Салаа замын эрхээр биш. Сонгуулиар...

Улс төр / Б. Бат-Эрдэнэ
2017 оны 06 сарын 14

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа үргэлжилж байна. Манай сайтад өмнө нь урлаг соёл, спортын алдартнуудаас Хэн хэнийг дэмжиж байгаа талаар нийтэлж байсан билээ. Тэгвэл энэ удаад сонгуулиар улстөр, урлаг соёлын алдартнууд хэнийг дэмжиж байгаа талаар арай өөр өнцгөөс харуулахыг зорив.

Сонгууль болгоноор нам намаараа талцан хуваагдах үзэгдэл хаа сайгүй ажиглагддаг. Эхнэр нөхөр хүртэл намын батлахаараа хуваагдаж, “сонгуулийн хугацаанд тусдаа унтдаг” гэх хошин яриа гарсан нь оргүй зүйл биш юм.

Ингээд салъя гэж салаагүй, салаа замын эрхээр ч салаагүй, сонгуульд нэр дэвшигчдийн эрхээр "түр салж" буй хамтрагч, найз нөхөд, гэр бүлийн талаар танилцуулъя.

Цогоо гуай Хүрэлээг “жийв”

Цогоо гуай гэх рекламыг мэдэхгүй хүн ховор биз. ДДишийн цуврал реклам “Цогоо гуай” хөнгөхөн хошигнол, хоёр жүжигчний харагдах төрхөрөө нийтийн дунд хэдийнэ танил болсон. Тэд 2016 оны сонгуулийн үеэр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Баярсайханы сурталчилгаанд алдарт “Цогоо гуай”-г ашиглаж байсан бол өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн ашиглаж байна. Харин энэ удаад Цогоо гуай "нойтон хамуу" Хүрэлээгээ жийжээ. 

Учир нь жүжигчин Д.Хүрэлхүү АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байгаа бөгөөд МАН-ын сурталчилгаанд тоглох саналаас татгалзсан байна. Харин Цогоо гуай брендээ авч үлдэн Хүрэлээгээ Ононгооор сольжээ.

Болдоо Ганаа...

Камертон хамтлагийнхан урлагийн салбарт хөл тавьсан цагаасаа эхлэн дөрвөн бэрх мэт хамт байж ирсэн залуус. Болдоо, Ганаа, Мээдээ Эба... гээд дуу хүртэл бий. Харин холбоод сонсож дассан тэдний нэрс хоёр өөр талд сонсогдох болсон нь мөн л Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй.

Хамтлагийн ахлагч төрийн соёрхолт Д.Болд 2013 оны Ероөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан бол энэ удаад МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийн цахим хуудсуудаар “хурган” мэдэгдэл хийсээр байгаа.

Харин хамтлагийн гишүүн дуучин Ганаа буюу Л.Ган-Эрдэнэ МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж хандивын аяныг хөтлөн явуулж байна.

20 гаруй жил хаана ч хамтдаа байсан хамтлагийн гишүүд сонгуулийн жамаар хоёр салаалсан нь энэ.

Л.Оюун-Эрдэнэ Херо Б.Баатар

“Hero” энтертайментийн Ерөнхий найруулагч Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар төрсөн ах дүүс гэдгийг хэн бүхэн мэднэ.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг, Б.Баатар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байгаад гол учир оршино. Хар элгийн хоёр нэр дэвшигчээс болж төрсөн ах дүү хоёр муудалцахдаа тулж буй жишээ өнгөрсөн долоо хоногт ийнхүү өрнөв.

Ц.Төмөрбаатар гуай МАХН-аасаа салав

2016 оны УИХ-ын сонгуулиар МУГЖ Ц.Төмөрбаатар гуай МАХН-аас нэр дэвших эрх өвөртөлж, Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын 54 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Тэр ч бүү хэл Н.Энхбаяр Ц.Төмөрбаатар нар хоёр загал шиг ижилсэж, хос подволкаар гангарч, нойтон өлсгөлөн зарлаж явсан удаа ч бий.

Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Төмөрбаатар гуай Н.Энхбаяраас, МАХН-аасаа нүүр бууруулж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна.