Монгол хөөмийн өв АНУ-д

Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана...

Яруу найрагч Долгорын Нямаа гуайн энэ сайхан шүлэг хөөмийн аялгуу болоод, франц залуугийн амнаас эгшиглэх нь нэн өвөрмөц сонстов. Францын угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ, Монголын судлаач Шагдарсүрэнгийн Номиндарь нар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хөөмийн талаарх судалгаагаа танилцуулан, илтгэхийнхээ өмнө энэхүү аялгууг тоглосон юм. Жоанни Кюртэ өөрөө энэхүү аялгууг зохиожээ.

Жоанни Кюртэ хөөмийч Рэнцэнгийн Даваажавт бичлэгийг нь сонсгож буй нь. Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он © Шагдарсүрэнгийн Номиндарь

Эх хэл чухал буюу гурван хэлээрх цомог

АНУ дахь Монгол Соёлын Төв тус хоёр судлаачийг Франц улсааас урьж, тусгайлан яриа хийлгэсний учир нь тэдний саяхан гаргасан “Монгол хөөмийн сонгомол” хэмээх цомгийг АНУ-д танилцуулах, ерөөс америкчуудад хөөмий Монголын урлаг болохыг харуулах, таниулах, гайхамшгийг нь мэдрүүлэх зорилготой юм. 

28 бичлэг нь урьд өмнө хэвлэгдэж байгаагүй, олон нийтийн хүртээл болоогүй ажээ.

Уулзалт ярилцлагын өмнө АНУ-ын хөгжим судлаач, монгол уртын дуугаар докторын зэрэг хамгаалсан Сунмин Юн үг хэлж, Жоанни, Номиндарь нарыг танилцууллаа. Тэдний бүтээсэн энэхүү цомогт архивын дуу бичлэгүүдээс сонгон, 1954 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 43 уран бүтээлийг оруулснаас 28 бичлэг нь урьд өмнө хэвлэгдэж байгаагүй, олон нийтийн хүртээл болоогүй ажээ.  

Цомгийг Франц дахь уламжлалт болоод дэлхийн хөгжим урсгалын хамгийн том продюсерүүдийн нэг Бюда Мюзик лэйбэл эрхлэн гаргасан байна. Ер нь гадаад улсын аливаа компани цомог, хавтасныхаа зайг бодсон ч гэсэн, уншигч сонсогч нарынхаа тоо, зах зээлийг бодсон ч гэсэн монгол мэт цөөн хүн ярьдаг хэлээр мэдээлэл оруулдаггүй ажээ. Хоёр судлаач үүний эсрэг харин баттай зогсож, монголчууд өөрсдөө энэхүү цомгоо монгол хэлээрээ уншиж танилцах ёстой гэсэн шаардлагыг тавьснаар цомгийг дагалдах хэлхээтэй номд орсон төслийн түүх, хөөмийчид болоод уран бүтээлийн тайлбар, хамгийн нарийн танилцуулга хүртэл бүгд монгол, англи, франц гурван хэлээр хэвлэгдсэн байна. Цомгийн товхимлын зай хязгаарлагдмал тул энэхүү бүтээлийг хийсэн түүх, хөөмийчдийн намтар, бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл хоёр судлаачийн ажилладаг “Нүүдэлчин Зам” холбооны цахим хуудаснаа мөн гурван хэлээр тавигдаж байгаа аж.” 

Залуу судлаачид энэхүү төслөө хэрэгжүүлэхийн тулд Монголын хөөмий бүхий өнцөг булан бүрийд хүрч,  машинаар арван мянгаад километр хэрэн явснаас гадна, Монголын радиогийн хэдэн арванцагийн бичлэгийг шүүрдэн сонссон ажээ. 

