Хятад судлаач Д.Болдбаатар: Орчуулах эрдмийн эв дүй


Шөнө орой оруулсан "Гарын шавь сургалт" бичлэгийн хариуд орчуулах эрдэмд хөлөө олж холоо явах хүсэлтэй 5 залуу хариу ирүүлсэн байхыг өглөө олж үзээд сэтгэл маань машид хөдлөж энэхүү бичлэгийг тэрлэх санаа төрлөө. Гол нь би орчуулах эрдмийн эв хавыг хэрхин яаж сурснаа хэсэгхэн зуур эргэцүүлэн бодоход гурван зүйл дээр төвлөрүүлэн бичиж болмоор санагдсан нь дорх мэт болой.

01. Ер нь сайн орчуулагч болохын тулд маш их идэвхитэй уншигч байх хэрэгтэй юм. Унших тухайд гэвэл миний хувьд маш эрт эхлэсэн л дээ. Бага сургуулийн хоёрдугаар анги төгсөхдөө л өөртөө ахадсан уран зохиолын голцуу номыг тэврээд суучихдаг байж билээ. Тэр үеийн нэг сайхан уламжлал нь айл болгон өөртөө тохирсон хөөрхөн номын хорго, шүүгээтэй. Тэндээ наад зах нь тав арав, цаашлаад тавь жар гээд түүнээс дээш номтой байх нь маш түгээмэл үзэгдэл байлаа. Эхний ээлжинд гэртээ байсан цөөн хэдэн номнуудыг дуусгачихаад МАХН-ын түүх гэсэн номыг жаахан ноолж үзсэнээ арга тасран цөхөрсөн байдалтай гартаа барьчихаад нүдээрээ өөр ном байдаг болоосой хэмээн бодож суусан бага балчир үеийн төрх одоо ч нүдэнд харагдах шиг. 

Дараа нь удалгүй ангийн найз нөхөдтэйгөө ном солилцож уншиж эхлэсэн нь миний "цөхрөлийг" шийдэх боломжийн арга зам болон хувирсан юм. Дээр нь ах эгч нар ч ангийнхаа хүүхдүүдээс ном зээлэн авчирч унших нь миний хэрэгцээг хангах том суваг нээгдэж байгаа нь тэр. "Хүүхдийн уран зохиолын дээжис" нэртэй тухайн үедээ чамгүй үнэтэй буюу 10 төгрөг 50 мөнгөний номыг ээжээсээ шалан байж авахуулчихаад эрдэнэ олсон мэт баярлаж байсан даа. 

-Сайн орчуулагч болох хүсэлтэй хүн эхлээд Монголоороо сайн уншиж сурах хэрэгтэй. Одоогийн ороо бусгаа нийгэмд ном уншаад сууж байна гэдэг хувь хүнээс нэлээд хөөрхөн тэвчээр хүмүүжил шаардах нь тодорхой. Би синхрон орчуулагчийн ангид суралцагсдадаа эхний ээлжинд унших монгол номын жагсаалтыг гаргаж өгөх болно. 

-Өөрийн судлаж байгаа хэл дээр буюу хятад хэл дээр бас түлхүү унших хэрэгтэй. Би бас одоогийн уншиж судладаг зүйлс, мэдээлэл олж авдаг эх булгийг залуустайгаа харамгүй хуваалцаж бололгүй яахав. 

Би залуудаа дунд зэргийн цагаахан романыг хятад хэл дээр гуравхан хоногийн дотор уншчихдаг байж билээ.

