З.Батболд: Би бахархлаа өнгөрсөн цаг дээр байлгамааргүй байна

TIME TO TALK / Т. Есөн-Эрдэнэ
2017 оны 05 сарын 15

“TIME: To Talk” булангийн энэ удаагийн зочноор “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Бурхан Өршөөг” зэрэг киногоороо Монголын кино урлагт шинэ давалгаа түрсэн найруулагч З.Батболдыг урьж, ярилцлаа. Түүний шинэхэн уран бүтээл болох “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кино тун удахгүй кино театруудаар гарч эхлэх юм.

“БАЙЖ БАЙ БОЛДОО, БИТГИЙ ЯАР” ГЭЖ НАДАД ХЭЛСЭН.

Тантай уулзах бэлтгэл болгож интернетээс таны ярилцлагуудыг уншлаа. 2012 онд “Бурхан өршөөг” кино ид шуугиан тарьж байх үеийн ярилцлагууд хайлтаар гарч ирж байна. Тэгээд...(асуултаа гүйцээж завдсангүй, ярилцагч маань хариулж эхэллээ)?

Ер нь бол “Бурхан өршөөг”-ийг яриад хэрэггүй. Яагаад гэвэл би бахархлаа өнгөрсөн цаг дээр байлгамааргүй байна. Энэ кино надад их юм заасан. “Big line film”нэрийг аваад 10 жил болж байна. Энэ нэрийн дор тэрхүү уран бүтээл дээр ажилласан хэн бүхэнд их зүйл сургасан. “Бурхан өршөөг” бол Монголд анх удаа театраас буусан кино. Хоёр театрт өдөртөө 4000 хүн үзэж байхад л буулгаж байлаа. Ер нь бол гурван өдөр дараалан 300, 400 хүн үзээд уруудаад байвал тухайн киног хүн үзэхгүй юм байна гээд дэлгэцнээс буулгадаг.

Та ихэнх киноныхоо зохиолыг өөрөө бичдэг. Энэ удаа үзэгчдэд хүрэх гэж буй “Хуримын даашинзтай бүсгүй” киноны зохиолыг хэзээ бичсэн бэ?

2012 онд бичсэн зохиол. Өнгөрсөн таван жилийн хугацаанд кино болгоё гэж явсаар үнэхээр тохироо бүрдсэнгүй. Цаанаасаа зохицуулагддаг юм гэж байдаг. Дээр нь би өөрөө завсарласан байлаа. Ерөнхийдөө миний уран бүтээл таван жил, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүрэн завсардчихлаа. Огт юм хийж чадахаа байсан. Нэг хэсэг бүр кино хийдэг жирийн нэг хүнийг харахаар сэтгэл хөдөлдөг болчихсон байлаа.

Уран бүтээлчийн хувьд албаар завсарласан уу. Учир нь та кино хийнэ гэдэг "үйлдвэрлэх"-ийг хэлдэггүй гэж үздэг байх аа?

Тийм. Цаанаасаа намайг “Байж бай Болдоо, байж бай чи” гэсэн. “Битгий яар” гэж надад хэлсэн. Тийм л зүйл өнгөрсөн хэдэн жилд боллоо. За тийм байна. Ярилцлагаа эхлэх үү?

Эхэлчихсэн байна гэж ойлгоод байна.

Цэгцтэй явъя. Аахар шаахар зүйл асууж наймаг халаах гэж оролдох хэрэггүй. Намайг халаах шаардлагагүй.

За тийм байж. Таван жил завсарласны дараа киногоо дэлгэцэнд гаргаж байна. “Orange entertainment”-тай яагаад хамтрах болов?

Тэд даанч миний зохиолыг бүтэн харж чадсангүй

Хэд хэдэн газраар энэ зохиол маань орсон. Продюсингийн олон компанийн хүмүүс надтай уулзаж “Болдоо кино хийх гэж байна уу. Хамтаръя” гэж байсан. Заримд нь би татгалзсан. Тэгэхээр “Orange”-ынхон надтай хамтарч буй нь, бас би “Orange”-тай хамтарч буй нь азтай хэрэг. Яагаад гэхээр кино бизнес мэддэг олон хүнтэй уулзсан гэж би хэллээ. Тэд даанч миний зохиолыг бүтэн харж чадсангүй. Зарим нь санхүүгийн хувьд ийм зэвүүн цагт кинонд мөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үзсэн. Харин “Orange entertainment”-ийнхан киног маань хийе гэлээ. “Orange”-ийг миний хувьд эртнээс мэднэ. NTV телевизийн дэргэд байгуулагдаж байхаас нь мэдэх юм. Ерөнхийдөө мэргэжлийн тал руугаа хэлбийсэн байгууллага. Суурь нь өөрөө мэргэжлийн буюу уран бүтээлчид байгуулсан компани байна гэдэг их чухал. Тийм учраас харилцан итгэлцэж киногоо хийлээ. Өчигдөр продюсерүүд маань ирж киногоо үзээд явлаа. Ерөнхийдөө онц, сайн дүнтэй л байна.

Боловсролын бизнес хийдэг нэг хүнтэй уулзахад “Эдийн засгийн хямралын үед боловсролын салбар ашигтай байх нь бий” гэж хэлж билээ. Түүнтэй адил эдийн засаг хямарч байхад кино урлагийн бизнес унахгүй, харин ч ашигтай гараад байдаг түүх бий. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр аливаа уран бүтээл гарах ёстой цаг гэж байна, тэр нь хямралын үе байна уу, ямар үе байна хамаагүй байх. Та үүнтэй санал нийлэх үү?