Шагдарсүрэнгийн Номиндарь хөөмийч Эжээгийн Тойвгоод төслөө танилцуулж буй нь. Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он © Жоанни Кюртэ

Монгол Хөөмийн Сонгомол төслийн санаа Жоаннид анх 2009 онд төржээ. Тэгэхэд хөөмийг Монгол улс ЮНЕСКО-гоос хөтлөн явуулдаг Хүн Төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх ажил ид явж байв. Үүний хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос Жоаннид хөөмийг нэр дэвшүүлэх материалыг франц хэлээр орчуулж өгөх хүсэлт тавьсан байна. Бэлдэж буй материал нь учир дутагдалтай байгааг анзаарсан залуу судлаач түүнийг үндсээр нь өөрчлөх, 2004 оноос хойш цуглуулсан судалгааны материалаасаа нэмэн баяжуулж шинэчлэх санал тавьснаар Ш. Номиндарьтай хамтран хөөмийн баримт бичгийг гардан боловсруулж гүйцэтгэжээ. Тухайн үед Хятад хөөмийг өөрийн нэрээр бүртгүүлчихсэн, шуугиан сенсаци ихтэй байсан цаг. Ингээд олон сарын турш үргэлжилсэн ажил 2010 оны намар биеллээ олж, Монголын уламжлалт хөөмийн урлаг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Архив доторх археологи

2011 онд судлаачид Монголын радиогийн их хөмрөгийн архивтай танилцаж эхэлжээ. Хөөмийтэй холбоотой их материал, зарим нь ямар ч тайлбар тэмдэглэгээ байхгүй, хэний бүтээл болох нь тодорхойгүй байсан аж. Үнэхээр сайхан хөөмий, гагцхүү эзнийг нь олж тогтоох хэрэгтэй. Ш. Номиндарь судалгааныхаа тэр үеийг яг л архив доторх археологи мэт байсан хэмээн дурсан өгүүлж байна. Бүтээл бүрийн эзнийг олж тодруулах зорилгоор хоёр судлаач нэн олон эрдэмтэн, уран бүтээлчидтэй уулзаж, хөдөө орон нутгаар явж эрэл хайгуул хийжээ. Үүний дүнд радиод бичлэг нь үлдсэн тэдгээр хүмүүсийг, дор хаяж хань ижил, үр хүүхдийг нь олж уулзаж чадсан аж. Жишээ болгон бидэнд сонсгосон нэгэн бичлэг гитартай хөөмий байлаа. 1971 оных аж. Тийм ээ, бүр 1971 онд уламжлал, шинэчлэлийг хослуулахаар гитарын аялгуунд хөөмийлж байж. Уран бүтээлчийн сургийг Завхан аймгаасгаргаад хоёр судлаач Улаанбаатарт амьдардаг хүүг нь олж уулзахад аавыгаа хөөмийлж байхыг огт сонсож байгаагүй хэмээн хачирхсан аж. Тэгээд нагац эгчийгээ мэдэж байж магадгүй гээд дугаарыг нь өгчээ. Ингээд хөөмийчийн дүүтэй нь уулзтал, ахыгаа хөөмийлдөг байсан, Улаанбаатарт оюутан болж ирчхээд ийм ийм ая тоглодог байсан хэмээн ярьсан бөгөөд бичлэгийг нь сонсгосон даруйд хоолойг ньшууд таниад уйлан баярласан байна. Энэ бол хөөмий судлалын, энэхүү цомог бүтээх төслийн үед тохиосон ганцхан жишээ. 

Энэ мэтээр цомогт орох хөөмийч бүртэй нэг бүрчлэн уулзсан, хэрвээ бурхан болсон бол ар гэр, үр хүүхэдтэй нь уулзаж, зөвшөөрөл авч байж, мэдэгдэж байж Си Ди-гээ бичүүлсэн ажээ. Үүнийг Кюртэ, Номиндарь нар манай төслийн ёсзүй хэмээн нэрийдэж байна. Учир нь баруунд болоод Монголд гарсан маш сонирхолтой сайхан цомгоос тухайн нэг хөөмийчний бүтээлийг сонсоод, уулзаж, тэр тухай нь ярихаар огт тийм юм бичүүлж байгаагүй, хэн ч надтай уулзаагүй хэмээн хачирхдаг тохиолдол олон гарсан ажээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр, нууцаар бүтээлийг нь хэвлүүлчихдэг байсан байна.  Ялангуяа архивын сан хөмрөгийг ашиглаж байгаа хүмүүс ихэнхдээ шууд л, хэрэглэчихдэг, бичүүлчихдэг аж.   


