Мэдлэгийн зангуу

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2016 оны 12 сарын 12

Сүүлийн хэд хоног фэйсбүүк дээр мэдээлэл бичих зуураа хүмүүсийн эерэг ба сөрөг реакц гаргасан 3 тохиолдолыг анзаарав. "Ухаантай, мэдрэмжтэй" гэж боддог байсан зарим хүмүүсийн хариу үйлдэл бүр чиг сонирхолтой байв.

Эхнийх нь Харвардад хийсэн судалгааны товч мэдээлэл байв. Гол дүгнэлт нь амжилттай яваа эрэгтэй захирлууд гэр бүлийн хүнээ солих, залуу эмэгтэйтэй дараагийн амьдралаа эхлэх, харин эмэгтэй гүйцэтгэх захирлууд голцуу салсан, эсвэл ганц бие байдаг ерөнхий статистикийг дурдаж шалтгаануудыг тайлбарлахыг оролдсон байв. Энэ постын сэтгэгдэлүүд нь голцуу өөрийн эргэн тойрны хүмүүсээр нөхцөл байдлыг жишиж нилээд эгдүүцэж байв. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүн хүлээн зөвшөөрөхгүй атлаа эсрэг факт гаргаж чадаагүй. Гэр бүл, дотны найзуудынхаа хүрээнд жишилт хийх маягаар судалгаа ба постыг үзэн ядаж байв. Өөрөөр хэлбэл нэг факт шидэхээр манайхан голцуу өөрсдийгөө энэ ертөнцийн төв мэтээр төсөөлж тэрэндээ өөрсдөө итгэн ямар ч фактгүй хариу үйлдэл үзүүлдэг. Монголд хийсэн судалгаа, яг өөрийг нь оролцуулсан судалгаа маягтай бүхнийг мэдэж хариулж байсан нь сонин байв. Яг энэхүү сэдэвтэй холбоотойгоор Wason гэгч эрдэмтэн аль 1960 онд маш сонирхолтой судалгаа тест хийсэн байдаг. Нөхөр 2-4-6 гэсэн тооны дараалал өгөөд энэхүү дарааллын дүрмийг батлах буюу дараагийн тоо нь хэд байх вэ гэсэн асуулт байв. Судалгаанд оролцогчид дараагийн тоо нь 2-р нэмэгдсэн тоо байна, эсвэл эхний хоёр тооны ялгавар нь сүүлийн хоёр тооны ялгавартай тэнцүү байх дүрэм гэгчлэн тооцоолсон. Харин яг үнэндээ доктор Васонийн дүрэм нь утга нь өсч буй ямар ч хамаагүй гурван тооны л дараалал гэсэн дүрэм байсан юм. Өөрөөр хэлбэл энэхүү тест нь хүмүүс оролцогч нарыг байгаа баримтыг нотлох бус өөр сөрөг нотолгоо гаргаж ирэхийг туршсан үйлдэл байжээ. Ухаан нь хүссэн зүйлдээ итгэхээсээ илүү, хүсээд байгаа юмныхаа эсрэг фактыг гаргаж турших, үр дүнг нь мэдрэх зоригтой байх, товчхондоо хайрцагласан сэтгэлгээнээс хааяа ч болов салж байх ёстойг энэхүү судалгаа бидэнд харуулж буй хэрэг юм. Нилээд гайгүй мэдээлэлтэй байдаг, хэл устай, гадуур дотуур явж үзсэн сэхээтэн гэгдэг зарим хүмүүс ийм үйлдэл гаргасан нь тун сонин боловч харамсалтай байв.

