Д.Болдбаатар: Гадны ганц улсад олон оюутан сургах нь зөв эсэхийг бодох л асуудал

TIME TO TALK / Admin
2017 оны 06 сарын 14

 “Time: To talk” булангийн энэ удаагийн зочноор Хятад судлаач, хэл бичгийн ухааны доктор Д.Болдбаатарыг урьж ярилцлаа. 

ХОЁР ИХ ГҮРНИЙ ДУНД БАЙГАА ЖИЖИГ УЛС ҮНДЭСТЭНД БОЛГООМЖЛОХ ЗҮЙЛ БАЙЛГҮЙ ЯАХАВ

Монгол Улс тун удахгүй тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Улс орны хөгжил, ирээдүйд зовинож явдаг хүний хувьд ямар Ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна вэ?

Ер нь Төрийн түшээ хүн, тэр тусмаа Төрийн тэргүүн хүнд намба, тулх, зангарга, харааны цараа, ухааны шандас, өв соёлоо дээдлэхүй, өргөн мэдлэг, ард түмэн эх орондоо хязгааргүй хайртай, удирдан зохион байгуулах авьяас гэх мэт маш олон хэв шинж бүрдсэн байх учиртай. Дээр нь Төрийн ажилд бэлтгэгдсэн байх ёстой. Миний хувьд энэ талаас нь л харж сонгох учиртай болов уу гэж бодож байна. 

Сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигч заавал хятад цустай хэмээгддэг нь манайд бараг хэвийн зүйл болж. Хятадаас айх монголчуудын энэ айдас жийрхлийг та юу гэж үздэг вэ? 

Энэ бол цөөн тооны хүмүүс, тодорхой бүлэглэл, нэр бүхий улстөрчид зохион байгуулалттай хийгээд байгаа ажил л даа. Би нийгмийн гүнд хутгалдан яваагийн хувьд бүгдээрээ хавтгайдаа тийм үзэл бодолд живчихээгүй гэдгийг мэдэрч байна. Харин энэ бүх хийрхэл нийгмийн ухвар мөчид хэсэг бүлэг хийгээд хүүхэд залуучуудад халдварлаваас тийм ч сайн хэрэг биш байж таарна. Мэдээж хоёр их гүрний дунд байгаа жижиг улс үндэстэнд айх болгоомжлох зүйл байлгүй яахав. Харин ямар нөхцөлд, хэр зэрэг хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг л бодох ёстой асуудал юм. 

Хөрш залгаа улсууд нь Хятадтай харилцахдаа ямар бодлого баримталдаг бол. Хятадтай харилцах бидний гадаад харилцаан дээр алдаа гарч байгаа юу?

Хоёрхон жилийн дараа гэхэд Сингапур, Тайланд улсууд хятадтай өндөр хурдны төмөр замаар харилцаад эхэлнэ. Казахстан, Беларусь, Киргиз, Афганистан хүртэл төмөр замын өргөн харилцаатай болоод эхэллээ. Эргэн тойрныхон байтугай алс холын Африк тив хүртэл Хятад улстай маш өргөн хүрээнд эдийн засгийн хэлхээ холбоотой болж байгаа нь нууц биш. Харамсалтай нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм талын мэдээлэл бараг явахгүй юм даа.

“Нэг бүс нэг зам” гээд олон улсын томоохон төслийн талаар нэг хэсэг шуугиад, сүүлийн үед нам жим боллоо. Хятадууд Европ руу тавьсан замаа манай улсаар биш Казахстанаар шууд дайрууллаа. Бид хугацаа алдав уу?

“Нэг бүс нэг зам” төсөл нам жим болсон хэрэг биш харин ч өнгөрсөн жил уг төслийн хүрээнд Английн Лондонд галт тэргээр анхны бараа материал хүргэсэн тухай мэдээлэл дэлхий даяар өргөн тархсан шүү дээ. Хятадын И Ү хэмээх боомтоор Афганы умард нутаг руу галт тэргээр бараа тээвэрлэдэг болж байна. Дайн дажинтай тэр бүсэд ч гэсэн уг төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл энэ гэлтэй. Дээр дурдсан жишээнээс харахад Орос, Монгол хоёрт л ахиц жаахан тааруу байгаа нь харагддаг. Гэхдээ Орос, Хятад хоёр Амар мөрөн дээгүүр өргөн нарийн царигаа нутгийнхаа гүн рүү оруулаад эхэлсэн гэдгийг би өдөр болгон хятадын тухай мэдээлэлтэй харьцдаг хүний хувьд гайгүй сайн гадарладаг. Сүүлийн үед Орос, Хятад хоёр умард туйлын усан замыг хамтран ашиглах тухай их ярьдаг боллоо. Ойрын үед бараг хэрэгжээд эхлэх байх. Хэрвээ тэгсэн тохиолдолд манайх Сэлэнгэ мөрнөөрөө дамжин далайд гарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Хятадын төв, умард хийгээд Зүүн хойд бүс нутгийн бараа таваарыг Сэлэнгэ мөрнөөр дамжуулан зөөх асуудал яригдаж мэдэх юм. Түүний тулд Сэлэнгэ хүртэл өндөр хурдны зам тавьчихаж болно. Орхон голын усан замын тээврийн асуудал шинээр тавигдана гэх мэт сонирхолтой боломжууд гарч ирнэ л дээ. Бас саяхан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ч гэсэн “Нэг бүс нэг зам” төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд эхлэнэ лээ. Япончуудын тэрхүү сонирхлыг саяын дурдсан төсөл рүү чиглүүлэх юмсан. Угаас хашир хэрсүүгээрээ зартай япончууд дайн дажны хөлтэй төв ази, ойрхи дорнод руу төдийлөн анхаарал хандуулахгүй болов уу? Манай төрийн түшээд энэ талаар бодож болгоож байвал зүгээрсэн дээ.

Энэтхэгийн Ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл олгох гэрээ байгуулсан. Тэр зээлээр Монголд боловсруулах үйлдвэр барих тухай яригдаад удаж байна. Харин Хятадын тал манай улсыг энэ зээлийг авч буйд таагүй хандаж байгаа. Боловсруулах үйлдвэр барих зээл авахад таагүй хандаж байна гэдэг нь магадгүй манай улсыг хөгжүүлэх сонирхолгүй байгаа хэрэг байх?

Яг зээлтэй хамаатай ямар асуудал өрнөөд байгаа талаар миний хувьд хэлж мэдэх юм алга. Манайх шиг жижиг улс орон заавал боловсруулах үйлдвэр байгуулна гэж хөөрцөглөх хэрэггүй юм л даа. Бидэнд тэр талын туршлага, хамгийн гол нь үйлдвэрлэсэн бараагаа гаргах зах зээл хомс байна. “Дэлхийн үйлдвэр” гэж нэрлэгдэх болсон Хятад улс хажуу дэргэд байгаа тохиолдолд үндэсний үйлдвэр хөгжүүлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хятадыг давуулж дэлхийн зах зээл дээр гаргая гэвэл ямархуу байдаг бол гэдгийг бодох л асуудал. Харин өөрийн онцлогтоо тохирсон өөр бусад салбаруудыг хөгжүүлж болно шүү дээ. Дөрвөн сая хүнтэй Панам улс гэхэд л зөвхөн “Панамын суваг”, “Офшор бүс” гэсэн хоёрхон гол салбарыг чанга атгачихаад хүн ам тутамд оногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 000 доллар даваад гарчихсан бүс нутагтаа амьжиргаагаараа толгой цохих хэмжээнд оччихсон байна. Бид газрын тосоо дотооддоо боловсруулаад, Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэлд шаардлагатай цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлдэг болох нь том амжилт болно. Дараачийн ээлжинд хоёр толгойгийгхоо бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү гаргах төмөр замыг нэн даруй тавьчих хэрэгтэй. Тэгээд л сэгхийгээд явчихмаар санагддаг. Даанч манай улстөрчдийн шийдвэр заримдаа яст мэлхийнээс ч удаан санагддагийг яалтай билээ.   

ГАНЦ УЛСАД ОЛОН ОЮУТАН СУРГАХ НЬ ЗӨВ ЭСЭХИЙГ БОДОХ Л АСУУДАЛ

Сүүлийн хэдэн жил урд хөршид очиж суралцах оюутан залуусын тоо эрс нэмэгдсэн. Магадгүй түүхэнд ийм олон тооны монгол залуус хятад хэл сурч байгаагүй байх, тийм үү? 

Одоо бараг хувь хувьсгал нийлээд 10 000 давж байгаа байх шүү. Хоёр гурван жилийн өмнө 8000 оюутан сурдаг гэсэн тооцоо байсан. Тайваньд ч бас 1000-аад оюутан сурч байна. Дотоодод 12 000 хүн хятад хэл сурч байгаа гэдгийг өөрөө дуулсан биз дээ?

Ер нь Хятадтай хөрш зэргэлдээ улс орнууд боловсрол, соёлын талаар хятадтай харилцахдаа ямар бодлого баримталдаг бол?

Манай улсын аль нэгэн боловсролын байгууллага салбараа Эрээн, Улаан-Үдэд нээе гэхэд бараг л боломжгүй асуудал байж таарна. Гэтэл манайд зөвхөн Хятад гэлтгүй Америк, Англи, Орос, Япон, Энэтхэг, Турк, Солонгос, Франц, Герман гээд бараг л бүх улсын сургуулиуд байгаа. Гэтэл ганцхан Монгол хүнээ бэлтгэдэг Монгол сургууль байхгүй байгааг та ажигласан уу? Дээр нь ганцхан улсад тийм олон оюутан сургах нь зөв эсэхийг бодох л асуудал юм. Ер нь боловсрол, соёл, шинжлэх ухааны хувьд аль нэг улсаас хэт хараат болчихвол тухайн үндэстний бие даан оршин тогтнох чадвар хэр зэрэг баталгаатай байх бол гэдгийг дээр доргүй бодож л байх учиртай. 

Монгол хэл шинжлэлийн ухааны нэгэн эрдэмтэн хятад хэлийг ийм олон хүн сурахыг дэмжихгүй байгаагаа хэлснийг санаж байна. Ийм үзэл бодолтой хүмүүстэй уулзахдаа та юу хэлдэг вэ?

Америкийн ерөнхийлөгч 2005 онд “Гадаад хэлний мэдлэгээр үндэсний аюулгүй байдлаа хамгаалъя” гэсэн нэртэй том илтгэл тавьсан юм. Түүнд 120 сая хятад хүн англи хэлийг эрчимтэй сурч байхад манай Америкт хятад хэлний мэргэжлийн үнэмлэхтэй сайн орчуулагч дөнгөж 2000 орчим байна хэмээн дурдсан байсан л даа. Өөрөөр хэлбэл гадаад хэлийг эзэмшинэ гэдэг гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөөлөн хүчин зүйлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тухай тэр илтгэлд өгүүлсэн хэрэг. Ер нь аливаа юм гэдэг хоёр талтай. Хятад хэлийг маш сайн сурчихсан байхад Япон, Солонгос зэрэг азийн бусад хэл соёлд нэвтрэх том гүүр болж өгдөг. Дээр дурдсан тоо баримтыг харахад их олон хүн сураад байгаа юм шиг мөртлөө ямар аргаар хэр зэрэг сурч байна гэдгийг нарийвчлан авч үзэл учир дутагдалтай зүйлс олон байдаг.  

Зөвхөн гадаад хэл гэлтгүй аливаа эрдмийг сурахын тулд “Сэтгэлээ тогтоо” гэдэг зарчим бол манай Монголын сурган хүмүүжүүлэх ухааны тулгуур зарчим юм.

Та боловсролын салбар, тэр дундаа гадаад хэл сурах чиглэлээр олон жил ажиллаж байгаа соён гэгээрүүлэгч  хүн. Өнгөрсөн зууны Монголын их мэргэд гадаад хэл сурах талаар нэлээд сургааль хэлсэн байдаг. Таны хувьд хэл сурах гэж буй хүнд хамгийн түрүүнд юуг зөвлөдөг вэ?

