Хэн хэнийг дэмжиж байгаа вэ?

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд нэр дэвшигчдийн сурталчилгааны өнгө аяс, хандлага хангалттай харагдав бололтой. 

Олон нийтийн зүгээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн шүүмжилж буй хамгийн том бай нь олны танил эрхмүүд сонгуулийн сурталчилгаанд оролцож буй явдал байлаа.

М.Энхболдыг дэмжигчид

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихээ илэрхийлж, “Эвтэй монгол” дууг дуулсан хамтлаг Никитон байлаа. Уг дууны нэрнээс гадна, клипийн төгсгөлд нэр дэвшигч М.Энхболд морьтой яваа зураглал харагдах нь МАН-ын захиалгаар бүтсэн клип гэдэг нь хэнд ч тодорхой. 

М.Энхболдыг дэмжихээ илэрхийлсэн дараагийн алдартнууд бол Коктейл филмсийн залуус. Жүжигчин Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэс эхлэн ардын намыг дэмжихээ илэрхийлж өөрсдийн тайлбарыг хийсээр буй. ТВ коктейлоос гадна Эмоци продакшныхан мөн МАН-ын дэмжихээ илэрхийлж саяхнаас богино хэмжээний “хошин” бичлэгүүдийг түгээж эхэлсэн байна. 

МАН-ыг урлаг соёлынхноос гадна спортынхон ч олноор дэмжиж буй. Үүний том төлөөлөл нь МУГТ, олимпийн аварга Э.Бадар-Ууган. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцож “Энхболд ахынхаа захиасыг биелүүлж олимпын аварга болсондоо баяртай байдаг” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг эрхэтгүй татаж байгаа.

Ингээд МАН-ыг дэмжигчдийг нэрлэвэл:

Жүжигчид: Ё.Цог, Л.Чаминчулуун, Ц.Төмөрбаатар, Н.Ариунболд, Н.Онон, Т.Бархүү, Коктейл филмс, Эмоци продакшн, 
Дуучин: Б.Сарантуяа, Д.Болд, Никитон хамтлаг,
Тамирчид: Э.Бадар-ууган, П.Сэрдамба, Улсын харцага Магалжав нар багтаж байна.

Х.Баттулгыг дэмжигчид

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг ч мөн цөөнгүй алдартан дэмжихээ илэрхийлж буй. Тухайлбал, Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өдгөө “Явуулын АСА станц” гэх хочийг авчээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны нээлтийг Хэнтий аймагт хийснээс хойш иргэдтэй хийж буй уулзалт бүр дээр өөрийн фэйсбүүкээрээ LIVE бичлэг цацаж яваа нь ийнхүү хоч авахад хүргэсэн.

Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт Х.Цагаанбаатар нар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихээ илэрхийлж, сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа.

Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч гуай Х.Баттулгын иргэдтэй хийсэн саяхны нэг уулзалтад оролцож “Есөн эрдэнийн орныхоо Ерөнхийлөгч нь болоорой” хэмээн захисан гэнэ. Түүнээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан гуай мөн Х.Баттулгыг дэмжиж байгаа гэнэ.

Жүжигчдээс Х.Баттулгыг дэмжиж буй хүн бол Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам болон жүжигчин Д.Хүрэлхүү, Д.Ганцэцэг нар бий. Д.Хүрэлхүүгийн хувьд Х.Баттулгатай хачин хувь тохиолоор танилцаж, залуугаасаа нөхөрлөсөн гэдэг. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд найзыгаа дэмжиж буйгаа илэрхийлж байгаа нь энэ.

Ингээд АН-ыг дэмжигчдийг нэрлэвэл:

Д.Дагвадорж, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, П.Бадарч, Т.Галсан, Д.Сосорбарам, Д.Хүрэлхүү, СТА Д.Ганцэцэг сэтгүүлч Мөнхбаясгалан нар багтаж байна.

С.Ганбаатарыг дэмжигчид

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон намын гишүүд дэмжиж буй. Урлаг соёл, спортын төлөөллөөс түүнийг дэмжиж буй хүн байхгүй гэж хэлж болно. Нэрлэвэл гарын таван хуруунд багтах бөгөөд Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, хөтлөгч Г.Алтантүрүү, жүжигчин Б.Мишээл, дуучин Э.Төрмандах нар л бий. Камертоны Л.Ган-Эрдэнэ С.Ганбаатарыг дэмжиж, хандивын аяныг хөтлөн явуулж байгаа юм.

Б.Бат