Сонгуулийн сурталчилгааны нээлтийн эргэн тойронд

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэллээ. 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Улаанбаатар хотноо намын байр Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Н.Учрал хөтөлж, нээлтийн тайзны хойморт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд суусан байлаа. Түүнчлэн, жүжигчин Д.Ариунболд, Л.Чаминчулуун, дуучин Т.Дэлгэрмөрөн, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган, П.Сэрдамба зэрэг урлаг спортын алдартнаар танхим дүүрсэн байсан нь олны харааг булаав.

Нэр дэвшигч М.Энхболд Улаанбаатар хотноо сурталчилгааны нээлтээ хийсэн даруйдаа Дорнод аймгийг зорьж, оройдоо Сүхбаатар аймагт сурталчилгааны нээлтээ хийсэн байна. Харин сурталчилгааны хоёр дахь өдрийн өглөө Хэнтий аймагт ажиллаж байгаа гэнэ.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн кампанит ажлаа Хэнтий аймгаас эхлүүлж улсаа нар зөв тойрохоор шийдсэн гэнэ. Түүний сонгуулийн кампанит ажилд олимпийн хошой алтан медаль Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж нар оролцож байна. Түүнчлэн, аймаг дүүргүүдэд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт болж байгаа ч нэр дэвшигч өөрийн биеэр очихгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэрбээр сурталчилгааны хоёр дахь өдрөө Хэрлэн голийн хөвөөнөөс эхлүүлж, Чойбалсан хотноо сурталчилгааны нээлтээ хийх гэнэ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Сүхбаатарын талбайд хийв. Түүнийг хөтөлж яваа хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бөгөөд урлаг спортын оддоос сурталчилгааны нээлтэд хүн оролцсонгүй. Тэрбээр Улаанбаатар хотноо сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн даруйдаа Дархан хотын зүг хөдөлж, орой 19.00 цагт сурталчилгааны нээлтээ хийсэн байна. Түүний сонгуулийн кампанит ажлын хоёр дахь өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотноо үргэлжилж байгаа юм.

Ингээд нэр дэвшигчид нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгнээс онцлох  хэсгийг хүргэе.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: Эвтэй монгол, ээлтэй төр

Миний өрсөлдөгч бол хямрал, хагарал хоёр юм.

Нэг зорилготой, нэгдмэл үзэл бодолтой Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай байх нь өнөөгийн зайлшгүй шаардлага болсон байна.

Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг.

Би улс үндэстнээ эвдрүүлэн талцуулагч биш, эвээр нэгтгэгч Ерөнхийлөгч байна.

Ард түмэн шударга ёс, хариуцлагыг нэхэж байна. Энэ бол хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх тухай шаардлага юм. 

Ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийг хүсэж байгааг би мэдэрч байна. Гэхдээ энэ нь бяртай, булчинтай хүнийг хайж байгаа хэрэг биш ээ.

Морьтой монгол мохож байсан түүхгүй ээ. Харин морьтой монгол холыг туулсан түүхтэй.

Тиймээс би морьтой сүлдэндээ сүслэж, Монгол түмэндээ зүтгэнэ ээ. Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: Монгол ялна

Нэгдэн нягтарсан Монгол ялна.

Улс оронд төрийн завхрал, эдийн засгийн уналт нүүрлэж, ард иргэдийг хавчин туйлдуулж байна.

Иргэдээ “их өр”, “зээлийн дарамт” гэх хоосон айдсаар айлгаж сонгогдсон эрх баригчид одоо тэр айдсаа өөрсдөө жинхэнэ утгаар нь бүтээж, улс орноо дааж давшгүй өрийн барьцаанд оруулж байна.

Би сонгуулийн сурталчилгааны нээлт дээр өөдрөг дэврүүн, омогшил огшил төрүүлэх зүйлс ярьж чадахгүй нь.

Дээрээ л болохгүй байна. Надад ард түмэн ажил хийх боломж олговол би үүнийг засч чадна. Дээрээ болохгүй байгааг л засчих юм бол угийн хийморьтой ард түмэн босоод, сэргээд ирнэ. 

Нэгдэн нягтарч чадваас Монгол Улс маань үсрэнгүй хөгжилд ойрхон байгааг би мэдэрдэг, омогшдог. Нэгдэн нягтарсан түүх бүртээ бид ялж байсан юм. 

Халтмаагийн Баттулга миний бие ард иргэдийнхээ амьдралын гүнд байж, санаа бодол, хүсэл эрмэлзлийг нь эрхэмлэн дээдэлж, таны дотны хамтран зүтгэгч, Хүчирхэг Монголыг бүтээх иргэдийн түүчээ байж, алд биеэ алжаахыг умартан зүтгэх болно гэдгээ та бүхний өмнө дахин тангараглая. 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Өөр гарц байна. Бидэнд итгэ

Та бид Монгол Улсынхаа эзэн нь болохоос боол нь биш ээ. 

Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ. Бид иргэдээ харахаар байсан МАНАН дунд хашигдаагүй. 

Бид хоёр намын наймааг зогсоож хөгжлийг тунхаглахаар энд цуглаад байна. 

Хулгайг зогсоох эрхийг хулгайчдад өгч болохгүй. 

Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос биш доороос нь шүүрддэггүй.

Тиймээс авлигалд автсан төр засгийг хамтдаа дээрээс нь шүүрдье. МАХН-ын манлайлал дор эвлэлдэн нэгдэж Монголынхоо ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.