Зөвхөн гадаад хэл гэлтгүй аливаа эрдмийг сурахын тулд “Сэтгэлээ тогтоо” гэдэг зарчим бол манай Монголын сурган хүмүүжүүлэх ухааны тулгуур зарчим юм. Намайг зорин ирсэн хүүхэд залууст би энэ үгээ л хэлдэг. Харамсалтай нь өвөг дээдсийн маань энэхүү үнэ цэнэтэй өв уламжлал бүх шатны боловсролын тогтолцоон дээр мартагдчихаад байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэж боддог шүү.   

Сурахад нас оройтохгүй гэдэг үг бий. Гэтэл нэгэнт 20, 30 насыг ардаа хол орхисон хүмүүсийн хувьд ар гэр, ажил хөдөлмөр гээд сатаарах зүйл ихтэй. Ийм хүмүүст та юу гэж хэлдэг вэ. Оюутан залууст зөвлөдгөөс арай өөр зүйл зөвлөдөг үү?

Ер нь 21 дугаар зууны боловсролын онцлог нь мэдээллийн технологийн ололтод тулгуурлаад дуртай цагтаа гэр орондоо ч сурч болдог. Дээр нь хүн насан туршдаа сурах бололцоотой болсон гээд хэд хэдэн онцлог бий л дээ. Түүний тулд бас л сэтгэлээ тогтоох хэрэгтэй юм.

-Аливаа гадаад хэлээр тухайн улсын хүнтэй ярилцахад, биеэ бариад ч юм уу санаа зовроод таг болчихдог зовлон бий. Сэтгэлзүйн энэ бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ? 

Хэлний мэдлэгийн гол үндэс нь хэл амаа түлхүү хөдөлгөн ярьж байхад оршдог. Гэтэл манай гадаад хэлний сургалтанд хэт баригдмал дүрмийн мэдлэгийг голлоод бараг л “Хэлгүй хүнд хэл зааж байгаа мэт” идэвхигүй арга барил зонхилоод байгааг өөрөө гадарлах байх аа. Тийм байдлыг л нэн даруй эвдэх шаардлагатай байгаа юм. 

Сүүлийн үед таны явуулж буй онлайн сургалт олон хүнд хэл сурахад нь тус дэм болж байгаа нь анзаарагдаж байна. Танай онлайн сургалтын онцлог, давуу тал юу вэ?

Дээрх хэлсэнчлэн хэт баригдмал дүрмийн мэдлэгийг голлодог байдлыг эвдэх, өөрчлөх сэдлийн үүднээс сүүлийн хагас сарын хугацаанд онлайн сургалт зарлан явуулж эхлэсэн нь маш их үр дүнтэй байна. Гадаад дотоодоос чамгүй олон хүн хамрагдаж зөвхөн гадаад хэл гэлтгүй, сэтгэл санаа, амьдрах хэвшлийн хувьд эерэг өөрчлөлт гарсаар байгааг хэлэхэд нэн бахтай байна шүү. Арав хорин жил тогтчихоод сурсан сураагүй хоёрын хооронд болчихсон хүмүүс “Гэгээ”-гийн чанга унших аргаар маш хурдан үр дүнд хүрч байгаагаа янз бүрийн байдлаар илэрхийлсээр байна. Дуртай цагтаа, гэр орондоо тааваараа сураад хурдан хугацаанд үр дүнгээ амсдаг нь онлайн сургалтын давуу тал юм. Нөгөө талаар хувь хүний биеэ дайчлах чадварыг хөгжүүлдэг онцлогтой. 

6 настай жаахан амьтныг өдөржин ханз үсэг хуулуулаад суулгана гэдэг хичнээн харгис арга байх вэ?

Хятад хэлний хувийн дунд сургуулиуд Улаанбаатарт цөөнгүй бий. Бага наснаас хятад хэлийг сурч буйд та шүүмжлэлтэй ханддаг уу, эсвэл зөв зүйтэй гэж боддог уу? 

