Л.Сөрөлт: Төрд ажиллаж биш тоглолт уран бүтээлээрээ л ард түмэндээ үйлчилнэ

TIME TO TALK / Admin
2017 оны 06 сарын 07

МУСТА, жүжигчин Л.Сөрөлттэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

“Хөгжилтэй дүр” инээдмийн цуврал хөтөлбөрийн эхний дугаар “Ахаа намайг бодоорой” саяхан үзэгчдийн хүртээл болоод байна. Энэ хөтөлбөрийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

Сая тайзны уран бүтээлээ хийх явцдаа хажуугаар нь ийм дэлгэцийн бүтээл хийж дууслаа. Орост, барууны орнуудад ийм цуврал их хийдэг л дээ. Гэхдээ бараг л богино хэмжээний кино гэж явна. 66 минутын турш үргэлжлэх инээдмийн хөтөлбөр байгаа.

Би их олон юманд эмзэглэж явдаг. Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг хараад их шархална, шатна, эмзэглэнэ. Тэр болгоноосоо зохиолоо захиалж бичүүлсэн. 

Тэгээд цувралын эхний хөтөлбөр “Ахаа намайг бодоорой” гэдэгт хүмүүс яагаад төрд орох гээд зүтгээд байна вэ гэдгийг харуулахыг зорилоо. Яагаад төрийн албан хаагч болох гээд байгаа юм бэ. Тэр дотор юу өрнөдөг юм бэ гэдгийг харуулахыг зорилоо.

Төрийн албан хаагч хүн ямар байх ёстой вэ гэвэл төрийн албан хаагчийн шалгалт өгчихсөн, боловсролтой хүн байхад л болох уу? Миний харж байгаагаар бол үгүй. Хоосон ч бай, хоолтой ч бай ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр явж чадах уу гэдэг шалгалтыг өөрөөсөө авчихсан байх ёстой байх. Энэ талаар л харуулахаар хөтөлбөр маань бэлэн болоод Univision, ДДиш, Look TV дээр тавигдчихаад байна.

“Ахаа намайг бодоорой” гэхээр нэг “сайн дүү"-гийн талаар гарах юм болов уу гэж төсөөлөгдөж байна?

Нэрэн дээр их санал зөрөлдсөн. Би бол “Саарлуудын дунд” гэдэг нэр өгье гэж бодож байсан. Эргэн тойронд саарал чоно шиг хүмүүс байгаа юм биш үү. Ийм саарал хүмүүсийн дунд амьдраад байна гэсэн санаагаар би энэ нэрийг бодож байсан.

Харин манай Отгоо болохоор “Ахаа намайг бодоорой” гэж өгье гээд санал гаргасан. Тэгээд олонхийн саналаар би ганцаархнаа дийлээгүй дээ. /инээв/

Гэхдээ энэ нэрнээс бол айхтар уншигдаад бүх зүйл ил тод харагдана гэж байхгүй.

Бид зоригтой л дугаръя гэж энэ хөтөлбөрөө бүтээсэн. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг ерөөсөө айхгүйгээр харуулъя гэж зорьсон.

Нийгэм дорой бах тусам хошин шог хөгждөг гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?

Нийлэлгүй яахав. Батлагчдихсан зүйл шүү дээ. Эх оронд улстөр, эдийн засгийн амьдрал хүнд байх тусам хошин урлаг хөгждөг. Хүн тэр их стресстэй нийгэмд чадуу ядуу байхын тулд хэсэг ч гэсэн хугацаанд хошин урлаг үздэг байхгүй юу.

Харин хошин урлаг нь тэр хэдийгээ хүрээд ирэх нь яаж гоё байлгах вэ, яаж бүх зүйлийг мартуулж стрессийг тайлах вэ гэдгийг бодож, хөгждөг л дөө.

Хөгжил гэснээс Монголын хошин урлагийн хөгжил ямар түвшинд байгаа вэ?

