Урагдаж буй УУЛС...

/Тогоонтөмөрийн Содномнамжилд зориулвай/ 

Яруу найраг- хүний дотоод сэтгэлийн бясалгал хоёр чухам хэзээнээс ийм нарийн учир холбоотой болсныг бид тооцож гаргах аргагүй. Бүр анхнаасаа нэг зүйл байгаад хожим цагийн эрхээр салсан байхыг ч үгүйсгэхгүй. Харин яагаад хэзээ, чухам юунаас болж “хоёр тийшээ болоод” одоо чухам юунаас шалтгаалж эргээд “нэг гэрт” бөөгнөх гээд байгаагийн учир шалтгаан ч тодорхойгүй мэт. Гэлээ ч БЯСАЛГАХУЙН ҮНДЭС ЯРУУ НАЙРАГ, ЯРУУ НАЙРГИЙН ҮНДЭС БЯСАЛГАХУЙ” гэдгийг олноороо одоо хүлээн зөвшөөрөх цагт амжиж нэг юм иржээ. Цаг ирсэн ч хүн түүнээс хэзээд хоцрох билээ. 

Бодохоос заримдаа дургүй хүрмээр “алга ташилтын” яруу найраг сүртэйгээр амилан боссон энэ цагт “УРАГДАЖ БУЙ УУЛС” /Т.Содномнамжил / шиг сэтгэл гэдэг энэлэнтэй. Юунд энэлэн шаналах билээ. 

Одоо цагт олон ХҮН яруу найргийг байшингийн яс мод шиг өрж тавьж байна. “Хүйтэн байшингаас сурвалжилсан нь” гэдэг шиг амьгүй байшин барина. Зүгээр л өрөөд л өрөөд л... Үгсийн аятайхан “хайрцаг” үүсгэснээ “далайн гүнээс сувд” олсон мэт данхалзана. Сувс-сувд хоёрын ялгааг мэдэх ухаангүй ч ялгаж байгаадаа бүрэн итгэлтэйгээр яруу найргийг булшлах “гэгээн үйл” эрхлэх болов. Сэтгэлийн мөн чанар, бясалгал, гоо сайхан хийгээд яруу сайхны “тиг” хаа нэгтээ замхарч “нам гүм”-ийн биш найр наадмын шүлэглэл найр наадам мэт хавтгайрав. Дээхэн үед Жайна Жойяа “ Аугаа яруу найрагч хүнд аугаа их уншигч хэрэгтэй”гэж хэлсэн Уолт Уйтмений мэргэн үг, өнөөдөр ялын тогтоол шиг сонсогдох боллоо” /орч С.Энхбаяр “Өнөөдөр Америкийн яруу найраг ямар байдалтай байна вэ?”/ хэмээн “анхааруулсан” шиг заримдаа тэдний шүлгүүд яруу найраг биш ялын тогтоол мэт сонсогдох болсныг нуух юун. Ийм л “урагдаж буй уулс” мэт цагт бидний жинхэнэ яруу найргийн шалгарал явагдаж байна. Уншигчид ч ялгаагүй тэр л шалгуурт тэнцэх, тэр л шалгарал дунд үлдэж хоцрох эсэх бэрх “босгонд” тулж ирэв. Харин бид зарим яруу найрагчдийг”нэхэн шагнах” гэдэг шиг нэхэн санах хэрэгтэй болов. Тэдний нэг нь Тогоонтөмөрийн Содномнамжил. 

Бидний цаг хугацаанд түүнийг “Хувилгаан Со” хэмээн зарим нь өргөмжилдөг байв. Шашин номын мөр хөөсөн, огоот энэ орчлонгийн явдал суудлыг бясалгасан хуварга мэтээр төсөөлнө. Яруу найраг үнэхээр бясалгал болоод хүний сэтгэлийн дотоод хэрэг явдал гэдгийг түүний шүлгүүд ч бидэнд давхар сануулдаг. Анх л танилцаж, мянгантаа учирсан “ЦАГ ХУГАЦАА” надад тийм “ариун” сануулгийг үлдээжээ. Цөхрөлтгүйгээр бясалгаж, цөхөрсөн ч бясалгаж, цөхөртлөө бясалгаж чадсан Т.Содномнамжил гаднаа бус дотоод оршихуйдаа харин “ТЭРСЛЭГЧ “ байсныг хэн ч үл анзаарчээ. 

