Хайрлан дурлахуй


 /эсээ/

Ямар хүмүүс номонд дурладаг вэ? Энэ асуулт их л энгийн мэт санагдана. Гэтэл олон хүн хариулахдаа заавал эргэцүүлэн бодоход хүрдэг гэнэ. Аливаа юм хялбар гэж санагдах атлаа хялбар байдаггүйн жишээ энэ ажээ. Үнэхээр ямар хүмүүс номыг хайрлаж, номонд дурлана вэ? Эсрэг чанараараа ямар хүмүүс номыг үл тоож, номыг үл хүндэлнэ вэ? Ийм “хялбархан” санагдах ч бэрх асуултанд хариулт хайхаар оролдоцгооё. 

Нэг. НОМ УНШИХАД ОРЧИН ЧУХАЛ УУ? 

Мэдээж, орчин цагт хүмүүс “таатай орчин” бүрдүүлэхэд хамаг анхаарлаа хандуулах болжээ. Гэр орон нь тавлаг, ажил алба нь тохилог байхыг хүснэ. Буруу биш л дээ. Хүний хэрэгцээ гэдэг хэзээнээсээ ая тух, амар хялбар хоёроос үүдэлтэй гэдэг. Харин ном уншихад ямар нэг зориулалтын орчин хэрэгтэй юу. Заавал номын санд сууж ном унших ёстой юу. 

Олон зохиолч хүүхэд насандаа номонд дурлажээ. Тэд ихэвчлэн байшингийн дээврийн хөндий, өвст нуга, голын тохой, гудамжны булан, зарим нь бүр хүн ихтэй зээлийн газар, дэлгүүрийн лангуу дэрлээд ном уншдаг байжээ. Хүмүүс тэднийг багад нь зожиг ганцаардмал, нууцлаг төрхтэй, хэт мөрөөдөмтгий зэргээр дүгнэнэ. Харамсалтай нь даанч тийм байсангүй. Тэд ямар нэгэн “таатай орчин” нэхдэггүй, тааламжтай байдал шаарддаггүй номын ертөнцөөр аяладаг байжээ. Францын зохиолч Оноре Дэ Бальзакын хэлснээр” Ном унших нь бидэнд огт танихгүй олон найзуудыг бэлэглэдэг” гэснээр оюун санааны орон зайд “олонтойгоо бужигнадаг”. Олон гэдэг нь тэдний анд нөхөр, аав ээж, ах дүү, атаатан дайсан болж хувирсан номын дүрүүд л дээ. Хожим тэд нас биенд хүрээд өөрсдийнхөө олж нээсэн ах дүү, амраг садан, анд нөхөд, атаатан дайснуудаа бидэнд дэлгэсэн юм. Хэрэв тэдний анхны хайр НОМ байгаагүй бол хэрхэн тийм мөнхийн нэр алдрыг олох билээ. Тэгэхээр ном уншихад заавал уулзалтын өрөө, анги танхим, зөөлөн сандал, буйдан, өргөн ширээ, өндөр хана тааз тийм ч чухал биш. Хүн номыг хаана ч уншиж болно. Гол нь уншиж сурах л хамгийн чухал. 

Хоёр. НОМ УНШИХАД НАС ЧУХАЛ УУ? 

Мэдээж, бичиг үсэг тайлагдсан цагаасаа л хүн уншиж эхэлдэг. Харин “сонгож “ уншиж эхлэхэд нас маш чухал. Зарим онолчид “хүн 18-20 насандаа ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, унших ном нь ч тэр сонирхолд нь нийцсэн байх ёстой” гэж заадаг. Хуульч болохоор шийдсэн нь хууль эрхзүйн номнуудаа, эмч болохоор шийдсэн нь анагаах ухааны номнуудаа илүү сонирхож унших нь тодорхой. Гэвч зарим талдаа энэ хандлага дэндүү өрөөсгөл. Хэт явцуу мэргэжлийн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрч байсан тохиолдол бараг үгүй. Мэдлэг хэр өргөн байна, боломжууд хэр хэмжээгээр л олон байдаг. Эргэцүүлэн бодоцгооё. Мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Их ном уншсан хүнийг хэлэх үү? Үгүй гэнэ. Мэдлэгтэй хүн гэж бүгдийг мэддэг бус мэдэх ёстойгоо мэддэг хүнийг хэлдэг гэсэн сайхан үг бийг санаарай. 