Наадах чинь бол зөвхөн кино ч биш, нийт урлагийн хүрээнд хамаатай асуудал. Хоёулаа үүнийг нэлээд дэлгэрэнгүй ярья. Ерээд онд зах зээлийн нийгэмд шилжиж, картын барааны үе эхлэхэд урлагийн бүх байгууллага нам зогссон. Асар олон уран бүтээлчид ганзгын наймаа руу орсон. Хүн өлсөөд ирэхийн цагт тархи нь биш ходоод нь удирдаад эхэлдэг байх нь. Олон мундаг хүн зах дээр амьдралаа залгуулдаг болсон. Гэтэл нийгэм оршин тогтнож л байгаа юм чинь урлаг байхаас аргагүй. Тэрийг нь хэн зохицуулсан бэ гэхээр чөлөөт уран бүтээлчид зохицуулсан. Ингээд нийгмийн тэр стрессийг дарахын тулд хошин урлаг хөгжиж эхэлсэн байгаа юм. Манай хошин урлаг бол богино эргэлтийн бизнес шүү дээ. Үзэгч нэг билет аваад хоёр цагийн тоглолт үзэхээр боллоо гэхэд жүжигчин Батболд гэдэг хүн суурин дээрээ дор хаяж долоо, найман дүр бүтээнэ. Ингэж долоо, найм эргэхдээ тухай бүртээ нэрээ солиод Батболд гэдэг хүнийг Дорж болгоод, Гомбо болгоод, Баяр болгоод, Цэнд болгоод байж болохгүй. Тийм болохоор Батзаяа гэдэг хүн Батзаяагаараа л явна. Чаминчулуун, Туяа гэдэг хүн тэр нэрээрээ л явна. Тэгэхээр үзэгчид маань юу сурах вэ.

Мэргэжлийн тал руугаа хандсан уран бүтээлүүд гарвал үзэгчид маань ч хөгжиж эхэлдэг.

Жүжигчнийг дүрийнх нь нэрээр биш жүжигчний нэрээр нь хараад сурчихаж байгаа юм. Дээр нь богино эргэлтийн байна гэдэг чинь хэт их маазрал, гэнэн байдал, шоглоомоор хүмүүсийг инээлгэнэ. Үүнийг “ходоодны инээд” гэж ярьдаг л даа. Дороо алга болдог инээд. Тархи зүрхний инээд гэдэг чинь арай өөр, сууж өгдөг гэсэн үг. Тэгэхээр ерээд онд хүмүүс урлагийн хэрэгцээгээ хошин урлагаар л нөхөж амьдарч байж.
"Хуримын даашинзтай бүсгүй" киноны зураг авалтын үеэр.

Тэгж яваад 1996 оноос Монголын урлаг хандлагын хувьд арай өөр болж ирсэн. Тухайн үед Ч.Найдандорж ахын “Ромео, Жульетта” тавигдаад байлаа. Тэр сонгодог бүтээлийг тавина гэдэг том тэсрэлт болсон. Тийм зүйл үзсэн хүмүүс мэдээж хөгжинө. Дөнгөж 17 настай бидний үеийн хүүхдүүд тийм юм үзнэ гэдэг чинь өөр мэдрэмж, өөр зүйл байхгүй юу. Тэгээд тэр дөрвөн жилд монголчууд тун этгээд сонин жүжгүүд их тавьж үзсэн. Ч.Найдандорж ах бол миний хувьд үлгэр дуурайл авдаг хүмүүсийн маань нэг л дээ. Тэр хүн 1990-ээд оны сүүлээр “Ижил хүйстэн” гэж жүжиг тавьж байлаа. Ингэж явсаар 2000 онд “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” жүжгүүд гарсан. Монголын мэргэжлийн уран бүтээл сэргэн мандах хэлбэртэй болж эхэлсэн гэж үздэг. Яг энэ 2000 оны үед бидний үеийнхэн дөнгөж сургуулиа төгсөж байсан хүүхдүүд дахиад л үлгэрлэн дуурайх хүмүүсээ олж авч байгаа юм. Тайзны урлагаас гадна тухайн үед кино ч бас гоё болж ирсэн. Найруулагч Д.Золбаяр ахын “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Ийм нэгэн явдал” гээд кинонуудыг дурдмаар байна. Өөр ч бас кинонууд, найруулагч нар гарч эхэлсэн. Нэг ёсондоо ийм хөдөлгөөнүүд бий болж байж үзэгчид юм бодож эхэлж байгаа юм. Өмнө хэлсэнчлэн мэргэжлийн тал руугаа хэлбийсэн уран бүтээлүүд гарвал үзэгчид маань ч хөгжиж эхэлдэг. Уран бүтээлчид ч бас урамшиж, “Ёстой гоё юм байна, энэ л гоё” гээд ирнэ.

Ерээд оны дунд үеэс 2000-аад он гарах хугацаанд Монголын уран бүтээлчид бэрхшээлтэй бас сонирхолтой үеийг туулсан юм байна гэж боддог шүү.

Монголын кино урлагийн хувьд саармагжсан үе нь 2013-2015 он.

Би сургуулиа төгсөөд долоон жилийн дараа 2007 онд анхны киногоо хийсэн. Урт хугацаа шүү. Ингэж явж байгаад бас нэг сонирхолтой үеийг үзлээ. Энэ бол Монголын кино урлагийн хувьд саармагжсан үе. Тэр нь 2013-2015 он. Яагаад гэхээр хүмүүс бүтээл рүүгээ харах бус мөнгө рүү хараад эхэлсэн. Сүүлдээ бүр киног мөнгөөр хооронд нь өрсөлдүүлдэг болчихлоо. Бүр хачин санагддаг болсон нэг зүйл юу вэ гэхээр хүмүүс “Уран бүтээл өндөр үү” гэж асуухаа бараг больж байна. “Кино чинь хэр явж байна?” гэж асуудаг болж. Өөрөөр хэлбэл кино чинь хэр гүйлгээтэй байна вэ гэдгийг асуугаад байгаа юм. Энэ чинь өөрөө нэг утгаараа ахиад л удахгүй бид зах руугаа гарна гэсэн үг. Яахав үүгээрээ би зах дээр наймаа хийхийг муу гэж хэлсэнгүй. Би ч өөрөө хүүхэд байхдаа зах дээр зөндөө л наймаа хийж үзсэн. Юу гэхээр дахиад бид арилжааны тал руугаа, тэр дундаа ядмаг арилжааны юм руу шилжээд орчихож байна л гэсэн санаа. Тийм болохоор “Кино чинь хэр явж байна вэ” гэдэг бол маш буруу асуулт.