Би хятад болон бусад гадаад хэл сурахыг тэгтэл жадлан эсэргүүцээд байдаггүй. Харин зааж сургаж байгаа аргын хувьд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Нэгдүгээр ангид орсон 6 настай жаахан амьтныг өдөржин ханз үсэг хуулуулаад суулгана гэдэг хичнээн харгис арга байх вэ? Амьхандаа цээжлүүлээд олигтой сайн сургах гээд байгаа хэрэг л дээ. Ханз үсэг цээжлүүлэхийн тулд хүүхдийг ангид нь хоол унд өгөлгүй цоожлоод суулгачихдаг. Гарын алгыг нь төмөр шугамаар цохидог гээд зарим ноцтой асуудал чих дэлсэх нь байтугай хэгз цохиулсан алгыг “алаг”-аараа харж байсан шүү. Өглөө эрт хичээлд суусан хүүхдийг өдөр нэг цаг амраачихаад оройн 11 цаг хүртэл бүх төрлийн хичээлийг нь давтуулаад суулгачихдаг нэг нэртэй сургуулийн тухай сая сонсоод сэтгэл шимширч байснаа нуух юун. Энэ чинь хүүхэд насны баяр баясгалан, амьдралын утга учрыг үгүй хийж байгаагаас ямар өөрц байх билээ. Боловсролд ноёлох хандлагатай байгаа төлбөр болон хөтөлбөр даалгаврын энэхүү гаж үзэгдлийг шинэ сайд анхааран засаасай даа гэж бодож сууна. Гэхдээ бараг засах нь байтугай ойлгож мэдрэлгүй л албаа өгөх байлгүй дээ.

Хятадад жилдээ 4000 гаруй роман хэвлэгдэн гарч байгаа.

Хоёр жилийн өмнө нэгэн орчуулагч залуу “Хятадын орчин үеийн яруу найраг” гэдэг ном орчуулсан нь Монголын Зохиолчдын эвлэлээс оны шилдэг бүтээлийн шагналыг орчуулгын төрөлд хүртсэн. Цаашид хятад хэлнээс уран зохиолын олон сонирхолтой бүтээл орчуулагдах нь тодорхой болж байх шиг. Уран зохиолын орчуулга хийх сонирхол тээж яваа залууст та юу хэлэх вэ? 

Би нэлээд хэдэн жилийн өмнө “Чонон сүлд” романы орчуулгаар тэр шагналд  өрсөлдөөд авч чадаагүй. Тийм болохоор чамгүй өндөр босго юм байна гэдэг бодолтой буцсан шүү. Анхны бүтээлээрээ тийм өндөр босго давсан залуу орчуулагчийн бүтээл их чамбай болсон нь тодорхой байж таарна. Хятадад жилдээ 4000 гаруй роман хэвлэгдэн гарч байгаа. Тэр далай шиг их бүтээлээс сайн сонголттой орчуулж олон түмэндээ хүргэх нь чухал юм. Уран бүтээлч хүн урт настай сайн бүтээл орчуулахыг л бодож явах учиртай.

Уран зохиолын орчуулгын олон бүтээл таны гараас гарсан. Ойрын үед ямар уран бүтээл уншигчдадаа барих вэ?

Би сүүлийн үед хятадын эртний дөрвөн сонгомол зохиолын орчуулга дээр ажиллаж байгаа. Ер нь янз бүрийн үед гарсан хэд хэдэн янзын орчуулгын хувилбарууд байдаг л даа. Миний санаа тэр болгоныг харгуулан үзэж нийтлэг нэг жишигт хүрсэн орчуулгын хувилбарыг олон түмэндээ хүргэхсэн гэж чөмгөө дундлан зүтгэж явна. “Гурван улсын үлгэр”, “Усан хөвөөний шастир” хоёр гарчихсан байгаа. “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд” хоёрыг тун ойрын хугацаанд гаргаж уншигчдынхаа мэлмийг баясгах төлөвлөгөөтэй байна даа. 

Ярилцсанд баярлалаа. Таны эрдмийн ажилд ихийг ерөөе.