Бушуу туулай борвиндоо баастай

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 02

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн даруйдаа 7 төрлийн татвар нэмэгдүүлэх хуулийг шуурхайлан хэлэлцэж, ердөө 10 хоногийн хугацаанд баталж орхисон. Татварын нэмэгдэл дунд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулах асуудал багтсан нь “ард түмний унаа”-г шахаж хавчсан хэрэг болов.

Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлаар сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжлэлүүдийг хэлж, өнөөгийнх шиг нөхцөл байдлыг үүсэхийг анхааруулж байсан. Тодруулбал, онцгой татвар нэмэгдүүлэхээр заасан хугацаа /2017.05.01/ хэт давчуу байгаа тул автомашин авахаар захиалга өгчихсөн байсан хүмүүс болон автомашины худалдаа эрхлэгчдийн дунд үл ойлголцол үүсэх, төлөвлөгөөгүй зардал нэмэгдэх, автомашины үнэ гэнэт өсөх, автомашин авахаар төлөвлөж байсан иргэдэд гэнэтийн татварын нэмэгдэл нь сөргөөр нөлөөлөх зэрэг асуудал үүсэхийг анхааруулж байсан юм. Гэвч эрх баригчид УИХ дахь 65 суудлаараа хүч түрэн баталснаар “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийг үлгэрлэн харуулав.

“Ард түмний унаа” гэгдэх приусын үнэ 2-5 сая төгрөгөөр нэмэгдлээ. Гааль дээр буусан приусүүд гэнэтийн татварын нэмэгдэлд өртөж, иргэд худалдан авч чадахгүйд хүрснээр гааль дээр приусын урт цуваа үүсч, автомашины худалдаа эрхлэгчдийн мөнгө түгжигдэв. Дан ганц приус ч гэлтгүй, бүхий л төрлийн автомашины үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж, Монголдоо явж байсан хуучин приусүүд хүртэл амандаа орсон үнээр зарагдаж эхлэв.

Харин өдгөө Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин өргөн барьж, автомашины онцгой албан татварыг нэмэгдсэн байдлаар төлсөн иргэдэд татварын зөрүүг буцаан олгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.

Нэгэнтээ онцгой албан татвар нэмэгдлийг дагаад автомашинуудын үнэ өссөн. Тавдугаар сарын 1-нээс хойшхи 30 хоногийн хугацаанд хэдэн приус зарагдаж, хэчнээн хүн нэмэгдсэн үнээр автомашин худалдан авсныг Засгийн газар тооцох боломжгүй гэж хэлж болно. Учир нь гаалиар орж ирсэн гэхээсээ илүүтэй Монголдоо явж байсан приусүүд хүртэл үнээ 1-2 саяар нэмээд зарж байгааг зохицуулах боломжгүй юм. Мөн автомашин гаалиар оруулж ирсэн хүмүүсийн олонхи нь машины ченжүүд. Тиймээс онцгой албан татвар төлсөн мөнгийг буцааж өгвөл тэр мөнгө ченжүүдэд л очихоос биш худалдан авагчдад хүртээлгүй асуудал биз. Тиймээс өдгөө Сангийн сайдын хэлэлцүүлж буй онцгой албан татварын зөрүүг буцаан өгөх асуудал нь ченжүүдэд ашигтай, иргэдэд хүртээл багатай хууль болох юм.

Эрх баригчдийн хөнгө хуймгаа хандаж, хүч түрэн баталсан шийдвэрүүд энэ мэтээр зохицуулалт дутуу, сөрөг үр дагавартай байгаагийн ганц жишээ энэ биш.

Ердөө хоёр хоногийн өмнө БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжиж, маргааш өглөө нь УИХ-аар хэлэлцэн батлав. Сайдаа огцруулах санал гаргасан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө гадаадад томилолттой яваа тул Боловсролын салбарыг толгойлох орны хүнээ тодруулж амжаагүй яваа юм.

Ингэснээр анх удаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг БСШУСЯ сайдгүйгээр угтлаа. Түүнчлэн, дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа тул салбар хариуцах эзэнгүй, үймсэн байдалтай байна. Тун удахгүй ЭЕШ-ийн шалгалт болж, их дээд сургуулийн элсэлтүүд эхэлнэ. Харин энэ үед боловсролын салбарт дахиад нэгэн алдаа гаргавал хариуцах эзэн нь хэн байх бол?