Африкийн талаар бид юу мэдэх вэ?

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2016 оны 12 сарын 13

Африк тивийн талаарх бидний төсөөлөл голцуу хар, халуун, ядуу, авилга, хээл хахууль, халдварт өвчин, хэмжээ хязгааргүй хаант засаглал байдаг. Хөгжлийн түвшингээр ялгаатай улсууд мэдээж энэ тивд байгаа 50 гаруй улсууд дунд зөндөө байхаас гадна тухайн нэг улс дотроо баян, ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг нь ч байна. Газарзүйн мэдлэгээ шалгах шиг болно. Лесотогийн хаант улс гээд Азиар бол Балба улс шиг байгалийн сайхнаараа алдартай боловч дэд бүтэц, технологи хөгжөөгүй нүүдэлчин, аборижинал хүмүүстэй газрууд ч байна. Мозамбик, Мароккогийн далайн эрэг юун Маяамигийн наран шарлаг л гэнэ. Нигер улс эдийн засгийн өсөлтөөрөө тивдээ тэргүүлж байна. Хэдэн зуун тэрбумаар нь бизнесээ ярьж, нэг үеэ бодвол маш ухаалаг зарцуулж сураад эхэлсэн байна аа.

Энэ тивийн хамгийн өндөр хөгжилтэй улс нь Өмнөд Африк улс. Алмааз, рэгбигийн баг, Нелсон Манделагаар бид энэхүү улсыг төсөөлдөг. Хөгжил нь ямар гэж үү? Юун Монгол! Австрали улстай тун адилхан санагдсан. Магадгүй адилхан Их Британийн колони улс байсан болохоор тэр болов уу. Гэхдээ баян, ядуугийн ялгаа их. Одоог хүртэл арьс өнгөөр ялгаваран үзэх үзэл байсаар буйг нутгийн хар, цагаан хүмүүстэй тусдаа уулзан шар айраг уунгаа яриа өрнүүлэхэд төвөггүй мэдэрнэ.

Apartheid буюу арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан аймшигт он жилүүд энэ улсын нэг сорви. Харууд бол хүн биш байсан ба одоо ч гэсэн ер нь хэцүү талдаа. Саяханыг хүртэл энэ улсын боловсролын систем нь цагаан арьстууддаа боловсролыг 100 хувь олгох, харуудад 10 хувьтай олгоход болно гэсэн бодлоготой байв. Гарч буй гэмт хэргийн дийлэнхийг харууд үйлдэнэ. Зарим кэйсийг нь харахаад цагаануудын болохгүй буйг нь тэвчиж тэвчиж дэлбэрсэн хэргүүд ч байх юм билээ. Өөрөөр хэлбэл гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг хар, цагаан аль алиндаа асуудал байна.

Өдгөө нийт 53 сая Өмнөд Африкчуудын 80 хувь нь хар арьстууд бүрдүүлж буй боловч нийт бизнес, улсын эдийн засгийнхаа ердөө 3 хувьд оролцоотой байна. Цагаан арьстнууд бүх бодлогыг нь барьж мөнгийг нь эргүүлж байна гэсэн үг. Бизнесийн топ удирдлагуудын 80 хувийг дан цагаанууд бүрдүүлсэн хэвээр. Улстөрд харууд нь идэвхтэй мэт боловч тэдгээр харуудын цаана цагаанууд удирдаач хийж байгаа гэж ярих юм. Манделагийн дараа гарч ирсэн ерөнхийлөгчүүд нь бүгд асуудалтай. Яг одоогийн Ерөнхийлөгч бараг 200 гаруй гэмт хэргийн кэйстэй ба албан тушаалаа өгөө л бол шууд шоронд ороход бэлэн, хар цагаангүй бүх ард түмэндээ үзэн ядуулсан өөдгүй нөхөр байна.

Хоёр жил гаруйн дараа энэ нөхөр сонгууль болохоор дахин хуулиараа сонгогдохгүй ба нэг бол шоронд шууд орно, эсвэл гадаадын аль нэг улс руу цагаачлана. Боловсрол тааруу учраас Африкийн террорист бүлэглэлүүдийн голцуу арван хэдхэн настай хүүхдүүд бүрдүүлдэг. Африкаас хулгайлагддаг охидуудын нас нь голцуу ийм байдаг нь арван хэдтэй банди нар үеийн охидоо хулгайлж буй нь тэр гэсэн судалгааг гаргасан байна.

