Аргентин улсад зорчсон тэмдэглэл

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2017 оны 04 сарын 28

Өмнөд Америк тивийн 10 гаруй улсуудаас заавал очиж үзэх ёстой орны нэг бол яах аргагүй Аргентин улс. Газар нутгийн хэмжээ ба эдийн засгаараа тивдээ Бразилийн дараа ордог. Онгоцноос буугаад мэдэрсэн хамгийн том соёлын ялгаа бол мэндлэлт. Гар барина гэж байхгүй, тэврэлдээд л шууд шов шов гээд үнсэлдэнэ:) Гэхдээ хацар дээрээ л дээ. Эрэгтэйчүүд нь ч гэсэн хоорондоо Hola гээд л бие биенийхээ хоёр хацрыг ээлжлэн үнсэж мэндэлнэ. Аргентинд байсан инерциэрээ Монголдоо ирээд ингэж мэндлэх гээд эрэгтэй найзууддаа зодуулах шахав:) Виз авахын тулд заавал Бээжин руу хандах, дээрээс нь дэлхийн бараг хамгийн үнэтэй визны хураамжтай улс байх аа. Аялалын төрлөөсөө хамаарч виз авахын тулд 150-200 ам.доллар төлөх шаардлагатай болно.

Нийслэл нь Буэнос Айрес хот. Сайн салхи гэсэн утгатай үг. Англи хэлний үгсийн төгсгөл, өргөлтийг нь жаахан өөрчилсөн үгс Испани хэлэнд түгээмэл тааралдана. Нийслэл хотоос нь 1 цаг усан онгоцоор яваад л Уругвай улсад очиж болно. 1 цаг гаран нисээд л Чили улс руу орчих боломжтой. Өмнөд зүг рүү хэдхэн цаг нисээд Антарктидын цас мөсөн дээр очиж болно. Бразил улс ч гэсэн ойрхон буюу хөрш улс гэхдээ Испаниар биш Португали хэлээр ярьдаг золигнууд байна билээ.

Аргентин улсын айдетити нь Танго бүжиг, Үхрийн мах, Хөлбөмбөг гурав.

Танго бүжгийн ТВ-ийн тусгай суваг байна. Жуулчдад зориулсан өдрийн үнэгүй хичээл хаа сайгүй байдаг. Дарсаа уугаад л, тангогоо бүжиглээд л орчлонгоос тасраад явж байгаа юм:)


Танго бүжгийн ТВ-ийн тусгай суваг байна. Жуулчдад зориулсан өдрийн үнэгүй хичээл хаа сайгүй байдаг. Дарсаа уугаад л, тангогоо бүжиглээд л орчлонгоос тасраад явж байгаа юм:)
 


Үхрийн мах нь дэлхийд алдартай. Бүх нутгаа хангахаас гадна хаа байсан Хятад руу, азийн улсууд руу экспорт хийдэг. Хагас шүүрхий идэх юм голцуу. Нэг стэйк гэхэд л 400 грам ирнэ. Эмэгтэй хүн бол барахгүй ээ. Тугалын махан стэйк нь 3 дахин үнэтэй. Зөөлхөн гэж. Аманд ороод л хайлаад байна.


Марадона харин нийгэмдээ их нэр хүнд муутай юм. Түүнийг сайн хөлбөмбөгчин боловч сайн хүн биш ээ гээд захын таксины жолооч нь хүртэл ам муутай байна. Хар тамхи, хүүхэн шуухан гээд л нилээд замбараагүй амьдралтай, сахилгагүй, даруулгагүй, ард түмнийхээ хайрыг дааж чадаагүй нөхөр бололтой

1914 онд Аргентин улс дэлхийн хамгийн баян 10 улсын тоонд багтаж байв.

Тухайн үедээ Австрали, Их Британи, АНУ-ын дараа шил даран жагсаж, харин Франц, Герман, Итали улсуудыг хөгжлөөрөө тэргүүлэн дагуулж байжээ. Бэлэнчлэх хүсэлтай ард түмний хүчийг нь дагуулан тонгордог популист улстөрчдийн ачаар Аргентин хэд хэдэн удаа default болж байсан түүхтэй. Монголтой тун адил буюу хөдөө аж ахуй, уул уурхай дээр дулдуйдан хөгжиж буй энэ улстай төстэй зүйл бишгүй бидэнд байна. Манай улстөрчид мөнгө идэж болно. Гэхдээ арай л хэтэрхий их идээд байсан юм аа гэж захын хүмүүс хэлж байв. Ийм ч учраас улстөрийн нилээд зоримог реформуудыг одоогийн ерөнхийлөгч нь хийгээд эхэлсэн байна.

