Энэ долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр Н.Батцэнгэл тодорлоо

NTV Нэвтрүүлэг / Admin
2017 оны 05 сарын 22

“Зөн билгийн тулаан Монголд” шоу нэвтрүүлгийн 5, 6 дугаар дугаарууд өнгөрсөн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрлээ. Бямба гарагийн дугаарт оролцогчид фото зургийг араас нь мэдэрч, тухайн хүн хэн болохыг хэлэх даалгавартай байв. Энэ удаад нэвтрүүлгийг зохион байгуулагчид Монгол төрийн нэрт зүтгэлтэн асан Ю.Цэдэнбалын зургуудыг байрлуулж, зөн билэгтнүүдийг сорив. Даалгавар нэлээд хүнд байсан талаар зарим зөнбилэгтэн хэлж байлаа. Тодруулбал, Ю.Цэдэнбал агсаны таван зургийг байрлуулж, дунд нь оролцогч зөнбилэгтний өөрийнх нь зургийг өлгөсөн нь тэднийг нэлээд төөрөгдүүлж байв. 

Энэ хоёр дугаарт зөн билэгтэн  Нямын Батцэнгэл нэлээд сайн хэлж байлаа. Тэрбээр Ю.Цэдэнбалын талаар тэр дундаа амьдралынх нь сүүлчийн үеийн тухай нэлээд их зүйл хэлсэн бөгөөд “Цаг бусаар өнгөрсөн хүн” хэмээсэн юм. Мөн “Нэг газар хоригдоод, эрх чөлөөгүй байсан” гэж хэлсэн нь нэвтрүүлгийн шүүгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлэв.

Мөн өчигдрийн дугаарт Н.Батцэнгэл нүдээ боосон байдалтайгаар урдаа буй хүнийг мэдэрч, хэн болох тухай хэлэх даалгаварыг амжилттай гүйцэтгэлээ. Хоёр дахь дугаарын сорилын нэр бол “Ноён Икс”. Зөн билэгтнүүдийн олонх нь “Ноён Икс” буюу “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын талаар муугүй мэдээлэл хэлсэн. Харин Н.Батцэнгэлийн хувьд “Дуучин, олны танил, СТА хүн байна” хэмээн мэргэжил, шагналыг нь бүгдийг нь зөв мэдрэв. Мөн 16 настайгаасаа өөрийн зорилгыг тодорхойлж түүндээ тууштай явах болсон хэмээн хэлсэн нь дуучин Амараагийн “Хар сарнай” хамтлагаа байгуулж байсан үе байлаа. 

Ингээд хоёр дугаарын сорилыг дүгнэхэд зөн билэгтэн Н.Батцэнгэлд шүүгчид болон зочид өндөр оноо өгсөн юм. Мөн өнгөрсөн дугаарын шилдэг зөн билэгтэн Г.Анударь энэ удаад мөн л хүчтэй өрсөлдөгч байлаа. 

Зөн билэгтэн зайран Н.Батцэнгэл нь шаардлагатай, аминд тулсан үед, шийдвэрлэх зүйлд зөн билгийг ашиглах нь зөв гэж үздэг хүн юм. Түүний онцгой чадвар нь нүдээ боосон үед илүү мэдэрдэг гэж тэрбээр өөрийнхөө тухай ярьсан удаатай.