Төсөөлөл эвдсэн тааруухан туршилт

Нийслэл / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 09

Шөнийн гэрэлт гудамж гээчийг нийслэл Улаанбаатар хотод анх удаа нээн ажиллуулж үзлээ. 1 сая хүн ам давсан метрополитан хот маань гадаадын өндөр хөгжилтэй орнуудын адилаар 24 цагийн туршид амарч зугаацах, үзвэр үйлчилгээ үзэх, хооллох, соёлын үйлчилгээ авах боломжтой томоохон үзвэр үйлчилгээний гудам байгуулагдах нь хэмээн нийслэлчүүд бид баярлаж байлаа.

Сүүлийн өдрүүдэд ч шөнийн гудамжийн талаарх яриа сошиал ертөнцөд маш идэвхитэй өрнөж, хүүхэд залуусын хүсэн хүлээсэн нээлт өчигдөр болов. Гэвч юу үзэхээ ч мэдэхгүй, гудамж дүүрэн чихцэлдсэн залуус толгойдоо төсөөлсөн “шөнийн”, “гэрэлт” гудамжаа хайж нэг шөнийг өнгөрөөв бололтой.

Төсөөлөл эвдсэн тааруухан туршилтын цор ганц жишээ энэ биш. Өмнө нь Арслантай гүүрэнд усан хөшиг гээчийг 70 сая төгрөгөөр хийсэн нь мөн л олны төсөөллөөс тээр дор, олон улсын жишгээс тэнгэр газар шиг зөрүүтэй байсан. Энэ мэт ажлуудыг "анх удаа хийж байгаа юм", "хийсэн нэгнээ битгий шүүмжил" гээд өмөөрөөд өнгөрөх хандлага ч ажиглагдаж байна. Гэхдээ төрийн мөнгөөр тааруухан туршилт хийх ёстой эсэхийг татвар төлөгч иргэн Та түрийвчнээсээ асуугаад нэг үзээрэй.