Хууртай айлыг бүтэн айл, хуургүй айлыг хугас айл гэдэг

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 04 сарын 07

Морин хуур хөгжмийн өв, соёлыг сурталчлан таниулах Монголын анхны “Жонон хар” музейг сурвалжиллаа. Морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатар энэхүү музейг одоогоос хоёр жилийн өмнө байгуулж байсан бөгөөд Монгол ахуйн ховор эд өлгийн зүйлс, дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулга гэх мэт 200 гаруй үзмэртэй. Морин хуур урлаач Б.Сүхбаатар, “Ер нь монгол хүн бүр морин хуураа дуугаргадаг баймаар байгаа юм. Манай уриа бол “Монгол хүн бүр морин хуурч байя” гээд. Энэ нь ямар учиртай юм гэхээр дээр үед айлд ороход монгол хүн морин хуур тоглодог ч бай, үгүй ч бай морин хууранд заавал гар хүрдэг, эсвэл утсанд нь хүрч дуугаргачихаад гардаг тийм байсан. Одоо бол бараг айл бүрт морин хуур өлгөөтэй байдаг болж. Гэхдээ өлгөөтэй байгаад байж болохгүй. Дуугаргадаг, гэрийн жавар үргээдэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл дуу авиа гэдэг ертөнцийн муу сайн энергийг хөдөлгөж байдаг. Сайныг нь ялгаж өгдөг хүчтэй. Хүн гадаа гараад исгэрэхэд салхи сэвэлздэг. Тэр бол дуу авиа ямар хүчтэй болохыг л харуулаад байгаа юм. Монголчууд Төрийн сүлд хар, цагаан туг, Эрийн сүлд малгай, бүс, Гэрийн сүлд гал голомт, морин хуур гэж дээдэлж ирсэн түүхтэй. Энэ нь Галаас гарсан энергийг хөдөлгөөнд оруулж, жаврыг үргээдэг тийм л учиртай юм” гэв.

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” хөтөлбөр