Уран бүтээл хийж байна гэж үздэггүй хүний асуулт шиг санагдсан уу?

Шууд хүнтэй гар барьж мэндлэх далимдаа халаасыг нь тэмтэрч байгаа гэсэн үг. Мэдээж кино бизнес урлаг дотроо яах аргагүй том бизнес. Нэг өрөөнд 10 хүн сууж байлаа гэхэд өчигдөр кино үзсэн нь гараа өргө гэхэд бараг бүгд өргөнө. Жүжиг юм уу, балет, дуурь үзсэн нь гараа өргө гэхэд цөөхөн хүн өргөнө. Тэгэхээр кино урлаг гэдэг өөрөө хүртээмжийн хувьд ерөөсөө бүх урлаг дотроо хамгийн өндөр нь. Хөгжмийн урлагийн дараа орж байгаа том салбар юм. Надтай уулзахаас өмнө чи хөгжим сонссон уу.

Тийм ээ.

Кино бол худалдаж авдаг бизнес дотроо хүртээмжийн хувьд хамгийн өндөр нь. Кино урлагийг дагаад хоол, уух юм бий болж байна. Кино урлагийг даган хөгжиж байгаа давхар бизнесүүдийг хар. Энтертайнмент центрүүд, ресторанууд байна. Энэ хүртээмжийг харвал кино урлаг асар том. Гадны орнуудыг харахад тийм байгаа биз. Манайд ч бас энэ чиг шугамын дагуу хөгжиж л байна. Би нэг их олон газар явж үзээгүй л дээ. Европын орнууд, Япон, Солонгост малл болгоны доор эсвэл дээр кино театр байна. Хүвэл дэлгүүрт ороод явж байгаад л кино театр луу халтираад орчихно. Тэгэхээр хүртээмжийн хувьд угаасаа ийм том салбар учраас давхар заавал бизнес явахаас замгүй.

Гэхдээ мэргэжлийн уран бүтээлч хүнд тэр бизнесүүд хамаагүй байх аа?

Киногоо хийхдээ нэг удаа ч санхүүгийн юм бодож толгойгоо өвтгөсөнгүй.

Мэдээж уран бүтээлч хүмүүс мөнгө мөнгө гээд явж болохгүй. Харин үүнийг нь “Оранж”, “Прайм”, “Монгол контент”, “Хүлэгү” мэтийн бизнесийн, продюсингийн байгууллагууд ярьж явах ёстой. Уран бүтээлчид үүнийг яриад явбал уран бүтээл нь гялс гялс юм гаргачихъя гэсэн богино эргэлтийн байдал руу шилжинэ. Одоо жишээ нь би шинэ киногоо хийхдээ нэг удаа ч санхүүгийн юм бодож толгойгоо өвтгөсөнгүй. Нөгөөдүүл маань хийгээд өгчихлөө. Миний CV нэгэн сайхан бүтээлээр нэмэгдлээ. Нэг ёсондоо уран бүтээлийн 10 дахь хүүхэд маань төрж байна.

ЗҮВ ЗҮГЭЭР СУУЖ БАЙСНАА КИНО ХИЙЕ, ТҮҮНИЙГ ТОГЛУУЛЪЯ ГЭЭД БОСООД ГҮЙЖ БОЛОХГҮЙ.


Ерөнхий гэрэлтүүлэгч Батнямбуугийн хамт.

Өдөр тутмын амьдралдаа хүмүүсийг ажиглах, хүмүүсийн талаар эргэцүүлэх боломж танд хэр гардаг вэ?

Найруулагчийн ур чадварын анхны хичээл юу байдаг гээч? Нэгдүгээр курст есдүгээр сарын 1-нд сургуульдаа ирэхэд хамгийн түрүүнд ажиглалтын хичээл ордог. Гараад нэг нэг хүн ажиглаад ир гэнэ. Тэгээд тэр хүнийхээ тухай дүрслэн бич гэнэ. Өндөр биш нуруутай, шингэн ширэвгэр сахалтай, хууз тавьсан. Саяхан усанд орсон нь мэдэгдэх үс нь хөвсгөр. Цайвар цэнхэр өнгийн цамцан дээр хантааз, хүрэм өмссөн залуу хөлөө ачин суухдаа нимгэн сахлаа оролдон яриа чагнана. Энэ ерөөсөө бидний ажил байхгүй юу. Тэгээд байгалийн үзэгдлийг бич гэнэ. Зураач нар судалбар зурганд гарна гээд намрын байгалийг зураад этюд хийдэг дээ. Бидний этюд бол судалгаа, ажиглалт юм. Эхлээд үүнийг сурч байж, найруулга руу орно. Ер нь найруулагч, зураглаач, кино зураач бол мэргэжил дотроо нарийн мэргэжил юм. Үүнийг би маш их ярьдаг. Яагаад гэвэл одоо дурын хүн кино хийдэг болчихоод байна.

Авъяасыг академик боловсролоор олдоггүй гэж ярьдаг хүмүүс кино хийгээд явна уу?