Аргентин улсын нийслэл хотын төв цэцэрлэг

Итгэлцэл гэдэг зүйлийн үнэ цэнийг онцолж, ямар ч нийгмийн хөгжлийн үндэс нь итгэлцэл байхыг сануулсаар байна. 30 жилийн хугацаатай байрны зээлийн үйлчилгээ одоо л энэ улсад хэрэгжиж эхэлж байна. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг алга болгох том амбицаа мөн ерөнхийлөгч нь хуваалцав. Халамжийн бодлогод өлгийдүүлж, бэлэн юманд угжуулсаар байгаад булчингийн сулралтай, эмзэг, дархлаагүй хүүхэд шиг болсон улсаа сэргээхийн төлөө багагүй ажлуудыг хийж байгаа нь мэдэгдэж байлаа.


Ажил хаялт зарлаад, бослого гараад засгийн ордонгоо хамгаалалтанд авсан байдал

Буэнос Айрэс хотыг чимж буй "Эмэгтэй" гэдэг нэртэй гүүр

Бид улстөрийн биш, эдийн засгийн бүр ч биш, харин соёлын хувьсгал хийж байна гэж ерөнхийлөгч Макри онцолж байв. Хүн ер нь айдсаасаа болж элдэв шийдвэр гаргадаггүй, хуучнаа баримтлан амьдардаг гэнэ. Иймээс популист улстөрчид аль болох тодорхойгүй зүйл ярих, айдас төрүүлэх замаар сонгогчдын эмоци дээр нь тоглон саналыг нь дээрэмддэг байна. Аргентинийн ерөнхийлөгч Макригийн хэлж байгаагаар улстөрийн тоглоомын дүрмийг маш тодорхой болгоно, эдийн засаг ба улс орны нөхцөл байдлыг хөрөнгө оруулагч нарт таамаглаж болохуйцаар янзалж цэгцэлнэ гэж Латин Америкийн эдийн засгийн форумын индэр дээрээс итгэлтэй мэдэгдэж байв.

Аргентин улс социализм, коммунизмыг бараг шахуу амжилттай байгуулж байсан байна. Харин одоо популизм гэдэг хадны мангаанаасаа сална аа гэж байна.


Сан Мартин гээд эх оронч, баатар нь энэ улсын үндэсний баатар нь. Сан Мартингүй юм бараг байхгүй шахуу. Тусгаар тогтнолыг нь авч ирсэн үндэсний баатрын хөшөө нь хаа сайгүй байна

Латин Америкийн эдийн засгийн форум эхэлж байх үед халамжийн бодлогыг нь танасан ерөнхийлөгчдөө уурлан үйлдвэрчний эвлэл нь улс даяар ажил хаялт зарлаж бүх тээврийг зогсоож байв. Тухайн өдөр Аргентин газар нутаг дээрээ нэг ч онгоц хүлээж авахгүй, нэг ч онгоц ямар ч байсан хөөргөөгүй дэг. Манай улстөрчид Аргентин, Чили улсуудаас туршлага судлана гээд цөөнгүй ирдэг боловч судалсан юмгүй дарс уусаар байгаад буцдаг тухай яриа чих дэлсэж л байлаа.


Улаанбаатар хотынхоны мөрөөдөөд байдаг автобусны замыг Буэнос Айрэс хот хийжээ. Замын голдоо автобусны буудал нь байх ба хоёр талд нь автобусны тусгай зам. Нийтийн тээвэр бол үнэхээр сайн

 


Буэнос Айрэс хот дугуйн замаа бас их гоё шийдчихсэн. Машин замын хажуугаар тусгай хамгаалалтын хашлагтай хоёр урсгалтай дугуйн замтай. Жуулчдад зориулсан үнэгүй дугуйн цэгүүд хотын төвөөрөө зөндөө.


Өвгөн Форд

Хуучин бас хуучны машинуудыг та гудамжинд зөндөө харах болно

Буэнос Эйрэс хотын дарга Horacio Rodriguez Larreta-тай товч уулзах завшаан тохиов. Хиймэл оюун ухаан, дата төв, аялал жуулчлал, боловсролын экспорт, инноваци л ярьсан хүн байна. Хотоо ухаалаг хот болгох амбицтай энэхүү өөрийнх нь амбиц нь ирээдүйн Аргентин улсын ерөнхийлөгч байх магадлалтай байв бусад ерөнхийлөгч нарын түүхийг нь ч харсан. Хамгийн сонирхолтой нь Буэнс Эйрэс хотын захиргаа нь яг л улсынхаа засгийн газар шиг бүтцээр ажилладаг юм байна. Салбар, чиглэл хариуцсан яамдууд ба тэрийгээ хариуцсан сайдуудтай гэсэн үг. Хотынхоо кабинетийг өөрөө бүрдүүлэх эрхтэй. Улсынхаа ерөнхийлөгчөөс илүү цагдаа ба хүчний байгууллагаа атгадаг юм байна энэ хотын дарга маань. Өөрийнх нь мэдэж байгаагаар хотод нь нэг ширхэг ч Монгол хүн байхгүй гэнэ ээ:( Хотын нийтийн тээвэр, дэд бүтэц нь үнэхээр сайн санагдсан.