ЯРУУ НАЙРГИЙН ТЭРСЛЭГЧ ШИНЖ ЧАНАР. 

Орчин цагт “ган хайлуулж үзээгүй үндэстэн хөгждөггүй” хэмээх том ухуулга дэлхийгээр тэнүүчлэх болсон тэр үеэс “ЯРУУ НАЙРАГ БОЛ МАРТАГДАЖ БУЙ УРЛАГ” хэмээх үзэл санаа дэлгэржихүй. Улам бүр металжиж байгаа дэлхий ертөнцөд ХҮН –ДОТООД БЯСАЛГАЛ хийхэд цаг зарцуулах бус гадаад гял цал байдалд илүү анхаарах болов. Нэгэнт ийм болж буй үйлийн үрийг тэрсэж амьдрах, үл эвлэрэх, мөн чанараараа эсэргүүцэх “ХУВЬ ХҮМҮҮС” бидний дундаас төрөн гарч ирсэн юм. Тиймээс ХХ зууны “арай өөр” яруу найргийн түүх бараг л бүхэлдээ “үл эвлэрэгч, тэрслэгчдийн” намтараар дүүрч байна. 

Гэвч алив юм бүхэн хоёр талтай. Үл эвлэрэн тэрслэгч яруу найрагчдийн эсрэг талд зохицон амьдрагч бүлгийнхэн ч урган гарсан ажээ. Энэ үзэгдэл илүүтэй тод харагдсан цаг үе бол 1990- ээд оны эхэн дунд үеийн Монголын яруу найраг байлаа. Тэр үед “үл эвлэрлээ” үл зарлагч мэт ахуй ч энэ цагт шүлгүүдээс нь жинхэнэ “тэрслэгч” чанарыг олж харж болох цөөхөн яруу найрагч бий. 

Тэдний нэг нь чухам л сахил хүртэж, орон хийдэд сууж асан ч орчлонг таних бол хүнийг таних явдал гэж ухаараад дотоод сэтгэлдээ “тэрсэлдэж” байлаа. “Ариун Шамбалын улбар туяаг архины мухлагаас... /Т.Содномнамжил/ үзэж болно гэдэгт тэр тэрслүү итгээд хүний явдлыг нээхээр холын аянд гарсан байна. 

Нэг. Хүний хувь ерөөл гэдэг янз янз. Богино насанд ихийг үзэх, өндөр насанд цөөнийг үзэх. Олонх нь насалсан ч ярих зүйлгүй амьдарна. Хурал хуйд хэлсэн үгээ нийлүүлж хуруу зузаан ном хэвлүүлээд “Ов заль, мунхаг цэнгэлээр нэр олж Орчлонгийн хамгийн цэцэн нь мэт сургаал айлдана” /Т.Содномнамжил/ хэмээх гашууныг тэр тэрслүү аялан явах замдаа олж нээжээ. Сансар гэдэг хуульгүй мэт санах олны явдал дунд сархад хүртэх тайтгарал байсныг одоо хэн ойлгох вэ? Тэгээд л дотоод сэтгэлдээ өөртэйгээ “тэрсэлдэж “эхэлнэ. Харин “ЭВЛЭРЭГЧИД” хэдийнээ яруу найргийн тайз руу авирч магнайдаа алтан титэм асаахын төлөө “уралцаж” байлаа. Цаг үе гэдэг хэзээд ийм байсан, одоо ч ялгаагүй. Тэрслэгч хийгээд эвлэрэгчдийн дунд тэмцэл одоо ч өрнөсөөр байна. Цаашдаа ч үргэлжилнэ. 