Мундаг кино байна ч гэх шиг. Мундаг гэж яг ямар тодорхойлт юм

Наадах чинь аягүй том төөрөгдөл шүү. Мэргэжлийн найруулагчид гэдэг өөр байдаг юм шүү. Мэдээж “Энэ миний найруулга юм аа” гээд хийрхээд байвал буруу. Миний үзэх дуртай найруулагчид Роберт Земекис, Стивен Спилберг, Фрэнцис Форд Кополла, Мартин Скорсезе эднүүс бүгд мэргэжлийн найруулагчид. Спилбергийн “Байлдагч Райныг аварсан нь”-ыг үзчихээд мань эрийг түүхэн, тулаант киног янзтай хийх нь ээ гэж хүмүүс бодсон. Гэтэл мелодрамыг ч түүнээс дутахгүй хийнэ. “Терминал” гэдэг киног нь үзсэн үү. Өөр хоёр жанрыг найруулна гэдэг тэр хүний мэргэжлийн ур чадвар нь шууд харагдаж байгаа юм. Үүнийг манайхан ойлгох ёстой. Мэдэхгүй байхаас илүү төөрөгдөл гэдэг хамгийн том хортой зүйл. Одоо манайд яг тийм л юм болж байна. Аймаар олон төөрөгдсөн хүн байна шүү дээ. Ийм л зовлон байна. Тэгэхээр одоо бид мэргэжлийн тал руугаа хэлбийх ёстой. Кино урлагийг мэргэжлийн байлгах гээд ийм мэргэжлийн продюсингийн компаниуд гараад ирлээ. Одоо эд нар маань хойшдын таван жилдээ зөв буруу олон кино хийнэ. Тэгж байж, санхүүгээрээ өвдөлт мэдэрч байж, таван жилийн дараа шигшигдэнэ гэсэн үг. Сайнууд нь л үлдэнэ. Одоо чи Монголын киноны тодорхойлолтуудыг хар даа. Ёстой мундаг кино байна ч гэх шиг. Мундаг гэж яг ямар тодорхойлт юм.

Нээрээ ямар учиртай тодорхойлт вэ. Мундаг кино, гоё кино гээд л бид яриад байдаг?

Хүмүүс “Зохиол оо гүйцэхгүй юм байна тэ” гэдэг л байхгүй юу

Яг ийм мэргэжлийн бус дүгнэлтүүд яваад байгаа биз. Ер нь мэргэжлийн байдлыг бид өөрсдөө киноноос нь хараад л мэддэг байх хэрэгтэй. Б.Балжинням ахын “Тань руу нүүж явна” киног үзсэн байх. Тэнд нэг айхтар “юм” бий. Би энэ Б.Балжинням ахын найруулсан хоёр киноны хоёр планыг үзээд сэтгэл огшоод байдаг юм. Хүмүүс сценийг үзээд огшдог бол план үзээд огшино гэж бас байна. “Тань руу нүүж явна” дээр хүүхдээ алдсан эмгэн дөнгөж хүүтэй болсон эмэгтэйн гэрт ирдэг. Ээж нь “Танай хүүхдийг өргөж авах гээд байна даа” гээд хэлчихсэн. Тийм мэдрэмж төрчихсөн эмэгтэй сууж байтал эмгэн хүүд нь зориулж баривч оёж ирчихээд цай уугаад хоёулаа сууж байдаг. Энэ сцен бол ойлгомжтой. Дараа нь төгсгөлийн план дээр босож яваад үүдэн дээр нь ирж зог тусаад зогсож байснаа баривчаа өгчихөөд гараад явдаг тоглолт байгаа юм. Тэр хэсэг бол үнэхээр сонин болгодог. Бас өөр кино гэвэл “Мандухай сэцэн хатан” дээр Мандуул хаан Мандухайн аавынд ирээд байж байтал бүх хүн хаан ирлээ гээд сөхрөөд суудаг бол ганцхан хүүхэд зогсож байдаг. Хааны өмнө бүгд сөхрөх ёстой атал тэр жаахан охин сөхрөхөө мэддэггүй. Тэгсэн Мандуул хаан охинд дөхөж ирээд хацрыг нь илж, энэрэнгүйгээр инээмсэглээд явдаг. Энэ бол Мандуул хэдий хаан боловч хүн гэдэг утгаараа шууд бууж байгаа юм. Хүүхдийн мөрөөсөл болчихсон байгаа гэсэн үг. Тийм биз дээ. Ингээд эрхлүүлчихээд явдаг(гараа сунгах үйлдэл хийв). Иймэрхүү зүйлийг анзаарч, киног уншиж үзвэл гоё биз дээ. Тэгэхээр киног үзэх нэг өөр, унших нэг өөр, задалж ойлгох бас л өөр асуудал юм даа. Тэр талаас нь харвал кино үзэх ном унших хоёр бол ялгаатай. Яагаад гэвэл кино үзэж байхад хүний анхаарал их сарнина. Ийш тийшээ өөр юм их бодно. Ном уншина гэдэг бол харин ямар билээ. Чи номон дотроо мөр хаяаад уншвал болох уу.

Болохгүй.

Яг наадах чинь. Хүмүүс “Зохиол оо гүйцэхгүй юм байна тэ” гэдэг л байхгүй юу (инээв).

Ардын уран зохиолч С.Эрдэнийн “Хойт насандаа учирна” романаар  кино хийх том амбиц надад бий.

Та цаашид бусдын зохиолоор кино хийх үү?

Ганц, хоёр хүний зохиолоор кино хийх сонирхол их байна. Үүнийг л кино болгочих юмсан гэдэг эхний нэг зохиолыг хэлье. Үүнийг би олон жил дотроо тээж явна. Энэ бол Монгол Улсын Ардын уран зохиолч С.Эрдэнийн “Хойт насандаа учирна” роман. Маш сайн роман. Үүгээр кино хийх том амбиц надад бий. Уншсан уу?

Уншсан.

Яндагийн дүрийг л хар л даа, янзын биз. Дээр нь би С.Эрдэнэ гуайн “Шар навчны халуун” өгүүллэг, бас өөр нэг нь “Хүүхдийн найр” гэдэг зохиолоор кино хийчихмээр байна. Монголд драматургийн нэг том ноён оргил бол С.Эрдэнэ гуай. Бас До.Цэнджав гуайн “Хоёрын даваа” гэдэг зохиолоор орчин үеийн бөхийн тухай нэг сайхан кино хийчихмээр байна. Ийм л байна даа. Дахиад ганц хоёр зохиол бий. Гэхдээ тэрийг хэлээд яахав.

Сүүлийн үеийн монгол кинонуудыг хэр үзэж байна?

