Ганцхан энэ боломжийг ашиглахад л болоод явчихна

Бээжингийн 2022 оны өвлийн олимп болохтой холбогдоод Хятад улсад "300 сая хүн өвлийн спортоор хичээллэх" хөдөлгөөн өрнөөд байна. Хятадад хүн ам, хүсэл, сонирхол, мөнгө хөрөнгө хангалттай байгаа хэдий ч ийм олон хүнийг нэгэн зэрэг байршуулах орон зай, дэд бүтцийн байгууламж илт дутагдах нь ойлгомжтой юм. Сүүлийн жилүүдэд хятад улсад цанын бааз 600 гаруйг шинээр байгууллаа гэж бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ олон улсын жишигт хүрсэн нь ердөө 30-хан байдаг гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Тэгвэл газар нутгийн хэмжээгээр зүйрлэшгүй бага япон улсад л гэхэд олон улсын жишигт нийсэн томоохон цанын бааз 350 байх жишээтэй. 600 мянга гаруй хүн амтай Канадын Ванкувер хотод мөсөн гулгуурын зуун ордон байдаг бол 10 сая хүн амтай Бээжин хотод дөнгөж 17-хан байдаг гэнэ.

Хятадад цас мөсний гулгуурын талбай шинээр байгуулагдаж байгаа нь олон боловч орчин нөхцлийн хувьд цанын бааз гэхээсээ илүүтэй зүгээр л цас мөс гэж ийм зүйл байдаг юм гэдгийг үзүүлэх маягтай байгууламжууд цөөнгүй байдгийг дорх зурагнаас харж болно. Энэ нь мэдээжийн хэрэг цас мөс огт үзээгүй өмнө зүгийнхэнд бол бас л сонин агаад эрсдэлгүй алхам байж болох талтай.

Манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж мэт санагддаг.

2017 оноос шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орно. Хажуу дэргэд маань өвлийн спортын асар том хөдөлгөөн өрнөөд байгаа боловч байгалийн орчин нөхцөл дутмаг гэсэн том асуудалтай тулгараад байгаа нь миний бодлоор манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж мэт санагддаг. Өвлийн цагт манай монголын аялал жуулчлалын гол улирал дуусгавар болоод онгоцны буудлын ачаалал эрс багасдагийг давхар бодолцоод ийм зүйл хэлж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл манай хоёр орны хувьд энэ тал дээр харилцан нөхвөрлөх чадвар асар их гэсэн үг.

Хятадад цас мөсөн дээр гулгахыг өндөр өртөгтэй спортын төрөл, нэр төрийн баталгаа гэж үзэх явдал маш их дэлгэрчээ.

Хятадад цас мөсөн дээр гулгахыг өндөр өртөгтэй спортын төрөл, нэр төрийн баталгаа гэж үзэх явдал маш их дэлгэрчээ. Энэ боломжийг Япон Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнууд маш сайн ашиглаж байна. Дээрх улсуудын цанын томоохон баазуудын дэргэд 8000 ортой том том зочид буудлын цогцолборууд, ЛВ зэрэг том брэнд дэлгүүрүүд бөөгнөрөн оршдогийн гол үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хятадууд байгаа юм.

Миний санахад гадаадаас зээлэхээр төлөвлөж байгаа 5 тэрбум долларын тодорхой хэсгийг ашиглан цанын бааз байгуулж болох газрууд руу өндөр хурдны төмөр зам татчих хэрэгтэй юм. Улс гол дэд бүтцийн асуудлыг шийдэхийн сацуу цанын бааз, зочид буудал зэрэг байгуулах асуудлыг олон улсын нээлттэй тендер зарлаад хөрөнгөө босгоод бүтээн байгуулалтаа эхлэж болно. Хэрвээ ийм бодлоготой алхам хийгээд эхлэвэл том брэнд дэлгүүрүүд болон бусад дагалдах үйлчилгээнүүд аяндаа дагаад ороод ирэх нь ч тодорхой. Улсын зүгээс тэдэнд гааль худалдааны нэн тааламжтай орчин буй болгочихвол дотоодын ажлын байрны асуудлыг давхар шийдэж, байнгын асар өндөр ашиг орлого олох боломж бүрдэнэ.
Өвлийн цагт хятад жуулчид байгалийн таатай сайхан орчинд шавайгаа ханатал гулгаад дэлхийн нэртэй брэнд барааг газар дээрээсээ худалдаад авахын зэрэгцээ хүчилтөрөгчийн хэрэгцээгээ сэлбээд авна гэдэг бас л том боломж бөлгөө.