Авид бурханы гэгээн алдар

01. Сүн улсын нэгэн алдартай чансан дияаны сүмийн олон лам нараас "Бурхан багшийн арван том шавийн нэг Рахула юугаараа алдартай билээ?" хэмээн асуухад цөөнгүй хүмүүс "Нууц явдлаар тэргүүн" хэмээн тал бүрээс орилолдоод байж гэнэ. Гэтэл нэлээд хойгуур зогсож байсан галч лам дуугүй суухыг хараад чансан түүнээс "Та хэлж мэдэх үү?" хэмээн асуутал "Мэдэхгүй." хэмээн хариултал чансан түүний өмнө өвдөг сөгдөн мөргөж хүндлэл үзүүлсэн юм гэдэг. Нээрэн ч чинадын нууцыг эрхшээгч эзний нууцыг хэн дуртай нь амны зоргоор хэлж яахин чадах билээ дээ? "Нууцын номыг хүрээ хороогоор ил задгай хэлэлцдэг болсон цагт нууцын ном түрдэн мөхнө." хэмээн Ловон Бадамжунай гэгээнтэн зарлигласан нь энэ утгыг хэлсэн болов уу.

02. Бас л Сүн улсын үеийн эрдэм чадалт дияанч Бурханы арга номонд ихэд бахтай нэгэн байжээ. Гэхдээ Бурхан багшийн цөөнгүй судар номондоо айлдсан "Зүүний үзүүр дээр Бурханы орон оршмуй" хэмээх үгийн утгыг ерөөсөө ухаж өгдөггүй байж л дээ. Тэгээд тухайн үеийн нэгэн алдартай дияанчаас түүний учрыг асуухад хариуд нь: "Та чинь өөрөө түмэн боть ном уншсан гэдэг биз дээ?" хэмээн тэс өөр зүйлийг асуужээ. Чансан хариуд нь: "Жаа тийм ээ." хэмээн хариулж гэнэ. 

"Үнэн юм уу?" хэмээн дияанч лавлахад чансан хариуд нь: "Үнэн байлгүй яахав." гэж хариулсан гэдэг. 
"Чиний наад өчүүхэн бөндгөрт түмэн боть судар ном багтаж байхад зүүний сүвэгч дээр яахаараа Бурханы орон оршиж болдоггүй билээ?" хэмээн дияанч лам амыг нь тагласан гэдэг юм. Протон зэрэг өчүүхэн бичил биетэд зургаан хэмжээст орон оршсон тохиолдолд манай гариг дээр агуулагдаж байгаа хэмжээний мэдээллийг багтаасан өргөн уудам орон зай оршиж болох тухай орчин үеийн шинжлэх ухаан таамаглах болсон тухай саяхан нэгэн бичлэг оруулж байсан нь явж явж үүнтэй холбоо бүхий байж мэдэх нь ээ.

03. Авид Бурхан хэмээх ганц алдарт Бурханы шажин тэр чигээрээ багтдаг хэмээн уншчихаад учрыг ухах гэж чамгүй их удаж билээ. Ер нь ч саяхан болтол төдийлөн баримжаагүй байсаар ирсэн л дээ. Эгэл ардын бүдүүн хадуун сэтгэлээр эгэлгүй нарийн гүн утгасыг хэрхин онож таних билээ. Харин сүүлийн үед чанга дуугаар унших аргыг залууст сургаснаас хойш тэдний тавьсан олон асуултанд "Уншаад л бай. Аяндаа учрыг тайлах болно." хэмээн хариулж байх зуур дээрх гүн утгыг там тум атугай ч гадарлах шиг болов. Үүнтэй холбоо бүхий нэг дияаны домгийг өгүүлсү.

Дээр үед хятадын Сычуань мужид нэгэн эр байжээ. Дөч гаруй насласан боловч ажил амьдрал нь тэгширч авгай хүүхэдгүй гоонь нэгэн болон хоцорч л дээ. Тэгээд амин зуулгын эрхээр нэгэн дияаны сүмд очиж хамба ламаас нь сахил хүртээн лам болгохыг гуйхад "Чиний нас арай оройтжээ. Гэхдээ би чамд өөр нэгэн арга зааж өгье. Ойролцоо нэг эвдэрхий сүм байгаа. Чи түүнд очиж суугтун. Би нэгэн өглөгийн эзэн настай эхнэрээр чамд өдрийн хоол хүргүүлж байя. Чи гагц Авид Бурхан хэмээх их алдрыг л уншаад байгаарай. Чадах уу?" хэмээн асуухад "Чадалгүй яахав." хэмээн хариулжээ. "Чи зав чөлөө олдвол гагц Авид Бурхан минь гээд л уншаад бай. Ядарвал унт. Босож ирээд уншаад байгаарай.Энэ бол дээдийн арга юм шүү." гэж хамба ламтан зөвлөсөн гэдэг.

Тэр хүн ч ихэд гүдэс шулуун нэгэн байсан болохоор нөгөө эвдэрхий сүмд очоод Авид Бурханы гэгээн алдрыг урин уншиж эхлэжээ. Ядрахаараа унтчихаад нөгөө авгайгийн өгсөн хоолыг хүртчихээд өдөр шөнөгүй уншсаар л байж гэнэ. Нэг хоёр сарын дараа нэгэн өдөр мөнөөх авгай хоол хүргэж иртэл тэр хичээнгүй хүмүүн бээр "Маргааш хоол идээ хүргэж ирээд хэрэггүй." хэмээн хэлэх юм гэнэ. Хижээл авгай түүний үгэнд орсонгүй маргааш нь хоол хүргэж иртэл хичээнгүй хүмүүн бээр баруун зүгийг ширтээд зогсоогоороо жанч халсан байсан юм гэдэг. Авидын орон баруун зүгт байдгийг та бүхэн сонсоо биз дээ? 

Өөд болж байгаа хүн сэтгэлийг ариун гэгээн оронд залж Авид Бурханыг бодох буюу төрөл төрөгсөд нь Авид Бурханы их алдрыг чихэнд нь дуулдахаар чанга уншваас Авид Бурхан талийгаачийн гэгээн сүнсийг шадар шавь нарынхаа хамт энхжингийн орноо аваачдаг хэмээн ариун сударт өгүүлсэн нь буй. Та бүхэн ч энэ утгыг гүнзгийрүүлэн ойлгохыг хичээгээрэй.