. Эдийн засгийн ерөнхий систем, үндэстэн дамнасан том төслүүд асуудалд орж эхлээд, нэг улс, нэг дарга дангаараа шийдэхэд улам бүр хүнд болсоор л байна. Иймээс энэ чадахгүй байгаа бол тэр чадна гээд орилоод байгаа нөхрийг сонгоод үзье дээ гэж сонгогч түмэн боддог болсон гэнэ. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж бас нэг рэмбүүчи хэлсэн байдаг. 

Товчхондоо бид бүгд дутуугийн комплекстой хүмүүс агаад түүнийг дүүргэхийн тулд популизм хэмээх хар тамхинд орсон мэт.