Н.Батцэнгэл: Монголдоо болж байгаа нэвтрүүлэгт Орос зөн билэгтэнд ялагдахыг хүсэхгүй байна

TIME TO TALK / Admin
2017 оны 05 сарын 30

“Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн хоёр дахь долоо хоногийн шилдэг зөн билэгтэн Н.Батцэнгэлтэй ярилцлаа. Зайран Н.Батцэнгэл нь зөн билгийг ховор авьяас гэж тодорхойлдог нэгэн юм. Тэрбээр шаардлагатай, аминд тулсан үед, шийдвэрлэх зүйлд зөн билгийг ашиглах нь зөв гэж үздэг. Түүний онцгой чадвар нь нүдээ боосон үед илүү мэдрэгддэг хэмээсэн билээ. 

Шилдэг 10 зөн билэгтний өрсөлдөөн эхлэх үед та өөрийгөө Оросоос ирсэн зөн билэгтэнтэй аваргын төлөө өрсөлдөнө гэж хэлсэн. Үүгээрээ та хүчтэй өрсөлдөгч болохоо бусдадаа хэлэхийг хүсэв үү. Эсвэл үнэхээр та аваргын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэрсэн үү?

Монголдоо болж байгаа нэвтрүүлэгт Оросын зөн билэгтэнд ялагдахыг мэдээж хүсэхгүй байна. Бусад өрсөлдөгчдийн маань хувьд ч тэгж бодож байгаа байх. Гэхдээ Салават бол чадвартай. Үүнийг бол үгүйсгэхгүй.

Та өөрийн зөн билгийн чадварыг хэрхэн тодорхойлох вэ?

Сахиус буух үед улаачдаа мэлмий хайрладаг. Хүчээсээ өгч байна гэсэн үг. Харин түүнийг нь үрэн таран хийчихэлгүй, хурааж байгаад зөв юмандаа зарцуулж, буцааж нөхөөд явдаг. 

Тэгэхээр зөн билгийн чадвар алга болох боломжтой гэж үү?

Боломжтой. Хэтэрхий их өөрийгөө хүчлээд, хэрэггүй зүйлд дайчлаад байвал хүчээ тарамдуулчихаж байгаа юм. Түүнийг нөхнө гэдэг амаргүй. 

Анх хэзээнээс чадвараа мэдэрч эхэлсэн бэ?

17 настайгаасаа. 

Тухайн үед ямар нэгэн зүйл харагдаж, учир битүүлэг зүйлс тохиолдож байсан уу?

Яагаад ч юм маш их бэртдэг байсан. Хөлөө хугалчихаад эдгэж амжаагүй байхад нь хавиргаа хугалаад, арай гайгүй боллоо гэтэл хоёр гараа ээлжилж хугалаад ч юм уу явсаар сүүлдээ аргаа бардаг юм билээ. Тэр бүхнийг сахиустай холбоотой гэж бодоогүй. 

Тэгээд сүүлд 17 нас хүрэхийн өмнө бас өвдөөд гурван сар эмнэлэгт хэвтсэн. Ингэж өвдөж байхаар үзмэрч дээр очъё, юунаас болж жил дараалан ингээд байгаа юм бэ гэж мэдэхийг хүссэн. Сахиус авах ёстой юм байна гэдгийг сонсоод удаан бодсон. Авах нь зөв үү, буруу юу гэдэг талаас нь эргэцүүлж, гэр бүлийнхэнтэйгээ ч зөвлөлдсөн. 

Аав ээжийн тань талд бөө, удган талын хүмүүс байдаг уу?

Байдаг.

Та зөн билгийн чадварыг аминд тулсан шийдвэрлэх зүйл, үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүнд л зориулж ашиглахыг хүсдэг гэж хэлсэн?

Тийм. 

Аминд тулсан шийдвэрлэх зүйл гэдгийг хэрхэн дүгнэж цэгнэж, шийдвэрээ гаргадаг вэ?

Ялгаж сурахад хугацаа орох юм шиг санагддаг. Аливаа юмсын буруу зөв тэнцвэрийг харах гэдэг чухал. Гэхдээ би одоо ч гэсэн сурч л яваа нэгэн. Гол нь онцгой чадварыг ашиглахдаа аливааг засаж, өөрчлөх биш залруулах байдлаар хийх ёстой гэж боддог. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Сэтгэлийг нь засах хэрэгтэй. 

Таны ажил, мэргэжил?

Сүүлийн хоёр жил гутал хийж байна. Анх сонирхлоороо хийж байсан бол яваандаа ажил маань болсон. 