Монголын хошин урлагийг тодорхойлох хүн би биш. Магадгүй ард түмэн тодорхойлж хэлэх байх. Ер нь бол өөр орны хошин урлагийн тоглолтыг харж байхад Монголын хошин урлаг бол дээгүүрт орно. Одоо сүүлийн үед ийм дэлгэцийн бүтээл хийх болж шинээр хөгжиж байгаа.

“Хөгжилтэй дүр” цуврал бол дэлгэцийн бүтээл. Ер нь тайзан дээр хошин урлагийн тоглолт хийдэг хүмүүс дэлгэцийн инээдмийн бүтээлд тоглоход ямар нэг асуудал байдаг уу?

Тийм асуудал огт байхгүй. Харин ёстой гоё. Тайзан дээр бол хэлэх гэсэн санаагаа хэлж болохгүй үе бий. Дэлгэц бол их гоё. Яаж ийж байгаад хэлэх гэсэн жижиг санаагаа ч тэр багтаагаад, үзүүлж болдгоороо давуу талтай.

Ийм дэлгэцийн инээдмийн богино хэмжээний цувралуудыг хошин урлагийнхан маань хийх хэрэгтэй гэж боддог. Энэ чиглэлээр бид нар бас хөгжүүлэх ёстой юм байна гэж бодож байгаа.

Монголчууд хошин урлагийн тоглолтыг ТВ-ээр үнэгүй үзэж ирсэн болоод ч тэр юм уу, дэлгэцийн бүтээл Univision, ДДиш, Look TV дээр төлбөртэйгөөр тавигдахаар төдийлөн сураагүй байх шиг байна?

Уг нь нэг ёсондоо маш давуу тал байхгүй юу. Гэр бүлээрээ сууж байгаад 5000 төгрөгөөр нэг кино үзнэ гэдэг чинь сайхан.  Гэр бүлээрээ гадагшаа гарч чадахгүй үе байдаг. Гарлаа гэхэд кино театрын үнэ өртөг хэд билээ.  

Хааяа би гэртээ сууж байгаад л сайхан кино түрээсэлж үзэх дуртай. Гэртээ гоё хоол хийж идээд, гэр бүлээрээ сууж байгаад кино үзэх чинь сайхан амралт болдог юм л даа.

Саяхан хүүхдийн баяр болж өнгөрлөө. Баяраа яаж тэмдэглэв?

Манай Мөрөөдлийн театрынхан эхнэр хүүхдүүдээ баярлууллаа. Эмэгтэй жүжигчдээ баярлууллаа. Нэг газар бөөнөөрөө ороод хоол идээд, хүүхдүүдийнхээ авьяасыг үзлээ. Авьяастай хүүхдүүддээ бэлэг өгнө гэчихсэн чинь манайхан чинь хоорондоо өрсөлдөөд. Нэг өдрийг тэгж л сайхан өнгөрөөлөө.

Мөрөөдлийн театраар овоглох болсныг чинь хүмүүс тэр бүр мэдээгүй байгаа байх. Яагаад “Шинэ үе” продакшнаас гарч Мөрөөдлийн театр орох болов?

Манай Ганбаа, Отгоо бид гурав чинь Шинэ үедээ 10 гаруй жил ажиллаа. Тэгээд аливаа нэг зүйлд шинэчлэлт байх хэрэгтэй юм болов уу гэж ярилцаад, Бооёо ахтайгаа уулзсан. Гурван дүү нь өөр байдлаар ажиллаж, өөр шинэ юм хийж, өөрөөр ажиллаж үзмээр байна гээд ярилцсан. Тэгээд жил гаруйн хугацаанд бид Эмоци продакшинтай тоглож үзлээ. Дараа нь Мөрөөдлийн театртайгаа хамтарч үзлээ. Тэгээд Мөрөөдлийн театрынхаа эгнээнд элсч, энэ гэр бүлийг өргөжүүлэхээр эргэж буцалтгүй шийдсэн.