Тэгэхэд Монголын унтаа хэлбэрийн үзэгчид сэргэж эхэлсэн.

Үзэлгүй яахав. Сүүлд би “Хоёр амь” гэдэг кино үзсэн. Үзэх хэрэгтэй. Ер нь уран бүтээлч хүн уран бүтээлийн хайгуул гэдгийг хийх ёстой. Хайгуул хийж байж, хөдөлмөрлөж байж хүнд үзүүлэх юм хийнэ. Би энэ кино(Албан өрөөнийх нь хананд байх “Аз жаргал The Bad boy киноны постерийг заав )-ндоо бол бардам байдаг. Монголын кино үзэгчид байдаг юм байна гэдгийг харуулсан. Үүнээс өмнө кино театрт сардаа нэг 4-5 мянган хүн л кино үздэг байсан байх. Харин энэ киноны дараа сардаа монгол киног 12-15 мянган хүн үздэг болсон. Бид өөрсдөө судалж үзсэн байхгүй юу. Арван мянган хүн үзнэ гэхэд хүмүүс намайг шоолж байлаа шд. Тэгэхэд Монголын унтаа хэлбэрийн үзэгчид сэргэж эхэлсэн. Кино театр луу цувдаг болсон.

Дараагийн кино чинь бас хүмүүст нэлээд хүрсэн санагдаж байна?

Тэгсэн. “Сайн уу амьдрал минь” киногоороо новел хийц гэж юу болохыг харуулахыг хүссэн. Энд драматургийн гурван шугам өөр хоорондоо огтолцдог. “Хаврын нэг учрал”, “Сургууль минь баяртай”, “Багш аа, би танд хайртай” гээд ийм гурван өөр новелийг хийж өгсөн нь онцлог. Одоо жишээ нь Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аяласан нь” гэдэг роман байна. Гэтэл “Нууцат арал” байна. “Нууцат арал” дээр нэг хэсэг дээр нь аварга том усан онгоц зөрөөд гардаг. Тэр нь ахмад Немогийн онгоц байдаг биз дээ. “Усан доогуур 20 мянган бээр аяласан нь” зохиолын баатрууд “Нууцат арал”-д ороод гардаг. Энэ чинь нэг ёсондоо драматургийн огтолцол бий болж байгаа юм.

“Боолын гэрээ” бол Амраагийн дүр бүтээсэн кинонуудын хувьд түрүү үеийн хамгийн амжилттай кино нь болсон.

Дараагийн киногоороо бид трагед хийсэн нь “Бурхан өршөөг” юм. Бас экшн кино хийсэн нь “Боолын гэрээ” байна. “Гоёлын даашинз” бас сайн үзсэн. Зургаан сар зогсолтгүй гарсан. Дараагийнх нь “Цасан охин”. Гэр бүлийн драм хийж үзье гэсэн оролдлого байсан. Гэхдээ энэ кинон дээр бол би алдсан. Гэхдээ үүнийг дэлгэрүүлж яриад яахав. Дараа нь би зохиолч Д.Энхболдбаатартай хамтраад “Монгол Төрийн товчоон” гэдэг кино хийсэн. Олон улсын таван хэл дээр бүтээгдэж, Засгийн газраас тэр киног байнга гаргахаар болсон. Үүний дараа кино франчайз гэж юу болохыг судалсан. Тэгээд “Сайн уу амьдрал минь-2”-оо хийсэн. Кино франчайзыг мэдэхгүй хүмүүс энэ ярилцлагыг уншиж байж магадгүй. Франчайз гэдэг юу билээ? Уламжлалт хийц тийм үү. Бидний сайн мэдэх Жеймс Бондын цуврал бол дэлхийд том кино франчайз. 52 жилийн хугацаанд 26 цувралд 6 цаг үеийн 6 өөр Жеймс Бондыг үзсэн. Шон Коннерээс Даниел Криег хүртэл. Одоо Даниел Криег зодог тайлна. Дахиад өөр Бонд гарч ирэх нь байна. “Сайн уу амьдрал минь” кинонд 8 жилийн өмнө тоглосон тухайн цаг үеийн залуусын тренд Guys, Acapella, Tv cocktail байсан бол энэ цаг үеийн залуусын тренд нь юм гээд “Сайн уу амьдрал минь-2”-ыг хийсэн. Тэгвэл дараагийнх нь хэзээ вэ. Энэ бол ингээд мод л тарьж байна гэсэн үг байхгүй юу. Ингээд салаалаад, ургаад. Энэ чинь уран бүтээлч хүний хувьд нэг ёсондоо гоё амбиц биз. Өөрийн салаа модыг бий болголоо. Хэзээ нэгэн цагт намайг өвгөн болоход хэдэн мөчиртэй ч болчихсон байх юм билээ. Сайхан биз дээ.

Сүүлд нийтлэлч Баабарын нэг нийтлэлээ урлаг дахь дүрүүдийн талаар бичсэн байсан. Яг үгчлэн санахгүй байгаа ч урлан бүтээнэ гэдэг, дүр бий болгоно гэдэг бол сонгодогуудыг давтдаг гэсэн санаа. Орчин цагийн нэгэн залуу, зодоон цохион хийдэг дотроо зөрчилтэй нэг дүр кинонд байлаа гэхэд тэр бол Гамлет байгаа юм. Тэгээд би саваагүй юм бодож орхисон нь одоо таны энэ шинэ кинонд залуу эрэгтэй, эмэгтэй хоёр гарна. Ромео Жульетта хоёр шиг. Гол дүрийн залуу нь Ромеогийн дүрд тоглож байсан байх аа. (инээв)

Үгүй дээ. Дүр хөөж кино хийнэ гэж байхгүй. Дүр мэдээж чухал. Анзаарах юм бол миний кинонд тоглосон жүжигчид дараа нь олон кинонд тоглосон байгаа. Б.Баатархүү ах байна “Аз жаргал The Bad boy” киноноос хойш олон кинонд дүр бүтээсэн. “Сайн уу, амьдрал минь” кино бол бараг манай хэдийн бүгдийнх нь анхны кино байх. “Боолын гэрээ” гэхэд Амраагийн дүр бүтээсэн кинонуудын хувьд түрүү үеийн хамгийн амжилттай кино нь болсон. “Гоёлын даашинз” бол Пүрвээгийн анхны гол дүр. Манай онцлог бол анхдагчийн байр суурьтай байя гэдэгт байгаа юм. Яагаад гэвэл бид мундагтаа биш. Судалгаа гэдэг юм бидэнд туслаад байгаа юм. Зүв зүгээр сууж байснаа за нэг кино хийе, түүнийг тоглуулъя гээд босоод гүйж болохгүй. Тийм болохоор судалгаа бол найруулагчийн том зэвсэг.