Ямар төрлийн гутал вэ. Монгол гутал уу?

Ямар гутал хийх бололцоо байна тэр болгоныг л хийхийг боддог. Баяр наадмын үеээр ч юм уу, улирлын шинж чанартайгаар хүмүүст ямар гутлын хэрэгцээ гарч байна тэр бүрт ажил маань нэмэгддэг. Жишээ нь, бүжгийн гуталнуудын захиалга ирлээ гэхэд олон тоогоор ирнэ. Түүнийг нь бусадтайгаа хамтраад хийдэг ч юм уу. Манайх гутлын жижиг цех юм. 

Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийг та үзсэн байх. Ази болон Европ зөн билэгтнүүдийн чадварын ялгаа байдаг уу?

Үзэж харах талдаа европчууд сайн, илүү хөгжсөн байдаг гэж бодогдсон. Харин засал ном хийх, хүмүүсийн хэлдгээр “аргалах”-даа азиуд илүү байж магадгүй. Мэдээж засаж чаддаг хүмүүс европчууд дунд байгаа л байх. Гэхдээ “Засах чадвартай хүнийг ол” гэж хэлээд л орхидог хүмүүс олон байх аа. 

Хувь тавилангийн тухай та юу гэж боддог вэ?

Уулзах ёстой хүмүүс уулзаж, таарах ёстой, тохиолдох ёстой зүйл гэж байлгүй яахав.

Зөн билэгтнүүд хувь тавиланг өөрчилж чадах уу?

Одоо үед бол тийм байдлаар гажуудуулдаг зүйл их гардаг болсон юм шиг байна лээ. “Чи тийм юм хийх ёстой” гэж хэлчихдэг ч юм уу. Гэтэл тэр хэлснээс нь өөр замаар явах ёстой байсан бол яах вэ. Тийм болохоор миний хувьд хүмүүст хэт зааж зөвлөх, ингэх тэгэх ёстой гэж хэлэхээ урьтал болгодоггүй. Бурханы заасан зам гэдэг шиг л. Аль болох хүний зам мөрийг гажуудуулахгүй байх талаас нь зөвлөдөг. 

Өрсөлдөж байгаа зөн билэгтнүүд нэгэндээ хаалт хийдэг гэдэг. Хаалт гэж юу вэ?

Хаалт хийж байгаа 2-3 хүн бидний дунд бий. Хэд хэдэн сорил дээр би хаалтанд ороод унаж л байсан. Тухайн сорил дээр байгаа чанаруудыг нь хэлчихэж байгаа мөртлөө эрэгтэй хүнийг эмэгтэй, эмэгтэй хүнийг эрэгтэй болгодог ч юм уу. Нэг ёсондоо миний бодлыг эвдэлчихэж байгаа юм. Миний бодлоор бол ингэж хаалт тавьж бие биенээ доошоо хийгээд хэрэггүй. Энэ чинь анх удаа Монголд албан ёсны эрхтэй хийгдэж байгаа нэвтрүүлэг учраас шударга л байх хэрэгтэй. Хаалт хийсээр байгаад чадвар дутмаг нэгэн нь түрүүлчихлээ гэхэд дараа нь тэр хүн дээр очиж хүмүүс үзүүлнэ. Тэр үед “Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлэгт амжилт үзүүлсэн хүн байна. Юу ч мэддэгүй, худлаа юм байна, нэвтрүүлэг нь ч гэсэн цаанаасаа бэлтгэгдсэн юм байх гэж хүмүүс ярих вий гэхээс би айж байна. 

Анх энэ нэвтрүүлэгт оролцъё гэж хэрхэн шийдэв?

Унтаж байгаад л шийдсэн (инээв). 

Зурагтаар реклам хараад уу?

Зөн билэгтнүүдийг бүртгэж байгаа гэсэн рекламыг зөндөө үзсэн. Гэхдээ тэр үед нь тоогоогүй юм. Болох гэж л байна даа гэсэн үүднээс хандаж хэсэг явснаа, орчихдог ч юм билүү гэж бодож арваад хоног явсан. Тэгээд л нэг орой нь унтах гээд хэвтэж байснаа гэр бүлийнхнээсээ асуугаад маргааш нь очиж бүртгүүлтэл бүртгэлийнх нь хамгийн сүүлийн өдөр байсан. Тэгээд нөгөөдөр нь шууд сорилд орсон.