Хоёр дахь пост маань өчигдөр оруулсан онгоц газардаад буугаагүй байхад онгоцны ахмад ба үйлчлэгчдийн шаардлагыг үл огоорон цүнх саваа аван хаалга руу дайрдаг манайханы тухай мэдээлэл байв. Энэхүү мэдээллийг сургамж ба зөвлөмж болгох үүднээс Дэлхийгээр Аялагчид гэдэг группт оруулж мөн л сонирхолтой өнцгүүдийг харав. Гэр орноо санаа л биз, эх орондоо олон жил ирээгүй хүмүүс аргагүй шүү дээ, угаасаа нүүдэлчин хүмүүс, жинхэнэ Монгол хүн зэргээр энэ үйлдлийг зөвтгөөд сүүлдээ бие биенийгээ гахай, нохой, Хятад, Монголоор дуудаад дууссан бололтой. Группийн админ нь арга буюу пост устгасанаа хэлэв. Асууж постолсон постийг дахиад устгасан байв. Гэхдээ зүй нь миний постийг бус илт бүдүүлэг зан гаргаж, буруу тийшээ мушгиж буй хүмүүст анхааруулга өгөх, тэднийг блоклох ёстой байсан мэт. Тэгэхээр бидний "дотроо хүсээд байдаг зөв бас сайхан, бас төгс" нийгэм, харилцааг бий болгох тухай ямар ч мэдээлэл байсан "хүмүүсийн" дургүйг хүргэхээр бол тэр контентийн хэрэг байхгүй аж. Бид заримдаа хэт сэтгэл хөдлөлдөө автах байдлаар, мэдэхгүйгээсээ болж нэрэлхэх байдлаар, бусдыг гомдоохгүй гэж бөөрөнхийлөх байдлаар шийдвэр гаргах, сонголт хийх, дараа нь түүндээ харамсах тохиолдол гардаг. Эдгээр үйлдэл нь хүний ухамсарт сэтгэлээс шууд гардаггүй мэт боловч биднийг аливаа зүйлсийг, хүнийг дүгнэх, сонгох, мэдрэх ба хариу үйлдэл үзүүлэхэд шууд нөлөөлж байдаг. Ялангуяа хүмүүсийн хоорондын харилцаан дээр элбэг тохиолддог бөгөөд ач холбогдол өндөр, чухал шийдвэр байх тусам л хүмүүс сэтгэл хөдлөлдөө хэт автах магадлал өндөрсдөг байна. Эргээд үнэлүүлж буй хүмүүс нь энэхүү байдлыг овжноор ашигладаг, бид ашиглуулсаар л байна. Өөрөөр хэлбэл бидний дунд сүргийн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор л байна. Хөдөө явж байгаад зам хөндлөн гарч буй хонь, ямаа, адуу нь заавал машины урдуур дайрдаг. Тээр хойно, сүргийн бөгсөнд явж байсан төлөг хүртэл давхисаар байгаад машинд дайруулах шахан урдуур л заавал гүйнэ. “Хүнээр” бодвол бусдыгаа дагаж замын нөгөө талд гарах хэрэг байсан ч юм уу, байсан ч гэсэн машинаа явуулчихаад араар нь гарах, эсвэл заавал заавал урдуур нь дайруулах шахан гүйх хэрэг юу билээ гээд л бодох байх л даа. Сүргийн сэтгэхүйгээр харахаар бидний хэн нэг нь сүргийн гишүүн байвал мэдээж хамгийн аюулгүй гэсэн нь сүргийн голд буюу бөөнөөрөө байх нь. Сүрэг хэрвээ араатнуудын дунд аюултай байдалд орвол сүргийн захад байгаа амьтан хамгийн эрсдэлтэй хэсэгт байна гэсэн үг. Сүргийн сэтгэлзүйн дараагийн нэг шинж нь өөрийн толгойгоор явахаасаа илүү бусдыгаа буюу массаа өөрийн мэдэлгүй дагах, дуурайх. Энэ нь дараах үндсэн гурван шалтгаантай байж болох юм билээ. Нэгт, дээр дурдсан айдас буюу сүргийн захад ч болов гарах сонирхолгүй. Хоёрт, олонхоороо байхыг хүсэгч буюу багийн үнэнч тоглогч. Гуравт, ердөө л залхуу буюу шинийг санаачлагч, манлайлагч бус. Монголчууд нийлээд Монголчуудаа шүүмжиллээ гэдгээс айсан админ бүхий группт урам хугарч группээс нь гарч эрх чөлөөгөө мэдрэв.

