Үг үсэг, нэр томъёогоор бүү хөөцөлдөөсэй билээ

"Нэг зам нэг бүс" гээд нэлээд аятайхан нутагших янзтай байсан үгийг манайхан "Бүс ба зам" хэмээн өөрчлөн нэрлэхээр болжээ. Манайхан ч юу байхав дээ? Манай халтар хултар хэлтэй дипломат нөхдийн бодож олсон шийдэл байж таарна. "Алшаа" аймаг хэмээх түүхэн нэр томъёог хүртэл албан бичигт "Альшаа" хэмээн нэрийдэхээр болсон тухай тэрийг нь цаад тал нь хүлээн авсан хэмээн саяхан бичиж байсныг санаж байна уу? "Нэг бүс нэг зам" гэдэг үгийн цаана сайн ухаж бодвол улс төрийн учир шалтгаан байна гэж дээдчүүл үзээд "Бүс ба зам" хэмээн өөрчлөхөөр шийдсэн тухай дам сураг чих дэлсэв.

Энэ жишгээр "Нам" гэдэг чинь "нам нийлж сэм хуйвалдах" гэсэн утгатай. "Дарга" гэдэг үг нь "дарангуй", "дарлах" гэсэн үгүүдтэй ижил язгууртай байна гээд хольж солиод байдаг бил үү?

Гучаад оны үед намын засгийн "Үнэн" сонинд ажиллаж байсан үсэг өрөгч "Манай үнэнч хань ЗХУ" гэж бичихийг "Манай үнэнч хонь ЗХУ" хэмээн ташаа өрснөөс болоод хянан тохиолдуулагчтайгаа хамт арван жил нарсанд хоригдох ялаар шийтгүүлж байсан гэдэг. "Аугаа зөвлөлт гүрнийг яахаараа хонь малтай зүйрлэдэг билээ? Үүний цаана үзэл суртлын ямар шалтгаан байгаа вэ?" гээд л таслачихаа биз.

Үг хэлнийхээ төлөө өдий олон жил шоронд суух гээд ярихаар одоогийн олон залуусын хувьд ойлгомжтой хэрэг биш л дээ. Гэхдээ тийм явдал цөөнгүй тохиолдож байжээ. Монголд анх волейболын спорт хөдөө орон нутагт дэлгэрээд нутгийн хэдэн сэхээтэн залуу багш түүнийг тоглож байхыг өвгөн нь өдөржин хараад зогсчихож гэнэ. Эмгэн нь хүлээж хүлээж тэсэлгүй араас нь "Хүүе чи Сталин Чойбалсан хоёр биш. Юу хийгээд наанаа хэнхэглээд зогсоод байна вэ?" хэмээн хэлснийхээ төлөө арван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэр тухай сонссон нэг хүн өвгөнөөс нь "Танай эмгэн яагаад шоронд орчихов?" хэмээн асуухад өөдөөс нь "Өө яахав. Цагаан хоолой шиг паржигнаж байгаад л . . . ." гээд хэлчихсэн чинь төрийн радиог яахаараа "худлаа паржигналаа" гэдэг билээ гэдэг шалтгаанаар арван жил хоригдсон бодит жишээ байдаг тухай аав ээж минь хуучилдагсан. Гол нь үр хүүхэд бидэнд ам хэлээ цэнэж байгаарай гэдэг утгаар тийм зүйлсийг ярина л даа.

Бээжин хотноо сүр дуулиантай болж байгаа "Нэг зам нэг бүсийн" талаарх дээд хэмжээний форумын талаар энэ дашрамыг ашиглан та бүхэнд цөөн хэдэн мэдээ дуулгая.
Манайхан л Хятад Орос хоёр "Нэг зам нэг бүс" бодлогын хүрээнд ихээхэн хүчтэй хамтарч ажиллаад байгаа хэмээн шуугидаг боловч үнэндээ байдал бараг эсрэгээрээ зогсонги байдалд орчихоод байгаа ажээ.