Үздэг хардаг энэ чадварын туахй гэр бүлийнхэн чинь анх яаж хүлээж авсан бэ?

Анх бол ойлгодоггүй л байсан. Сахиусаа авах гэж байхад, “Дэмий юм биш үү” гэдэг ч юм уу хэлдэг байсан. Харин энэ нэвтрүүлэгт орсноос хойш ойр орчмынхон маань өөрөөр хандаж эхэлсэн шүү.

Маршал Ю.Цэдэнбалын тухай дугаар дээр та нэлээд өндөр үнэлгээ авсан. “Цаг бусаар одсон, Хоригдсон байдалтай харагдаад байна” гэж та хэлсэн байх аа?

Тэр сорил дээр зургуудыг араас нь харахад нэг хүний энерги мэдрэгдэж байсан. Гэхдээ хүүхэд, эмэгтэй хүн харагдахад нь холбоотой хүн байх гэж бодсон. Гэр бүлийн хүмүүс гэж би шууд хэлж чадаагүй. Гэхдээ тэр сорил дээр би өөрийгөө сайн бэлдэж байгаад ирсэн.

Өөрийгөө бэлдэнэ гэдэг нь ямар бэлтгэл байх уу?

Унтаж амарна, дуртай юмаа хийнэ, бясалгана. Сорилд орохын өмнө би сахиусаа аваад хөдөө явчихаад ирсэн. Дараагийн хоёр дугаар дээр ч дажгүй байсан. Харин тэрний дараагийн хоёр дугаар дээр хаалтууд орж ирээд өөртөө жаахан санаа зовж эхэлсэн. Хүмүүсийг басаж болохгүй юм байна гэж бодсон. 

Тэгэхээр хэн хаалт хийж байгааг мэдэх боломжтой байх нь ээ?

Би бол дотроо мэдэж байгаа. Гэхдээ үүнийг хэлээд хэрэггүй байх. 

Дуучин Амраагийн оролцсон дугаарт та “Энэ хүн дуучин СТА хүн”  гээд хэлчихсэн. Бүр цол тэмдгийг нь хүртэл онож хэлсэн?

Том “С” үсэг харагдаад байсан. Ямар сонин юм гэж эхэндээ бодсон л доо. Тэр үед гэхдээ туршлага муутай байж. Камерийн өмнө яах уу, ямар байдлаар хэлэх үү гэдэг дээр одоогийнх шиг бага ч болов туршлагажаагүй байсан гэх үү дээ. Бас зарим талаар хэлж чадах зүйлээ дутуу хэлсэн. Ямар хувцас өмссөн, яг ямар байдалтай сууж байна гэдгийг нь мэдрээд хэлдэг байж дээ гэж бодогдсон. Тэр сорилд би зүгээр өнгөрсөн амьдралынх нь нэг хэсэг, тухайлбал Хөгжим бүжгийн коллежид анх орсныг харж, хэлсэн нь дуучин Амараад таалагдсан байх. Гэхдээ тэр сорилын өмнө яагаад ч юм ямархуу даалгавар байгаа нь мэдрэгдсэн. Зүгээр өөрийгөө төвлөрүүлээд сууж байх үед хүн хэлчихсэн юм шиг мэдэх үе байна. Эсрэгээрээ заримдаа юу ч мэдэхгүй жоохон хүүхэд шиг болчих үе ч байна. 

Таны өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

Ажил дээрээ очиж гутлаа хийнэ. Заримдаа гэртээ охинтойгоо хамт байна. Охин маань удахгүй 2 ой хүрэх гэж байгаа бяцхан охин бий.  

Эхнэр тань таны чадварыг юу гэж боддог бол?

Зөвөөр ойлгохыг хүсдэг байх аа. 

Анх танилцахад та сахиусаа авчихсан байсан уу?

Авсан байсан. Яагаад ч юм гайхаж хүлээж аваагүй. Хувь хүн гэдэг талаас нь л намайг харсан. 

Өнөөгийн монголчуудын амьдралын талаар та зөн билэгтний хувьд, бас залуу хүний хувьд ямар бодол тээж явдаг вэ?

Сонин санагддаг. 

Ямар талаараа гэсэн үг вэ. Хүмүүсийн зан байдал уу?

Нэгэндээ атаархуу хүмүүс их олон болсон гэж бодогддог. Нийгмээсээ болоод тэгж санагдаж байгаа ч юм уу, мэдэхгүй юм. 