Массын боловсрол тааруугаас манайхаар бол бөө энэ тэр гэсэн хүмүүс их, тэрэнд нь итгэдэг нь бас аймаар. Жишээ нь, нэг бөөгийн өгсөн усаар нүдээ шавишихаар ДОХ нь эдгэрнэ гээд зүүн эргийн хот, тосгонуудаар бужигнуулж байна. Жүүдүүдээс үүсэлтэй Зионизм гээд Христийн урсгал нь их хүчтэй юм. Ubuntu гээд филисофио бүгдээрээ ихэд хүндлэх. Бие биедээ туслах, хайрлах, хүндлэх, байгалиа хамгаалах гэсэн утгатай. Японы бушидо концепцтой ерөнхийдөө төстэй.

Олон жилийн өмнөөс хар арьстнуудын бүх боломжийг нь, яланугуяа боловсрол олж авахыг эрхийг нь хааснаас өдгөө гор нь гарч мэдлэг, боловсрлын ялгаа нь тухайн улсын баян ядуугийн ялгааны гол суурь нөхцөл нь болжээ. Иймээс тус улс байтугай Африк тив тэр чигээрээ боловсролын асар том реформ хийхээр зэхэж байна. 10 жилийн боловсролын түвшингээрээ Африк тив одоогийн Энэтхэг улстай дүйж очихийн тулд жил бүр 200 шинэ сургууль барьж, 10000 багш бэлтгэх тооцоо гарч. Ийм том ялгаа энэ тивд байна. Дээд боловсролын хувьд намайг Монгол руу гарахаас өмнөхөн үнэгүй болго гэсэн шаардлагыг оюутнууд тавьж, жагсаал нь том хотуудад эхэлж байв. Дээд боловсролыг үнэгүй болгох боломжгүй ба харин боловсролын зээл олгож, оюутан төгсөөд ажилд орохоороо сар бүр цалингаасаа зээлээ төлж байх систем нь хэрэгжээд эхэлсэн байна. Боловсролын талаарх постыг тусад нь оруулна аа.

Маш том Энэтхэг ба Хятадуудын нийгэм байна. Энэтхэгүүд колонийн үеэр боолоор анх ирж байсан ба нийт хүн амын 1 хувийг эзэлж буй боловч тус улсын санхүүгийн салбарын нийт ажилчдын 10 хувийг Энэтхэг гаралтангууд бүрдүүлж байна. Хятадууд анх алт олдох үеэр нь шавсан ба Хятад хорооллоо төвхнүүлснээс гадна мафийн бүлэг нь нилээд хүчтэй нь тооцогдоно. Сониноос хэлэхэд 1960 оны үед Йоханессбург хотын хамгийн том мафийн бүлэглэл нь MONGOLS гэдэг нэртэй байсан ба дотоод зөрчлөөсөө болж биесээ хөнөөгөөд дууссан түүх байна.

Харуудын дүүрэг, ядуу хорооллууд нь аюултайд тооцогдоно. Орон гэргүй, архичин, мансуурсан хүмүүс хүн дээрэмдэнэ, хөнөөнө. Өдөрт 3500 охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртдөг статистик Өмнөд Африкт байсан. Одоо байгаа бүтэлгүй, өөдгүй ерөнхийлөгчөөс болоод, авилга хээл хахууль, аюулгүй байдлын баталгаанаас нь болоод багагүй цагаан арьстан Өмнөд Африкчууд хөрөнгөө зараад Америк, Европ, Австрали руу явсан жишээнүүдийг сонслоо.

Гэхдээ л хөдөөгийн байгаль, нутгийн хүмүүсийн эвдрээгүй соёл, хүндлэл, өвөрмөц зан заншил, дуу бүжиг, хоол, бизнесийн дүүрэг, дэлхийн аварга компаниудын оффис, лаборатори, уул уурхайн аварга төслүүд, дэд бүтцийн нүсэр байгууламжууд гээд бүх л юм Өмнөд Африкт байна. Хөгжлөөрөө Монголоос ямар вэ гэдэг "тэнэг" асуултыг битгий асуугаарай. Харин ч бидэнд Өмнөд Африкаас сурах асар их зүйлс байна. Заримдаа бидэнд цэвэр барууны, Америк, Европийн ноу хау, туршлага, стандарт нь арай л чангадаад, Монгол орчинд тохирдоггүй юмнууд байдаг. Харин Өмнөд Африкийн шууд будуу идчих нилээд олон зүйл байна билээ шүү.

Хүн болгон Cape Town хот руугаа очиж үзэхийг зөвлөнө. Өмнөд Африк доторх шал өөр ертөнц гэнэ билээ шүү.