Гурав дахь кэйс нь өнөөдрийн Авъяаслаг Монголчуудын финалийн үр дүн байв. Шижирээ гээд залууг урьдчилаад түрүүлүүлсэн хэсэг хүмүүс үр дүн нь өөр гарангуут дэлхий ертөнцийн тэнэг мангарыг гайхан унав. Хүмүүс бид мөн л нэр хүнд дээр суурилж шийдвэр гаргах, эргээд тэр нь буруу шийдвэр болсон байх тохиолдолууд зөндөө гардаг. Бизнесийн ертөнц дээр жишээ нь нэртэй бизнесмэн Jack Welch хуванцарын бизнес руу орохдоо өөрсдийн хүмүүсээс илүү гадны хүмүүст найдсан байдаг. Учир нь тэд энэ төрлийн бизнест туршлагагүй тул. Jack шууд л DuPont-с нилээд хэдэн хүнийг ажилд авсан боловч төсөл нь нурсан түүхтэй. Гол шалтгаан нь Jack хуванцарын бизнесийн тэрхүү төсөлдөө яг хэрэгтэй байгаа мэргэжлийн хүний нөөцийг бус DuPont гэдэг брэнд нэрийг л худалдан авсан хэрэг. Түүнтэй яг адил бид бүхэн сонголт хийхдээ тухайн хүний нэр хүнд, алдар цолоос илүүтэйгээр яг бидний хамтран гээд байгаа ажил, төсөл дээр бодитой үнэ цэнэ авч ирж чадах үү, үгүй юу гэдгийг л сайтар тооцож сурмаар санагддаг юм. Дахиад хүний нийтлэг араншингаар бид дотно найз, сайн таньдаг хүмүүстээ л илүү итгэж, эрсдэл ба боломжуудаа хуваалцдаг. Бид бас л хүнийг үнэлэхдээ өөрийн сайн мэддэг, магадгүй сэтгэлдээ биширч хүндэлж явдаг хүнтэйгээ шууд харьцуулах гээд байдаг талтай мэт. Уул шугамандаа тухайн хүний хувийн амжилт, ололт, гүйцэтгэлээр нь үнэлэх, бие даасан байдлаар харах хэрэгтэй. Магадгүй амьдралд хамгийн ойрхон дараах жишээ байж болох юм. Мундаг, сайхан найз охинтой байж байгаад салсан залуу (эсрэгээрээ ч байж болно) дараа нь тааралдаад үерхэх партнераа үргэлж анхны найзтай жишиж зүйрлээд голоод байдаг. Эцэсдээ ганц бие хэвээрээ л үлдэнэ. Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирсэнийг нь би тоохгүй гэдэг шиг. Хувь хүн болгон хоорондоо юугаар ч ялгагдашгүй зүйлсүүдтэй ч төстэй зүйлс ч багагүй байдаг. Түүнчлэн судалгаануудаас харж байхад хүн хүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа тухайн хүний хамгийн анх хийсэн эсвэл хамгийн сүүлд хийсэн амжилт, алдааг илүү их санаж, түүн дээр тулгуурлан эцсийн дүгнэлтээ гаргах гээд байдаг аж. Тэр дунд тэр хүн ямар ч том амжилт, эсвэл алдаа бүтээсэн байсан үнэлгээнээс орхигдох эрсдэл байдаг ажээ. Иймээс бид бусдыгаа үнэлэхдээ сэтгэлийн зангуугаа татан авч бодит байдал руу тэмүүлэх нь зөв шийдвэр болохоор байнам.

Эцэст нь дүгнэхэд БИДний дийлэнх өөрсдийгөө дандаа хэтрүүлэн үнэлдэг юм байна аа. Ер нь яагаад ингэж хүмүүс өөрсдийгөө хэтрүүлэн үнэлээд байна гэхээр дараах үндсэн хоёр шалтгаан байж болохоор аж. Нэгт, хүмүүс өөрсдийгөө хурдан хугацаанд өөрчлөгдөж чадна гэж итгэдэг. Гэхдээ ихэвчлэн энэ нь цаг хугацааны хувьд маш их зөрүүтэй байдаг бөгөөд нөгөө талд буй хүмүүс нь энэ хүнийгээ өөрчлөгдтөл нь хүлээх үү, эсвэл шаардлагыг нь хангасан хүнтэй шууд хамтран ажиллаж эхлэх үү гэдэг сонголт гарч ирдэг. Хоёрт, бид одоог хүртэл ажил хийх чин эрмэлзлэлтэй хүмүүс энэхүү эрмэлзлэл зорилгодоо хүрэх өндөр магадлалтай буюу хоорондын корреляцийн хамаарал нь өндөр гэж үздэг. Үнэн хэрэгтээ Монгол орны төлөө цохилох зүрхтэй хүн болгон хөгжлийн түүчээлэгч байж чадахгүй. Учир нь хичнээн сэтгэл байгаад ч тухайн хувь хүний өөрийн нь чадвар, мэдлэг, туршлагын хязгаар, хайрцаг гэж байдаг аж.