Зөн билэг, далд чадвартай хүмүүсийг улс нь ашигладаг ч юм уу, нөлөө бүхий хүмүүс дэргэдээ байлгаж ашигладаг тийм жишээ байдаг гэх юм билээ. Магадгүй таныг хэн нэгэн нөлөө бүхий хүн ашиглахыг хүсвэл яах вэ?

Тийм зүйл таалагдахгүй. Хэн нэгнээр юу хийхээ заалгана, тэр тусмаа чадвараа тэгж ашиглана гэдэг хүсэх зүйл биш. Зүгээр л сууж байхад гэнэт хүрч ирээд “Намайг үз” гээл зандраад байдаг хүмүүс хүртэл төвөгтэй санагдах үе бий. Тийм үед, “Би заавал та нарыг үзэх гэж энд байгаа юм уу” гэж хэлмээр санагддаг. 

Хүнийг үзнэ гэдэг үйл явцын хувьд хэр төвөгтэй вэ?

Монголчуудын 10 хүн тутмын 3 нь үзэх боломжгүй хүмүүс байдаг. Тэр нь ихэнхдээ тухайн хүний удамд нь хамгаалж байдаг удган, лам хүмүүс байдагтай холбоотой. 

Зөн билгийн чадвартай хүмүүс өндөр ёс зүйтэй байх ёстой байх. Үгүй бол янз бүрийн муу юм хийгээд явчих аюултай. Тийм үү?

Ёс зүйтэй байх хэрэгтэй. Наад зах нь өөрийг чинь зорьж ирж байгаа хүний тухай үнэн зөвийг хэлнэ гэдэг чухал. Гэхдээ заримдаа тухайн хүний талаар олигтой мэдэрч чадахгүй, дутуу дулимаг хэлэх үе байна. Тийм үед үнэнээрээ л байх хэрэгтэй. Надад ч бас заримдаа тийм үе гардаг. Үзүүлсэн хүний өгсөн мөнгөнд нь арай бага зүйл хэлчихлээ гэдэг ч юм уу санагаад байдаг юм. 

Бөө нар гэр бүлийг салгаж, нийлүүлдэг тухай сонсож байсан. Надад тэр нь яагаад ч юм буруу санагддаг?

Үнэхээр салж өгдөггүй муу нөхөртэй, зодож цохиод байдаг бол тэр эмэгтэйг салгаад өгвөл буян болох байх гэж боддог./нэмэлт тайлбар оруулбал зүгээр байх /

Танд тийм хүн ирж байв уу?

Нэг удаа ирсэн. Зохих хэмжээнийх нь юмыг хийгээд л явуулж байсан. Өөрөө асуудлаа хэлээд нөхөр нь ингэдэг тэгдэг гээд хэлэхээр бас татгалзахад хэцүү юм билээ.  

Лам бөө хүмүүсийн хооронд зөрчил гардаг уу?

Зөрчилдөж, харшаад байх зүйл бага л гэж боддог. 

“Манай гэр бүл ламд л үзүүлдэг” гээд бөөгөөс цэрвэдэг хүмүүс байдаг?

Тийм айлууд зөндөө бий. Тэгж бодож байна гэдэг явах ёстой замаараа л явж байна гэсэн үг. Буруу зүйл биш. 

Нэвтрүүлэгт түрүүлвэл та яах вэ?

Одоогоор түрүүвэл ингэнэ тэгнэ гэсэн бодол алга л байна. Зүгээр өөрийгөө нээе л гэж орсон шүү дээ. 

Саяхан дэлгүүрт нэвтрүүлгийн оролцогч хоёр зөн билэгтэнийг хүмүүс таниад зураг авахуулж байна лээ. Та бүхэн олонд танигдаж байх шиг байна. Тантай ч бас хүмүүс гудамжинд таараад таньж байна уу?

Хүмүүс харин гайгүй биднийг мэдээд байгаа юм шиг байна лээ. Гэхдээ би ч гэрээсээ нэг их гардаггүй болохоор тэр бүр гудамжинд хүмүүстэй тааралдаад байгаа зүйл алга. Гарлаа гэхэд ажил дээрээ л байж байдаг хүн чинь. Яахав зүс таних төдий хүмүүсээс эхлээд найз нөхдөөс маань ч гэсэн энэ нэвтрүүлгийг үзээд нааштай хандаж байгаа хүмүүс байна. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгийг чанартай сайн хийж байгаа учраас хүмүүст хүрч байгаа болов уу. Тэр утгаараа хүмүүсийн хандлагад нөлөөлж, олон хүн эерэг сайхнаар хүлээж авч байгаа байх. 

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.