Нөгөө талдаа гарт тааралдсан бүхнээ унших тийм ч сайн биш. Сонголт маш чухал. Энэ талаараа номтой олон жил нөхөрлөсөн хүмүүс хоёр өөр байр суурьтай байдаг. Зарим нь хүн уншиж байж л номны сайн мууг ялгадаг. Сонголт бол цаг хугацааны асуудал гэж тайлбарладаг. Гэтэл нөгөө хэсэг нь хүнд цаг хугацаа хамгийн чухал зүйл. Тиймээс хайран цагаа алдахгүй нь тулд уншиж эхлэхдээ л сонголтоо хийх хэрэгтэй гэж үздэг. Харин яаж уншиж эхлээгүй байж сонголт хийх билээ. Эндээс эхлээд ном уншиж сурах уу, эсвэл сонголт хийхэд суралцах уу хэмээх ээдрээтэй асуулт гарч ирнэ. Би өөрийнхөөрөө л дээрх асуултанд хариулахыг хичээсэн юм. Ном уншиж сурахад нас чухал биш, харин сонголт хийхэд нас чухал гэж хариулахыг хүслээ. 

Гурав. НОМ УНШИХ ЯМАР АШИГТАЙ ВЭ? 

Мэдээж, ертөнцийн юм бүхэнд ашиг тус бий. Тэртусмаа ном уншихын ашиг тусыг юутай зүйрлэх билээ. Дэлхийд нэр цуугаа мандуулсан нэгэн тэрбумтаны хэлсэн ийм нэг үг бий. “Амжилтанд хүрсэн хүний зурагт нь жижиг, номын сан нь том байдаг. Харин ядуу хүний зурагт нь том, номын сан нь жижиг байдаг” гэжээ. Энэ үг бидэнд бүрэн дүүрэн хариулт болчихоор санагдана. Гэтэл тийм биш. Ном уншихаар хүн зам мөрөө олж хардаг. Би ирээдүйд яах ёстой вэ? Эсвэл би өнгөрсөнийг яаж өнгөрүүлээ вэ, гэдгээ эргэцүүлэн тунгаахад хүрнэ. Францын зохиолч Жан Поль Сартрын Нобелийн шагнал хүртсэн “Үг” зохиолд “ Ном миний хувьд хорвоо дээрх юм бүхнээс чухал санагдаж, би өөрийн шашныг олж авав. Номын тавиур дээрээс би одооноос эхлээд сүмийг олж хардаг боллоо” /орч Г.Аюурзана / хэмээсэн уран сэтгэмжтэй хэсэг бий. Ном тэгэхээр баяжих арга зам, үгүй бол нэр алдарт хүрэх, дарга сайд болох тухай бус хүн өөрийн мөн чанарыг нээж олоход туслах ёстой гэдэг үзэл баримтлалыг олон зууны турш баримталсаар ирсэн. Гэвч хөгжил гэдэг дэндүү олон талтай. Бидний оюуны хэрэгцээ янз янз. Номноос илүү бодот үр дүн, ашиг хайж уншдаг хэсэг бий. Тэд энэ номыг уншаад надад ямар ашигтай вэ? гэж хамгийн түрүүнд боддог. Буруутгах аргагүй. Өглөө нь уншаад орой нь ашиг тусаа өгөх номыг хайж уншдаг. Гэтэл ном уншихын туйлын зорилго ашиг харах бас биш ажээ. Түүнээс өөр илүү дээд түвшний ойлголт гэж үзэх үзэл ч бас буй. Илүү өөр түвшин гэдэг нь ном хүний амьдралын ухаарал, орчлонт ертөнцийг таних, сайн эхлэл, гэгээн хүслийг бадраах ёстой, түүнээс бус самуун явдал, саар мууг өгүүлэх учиргүй хэмээх үзлээс үүдэлтэй юм. 

