Хаана очиж юу хийх ёстой вэ?

Гадаад улс оронд амьдарч байгаа 850 гаруй ээж нар унаган гадаад хэлтэй хүүхдүүддээ манай Гэгээгийн гэрийн сургалтын аргаар монгол хэл зааж сургаад хагас сарын нүүр үзэж байна. Сургалтанд оролцож байгаа хүүхдүүд бүгд маш сайн суралцаж байгаа тухай би урьд нь цөөн бус удаа мэдээлж байсан билээ. Ээж нарын олонх нь харь нутагт байгаа хүүхдүүдэд эх хэлийг нь хялбар сургах арга зам зааж өглөө хэмээн ихэд баярласан сэтгэлээ илэрхийлсээр байгааг өгүүлэх юун. Тэдэн дунд нэг ээжийн асуулт анхаарлыг минь ихээхэн татсан тул нэлээд удаан бодсоны эцэст өөрийн хэмжээнд хариуг нь өгөхөөр шийдлээ. 

Асуулт: Би бараг л толгойтой болгон очихыг мөрөөддөг өрнөдийн маш хөгжингүй нэг оронд нэлээд удаан хугацаагаар амьдарсан юм. Хэдийгээр өмсөж зүүх, идэж уух болон эмнэлэг үйлчилгээний хувьд яриа байхгүй сайхан боловч яваандаа хүмүүсийн харилцаа нь хүйтэн хөндий, манайхан шиг ах дүүсэг, найз нөхөдсөг байдал илт дутмаг болохыг ажиглах болов. Тэгээд хүүгээ ийм хөндий хүйтэн хүмүүсийн дунд өсгөөд нэг насыг нь энд баруулна гэж бодохоор хөөрхийг гав ганцааранг нь төөрүүлээд орхичихож байгаагаас өөрцгүй санагдаад нэлээд удаж байна. Энэ тухайгаа найз нөхөд, хамаатан садандаа цухуйлган ярих тоолонд өөдөөс «Чи юу ярьж байгаа юм бэ? Тийм сайхан нийгэмд амьдарч чадахгүй байгаа чинь ёстой л нэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгч болох байх даа. Монголд болж бүтэж байгаа юм тун хомс байна. Адаглаад л жаахан хүнд өвчин тусахад үзүүлэх эмнэлэг сувилал хаана байгаа билээ гэдгээ бодооч.» гэх юм. Би хэрхэхийг шийдэж чадахаа больчихоод аргаа барахдаа яавал дээрийг танаас асууж байгаа юм шүү. . . . .Болж бүтэхгүй зүйлийг ярих юм бол энд ч гэсэн амиа хорлолт, хар тамхи, биеэ үнэлэх явдал бараг л хавтгай шахам байх юм. . . . .Яавал дээр вэ?

Хариулт: Ер нь гадаадад амьдарч байгаа хэн хүний хувьд эх нутаг, элгэн садан үндэсний соёлын сайн сайхан тал илүү товойж санагддаг л даа. Энэ бүсгүйн төлөв байдлаас ч тэр нь илт харагдаж байна. Ер нь гадаад хүргэн бэрүүд монголд ирчихээд бидний ах дүүсэг, найз нөхөдсөг зан чанарыг ихэд бахаддаг нь нууц биш ээ. 

Нөгөө талаар ганц ийм асуудлыг нэлээд удаан бодож шанална гэдэг сэтгэлд хичнээн зовиуртай хүнд байх билээ. Ядаж байхад нэг хүнээс энэ талаар асуугаадчихсан чинь санаанд таарах таарахгүй янз бүрийн юм яриад сэтгэлийг нь бүр ч илүү үймүүлчихэж байгаа болов уу? Тэгэхээр би энэ бүсгүйд юуны өмнө элдэв бодлууд тэр дундаа монгол явах уу, болих уу хэмээх ацан шалаа шиг бодлоо хэсэг хугацаанд таягдан хаячих гэж зөвлөмөөр байна. 

Ер нь хүний өмнө тулгарч байгаа асуудлыг ямар ч мэргэн түргэн хүн шийдээд өгөх нь юу л бол? Харин хамгийн шудрага зам заагч нь хувь тавилан өөрөө байдаг юм шүү гэдгийг хэлье. Элдэв бодол буюу нисваанист тархи толгой эзлэгдчихээд байвал хувь заяаны харгуй дардан зам тэр хэрээр овон товонтой. Харин цэгцтэй цөөн бодолтой байвал тэрхүү зам улам л дурайгаад байж ч мэдэх юм. 