Гэм нь зөв нь хэзээд дарагдах үйл бүрдсэн учраас “Алив бүхэн өчүүхэн мэт санагдаж, Амьдрал минь хоосорч байна” /Т.Содномнамжил/ гэж цөхөрсөн ч хамаг бүгдийн буруутай ҮЙЛТЭЙ хангалттай тэрсэлдсэн хэвээр байжээ. Даанч гаднаа уул мэт амгалан байв. Гэвч дотроо уулс мэт урагдана. Тэрслэгч яруу найрагчийн жинхэнэ мөн чанар ердөө энэ юм. 

Одоо би олон хөмсөг зангидагчдыг хармуй. Тэд юутай цэцэн билэгт хүмүүний ухаант царай харуулах билээ. Харин дотроо уулс мэт урагдаж үзээгүй гэдгийг нь мэдэрнэ. Ов заль бүрдэж, орчлонтой бүрэн эвлэрсэн ч гаднаа “тэрслэгч” дүр харуулж гэнэн итгэмтгий маныгаа гэнэдүүлж хуурах нь олон. 

Хоёр. Хоосон чанарыг таних гэж тэр хүсчээ. Зүгээр ч нэг таних төдий бус илүү чанадын зүйлд тэр тэмүүлж байлаа. Тэмүүлэх тусам дотроо“тэрсэлдэх” нь их байжээ. Хот газар, олны хөл, жаргал зовлон, атаа хорсол, өнгө мөнгө бүгдийг танихыг хүснэ. Ууланд сууж дияан хийх уламжлалт замаар бус үйл дундаас “ҮНЭН”-ийг хайх аргыг тэр сонгосон ажээ. Тэгээд үйлтэй хутгалдаж, үнэнтэй мөргөлдөж, үзэлтэй тэрсэлдэж явжээ. 

Өөрийнхөө нэрийг цээжлэн, хотын гудамжаар алхаж
Өнгөрсөн цагаас зорин ирэх шинэ зовлонгоо угтнам
Өнгө төгөлдөр нар шиг мэлтэсхийн гэгээрэхээ хүлээж,
Өдөр бүрийн зовлонгоо баяр баясгалантай эдэлнэ. /Т.Содномнамжил/ хэмээжээ.

Яагаад “өнгөрсөн цагаас зорин ирэх шинэ зовлонгоо угтнам” билээ. Яагаад “өдөр бүрийн зовлонгоо баяр бахдалтай эдлэх-ийг хүсэх билээ. Хамаг учир “хоосон чанар” ажээ. Манай үеийн яруу найрагчдаас магад түүний “ялгарал” тэр байлаа. Орчин цагт шүлгээр “хайрцаг” бүтээгчдээс онцгой ялгаа нь ч энэ юм. “Үүл гарвал бороо орно гэдэг логик үлгэрт л байдаг” гэж бичсэн ном өчигдөрхөн уншиж суулаа. Тэгвэл үйл л хийсэн бол үр боловсрох гэдгийг үлгэр гэж итгэгчдээс тэр ихээхэн ялгаатай амьдарчээ. Тэдэнтэй л тэрсэж амьдарчээ.

Няцваас сайхан нүдний харцанд олзлогдож, сар нарын амраг явдлыг тэр дуулна. “ Алсад одох усны урсгал, тогоруудын ганганаатай намар, Ариун тунамал гоо охины шидэт дүрийг...” /Т.Содномнамжил/ түүнд бишгүйеэ бэлэглэснийг би гадарлана. Гоо сайхан гэдэг хуурмаг, түүнд хэт автахаас сэрэмжлэн “тэрсэлдэж” байлаа.

Гурав. Яруу найргийн нэг багштай хоёрт ярих зүйл бишгүй гарах ч санал нийлэх нь цөөн байв. Хэзээ ч юм бэ, бидний үйл, үзэл нэгэн цэгт хүрнэ гэдгийг хорин хэдтэй ХОЁР бас яахан мэдэх билээ. Нэгэн удаагийн яруу найргийн семинар дээр санал зөрж, би гэж нэг дэвхцсэн амьтан “ наад лавай, мавай, агнист, магнист чинь яруу найрагт ямар хэрэгтэй юм” гэж адрахад багш бидний маргааныг таслав. Тэр улаахан царайдаа мишээл тодруулаад сууж байж билээ. Дотроо намайг уучилсан ч өөртэйгээ бол” тэрсэлдэж” суусан гэдэгт итгэнэ. Бурхан номын үнэнч шавь тэр буруу номлолтой ч тэрсэлдэж байжээ. 