Нөгөө нэг хэсэг их шуугисан Москва Казаний 600 км төмөр замын асуудал цаасан дээр л төсөл төдийхөн үлдэх нь тодорхой болов. Тэр ч байтугай манай баруун хилийг тойруулан барихаар тогтсон нефть дамжуулах хоолой ч таг болох шинжтэй. Өрнөдийн хоригийн дараа Оросууд хятадын хөрөнгө оруулалт хийгээд худалдаанд ихээхэн найдлага тавьж байсан боловч Хятадын Орост оруулах хөрөнгө оруулалт хоригийн өмнөхөөс ч буурч гадаад хөрөнгө оруулалтынх нь дөнгөж 2 хувийг эзлэж байна. Хоёр орны удирдагчийн сүр дуулиантай гарын үсэг зураад байсан 400 тэрбумын өртөгтэй худалдаа эдийн засгийн гэрээ өөрсдийнх нь хувьд улс төрийн ашиг хонжооны төдийхөн хэрэг болоод өнгөрөх шив.

"Нэг бүс нэг зам” төслөөс хамгийн их хожсон улс орнуудаар Казакстан, Венесуэль, Беларусь, Пакистан улсууд тодроод байгаа ажээ. Хожих ч юу байхав дээ Хятадуудын асар их мөнгө цацсан гэдэг утгаар хэлж байгаа хэрэг. Пакистанд л гэхэд 55 тэрбум доллар зарцуулж дэлхийн хамгийн том усан боомтыг байгуулахаар хоёр тал шийдсэн нь улс төр, бүс нутгийн тогтворгүй байдлын улмаас 13 000 цэргийн албан хаагч өдөр шөнөгүй харгалзан хамгаалж байгаа гэхээр хичнээн их зардал сүйтгэл гарч байгаа нь тодорхой. Эцэс сүүлд нь тэрхүү Гадор нэрт усан боомтыг байуулаад Хятад улс түүгээр дамжуулан газрын тосоо зөөж эхлэлээ гэхэд Хормузын хоолойгоор дамжуулан тээвэрлэснээс 16 дахин үнэтэй тусах тооцоог эдийн засагчид гаргасан байх юм. Манайхны Владивостокоор дамжуулан дэлхийн зах зээл дээр Тавантолгойн нүүрсээ гаргах тухай уран санаа түүний хажууд эдийн засгийн хувьд хавгүй өгөөжтэй төсөл байж мэдэхээр юм байна лээ шүү.

Казакстаны өнгөн дээрээ гялалзсан мэт харагдаад байгаа эдийн засгийн үэсрэнгүй хөгжлийн цаана "хятад валютын нөөц" хэмээх том амь тариа нуугдаж байгаа хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг. Ямар ч байсан Казакстан Венесуэль хоёрт тус бүрт нь зуу гаруй тэрбум доллар цацчихсан нь өдгөө нэгэнт нууц асуудал биш болжээ. Венесуэлийн тухайд гэхэд байдал ямраар эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах найдлагагүй болсныг Хятадууд байтугай та бид ойлгож байгаа юм хойно доо. Хятадууд Сирид 40 тэрбум, Ливид 30 тэрбум доллар алдсан гээд тооцоод байвал гадаад хөрөнгө оруулалтын үр ашиг тун тааруу байгаа нь Орос ах нараас дутахгүй голыг нь гонсойлгож байгаа нь лавтай. Ямар сайндаа нэг хэсэг 4 их наядаар тоологдож олон орны төрийн түшээд, бизнесмэнүүдийн хорхойг гозолзуулж байсан Хятадын валютын нөөц дээрх үрэлгэн зангийн улмаас нэг их наяд болтол буурсан хэмээн зарим судлаачид бичих болсон нь анхаарал татаж байна.

Гэтэл харин нөхцөл байдлын хувьд ээдрээтэй гэж болохоор Монгол улстай харьцангуй эдийн засгийн үр өгөөжтэй харилцаанд явж ирсэн нь Хятадын удирдагч нарт нэгийг бодуулав бололтой саяын дээд хэмжээний форум дээр манай улсыг "Нэг бүс нэг зам" төслийн чухал хэсэг хэмээн зарлахад хүргэсэн байж ч мэдэх юм. Шатрын хөлөг дээр үүсээд байгаа энэхүү бодитой нөхцөл байдлыг манай төрийн түшээд ухаалгаар цэгнэн үзээд боломжийн дөмөг хариу нүүдэл хийгээсэй билээ. Харин үг үсэг, нэр томъёо төдийхнөөр хөөцөлдөөд эхлэх нь төдийлөн сайн хэрэг биш байж таарах буй за.