ЯДРАЛ хийгээд СЭТГЭЛ ХАНАМЖ

...Нэг их уудам хөндий рүү гүйгээд л гүйгээд л, тэгснээ хавцал дундаас өндөр уулын орой хэсэг рүү авирч гараад амьсгаагаа дарж тэртээх дор хөндий рүү хараа билчээхдээ монгол хүний сэтгэл нь ханаж, өөртөө омогшдог. Хараа цуцаам тэр хөндийд бэлчих мал сүрэг,тэртээх өндрөөс хараачлан хүссэн ангаа сонгох бүргэдийн дэвэлт, уулсын бэл дэх амьд амьсгал, уур савсуулах харзны ус. Олон хүмүүс өндрөөс айдаг хэдий ч монгол малчид уулсын өндөрлөг дээрээс хараа сунган алсыг ажихдаа сэтгэлийн их таашаал авч, яг л уулын бүргэд шиг омог бардам бас омголон сүрлэг болдгийг би мэднэ. Тэнгэрээс заяасан тавилан нь тэр буйз.

Заримдаа хүмүүс өөрийгөө ядраахаас эмээж тэртээх өндөрлөг рүү зүглэдэггүй. Амьсгаа нь давхцаад, даралт нь ихсээд, зүрх нь савлан зовоодог биз. Тэнгэрийн тавилан тэнгэртээ, газрын тавилан газартаа. Намгийн мэлхий намагтаа гуаглаж байхад тэнгэрийн бүргэд тэнгэртээ элин халин дэвж байдаг. Хичнээн хүсэвч намгийн мэлхий тэнгэрт бүргэд шиг дэвдэггүйн үлгэр нь буй. Хүн бүрт өөр өөрийн оноосон тавилан гэж буй.

Өөрийн амьдралаасаа илүү гаргаад, өвөр дэх түрүүвчээ дэлгэн бусдын сайн сайхны төлөө зориулах гэдэг тийм ч амар биш. Өөрийн сэтгэл дэх их ухаарлаа өөртөө хадгалж нуулгүйгээр бусдад учирлан ойлгуулах гэдэг бас л амаргүй. Зарим нь ойлгож дэмжинэ, нөгөө нэг нь шоолж инээнэ, дотно нэг нь санаа зовсондоо шивнэж учирлана. Зөндөө олон хүмүүс энэ тухай бодож, зарим нь бичнэ, нөгөө нэг нь нэвтрүүлэг бэлтгэнэ, өөр нэг нь кино хийнэ, өрөөл бусад нь дуулж бас шүлэглэнэ. Бусдын ухаарлын төлөө дуугарсан болгон нь бусдад ад болж, бас шоолуулж доромжлуулна гэдэг амаргүй. Сэтгэлээсээ хийсэн болгоных нь өөдөөс цэр хаяж нулимуулах гэдэг хэцүү, цэцэрхэж өөрөөс тань илүүг сургах атлаа өөрөө юу ч хийдэггүй нь гачлантай, тэгсэн мөртлөө бусдаас нууж чамд долигонох нь даан ч зовлонтой. Зүгээр л алгаа дэлгээд чамайг тэврэх хүсэл нь, өрөөл бусдад шоолуулахгүй гэсэндээ алгаа хумиж чиний өөдөөс салаавч гаргах үйлдэлтэй тэрсэлдэх нь дэндүү хорсолтой. Өөрийнх нь нүүр улайх хэрнээ, өөр нэгний өөдөөс зусардан инээх төрх нь дэндүү хар. 

Хөлөрсөн алгандаа атгасан зоос бүхнийхээ төлөө хүн чанараа алдаж орхивол наймаа хийгээд яанам билээ.

Зөндөө олон хүмүүс бусдын сэтгэлд гэрэл асаах гэж хийсэн бүхний минь төлөө намайг "тэнэг" гэж зэмлэж байвч, зүдэрч ядарсан хэдий ч хоосон түрүүвчээ дэлгээд би сэтгэлдээ инээмсэглэдэг. Зүрх сэтгэл минь өнгө мөнгөний боол болоогүй болохоор сүүлчийн ганц зоосоо бусдын төлөө зориулахдаа би өөртөө баярладаг. Сөгдөж цөхөртлөө ядарч туйлдахдаа сүүлчийн мөчид бусдыг баярлуулсан бас ухааруулсан зүтгэлдээ би сэтгэл ханадаг. Тэгээд л би цэв цэх нуруугаа тэнийлгэн бардам алхаж чаддаг. Хөлөрсөн алгандаа атгасан зоос бүхнийхээ төлөө хүн чанараа алдаж орхивол наймаа хийгээд яанам билээ. Хэдэн зууны тэртээд хэн нэгний зохиож хэрэглэсэн цаасан мөнгөний өмнө хүний мөн чанараа арилжиж орхивол "хүн" байгаад ч яанам билээ. Халаас хөхөвчиндөө бусдаас нуун хадгалах өчүүхэн мөнгөний төлөө хичнээн ухаан заль, хөөрхөн төрхөө нуун далдлаад бид хаа холдох билээ. Өлгийнөөс авс хүртэлх богинохон зайд өөрийн үнэ цэнээ шавартай хутгаад ч яах билээ. Бусдын төлөө үйлдсэн буянтай үйлс болгон сэтгэл ханамж болон хувирах орон зай түүнээс илүү холыг туулах ч билүү? үгүй ч билүү? Бид энэ их мөнгийг авсандаа авч ороод тайтгарах ч билүү? үгүй ч билүү? Зүгээр л сэтгэлийн их таашаал гэдэг жаргал буюу.