Нэгэн цагт номын багш минь “номноос ашиг бодож унших нь номын хуудсыг мөнгө мэт санаж тоолохтой адил. Мөнгө бол мөнгө, ном бол ном” хэмээн хэлж билээ. Тэр үгийг санах тоолондоо “ном унших ямар ашигтай вэ?” гэх асуулт ямар ч утгагүй болохыг мэдэрдэг юм. 

Дөрөв. Ном биднийг өөрчлөх үү? 

Мэдээж, ном шиг хүнийг өөрчлөх зүйл ховор билээ. Зарим залуус энд тэнд ном сугавчилж явах атлаа тэр номоо огт уншаагүй байдаг. Бусдад ном уншдаг болж харагдах гэдэг тэнэг явдал ч ном уншдаг хүн болж харагдахыг хүсч байгаа нь сайн хэрэг. Зарим залуус ном их уншдаг ч юм бага боддог. Тиймээс өөрийн бодолгүй дандаа бусдын үгээр үг хийдэг гэмтэй. Өөрийн толгойгүй мэт, өөрийн сэтгэлгүй мэт харагдана. Ном хүнд өөрийнхөөрөө “өөрчлөгдөх” боломжийг л олгодог. Нэгэнтээ Оросын зохиолч И.Герцен “Туулсан замд төрсөн бодол” номынхоо эхэнд ийн бичжээ. “ Номын мөрүүдэд амилсан мэт санаа бодлыг ганц би л өөрөө мэдэрч байж болох авч тэглээ гээд энэ ном надад нандин чухаг хэвээрээ л байх болно” гэжээ. Тийм, ээ. Номыг өөрийн болгох гэдэг хамгийн “нандин чухаг” зүйл юм. Түүнээс бус ном уншаад чиг дотор бодол санаа, үйл хэрэгт чинь ямар нэг сайн өөрчлөлт гарахгүй бол бидний дээр өгүүлснээр ”ямар ашиг тус“ гарах билээ. Ном хүнийг сайнаар өөрчлөж байх ёстой. Мууг сурталчилсан, мууг илт өгүүлсэн ном нэртэй зүйлүүдээс зайлсхийх ёстойг мэргэд байнга сануулжээ. Хүний бодол санаа ариун байж, үйл хэрэг зөв шударга байдаг зарчимтай. Ном уншсанаар өөрийгөө өөрчилж чадсан үүх түүх цөөнгүй байдаг. Гэвч тэр номонд нь хэрхэн яаж өөрчлөгдөх тухай юу ч заагаагүй байх нь элбэг. Энд л номын ид шид оршиж байх. Тэгвэл яагаад тэр ном өөрийг нь өөрчилсөн гэж үзэхэд хүргэв. 

Сонин юм шүү. Заахгүйгээр заана гэдэг тэр. Жинхэнэ ном бол заахгүйгээр зааж байдаг юм. Гэтэл зааж зааварласан ном уншаад засарч өөрчлөгдөөгүй тохиолдол зөндөө гэдгийг бүү март. 
Эрт дээр цагт нэгэн эр алс хол явж ном үзэхээр шийджээ. Аян замд олон хоног бэлдэж гэнэ. Замд гарахынхаа өмнө тосгоныхоо хамгийн өндөр настай хүнээс ерөөл сонсохоор зорин очжээ. Өндөр настанд хандаж” би энэ байдлаа өөрчлөхөөр ном сурахаар явлаа. Та надад ерөөл айлдаач” гэж гэнэ. Настан түүнд хандаж”өндөр наслахын нууцыг олоорой” хэмээжээ. Залуу замд гарчээ. Их ч юм үзэж, ном ч их сурчээ. Тэгээд нутагтаа иржээ. Хүн бүхэн түүний хувирч өөрчлөгдсөнийг гайхаж байв. Тэр тосгоныхоо хамгийн өндөр настай байсан хөгшнийг хэдийнээ бурхан зүг одсон гэж бодож байлаа. Хачирхмаар нь өнөөх настан амьд мэнд байгааг сонсоод гайхаж гэнэ. Тэгээд зорин очиж уулзав. “За би алс газар ном сураад ирлээ” гэжээ. Настан түүнээс “өндөр наслахын нууцыг мэдэв үү” хэмээн асуужээ. Өнөөх эр “ миний үзсэн номонд энэ тухай байгаагүй” гэв. Настан санаа алдаад” чи тосгоноос явсан тэрчигээрээ буцаж иржээ” гэсэн гэдэг. Ном уншаад огт өөрчлөгдөхгүй байх нь ямар номыг, яаж уншиж байгаагаас шалтгаалдаг. Өөрчлөгдөх шалтгаан номонд бий ч хамаг учир нь ӨӨРТ тань бий гэдэг үгийн утга энэ. 