-Хүнд хурдан идэвхитэй уншдаг үе байдаг. Тэр нь гол төлөв залуу насны ааг иртэй үе лүгээ тохиох нь байдаг л даа. Би залуудаа дунд зэргийн цагаахан романыг хятад хэл дээр гуравхан хоногийн дотор уншчихдаг байж билээ. Жинь Юнгийн алдарт "Мөрөн голын бардамнал" дөрвөн боть зохиолыг 5 өдрийн дотор өдөр шөнөгүй уншаад дуусгаж л байсан. Дунд сургуульд "Спартак", "Морь унасан толгойгүй хүн" зэрэг зохиолыг шөнийн дөрвөн цаг хүртэл унталгүй орон дотроо уншаад хэвтчихдэг байж билээ. Аав маань шөнө босож ирээд гараас ном булааж аваад гэрлээ унтрааж байсан нь санаа ихэд зовсоны илрэл байж таарна. Номонд хорхойтой болж сайн номнуудыг зөв сонголттой унших нь орчуулах эрдмийн эв дүйд суралцах гарааны үндсэн нөхцөл болохыг хэлсү.

02. Их сургуульд нэг жил багшилчихсан шижигнэсэн залуу Монголын радиогийн хятад хэлний редакцид орчуулагч болохоор ажилд орсон юм. Их сургуулиа улаан дипломтой төгсчихөөд нэг жил багшилсан мундаг амьтан анх удаа өөрийн орчуулаад ерөнхий редактороор улаан эрээн болтол засуулсан зүйлсийг хараад "Би юу сурсан хүн бэ?" гэж халагламаар санагдаж байсан даа. Тэгээд өөрийн хийснийг засвартай тулган үзээд ажил тарсаны дараа нөгөөдөхийнхөө учрыг олох гэж нэгээс хоёр цаг ажил дээрээ үлдээд нухаж суудаг болов. Маргааш нь шинэ материал орчуулж байх зуур өчигдрийн үзэж харсан зүйл давтагдвал түүнийгээ эргүүлэн санаад бичихийг хичээнэ. Тийм маягтай өдөр болгон оролдоод байтал улаан эрээн засварын хэмжээ илт багасаад гурван сарын дараа гэхэд нэг нүүрэнд тоотой хэдхэн засвар гардаг болсондоо. Синхрон орчуулгын ангид суралцагсдад миний бие тэр аргачлалаар алдаа оноог нь хэлж өгөөд явах юм. Харин хувь болж өгвөл өдөр болгон хэлсэн заасны дагуу цаг гаргаж нухаад байвал зүгээр.

03. Сайн орчуулагч болохын тулд арван хуруугаар бичиж сурахын сацуу өдөр болгон өөрийн орчуулсан болон хятад хэл дээр нэмэлтээр уншиж байгаа материалыг хятадаар чанга дуугаар уншиж байх нь зайлшгүй чухал. Яагаад гэвэл зөв сайхан дуудлага гэдэг хүнд санаагаа чөлөөтэй бүрэн илэрхийлэхэд маш чухал байдаг гэдэг утгаар хэлж байна л даа.

Энэ мэт нарийн ширийн зүйлсийг тусгай группээр дамжуулан хичээлийн явцад илүү тодорхой бичиж таниулж байх болно.

Манай сургалтанд суух хүсэлтэй залуусын ирүүлсэн орчуулгыг миний бие засаж өгөөд алдаа оноог нь товч дүгнэн бичиж илгээсээр байгаа болно. Та хэрвээ суралцах хүсэлтэй бол "Гарын шавь сургалт" бичлэг дотор байгаа хоёр өгүүлбэрийг орчуулаад илгээж болно шүү. 

Энэ бичлэгийг тэрлэж байх зуур гурван ч хүн өөрсдийн тун боломжийн орчуулсан зүйлийг илгээж байгаа мэдээлэл нүдний буланд өртсөн нь сэтгэлд нэн таатай ажгуу. Энэ маягаар бол эхний ээлжийн анги дүүргэлт удахгүй дуусах бололтой. Гэвч та санаа зоволтгүй дараачийн ээлжийн сургалтанд бүртгүүлж болох юм. Энэ нь онлайн фэйс сургалтын бас нэгэн давуу тал бөлгөө.