Үүнтэй холбоотой эртний нэгэн домгийг энд өгүүлье: Нэгэн дияанч лам бяцхан шавиа дагуулаад нэг голын эрэг дээр иртэл нэгэн сайхан хатагтай гол гатлаж чадахгүй сандарчихсан зогсож байжээ. Багш лам нь олон таван юм бодсонгүй нөгөө гоо хатагтайг нуруун дээрээ үүрээд гол гаталгаж өгчихөөд цааш замаа хөөж гэнэ. Хатагтай ч яахав баяр талархлаа илэрхийлээд хоцорч дээ. Энэ хэрэг явдал шавийнх нь сэтгэлийг шаналгах сэдэл болох юм гэж хэн санах вэ? Тухайн үед лам хувраг хүн залуу бүсгүйг нуруун дээрээ үүрэх нь битгий хэл залуу хархүү бэргэнтэйгээ гар барьж, цэх харан ярих учиргүй хатуу хүтүү цаг үе байсан юмсанж. «Багш өөрөө өнгө дарсыг цээрлэж яв хэмээн байнга сануулан хэлдэг атал тэр сайхан хүүхнийг яагаад нуруун дээрээ үүрч байгаа юм бол? Энэ нь түүний сахил санваарын ёсонд харш хэрэг бус гэж үү? Тойн хувраг байтугай эгэл жирийн хүн ч ийм хэрэг хийхгүй байсан шүү дээ . . . . . . !» гээд элдэв бодлууд ёстой хөвөрч өгч дээ. Тэр хэрээр түүний тархи оюун чилээрхэн ядарч таарна аа даа. Тэгээд тав зургаан километр хол явсан хойно сүүлдээ бүр тэсэж ядахдаа багшаасаа: «Багш аа ! Та яагаад тэр залуу бүсгүйг үүрээд гол гаталгачихаж байгаа юм бэ?» хэмээн асууж дээ. Гэтэл багш нь хариу өгүүлрүүн: «Тэгээд яачихаав? Би түүнийг гол гаталгаад л орхичихсон биз дээ? Харин чи яахаараа түүнийг одоо болтол үүрсээр энд авчирдаг билээ? Орхи наанаа !» хэмээн зандарчээ. Дотоод сэтгэлийн эрдмийн хүрсэн төвшин гээч үзэгдэх өнгө засал төдийхөн зүйл биш болохыг энэ домог бидэнд сануулнам бус уу? 

Ер нь дияаны гол ёсон болвоос тархи толгойг эзэлсэн хэрэгтэй хэрэггүй бодлыг цаг тухай бүрт нь таягдан хаяж байх хэрэгтэй хэмээн сургадаг бөлгөө. Хэрвээ тэгэхгүй болвоос цээжний мухарт хургасан элдэв бодол хүний сэтгэлийг үймрүүлж тэр хэрээр бид чамгүй удаан шаналан зовдог биш гэж үү? Элдэв бодлыг нисваанис буюу зовлонгийн үндэс хэмээн нэрлэдэг нь ийм учиртай юм. 

Тэгэхээр би асуулт асуугч ээжид юуны өмнө бодлоо цэгцлэж боломжийн хэрээр таягдан хая гэж зөвлөмөөр байна. «Гаднаа бэлгэст автахгүй нь дияан. Тэр хэрээр сэтгэл эс үймрэх нь самади.» хэмээх сайхан сургаал байдгийг энд эшлэсү ! Гаднаа бэлгэст автахгүй гэдэг нь гадаад орчны юманд автахгүй гэж ойлгох хэрэгтэй. Дээрх ээжийн хувьд авч яривал «Муу хүүгээ хүний газар төөрүүлчих нь үү дээ? Монгол руугаа аваад явбал яадаг бол? Монгол ч сайхан шүү. Энд ч удаан байвал дэмий юм байна аа.» гэх зэргээр гадаад орчны үзэгдэл юмсад автаад тэр хэрээр сэтгэл нь үймрээд байгаа байж таарах нь. Тийм болохоор би тэр ээжид миний хэлсэн аргын дагуу сэтгэлийг чинь үймүүлээд байгаа бодлоо орхичихвол нэг сайхан сэтгэл амран уужраад ирэх вий. Тэр үедээ ямар ч шийдвэр гаргасан зөв зүйтэй тал руугаа хэлбийсэн байж мэдэх юм шүү хэмээн зөвлөмөөр байна.

Хүү чинь дөрөв тавхан настай бага байна. Өсөж том болоод хөндий хүйтэн хүн болох уу? Эсвэл нийтэч сайхан сэтгэлтэй нэгэн байх уу гэдэг нь өөрөөс тань, гэр бүлийн орчингоос асар их шалтгаална. Тэр болтол зай ч байна. Бас лай ч байгаа болохоор тийм холын юманд санаашран шаналахаас илүүтэй өдөр тутмынхаа ажлыг л бөөцийлж бөмбийлөөд яваад бай. Нэг өдрийг үймцэрсэн бодолдоо шаналалгүй өнгөрөөж сур. Тэгж чадваас урьд нь бодолдоо хөтлөгдөөд тэр хэрээр зовж шаналаад байдаг байсан бол яваандаа бодол цөөрөөд ирэхийн алдад түүнд хөтлөгдөх биш харин ч түүний эзэн болсон байх вий. Энэ нь л угтаа бол чиний очих ёстой дотоод сэтгэлийн ахуй орон бөлгөө. 

Би баахан урт юм биччих шиг боллоо түүнийгээ базаж дүгнээд хэлбэл «Монголд амьдрах уу? Гадаадад амьдрах уу?» хэмээн ацан шалаанд орж байснаас сэтгэлийн амирлалыг буй болго. Энэ бичлэгийн гол санаа нь сэтгэлийн амирлалд хэрхин хүрч болохыг энгийн үгээр тайлбарласан байгаа. Хэрвээ сэтгэл амгалан тайван болж чадах бөгөөс хаа оршсон газар орон бүхэндээ аз жаргалыг амсаж эдлэх боломжтой байх бус уу? 

Энэ бичлэгт дутуу хүтүү санагдсан зүйл байвал нэмж асууж болно. 
Айлчлан ирж буй алтан унжлагат тахиа жилдээ айл болгоны хоймор аз жаргалаар халгиж, хүн болгон хөндий цээжиндээ сэтгэлийн амирлалыг оршоох болтугай!