“Бизнес өрөг”-ийн зочин Х.Ганхуягийн ярилцлагын онцлох 10 эшлэл

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 05 сарын 11

БИЗНЕС ӨРӨГ  нэвтрүүлгийн зочин “Хера холдинг” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Хассуурийн Ганхуягийн ярилцлагын ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

1.    Хамгийн анх бизнестэй холбогдсон түүх гэвэл 3-р курсын  оюутан байхдаа нэг монгол, нэг солонгос найзтайгаа нийлж солонгос хоолны ресторан нээж байсан. 
Харамсалтай нь солонгос найздаа хулхидуулаад бүтэлгүйтсэн дээ. Анх удаа л тэгж хүнд хууртагдаж байсан болохоор тухайн үедээ хүнд цохилт болж, нэлээн л юм ойлгож авч байсан.

2.    Монголд их сургуулиа төгсөөд гадаад руу магистрт сурахаар явах гэж 70 гаруй сургууль руу хүсэлт гаргаж, Солонгос руу сурахаар явж байсан. Сурч байх үед ээж минь гэмтэл авч, хагалгааны төлбөрт нь туслах хэрэгтэй болоод сургуулиа орхиж бизнес хийж эхэлсэн юм. Гэхдээ хожим нь Харвардад сурч мастер хамгаалах зорилгодоо хүрсэн. 

3.    Харвард төгсч ирчихээд компанидаа амжилттай шинэчлэл хийхийн тулд ажилтнууддаа өөрөө хичээл зааж ч үзэж байлаа. Хийж байгаа ажлуудаа амжилттай болгохын тулд баг хамт олон нэг хэлтэй, нэг зүгт хардаг байх хэрэгтэй. Тийм болохоор л удирдлагын багийнхныгаа Харвардад сургасан.

4.    Найзуудаас мөнгө зээлээд 3 контейнэр Hite  пиво импортлон оруулж ирж бизнесээ эхлүүлж байсан. Оруулж ирсэн шар айрагаа хоёулхнаа гүйгээд л борлуулна даа. Хоёр контейнэр пивоныхоо ягаан хуудсыг банкинд тавьж зээл аваад, түүгээрээ гаалийн төлбөрөө төлнө. Нэг контейнэраа зараад дараагийнхаа мөнгийг төлөх маягаар л борлуулдаг байсан даа. Тэгж ажиллах үед их зүйлийг сурч байсан. 

5.    Харвард төгсч ирээд хэд хэдэн компанитай болчихлоо, нэлээд хэдэн хүнд цалин өгч байна, хүссэн сургуулиа төгсөөд ирчихлээ гээд л өөртөө бахдаж байсан үе бий. Аав минь харин тэр үед намайг “Өөрийгөө голох хэргтэй. Үр хүүхдүүдийнхээ гэрэлтэй ирээдүйн төлөө юу хийх вэ? Нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ гэж үргэлж асуу” гэж зэмлэсэн юм.
Одоо бол бид компаниараа “Үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах” гэссэн алсын хараатай үйл ажиллагаа явуулж байгаа.

6.    Өмнө нь би долоо хоногийн 6 өдөр ажилладаг байсан. Тэгж ажиллаж байгаагаа бараг гэр бүлийнхээ төлөө гэж боддог байсан. Тэр буруу гэдгийг одоо ойлгоод гэр бүлдээ цаг зарцуулдаг болсон. 
Хүн ажлаа зохицуулж гэр бүлдээ, хүүхдүүдээ цаг гаргах л хэрэгтэй. 

7.    Олон хүний өмнө гарч ярих, камерны өмнө ярих их л хэцүү санагддаг байсан. Сонгуульд өрсөлдөж ганц сурсан юм гэвэл камерны өмнө, олон хүний өмнө сайн ярьж сурсан. 
Хоёр гурван удаа сонгуульд өрсөлдвөл сүүлдээ өөрийгөө сойдог морь шиг камер хараад ухасхийдэг болох байх...

8.    Компани дотроосоо л удирдах албан тушаалд томилох, гүйцэтгэх захирал болгон дэвшүүлэх нь зөв юм байна гэдгийг хэд хэдэн удаа алдаж үзэж байж ойлгосон шүү. 
Ямар ч сайн компаниас захирал авчирч багаа удирдууллаа гээд амжилттай байх нь эргэлзээтэй юм билээ. 
Компани компанийн соёл өөр учраас компани дотроосоо л томилох нь зөв.

9.    2008 онд Ремикон компаниа байгуулж Монголын хөрөнгийн бирж дээр уул уурхайн бус анхны IPO гаргаж байлаа. 

10.    Манайхан улс төрд л авилгал байдаг гэж боддог. Бизнест ч бас байдаг. Олон нийтэд нээлттэй компаний тайлан, төсвүүд нээлттэй байдаг болохоор авилгалын төсөв суулгана гэж байхгүй. Тэгэхээр авилгал өгөх боломжгүй.  Авилгал өгдөггүй болохоор тендэрүүдэд ялах боломжбайдаггүй. Мададгүй манай Ремикон компани олон нийтийн бус хувь хүний компани байсан бол илүү амжилттай явах байх.