“Их Майдар” төслөөс мэдэгдэл гаргалаа

Нийгэм / Admin
2017 оны 06 сарын 15

Их Майдар төслийн талаар гүжир гүтгэлэг, цуурхал тараах явдал хэрээс хэтэрлээ. Өмнө гарсан мэдээлэлд төслийн зүгээс хүлээцтэй хандаж хариу тайлбарыг тухай бүр өгч байсан. Гэвч 2017 оны 6 сарын 14-ний өдрөөс эхлэн Их Майдар төсөл үйл ажиллагаагаа зогсоосон учир ард түмний хандивыг буцаан олгоно гэх мэдээллийг eagle.mn, chuhal.mn, etoim.mn, zaluu.com, sonin.mn сайтууд болон хуурамч нэртэй фэйсбүүк хаягууд зохион байгуулалттайгаар тарааж эхэлсэн. Худал мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул сэтгүүлчдэд хандан үнэн бодит мэдээллийг хүргэж байгаа юм. 

Бүтээн байгуулалтын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд валютийн ханшийн зөрүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан ажил удааширч байгаа.

Их Майдар төслийг харлуулах гэсэн видео эвлүүлэгтээ нийт 18 мянган хүнээс 500 мянган төгрөгийн хандив цуглуулсан мэтээр гүтгэж байгаа нь ор үндэсгүй бөгөөд төсөлд нийт 12396 иргэн хандивлагчаар бүртгүүлж, үүнээс 2577 иргэн л 500 мянган төгрөгийн хандив өргөөд байгаа юм. Хандив өргөсөн хүмүүсийн ихэнхи нь хандиваа жилийн хугацаанд хэсэгчилэн хандивладаг бөгөөд цуурхал тараад байгаа шиг 9 тэрбум төгрөг цуглуулсан гэдэг нь нотлогдохгүй болно. Түүнчлэн УМБГ-аас төслийн санхүүгийн баримт бичгүүд, хандивлагчдийн мэдээлэл, тайлан тооцоог хянан шалгаж, шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү шалгалтаар “хууль бус орлого бүрдүүлээгүй” гэдгийг тогтоосон. Бүтээн байгуулалтын ажил 2009 онд эхэлсэн бөгөөд валютийн ханшийн зөрүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан ажил удааширч байгаа. Гэвч 100 хувь хандиваар босож буй бүтээн байгуулалт байтугай хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд удааширч, үндэсний томоохонд тооцогдох компаниуд ч хүндхэн үеийг туулж байгаа энэ үед эв нэгдлийн бэлгэдэл шүтээнээ бүтээн босгохын төлөө тууштай ажилласаар байна. 

Зөвхөн Монголд төдийгүй олон улсад танигдсан, Монголын бурханы шашиныг дэлхийд таниулах нэгэн шинэ дүр төрх, цаашдаа Монголын аялал жуулчлалын сонирхолын цэгийг нэгээр нэмэгдүүлэх, Өндөр гэгээний урласан урлагийн бүтээлийн хамгийн том хувилбарыг бүтээж буй үндэсний бүтээн байгуулалт руу сонгуульд ялах гэсэн өчүүхэн ашиг сонирхолоосоо болж ийнхүү дайрч давшилж байгаа нь даанч харамсалтай. Эв нэгдлийн бэлгэдэл бурханынхаа эсрэг харсан, Монгол хүн бурханд сүслэж өргөсөн тахилдаа нүдээ унагадаггүй ёсыг уландаа гишгэсэн “жудаггүй” улс төр хийж байгаа нь эрх мэдэл, ашиг сонирхолдоо юуг ч золиослоход бэлэнг болохыг бэлхэнээ харуулж байгаа юм. Төслийн зүгээс зохих шатны хууль хяналтын байгууллагад хандан асуудлыг шийдвэрүүлэхээр ажиллаж байна. Иймд сэтгүүлчид та бүхэн үнэн бодит мэдээллийг ард иргэдэд хүргэж, бидэнтэй хамтран ажиллана уу.