Ж. Кюртэ, Н. Сэнгэдорж, Т. Эрдэнэбүрэн нарын хамт. Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он © Шагдарсүрэнгийн Номиндарь

Хүнтэйгээ хамт дуусах өв

Захчин ардын өвөрмөц сонин хөөмий тоглодог Энхбалсан гуайтай Кюртэ олон удаа уулзаж, бичлэг хийжээ. Туульч, магтаалч тэрбээр дээр үед захчингууд хөөмийг бугын хөөмий гэж нэрлэдэг байсан тухай Кюртэд ярьж байжээ. Сонгомолд орсон түүний бичлэг бол насан өөд болохоос нь хэдхэн сарын өмнө бичсэн, туульчийн эцсийн бичлэгүүдийн нэг байх магадлалтай аж. Ингээд гэргийтэй нь суугаад, арц уугиулан, тооцоолуураасаа нөхрийнх нь хөөмийн аялгууг сонсгон суугаа зургаа үзүүлэхэд зүрх шимшрэх шиг. Гэрийн эзэн тэр цагт хөөмийн аялгуугаараа дамжин эргэн ирсэн боловч Бугын хөөмий сүүлчийн тоглож чаддаг хүнтэйгээ үүрд үгүй болсон нь харамсалтай.  .Захчин туулийн сүүлчийн том уламжлагчдын нэг ийнхүү өвлөж байсан уламжлалтайгаа үүрд үгүй болсон нь даяарчлалын энэ эринд дахин сэргэшгүйгээр устан алга болж буй олон өвийн ганц жишээ юм.”

Швейцар, Франц бүр Марокко хүрсэн монгол хөөмий

Номиндарь, Жоанни хоёр төслийнхөө явцад бас нэгэн сонирхолтой аялан тоглолт зохион байгуулжээ. Энэ аялан тоглолт нь бусад жирийн концертоос нэлээд өвөрмөц болсон ажээ. Хамгийн сонирхолтой нь миний хувьд тоглох хөөмийчдийн сонголт байлаа. Тэд уламжлалын дагуу хамгийн алдартай, хамгийн шилдэгт тооцогддог мэргэжлийн хөөмийчийг сонгосонгүй, эмэгтэй эрэгтэй, залуу, ахмад үеийнхэн хийгээд мэргэжлийн болон ардын авьяастан хосолсон 12 уран бүтээлчийг урьсан байна. Хөөмийнд дангаар нь зориулсан ийм том хэмжээний тоглолт өмнө нь болж байсангүй. Монгол хөөмийг өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд болон мэргэжлийн хөөмийчдийг нэгэн тайзнаа хамтад нь тоглуулж, Монгол хөөмийн уламжлалын олон талыг хамгийн энгийнээр, байгаагаар нь Барууны ертөнцөд таниулан сурталчлахыг зорьсон энэ аялан тоглолт хоёр сар гаруй үргэлжилж, Швейцараас эхлэн Франц хүрээд, тэндээсээ Африк тивийг зорьж, бүр Мароккод хүртэл монгол хөөмийг цуурайтуулжээ.

Ийнхүү Баруун Европт монгол хөөмийг амжилттай сурталчилсан хоёр судлаач АНУ-д мөн хөөмийн талаар сонин сайхан лекц уншиж, урлаг судлаачид болон энгийн америкчуудын анхаарлыг татлаа. Удахгүй Хөсөгтөн хамтлаг АНУ, Канадад айлчлан тоглоно. Америк тив ийнхүү монгол хөөмийтэй танилцсаар байна. Авьяаслаг уран бүтээлчид хийгээд уйгагүй судлаачдын хүчээр ардын өв уламжлал маань хадгалагдан үлдэхээс гадна чухам Монголынх гэдэг нэрээрээ дэлхийн улс орнуудад хүрч байгаад талархнам. 

Өдрийн Сонины Вашингтон дахь сурвалжлагч М. Саруул-Эрдэнэ.