Насны зөрүүтэй “хайр” бол эд бараа худалдан авахаас нэг их ялгаагүй

Хувь хүний хувьд би насны зөрүүтэй хайр дээр эсрэг байр суурьтай байдаг. Үе мултарсан эгч хүн дөнгөж амьдрал эхлүүлж буй залуутай хайр дурлал болж явахыг хараад таашаадаггүй. Бас цэцэг цэврүү шиг охиныг хөгшин өвгөн хөтлөөд явж байхыг хараад харуусдаг тийм л хүн. Францын Ерөнхийлөгч 35-тай  ид насны залуу бараг л ээж шигээ эмэгтэйтэй гэр бүл болсныг  би хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад? гэж та надаас асуу л даа. Учир нь хэдий тэд хайр сэтгэлтэй байж болох ч хүний ёс ухамсар совест гэж юм хүнд байгууштай. Хүний энэ амьдралд хүн болж төрсний нэг гол ч гэж болохоор зүйл бол үр удмаа үлдээх явдал. Гэтэл 35-тай залууд хүүхэд төрүүлэх эрх хүсэл байж л таараа, харин 60 гарсан эмэгтэй хүүхдийг нь төрүүлж өгч чадах уу. Чадахгүй. Тэгэхээр би тэр эмэгтэйг ямар муухай хувиа хичээсэн хүн бэ л гэж харж байгаа. Үнэхээр тэр залууд хайртай бол өөрийн үр хүүхэд шиг хүний амьдралыг бодоод түүний тусын тулд хувийн аз жаргалаасаа татгалзах хүнлэг ёс баймаар санагддаг. 

Саяхан бас 50 нэлээн гарсан монгол эмэгтэй найз залуугаа бүүр залуужуулсанаа сайрхан ярихыг сонслоо. Бурхан минь гэж өөрийнхөө хүүхэд байхаар 80-аад оны залуутай янаг амрагийн харилцаатай болсон байх юм. Өөрийн чинь хүүхэд шиг залуу өөрөөс чинь эгч эмэгтэйтэй гэж бодохоор зүгээр л дотор эвгүйрхэж хүлээж авсан. Уучлаарай залуу амрагтай хижээл насны эмэгтэйчүүдээ. Эсвэл дөнгөж хорь гарч буй ид залуу охиныг өөрөөсөө үе мултарсан тэгээд бас эхнэртэй хүнд хайртай гээд араас нь гүйхийг би тэвчдэггүй хүн. Амьдралд ухаан хат суусан эр хүн байж өөрийн охин шигээ охины амьдрал ирээдүйг бусниулж буй хижээл эрийг ч би тэвчиж чадахгүй. Хүссэн бүхнээ хийх гэсэн хүний энэ мунхаглал малнаас юуны ялгаатай. Хүн хүслээ ухамсраараа  дарж зохицуулж чаддагаараа л малнаас ялгаатай. Хорь гарч буй хүүтэй ээжүүдэд сэрэмжлүүлэг болгоход идэр залуу гэнэн итгэмтгий хүү тань энэ мэт амьтны зөн совингоосоо салаагүй мунхаг хөгшин хүүхнүүдийн хөнжлийн зугаа болж яваа юм биш биз. 

Яагаад хижээл хүмүүс залуу хүнд татагдаж бүр дурлалыг эд бараа мэт худалдан авахыг хүсдэг вэ. Энэ талаар сэтгэл зүйчдийн гаргасан судалгаа ч байдаг юм байна. Тэдний ихэнх нь залуу насандаа сайхан залуутай учирч хайр дурлалын сайхныг амталж чадаагүй эмэгтэйчүүд эрчүүд байдаг байна. Учир нь ийм хүүхнүүд нь залуу байхдаа царай муутай гээд эрчүүдийн нүдэнд өртдөггүй байх нь түгээмэл бол эрчүүд нь мөн сайхан хүүхнүүдэд гологддог байх нь түгээмэл. Тэгээд тэд хижээл насандаа санхүүгийн хувьд хөл дээрээ тогтож жаахан хөрөнгөлөг мөнгөтэй болохоороо бүүр эрээ цээрээ алдаж дурлалыг мөнгөөр худалдан авч залуусыг мөнгөөр ч болсон өөртөө татаж хүслээ гүйцэлдүүлэхэд шунан хувь хүний дутагдлын комплексынхоо боол нь болдог байна. Харамсалтай нь тэд мөнгөөр залуу сайхан бие цогцос худалдан авч чадах ч чин сэтгэлийн хайрыг хэзээ ч худалдаж авч чаддаггүй. Энэ үед хүнд нь үү хөрөнгөнд нь үү гэдэг асуулт зүй ёсоор тавигддаг. Насны зөрүүтэй хайр ихэнх нь энэ мэт эд бараа худалдан авч буйтай адил мөнгө хөрөнгөн дээр суурилах нь түгээмэл байдаг ажээ.   

Зохиолч Б.Эрхэмбаяр