Энэ улсын уугуул иргэд нь ер нь бол гаднаас нь харахад яг л Монгол хүмүүс. Морь малтай харьцаж байгаа, үндэсний бүжиг, гал усаа дээдэлж байгаа энэ тэрийг нь харахад яг л манай өвөг дээдэс, хамаатан саднууд. Хойд Америкийн Индиануудтай тун төстэй

Урлагийн музэйн үзвэр

Буэнос Айрэс хот бол үнэхээр артистик хот байна. Байшин барилгын дизайн, оффис, кофе шоп, дэлгүүрүүдийн интерьер, вкус, өнгө будас, мэдрэмж бол европоос огт дутахгүй. Харин ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо оруулаад илүү сонирхолтой. Испани улсын нөлөөнөөс гадна Италиудын нөлөө маш хүчтэй санагдсан.

1800 оны үеийн байшингаа ингэж сайхан тордоод ашиглаж байна

Итали, Испанийн холимог урлагийн төрлүүд, эдгээр дээр суурилсан Аргентин улсын гайхалтай урлаг ба соёлын өвтэй та гудамжаар нь явахдаа танилцаж болохоос гадна гайхамшигтай олон музэйнуудийг үзэнгээ мэдэрч болно. Бид хэдэн зуун хийдээ устгаж нураагаагүй бол ямар сайхан түүх соёлтой үлдэх байсан юм бол доо гэж дотроо харамсаж л явлаа.


Ла Бока гээд энэ дүүрэг рүү нь заавал явж үзэх хэрэгтэй


Алдарт Ла Бока дүүрэг нь аялагч нарын гол цэг боловч аюулгүй байдлаараа сул. Жуулчид дээрэмдүүлж, зодуулах нь энүүхэнд. Иймээс гэгээтэйд, бөөнөөрөө явахыг зөвлөдөг

Алдартай усны брэндийн нэртэй Аргентин улсын ерөнхийлөгч асан


Гудамжны графитти мундаг хөгжсөн газар. Метроны хонгил, гүүр, хана тэр чигээрээ урлагийн бүтээл


Хотын чимэг

Дэлхийн хамгийн алдартай номын дэлгүүр

Театрын зориулалттай байрыг номын дэлгүүр болгосон байна


Манайхаар УИХ-ын үндсэн танхим нь. Дуурийн театр шиг л

Парламентийн ордоны нэг хаалга нь

Улстөрийн хувьд нилээд бужигнадаг газар. Бэлэн амлалт, халамжийн бодлого, популист улстөрчдөөрөө дэлхийд алдартай. Авилга, хээл хахуулийн багагүй асуудалтай. Шинэ залуу улстөрчид хүч төрөн орж ирж буй юм билээ. Боловсрол, спортын сайд нь, одоогийн ерөнхийлөгч нь, нийслэл хотын дарга нь гээд дандаа бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсан эрхмүүд улстөрд шийдвэр гаргаад эхэлсэн байна. Улсаа өөд нь татна, авилгыг үгүй хийнэ, соёлын хувьсгал хийнэ, боловсролын системдээ реформ хийж ард түмнээ популистуудаас холдуулна аа л гэсэн хүмүүс байх юм билээ.

Конгрессийн ордон дахь эрхэм гишүүний сандал. Хурууны хээгээ уншуулж байж санал өгөх эрх нь нээгддэг. Манай УИХ-ын гишүүд шиг хүний картыг нь ашиглан санал хулгайлах боломжгүй

Авилга, хээл хахууль, амиа бодсон өөдгүй улстөрчдөөс болж энэ улсад баян, ядуугийн ялгаа нилээд гарсан байна. Ядуусын хороололд нь хууль номын дагуу хийгдэж буй нэг ч зүйл байхгүй шахуу. Гэмт хэргийн гаралт хамгийн өндөр хувьтай. Хүчээр тэмцээд дийлэхгүй болохоороо төр төсвийн мөнгөөр бүх дэд бүтцийг нь шийдэж өгч байна. Байшин байр барьж өгч байна. Гэхдээ төрийн мэдэлд эзэмшил нь байна.