Продюсерүүдийн шаардлага бол мушгилт юм. Хуурай болгохын тулд хийдэг мушгилт.

Энэ киноны дүр сонголтыг хэрхэн хийв?

Продюсеруудын санаа, сонголтыг бодолцсон. Ерөнхийдөө дүрүүд нь миний сонголт.

Италийн найруулагч Феллинигийн намтар номыг уншлаа. Нэлээд юм бодогдуулахаар ном байна лээ. Тэр номыг уншиж байхад продюсерууд гэж нэг л их ядаргаатай хүмүүс юм байна даа гэж бодогдсон шүү?

Киноноос гадна би захиалгын олон ажил хийж үзсэн. Реклам, клип ч хийдэг байлаа. Тэр болгондоо аливаа нэг байгууллагын маркетингийн албатай заавал харьцдаг. Цаад хүмүүсийн шаардлага эхэндээ тээртэй санагдана. Гэхдээ дараа нь бодоод үзэхэд тэдний шаардлага ихэнхдээ бидний уран бүтээлийн өнгө, чанар чансаа сайжирахад нөлөөлсөн байдаг юм. Тэгэхээр продюсерүүдийн шаардлага бол мушгилт юм. Хуурай болгохын тулд хийдэг мушгилт. Найруулагчаа шүтээд байдаг продюсерууд бол хэцүү шүү дээ. Ам хараад суугаад байна.

БИД БҮГДЭЭРЭЭ ГЭГЭЭЛЭГ КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ДЭМЖИГЧ, ТҮГЭЭГЧ БОЛОХ ЁСТОЙ.


Ерөнхий зураглаач Г.Гүенбаатарын хамт.

Кинонд ажилласан багийнхаа талаар ярих уу?

“Orange entertainment”-ийнхан, продюсеруудын талаар дээр хэлчихлээ. Бид маш сайн баг болсон. Зураглаачаар Г.Гүенбаатар гээд залуу ажиллаа. Бид хоёрын хамтарч ажилласан хоёр дахь кино. Ж.Мөнх-Оргил гэдэг зураач залуу байна. Бид анхнаасаа олон кинон дээр хамтарч ажилласан. Хөгжмийн зохиолч нь Цэрэн гэдэг залуу байна. Бусад бүрэлдэхүүний тухайд  хаа очиж энэ киноны баг, арын албаныхан бүхэлдээ мэргэжлийн хүмүүс байлаа. Мэргэжлийн бус хүн аваагүй юм. Тэр нь ч амар юм байна.

Та найруулсан киногоо дахин дахин үздэг үү?

Нээлт дээр ирсэн сэтгэгдэлд итгэж, сэтгэл амарч болохгүй.

Үздэг. Үзэх ч хэрэгтэй гэж боддог. Удахгүй кино маань нээгдэх гэж байна. Гэхдээ би нээлтэн дээр хэлсэн үгэнд итгэдэггүй. Нээлт дээр ирсэн сэтгэгдэлд итгэж, сэтгэл амарч болохгүй. Яагаад гэвэл тэнд дандаа намайг гэсэн сэтгэлтэй, биднийг гэсэн хүмүүс ирдэг. Тэдний үг биднийг вакумжуулах нэг аюултай талтай. Сэтгэл нь сайхан боловч үг нь вакумжуулна. Харин түүний оронд хүмүүс ид үздэг үеэр хамгийн хойд талын эгнээнд суугаад ч юм уу, хойгуур зогсож байгаад дахин үздэг. Мөнгөө төлөөд үзэж байгаа үзэгчдийн дунд чагнаад сууж байх шиг гоё юм байхгүй. Ер нь бол шүүмжлэл гэдэг хүнд хэрэгтэй зүйл. Магтаал хэрэгтэй бол толинд хараад л өөрийгөө магтчихна шүү дээ.

“Хуримын даашинзтай бүсгүй” киногоор юу хэлэхийг хүсэв?

Монголын мэргэжлийн кино найруулагч нарын холбоо гэж байгууллаа.

Хайр. Өнөөдрийн монголчуудад хайр дутагдаж байна. Монголчууд ч бус дэлхий дахинд хайр дутагдаж байна. Хайр харагдахаа байчихлаа. Одоо жишээ нь, хайр хаанаас үүсэх вэ. Амьд харилцаан дээр л үүснэ биз дээ. Хоёр хүн ярилцаад сууж байлаа гэхэд хэрвээ хүсэх юм бол нэг нь нэгийгээ алга болгож болно. Тэр нь яагаад вэ гэхээр ингээд утас руугаа орчихно.(Утас руугаа нүүрээ тулгав). Ярилцлага авахаар ирсэн чиний өмнө би утсаа ингээд оролдоод байвал яах уу. Чи бид хоёрын амьд харилцаа алга болно. Ийм л зүйл. Урлагт үүнийг харуулах том боломж бий. Ер нь урлагийн зорилго бол гоо зүй олгоход л оршдог. Урлагийн мэдрэмжгүй хүмүүсийг харахаар аягүй өрөвдмөөр шд. Түүнээс өрөвдмөөр нь урлагийн хүн гэж явдаг мөртлөө урлагийн мэдрэмжгүй хүмүүс байна. Энэ бол урлагийн байтлаа урлагийн биш хүмүүс гэсэн үг. Өөрөөр хэлбэл урлагийн байтлаа сонирхогчийн байдал руу орчихсан яваа юм. Тийм болохоор манай хэдэн найруулагчид Монголын мэргэжлийн кино найруулагч нарын холбоо гэж байгууллаа.