Тав. НОМЫГ НЭГЖИХ ГЭЖ ЮУ ВЭ? 

Мэдээж, нэгжлэг гэдэг үг хуулийн хүрээнд онц сайхан утга агуулдаггүй. Харин “номыг нэгжих” гэдэг холбоо үгэнд ямар их нарийн учир хадгалагдана вэ? Зарим хүмүүс би төд төчнөөн ном уншсан гэж хэд хэдэн оронтой тоо хэлдэг. Даанч тэр олон номноосоо юу ч ойлгож ухаараагүй байдаг. Учир нь уншсан номоо нарийн “нэгжиж” уншаагүй нь алдаа юм. Нарийн ухаж, нэгжиж уншвал нэг ч ном илүүдэхгүй эрдэм болно хэмээн эртний мэргэд сургасан байдгийн учир ердөө тэр юм. Утгын гүнийг ойлгох, далдын санааг ухаарах л ном уншихын жинхэнэ “нэгжлэг” мөн. Гэтэл ийм гүн утгагүй ном уншаад байвал цаг үрсэн хэдий хэдий ч эрдэм, тус болж өөрт шингэхгүй. Тэрхэн үедээ зугаатай сайхан санагдавч, хэдхэн хоноод мартагдах ном уншихыг эрхэм болгодог бол “шүүрэн шанагаар ус хутгахын үлгэр” болж байгааг бодоорой. Номыг нэгжиж уншихад юуг анхаарах вэ? 

Нэгжиж уншихаар номыг сонгохоос л эхэлнэ. Тэгэхээр номын тухай яриа маань дахиад л “сонголт”, дахиад л “ашиг тусын” тухай ярихад хүргэнэ. Ном тойрсон бодлууд хоорондоо салшгүй холбоотой байдаг юм. Дараа нь номыг нэгэн сэтгэгчийн хэлснээр “хаан мэт бус өөрийн боол мэт харьцаж” унших шаардлагатай гэнэ. Тэр л цагт номыг бүрэн нэгжиж чадна. 

Зургаа. НОМЫГ ЯАЖ ТӨГСГӨХ ВЭ? 

Мэдээж, номыг эхлүүлэхээсээ төгсгөх нь бэрх. Зарим номноос салж хагацмааргүй байдаг. Зарим номыг хэд эргүүлээд л хаачихдаг. Ямар нэгэн бодол санаагүй номыг төгсгөх шиг гунигтай зүйл үгүй. Номыг төгсгөх хамгийн “сонгодог” хэлбэр ямар нэг зүйлийг бодож эргэцүүлэх. Дахин захихад зугаа хөөж бичсэн ном, зугаа төрүүлж л төгсөнө. Харин ухаарал хайж бичсэн ном ухаарал төрүүлж төгсөнө. Зарчим гэдэг тэр. Бурхан багшийн сургаалд” юу тарина, түүнийгээ хурааж авна” гэдэг. Түүн лугээ “юу уншина, тэгж л төгсөнө” 

Ямар хүмүүс номонд дурладаг вэ? Эхний асуултаа эцэст нь эргээд л өөрөөсөө асуу. Харин хариулт нь зөвхөн чинийх л байх ёстой. Харин Английн нэг сэтгүүлч энэ асуултыг олон хүнээс асуужээ. Гэтэл хамгийн оновчтой байж мэдэх хариултыг нэгэн жижигхэн хотод олон жил суусан, настайвтар хүнээс олж сонссон гэдэг. Сонин юм биш үү? Нэр хүндтэй эрдэмтэн мэргэн бус жирийн нэгэн байжээ. Хариулт нь ердөө ”өөртөө хайртай хүмүүс” гэжээ.