Яагаад гэж асуух байх. Үзэл бодлын хувьд, сонирхлын хувьд бид нар адил төстэй зүйлүүд их байсан. Яагаад нийлж уран бүтээл хийж болохгүй гэж. Батаа, Эрхэмээ, Шагай гурав тэндээ, Ганбаа Отгоо Сөрөлт гурав эндээ тус тусдаа цалгардаад байх ёстой гэж бодсон. Тэгээд олуулаа байвал хүчтэй, нийлье нэгдье гээд энэ шийдвэрийг гаргасан даа.

Мөрөөдлийн театрт нэгдсэнээсээ хойш сая томоохон тоглолт хийлээ. Бас энэ долоо хоногт БНСУ-д аялан тоглолт хийх гэж байгаа юм байна?

Бид Сошиал ертөнцийн гол дүр гээд сайхан тоглолт хийгээд амжилттай дууслаа. Тоглолтондоо их сэтгэл хангалуун байгаа. Энэ тоглолтоо Солонгост байгаа монголчууддаа хүргэхээр зургадугаар сарын 6-10-ны өдрүүдэд таван өөр хотод тоглолтоо толилуулах гэж байна.

Сошиал ертөнцийн гол дүр гэснээс Сөрөлт хэр фэйсбүүкчин бэ?

Гайгүй ээ. Сошиалд тийм айхтар идэвхитэй байдаггүй. Гэхдээ фэйсбүүкээр орно, хүмүүсийн профайлаар аялна. Гоё зураг постуудыг шимтэж үзнэ. Харин өөрөө LIVE хийгээд л, байнга пост бичээд байдаггүй. 
Зарим хүмүүс айхтар хүнд хүнд юм бичээд, бачимдсан үедээ хэцүү зүйл тохиолдсоноо хүртэл бичиж байгаа харагддаг. Хүн л юм хойно амьдралд янз янзын юм тохиолдоно. Уурлана, догдолно, баярлах үе ч тохиолдоно. Би бас тийм пост оруулмаар л байдаг. Гэхдээ намайг олон хүн харж байгаа. Фэйсбүүк дээр олон хүн дагаж байгаа. Би уран бүтээлч хүн, бусдадаа үлгэрлэж явах ёстой учраас хачин хачин пост оруулаад байж болохгүй гэж бодоод тэвчээд л өнгөрдөг тал байгаа шүү.

Тантай уулзахаар дуулах талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Жүжигчний карьераас гадна дууны уран бүтээл юу болж байна. Шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байна уу?

Төлөвлөгөө их бий. Нэг дуундаа клип хийх гээд явж байгаа. Ганцаараа дуулсан нэг дуу байгаа.

Би өөртөө ард түмэн үзэгчдэдээ баярлдаг. Нэг талдаа өөрийгөө азтай, амны хишигтэй хүн юм даа гэж бодож явдаг. Жүжигчин мэргэжлийг эзэмшисэн, хажуугаар нь дууны уран бүтээлээр ард түмэнтэйгээ бас уулзаж байна. Түмэн-Өлзий бид хоёр чинь бөхийн өргөөг гурван ч удаа дүүргэсэн. Монгол орноо аялан тойрсон. 

Азтай л хүн юм даа. Ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр санагддаг.

Киноныхоо талаар эргээд ярилцъя гэж бодлоо. Та хэзээ нэгэн цагт төрийн алба руу оръё гэж бодож байсан уу. Кинон дээрээ гардаг шиг “Ахаа намайг бодоорой” гээд төрийн албанд орчихсон явж байх юм биш биз?

Үгүй байх аа. Нэг хэсэг тэгж боддог байсан. Төрийн албан хаагч болдог юм билүү. Урлагийнхаа чиглэлээр төрийн ажил хийдэг юм билүү гэж. Одоо бол бодол өөрчлөгдсөн. Төрийн алба руу орохгүй.
Зүгээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоод тоглолт, уран бүтээлээ хийгээд ард түмэндээ үйлчлээд явъя л гэж боддог болсон.