Хэзээ байгуулагдсан холбоо вэ?

Дөнгөж байгуулагдаад явж байгаа холбоо юм. Удахгүй хүмүүс мэддэг болно. Энэ холбоонд кино хийдэг хүн бүр орохгүй. Яг мэргэжлийн найруулагч нар орно.

Мэргэжлийн найруулагчид манайд хэр олон бэ?

Зөндөө л байна. Яг мэргэжлийн үү гэдэг чинь тэгээд уран бүтээлээс нь харагдана шүү дээ.

Дараагийн удаа та ямар жанрын кино хийхийг хүсэж байна вэ?

Урлаг бол асуухгүйгээр агаар мэт нэвчдэг хүчтэй

Ахуйн драм хийх сонирхол өндөр байна. Яг цэвэр нүүдэлчний ахуйн драм. Үнэнийг хэлэхэд бидний хүүхдийн хүүхдийн үе ирэхэд номадик байхгүй болж магадгүй шүү. Тэгэхээр түүнийг байлгахын тулд яах ёстой вэ. Барилга байшин элэгдэн хорогдон сүйддэг. Мөнхөд үлдэх ганц зүйл бол уран бүтээл, философи юм. Урлаг бол асуухгүйгээр агаар мэт нэвчдэг хүчтэй. Урлаг хүнийг хүнээр нь байлгах цорын ганц зэвсэг.

Олон хүн янз бүрийн кино хийж байна. Үүнийг өрсөлдөөн гэж харахад яагаад ч юм учир дутагдалтай санагддаг юм?

Өрсөлдөөн биш туйлшрал яваад байна. 10 мянган хүн тутамд театрын нэг дэлгэц байх ёстой. Улаанбаатар хот өнөөдөр 1.2 сая хүн амтай. Бидэнд 120 дэлгэц хэрэг болж байгаа биз. Бидэнд одоо 40 дэлгэц л бий. Жилд 50 гаруй кино гарч байна. Энэ чинь юу хэлээд байна гэхээр олон цөөний тухай асуудал биш юм. Бидэнд дистрибьютор компани хэрэг болж байна гэсэн үг. Энэ санааг би нөхөддөө хэлээд зодуулахаа дөхсөн юм.

Энэ санааг би нөхөддөө хэлээд зодуулахаа дөхсөн юм.

Одоо би ингээд кино хийлээ. Тэгээд би киногоо театрт өгөхгүй. Дистрибьютор компанид өгчихье. Тэр компани нь манай компанийн киног аваад театрт өгнө. Театр болохоор Батболд гэдэг хувь хүнээс кино авахгүй. Зөвхөн дистрибьютор компаниас л кино авна. Тэр нь Монголын кино урлагийн зөвлөл ч юм уу газар байх юм. Чи тэр зөвлөлийн гишүүн байлаа гэхэд би чам дээр очоод, “За би ийм кино хийх гэсэн юм. Тэдэн есдүгээр сард театруудад тийм цаг авмаар байна” гэвэл чи миний зохиолыг уншсанаа, “За Болдоо есөн сард тэр тэр найруулагчийн ийм ийм кинонууд орж ирж байна. Тэгэхээр бид чанартайг нь л авна. Чи энэ зохиолоо улам чанартай болгомоор байвал тэрэнтэй санхүүгээрээ нэгдчих” гэж хэллээ. Тэгэнгүүт нь би нөгөө хэлсэнтэй санхүүгээ нийлж болж байна. Тэгээд ингээд киногоо хийдэг бол бид өнөөдрийнх шиг танхим хувааж, шаанс хувааж өлөн амьдралаар амьдрах шаардлагагүй болно. Би ийм санхүүжилт гаргасан, ийм газартай нийлж хийсэн, тийм хүмүүсийнхээ цалинг авъя аа гээд дистрибьютор компанид очино. Тэгэхгүй болохоор чинь бид одоо яаж байна? Киногоо гаргачихлаа гэснээ “Манай киног тэдэн цаг дээр тавиад өгөөч” гэж гуйгаад тэнэгтээд явж байгаа юм. Товчхондоо уран бүтээлчид продюсер компаниас мөнгөө авч киногоо хийлээ, дистрьюбютер компанид киногоо өгч тэр нь цаашаа театруудаар гаргалаа, эргээд мөнгөө олж авлаа. Ийм хэлбэрээр явах ёстой гэсэн чинь манайхан “хуцаад бай чи” гэсэн байхгүй юу (инээв).

Сонин л юм?

Юу нь сонин байгаа юм. Ийм л байх ёстой. Дэлхий нийт угаасаа ингэж л хийж байгаа юм чинь. Дистрибьютор компаниуд нь гаршчихсан байдаг. Чи найруулагч, би найруулагч байлаа гэхэд бие биенээсээ ямар кино хийх гээд байна гэж асууж, тандах шаардлагагүй. Дистрибьютор компаниуд бидний зохиолыг нь уншаад “Үүнийгээ чи чанартай хийвэл бид тэдээр авна,  хүлээж байснаас чанаргүй болбол тэдээр авна шүү” гээд хэлчихнэ. Тэгэхээр зорилго маань тодорхой болж ажлаа хийх нь байна. Одоо болохоор киногоо харанхуй хийчихээд л зарах гээд зовоод байгаа юм. Тэр байдлаас чинь болоод л “Кино чинь хэр явж байна” гэдэг асуудал үүсчихсэн байна.

“Кино чинь хэр явж байна” гэдэг асуулт таны хамгийн дургүй асуулт болжээ дээ?

