“Бизнес өрөг”-ийн зочин Б.Одсүрэнгийн ярилцлагын онцлох 10 эшлэл

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 04 сарын 13

1.    Миний хувьд анх 8-р ангиасаа ахтайгаа хамт наймаанд явж бизнес эхлүүлж байсан. 
Наймаанд явах үедээ Орос, Хятад улсуудын бизнесийн соёл, хүнтэй хэрхэн харьцаж ажлаа амжилттай бүтээх гээд олон зүйл сурсан. Гол үр дүн нь өөрийн бизнесээ эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалтаа наймаанаас олсон. 

2.    Анх бизнесээ эхлүүлчихээд зах зээл дээр илүү шинэлэг зүйлийг хийхийг зорьдог байсан. Тэр утгаараа би өөрийгөө бизнесмэн гэхээсээ энтрепренер  гэж боддог. 
1996-2000 оны хооронд 4 жилийн хугацаанд л 20-оод төрлийн бизнес хийж үзэж байжээ. Анхны такси үйлчилгээний компани, анхны канад  технологийн хаус зэрэг. 

3.    Бидний үеийнхэн үргэлж дээд үеийнхээ ах нарт “дээрэлхүүлдэг” байсан.  Шинэ бизнес санаачлаад эхлэхээр тэд илүү мөнгөөр “зодож” зах зээлийг булаадаг байсан даа. Жишээ нь, анхны такси үйлчилгээний компани байгуулж 30 такси оруулж ирээд ажиллаж байхад Женко компани 300 такси оруулж ирээд зах зээлийг эзлэх жишээтэй. 

4.    Энтрепренер хүмүүс эрсдэлтэй байсан ч тухайн бизнесийг эхлүүлж зах зээлд шинэ боломжийг бий болгож байдаг. Улсын төв номын санг анх автоматжуулж байсан нь ашгийн бус, программ хангамжийн инженер мэргэжил эзэмшсэн зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлсэн нь тэр. 

5.    Бизнес бол тэр чигээрээ л судалгаа. Зарим ажил, төслүүдээ амжилтгүй болох үед яагаад, юунаас болж амжилтгүй болсныг нь уншиж судалж олж мэдэхийг хичээдэг. 
Олон хариултыг номноос олж болно. Би орой их ном уншдаг, шөнийн хоёр гурван цаг хүртэл уншдаг. Одоо 8 ном зэрэг эхлүүлчихсэн байгаа. 

6.    Миний хувьд "Сайн Менежер хүн үргүй зардал, ажилтнуудынхаа бүтээмжийг тооцдог байх хэрэгтэй" гэсэн зарчим баримталдаг. 

7.    Зах зээлийн өсөлттэй үед  Монголд зах зээл байгаа гэж бодоод багагүй хэмжээний хөрөнгө оруулж “World finance club”-ийг хэдэн жилийн өмнө оруулж ирсэн. Эрсдэл дагуулсан ажил болсон. Хэрэглэгчийн хандлага, соёлын ялгаанаас болж бүтэлгүйтсэн. Түүнээс хойш харин зах зээл байгаа байхгүй гэдгийг туршлагаараа мэддэг болсон. 

8.    Ажил амьдралдаа сахилга баттай байхыг эрхэмлэдэг. Нас явж байгаагаас шалтгаалаад амархан жин нэмэх гээд байна. Жингээ барихын тулд дасгал хөдөлгөөн болон зөв хооллох, сахилга баттай байхыг бодох болсон. Энгийн дадал хэвшлээс зөв сахилга бат гардаг. 

9.    Өвөө эмээ дээрээ өссөн болохоор тэднийхээ “үргэлж сайн руу өөрчлөгдөх хэрэгтэй” гэдэг үгийг үргэлж хэрэгжүүлэхийг хичээдэг. 

Бизнесийн асар хурдтай өөрчлөлтийг дагаж бизнес хийх арга барил,  баг удирдах арга барил мөн өөрчлөгдөж байгаа. Багаа амжилттай өөрчилье гэвэл өөрчлөлтийг өөрөөсөө л хийх хэрэгтэй. Өөрийгөө удирдаж чаддаг, өөрчлөлтийг хийж чаддаг байх өөрийн сэтгэхүйтэйгээ ажиллахаас эхэлдэг. 

10.    Манай компани олон улсын зах зээлд гарах боломжийг судалж байгаа. Яг хэдэн жилийг нь мэдэхгүй ч ойрын хугацаанд гарах байх. Интернет маш сайн хөгжсөн үед  сайн бүтээгдэхүүн гаргачихвал олон улсын аль ч орноос хэрэглэгчийг амархан татаж болдог болчихлоо. Дундын зуучлал, дэлгүүр заавал байх шаардлагагүй болсон.  Энэ боломжийг манай залуус сайн ашиглаасай гэж хүсдэг.