300 жил хориотой байсан ном юуг өгүүлнэ бэ?

Нийтлэл / Цэнд-Аюуш Батмөнх
2017 оны 01 сарын 03

ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ЖИЛ - 2017
Сэрэмжлүүлэг: ҮНЭНИЙ ЭРЭЛД - 2

“Ромын эзэнт гүрний доройтол ба сүйрэл” нэртэй нүсэр зузаан зургаан боть бичсэн Гиббоны санаа дэндүү эрс шууд радикал бөгөөд бүтээл ном нь 300 орчим жил хориотой байсны эцэст 1966 онд сүм хийдийн зүгээс хориотой номын жагсаалтаас хассан...

Чингис хаан, Монголын Их хатдын Нууц Товчоо номын зохиогч Жак Уэтерфордын бичсэн "ЧИНГИС ХААН ба ТЭНГЭР БУРХАНЫ ЭРЭЛ" шинэ номын хэсгээс

Удиртгал: Чингис хаан, Томас Жефферсон болон Тэнгэр Бурхан

1787 оны зуны эхэн сарын нэгэн орой Английн түүхч Эдвард Гиббон Лаузанне дахь гэр цэцэрлэгтээ Юлий Цезарийн амь насанд МЭ-ний 44 оны 3-р сард халдсан мөчөөс Византын эзэнт гүрний сүүлчийн хаан 11-р Константин 1453 оны 5-р сарын 29-ний өдөр Туркт цохилон мөхөх хүртэлх 1500 жилийн түүхийг товчоолж, Европ, Африк, Ази тивийг хамруулсан 25 эзэнт гүрнийг захирсан 170 хаадын намтарыг багтаасан “Ромын эзэнт гүрний доройтол ба сүйрэл” нэртэй нүсэр зузаан зургаан боть зохиолынхоо сүүлийн ботийг бичиж дуусгахаар ганцаар сууж байлаа. Гиббон урьд хождын болоод өнөө үеийн ямар ч судлаачаас илүүтэйгээр эзэнт гүрнүүд, эзэн хаадын тухайд сайн мэднэ...

Гиббоны тайлбарт Европын цөөн тооны судлаач үнэлэлт өгч, түүний бүх бүтээлийг тив даяар хориглосон байдаг. Католик шашны сүм хийд түүний нэр, бүтээл номыг хориотой номын жагсаалт (Index Librorum Prohibitorum) бүртгэж, Ватиканы сүмийн хориотой номын бүртгэлд бүртгэж, түүний номыг унших, хэвлэх нь нүгэл хүлэнц, түүнчлэн олон оронд гэмт хэрэгт тооцож иржээ. Гиббоны санаа дэндүү эрс шууд радикал бөгөөд бүтээл ном нь 300 орчим жил хориотой байсны эцэст 1966 онд сүм хийдийн зүгээс хориотой номын жагсаалтаас хассан...

Бурхадын нэр барин өрсөлдөх дайн самуун өнөөдөр хомхог хүйтэн сэтгэл, атаа жөтөө, үймээн самууны эх үүсвэр болох үндэстэн угсаатны хагарлыг дэвэргэж, хэзээ ч ханаж зогсошгүйг бодитой харуулсан. Нэгээхэн зөрчил хагаралдаан арайхийн дарагдахад, сүсэг бишрэлтэй хүмүүсийн зүгээс шашинд үл итгэгчид, шашингүйн үзэлтэн, тэрс номтон, өөр шашинтай хүмүүсийн эсрэг дайн самуун хийх өөр нэгэн зөвтгөх шалтагыг ямар аргаар хялбархан олчихно. Тайван амирлангуй, энэрэн нигүүлсэхүй Бурханы нэрийн дор гэсгээн тарчлаах, хулгайлж дээрэмдэх, зодож жанчих, нүдийг сохлох, хүчингийн хэрэг үйлдэх, галд шатаах, усанд живүүлэх, өлсгөж алах, мөчлөн яргалах, боол болгох аргыг хэт сүсэгтнүүд амархан олсон. Нялх нялзрай хүүхдийг алахаас өгсүүлээд үй олноор хомроглон устгах хүртэл, шашны эсрэг аюултай гэж мэдрэгдсэн хэнийг ч бол гэсгээх шийтгэл нь хичнээн муухай, хичнээн ад ёрын байсан ч хамаагүй. Иймэрхүү аллагыг нүгэл биш гэж үзнэ. Энэ бол бурханы өмнө хүлээсэн ариун үүрэг, бурханы төлөө бусдыг алан өөрийгөө золислох нь бурханаас шагнасан мөнхийн гавъяатай амьд тахилга гэнэ...

Гэвч гэнэтхэн, 13-р зууны оюун санааны хийрхсэн орон зай, хүнийг амьдаар тамлах тарчилгааг эцэс болгохоор, намхан чийрэг морьд унасан зэрлэг догшин дайчид мөстэй хүйтэн умард зүгийн тэнгэрийн хаяанаас довтолгон ирж, сүм цуглаан, лалын шашны мөргөлийн сүм, хийд дуган, хэрэм цайз, орд харш, цогчин хийдэд халдан дайрчээ. Тийм хурднаар тив дэлхийгээр тарсан цэргийн арми хэзээ ч байгаагүй. Цэрэг бүхэн морьтой, явдал нүүдэл сааруулах явган цэрэг болоод ачааны тэрэггүй тэдгээр Монголчууд өдрийн турш морин дэл дээр явж чадна, хэрэгтэй үед давхиан дундаа морио сэлгэн унана, бууж үдлэн гал ноцоож цаг алдахгүйгээр эмээл дээрээ унтаж амраад мориноосоо буулгүй хооллож ундална. Бурханы ташуур болохоо зарлигдан тунхаглаж, хэмжээлшгүй эрхт хаант засгийн хүчийг хураахаар, хүн төрөлтний сайн сайхны төлөө үйлчлэхээр, дээд тэнгэрийн гэрээс, бурханы зарлигийг сэргээхээр илгээгдсэнээ зарлан дайсагналцан буй улс үндэстэнд Монгол Орд довтлон иржээ.