Ядуусын хороолол руу орохын өмнөхөн

Ядуусын хороолол руу орохын өмнө ганган дэгжин хувцасаа солих, цаг бөгж, гинжээ авах, цүнх сав бүх зүйлээ авч явахгүй хаа нэг газар орхиж явахыг хатуу зөвлөнө.

Ядуусын гэр хорооллын нэгэн гудамж


Хаа очиж хөлбөмбөгийн талбайгаа ямар ч ядуу хороолол байсан заавал дундаа зохион байгуулалттай хийсэн байх юм

Энэ гудамж бол Буэнос Айрэс хотын хамгийн их гэмт хэрэг гардаг гудамж

Нива, Москвич гээд Оросын дээр үеийн машинуудтай хэд хэд тааралдав


Гэр хорооллын дунд буюу ядуусын хороололд хүүхдүүүдэд зориулсан нилээд төвүүдийг байгуулж эхэлж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх, мэргэшил олгох, ажлын дадал суулгах 100 хувь улсын санхүүжилттэй төвийн нэг дээр зочилж үзэв

Аргентин улсад заавал үзэх ёстой зүйлсийн жагсаалтыг тэргүүлдэг нэг газар бол La Recoleta Cemetery оршуулгын газар. Аргентин улсыг босгосон, өнөөдрийн түвшинд авч ирсэн үе үеийн ерөнхийлөгчид, төрийн зүтгэлтнүүд, армийн генералууд, баатрууд, нобелийн шагналтнууд, урлаг, соёлын одуудын бунхан байдаг газар. CNN хэдхэн жилийн өмнө уг газрын дэлхийн “хамгийн сайхан” оршуулгын газраар шалгаруулсан байдаг. Үнэхээр ч очоод үзэхээр Буэнос Айрэс хотын урлаг, аялал жуулчлал, түүхийн нэг том цэг болжээ. Бидний соёл, уламжлалын хувьд ийм газрыг ийм зориулалтаар ашиглах нь харш мэт боловч эдний соёлд үгүй ажээ. Хүмүүс энэ дунд зугаалж, зургаа авахуулж, гэр бүлээрээ зочилж, арай л оройдоо залуус нь болздоггүй бололтой юм.


Ингээд занданшуулсан шарил дунд явж өгнө дөө. Авс энэ тэр нь ил харагдаад л жаахан эвгүй эвгүй

Ерөнхийлөгч нөхрөөсөө алдартай гэргий Эвитагийн музэйг нь зориод очоод үзчих хэрэгтэй

Эвита киноны гол дүр болох Аргентины ерөнхийлөгч асан Пероны гэргий Эвагийн бунхан энэ газрын хамгийн алдартай шарил юм байна. Мадонна энэ кинонд тоглож энэ дүрээрээ Алтан бөмбөрцөг шагнал хүртэж байв. Эваг одоо хүртэл Аргентин улсын оюун санааны удирдагч гэж хүндэлж хайрладаг бололтой. Хэдий ерөнхийлөгчийн хоёр дахь эхнэр байсан ч нөхрийнхөө улс төрийн карьерийг өсгөхөд шууд оролцсон төдийгүй дэд ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөж байжээ. Үйлдвэрчний эвлэлтэйгээ нийлээд дунд давхарга, ядуус руу чиглэсэн нилээд популист улс төр хийдэг байсан нь тухайн үедээ олны талархлыг хүлээдэг байв. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж энэ чиглэлээрээ нам хүртэл байгуулан бужигнуулж байсан үзэсгэлэнт бүсгүй 33 настайдаа хорт хавдраар нас барсан байна.


Малбек гээд энэ улаан дарс нь тасархай гоё. Франц, АНУ, Австрали дарсуудтай өрсөлдөөд эхэлсэн байна . The New World гэдэг хочтой болсон байна Аргентин улс дэлхийн дарсын зах зээл дээр


400 грамм стейк. Бараагүй шүү идэж


Аль улсад зочилсон гудамжны хоолыг нь заавал амсаж үзэж байгаарай. Хямдаас гадна тухайн улсын яг жинхэнэ соёл заншлыг яг оригоор нь ходоодоороо дамжуулан хүртэх нэг боломж шүү


Аа бас нэг иймэрхүү хоолны газар нь ороод махыг нь амтлаад үзчих хэрэгтэй


Дарс, кофе хоёрыг ууна гэж Аргентиничууд үзүүлж өгнө дөө харин чиг

За тэгээд дарсаа ханатлаа уусан хүмүүс чинь яах вэ дээ нөгөө Танго бүжгээ бүжиж өгнө дөө:)