Увайгүй байгаа биз дээ. Халаас тэмтрээд байгаа ч юм шиг. Амьдралынхаа логикоос харъя л даа. Бид эмнэлэгт байгаа, бараг сэхээнд байгаа хүнийг л “За хэр байна” гэж асуудаг биздээ. Түүн шиг энэ хүмүүс киног яагаад байгаа юм. Хэр байна ч гэх шиг.

Театрын дэлгэц гээд дээр ярилаа. Саяхан би нэг театрт кино үзэхэд арваадхан хүн танхимд байсан. Тэгээд манайд кино театрт хэт олширчихов уу гэж бодсон шүү?

Олон биш ээ. Зах зээлийн нийгмээс өмнө Монгол Улс 360 кино театртай байсан. Тийм учраас бүх нийтээрээ соёлжиж, гэгээрсэн юм. Тэр талын үзүүлэлт, индексүүд ч өндөр гардаг байсан. Яагаад гэвэл бид жижиг юм чинь маневр хийхдээ хурдан. Сүм бүр театртай, аймаг болгон чуулгатай. Соёлын хүртээмж өндөр байсан байгаа юм.

Цөөхөн хүн гэдэг бол тусдаа асуудал. Японд явж байгаад би гав ганцаараа кино үзэж л байсан. Нэг Малл-ын дээр байсан театрт кино үзээд гарч байлаа. Гэхдээ тэнд бол театрууд нь олон болохоор хүртээмж нь ч өндөр. Нэг ёсондоо дэд бүтэц нь тэгж хөгжсөн байна. Манайд ч гэсэн хөгжиж л байна. Продюсеруудын компани үүснэ гэдэг чинь мөн л кино урлагийн дэд бүтэц хөгжиж байгаа хэрэг юм. Одоо манай улсын айти дэд бүтцийн хөгжил яаж байна. Амьд харилцааг үгүй болгохдоо тултал хөгжлөө шд. Үүнийг өөрөөр цаашаа хөгжүүлэх ёстой. Интернетээр хамаг юмаа хармаар байна. Замын түгжрэлд орохгүй болмоор байна.

Смарт хэрэглээ рүү явах ёстой байх л даа.

Айти дэд бүтцийн нэг сөрөг тал нь зохиогчийн эрх зөрчигдөж байна. Ер нь монголчууд бид зохиогчийн эрхийн талаар ярихаас замгүй хүмүүс. Монгол Улс 1964 онд НҮБ-д элссэн. Улмаар Венийн конвенцид нэгдсэн улс. Зохиогчийн эрх, патентийн эрхийг хүндэлнэ гэдэг бол маш чухал зүйл. Монголчууд өөрөөс нь 1000 төгрөг хумсалсан хүнийг үздэггүй. Тэгсэн мөртлөө хэдэн саяар хийсэн киног хулгайлчихаад байхад “Аа тэгээ юү, киногоо алдсан уу” гээд бараг тавлаад байдаг. Одоо энэ фэйсбүүкийн пэйж хөгжүүлэлт гэж хөгийн юм байна. Хүний киног шууд аваад тавьчихдаг. Тэгээд нөгөө хулгайчийг нь бариад цагдаад очихоор “Ахаа би бие муутай. Үүнээс өөр мөнгө олох арга байхгүй” гэнэ. Юу гэсэн үг юм бүү мэд. Бие муутай гээд хүний юм хулгайлаад яваад байх уу.

Нэг үеийг бодвол телевизүүд хулгайн контент гаргахаа больсон. Цахим орчин дахь контентийн хулгайг харин яах юм бүү мэд?

Контент гэхээр өргөн утгатай болчихно. Одоо хоёулаа тамхилаад сууж байна, тийм үү. Би чиний зургийг аваад, “Сэтгүүлч хүн байж ичихгүй тамхи татаад, май чи”(зураг авав). Би ингээд фэйсбүүк юм уу твиттерт тавьчихъя. Тэгээд би сошиалд хар контент бүтээгч болчихлоо. Энэ дээр хэн нэгэн лайк дарчихвал тэр хүн дэмжигч болчихно. Дараа нь түүнийг нь хэн нэгэн шэйр хийвэл түгээгч болчихно. Хар контентийг бүтээгч, дэмжигч, түгээгч нар цахимд хэдэн мянгаараа байна. Ингээд нийгэм ямар уур амьсгалд орох вэ. Айдас түгшүүрийн гинжин хэлхээнд орчихно. За ингээд сошиал дээр ийм хар контент ноёрхож байгаа юм чинь үзэгчдийг дагаж кино хийж байгаа хүмүүс ч бас хар контент хийхээс аргагүй болж байгаа юм. Үүнийг л хүмүүс үздэг юм байна гээд хар контент шиг кинонууд хийгээд эхэлнэ. Гэтэл цаана чинь хүмүүс соён гэгээрлийн хомсдолд ороод байгаа юм. Тэртээ тэргүй хар контентод автчихсан байгаа хүмүүст уран бүтээлчид бид хар контент нэмж өгөөд яах юм. Хар контентоор соён гэгээрэл өгнө гэж байхгүй. Үүнээс чинь болоод юу үүсдэг билээ дээ. Энэ Грекийг хар, Сирийг хар.

Нийгэмд гэрэл гэгээтэй контент, бүтээлүүд хомсдолтой байгаатай санал нийлж байна.

Тийм. Гэгээлэг контентийн хомсдолд орчихсон байна. Бид бүгдээрээ гэгээлэг контентийг үйлдвэрлэгч, дэмжигч, түгээгч болох ёстой. Гоё юм хийх хэрэгтэй. Хайр, итгэл, зоригийг олж авах, үлгэрлэн дуурайх тийм контентуудыг хийх хэрэгтэй. Тэр утгаараа миний хийсэн киноноос хүмүүс өөрөө өөрийгөө хайрлах, хүндлэх сэдэл санааг олж хараасай. Миний киноноос үлгэрлэн дуурайх юм олж аваасай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт ерөөе.