Гурвалжин үзүүртэй гунигийн тэмдэг 
Энгийн модон хэрээс босгоорой /Т.Содномнамжил/ хэмээжээ.

Богинохон наслахаа мэдэж байсан юм шиг залуудаа бичсэн “гэрээс” шүлгийнх нь хоёр мөр. Дахиад л яагаад протестант оршуулгын зан үйл гурвалжин тэмдэг, энгийн модон хэрээс тэр хүсэв. Тэрсэлдэж байгаа нь тэр. 

Өнгөрөн одогч эргэн харж үл мэдэгхэн инээмсэглээд 
Өөрийн замыг мөшгин цааш алхан.../Т.Содномнамжил/ одох түүнд алтан бунхан, мөнгөн гүц алин ч ялгаагүй гэдгийг хэлэх гэж тэрсэж байгаа юм.

Хэдэн жилийн өмнө нэг хар лам надад Монголчууд эртнээс Христосийн шүтлэгтэй байсныг баталж, гэрийн бургасан тоононы хөндөл загалмай мөн гэж номлож билээ. Бурхан минь. Туулын хар шугуйд Ван хан Тоорил нестор шүтлэгтэй байсан байж болох юм. Харин бусдаараа найзаа, “бууз хуушуур шиг явья” гэж би түүнд хариулсан билээ. Хэзээ юу ямар байсныг таан мэдэгчид хэрээс хэтэрснийг сануулах гэж тэр бас тэрсэж байжээ. 

Гоо сайхан ялан мандана гэж итгэсээр
Горьдлого үл тасрах зуун зууныг илээжээ
Тэгэвч, сайн сайхан болсонгүй бүх юм байдгаараа
Тэгэвч, саран, наран мандсаар бүх юм байдгаараа /Т.Содномнамжил/ гэсэн нь ямар дээд түвшний ”танихуй хийгээд ухаарахуй” болохыг хэлээд ч яах билээ. Нар сар ирж, буцсаар ч бүх зүйл байдгаараа. Бүх зүйл гунигтай. Яруу найргийн үл эвлэрэн байж “гэгээрэх” гэдэг үзэгдэл энэ юм. Тэгвэл энэ гүн ухаанаар гутранги үзлийг дэлгэрүүлдэг хэмээн зарим нь няцаах болов. Жам ийм байхад жаргал хайгсад мундахгүй тул тэдэнд бас таалагдах “тэнгэрийн үзэл” энэ тэр өнөө ихэд дэлгэрээд ид цэцэглэмой. Жам бас ийм юм. 

Тийн үзэхүл, үрд хөтлөгдсөн энэ амьдрал дүрс хөдөлгөөн
Тийн үзэхүл үйлд хөтлөгдсөан хүмүн бие элс шороо, чулуу, хорхой.../Т.Содномнамжил/ гэх ухаарлын төлөө тэр тэрсэн амьдарч явжээ. “Давс шиг амттай эх нутгаа” /Т.Содномнамжил/ чихэр шиг хүлхэх санаатай шүлгээр хайрцаг” үйлдвэрлэгчдэд” хандаж, 

Намрын шар навчис будран бутрах цаг 
Цагийн гэгээн өнгөнд сэтгэлийн ухаарлыг олтугай!
Амгалан орчлонгоос ангид ертөнц буйг ямагт ойлгож 
Найраг шүлэгт шигтгэсэн хутагтын шидэд итгэтүгэй! /Т.Содномнамжил/ хэмээх түүний шүлгээр үүнийг жаргаамой. УУЛС УРАГДАХ ЦАГ...

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2016-12-22 
УТААТ ТЭВШИЙН ХӨНДИЙ