TIME TO TRAVEL: Тайландаар аялсан 17 хоног

TIME TO TRAVEL / Admin
2017 оны 06 сарын 16

Аялал зугаалгын улирал эхэлж, аагим халуун зуны өдрүүд үргэлжилж байна. TIME.MN сайтын зүгээс аяллын хорхойтнуудад зориулан “TIME TO TRAVEL” буланг нээж байгаа бөгөөд эхний зочноор шинэхэн аялагч Ж.Энхжинг урилаа.

Тэрбээр гадаадын 4 улс, эх орныхоо 8 аймгаар аялж үзсэн, аяллын амтыг ид мэдэрч байгаа залуу, шинэхэн аялагч бөгөөд Тайланд орноор хямд зардлаар аялсан туршлагаасаа бидэнтэй хуваалцах юм.

Фэйсбүүк: Энжи Рай

Инстаграм: Enjiray

АЯЛЛЫН ТАЛААР ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЛИЙГ ӨГНӨ ҮҮ?

Анх Улаанбаатараас хөдлөхдөө Камбож, Вьетнам, Тайланд орноор орох төлөвлөгөөтэй байсан ч жаахан бүтэлгүйтсэн. Тайланд санасныг бодвол үнэтэй байсан учраас Камбож, Вьетнам орж чадаагүй. Туршлага дутсан.

Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн - Бээжин - Бангкок - Пукет арал - Пипи арал - Крабби арал - Бангкок - Бээжин - Улаанбаатар гэсэн дарааллаар нийтдээ 20 хоног аялсан.

Дэлхийгээр аялагчид групээс судлаад үзэхээр Тайландыг их хямдхан гэсэн байсан. Өмнө нь Филиппинд очиж үзсэн болохоор Филиппинтэй адилхан хямд юм байна гэсэн ойлголттой явсан. Гэвч Хонгконг, Сингапур зэрэг улсыг бодвол хямдхан ч гэлээ миний төсөөлснийг бодвол өртөг өндөртэй байсан.

Тайландад аялал жуулчлал сайн хөгжсөн учраас хүмүүс нь англиар сайн ярина. Гол нь жуулчдыг шулаад сурчихсан юм билээ. Энэ хүн худалдан авалт хийхгүй ч дараагийн хүн авна гэсэн зарчимтай. Ер нь ард иргэд нь нэлээд баян. Тиймээс мөнгөтэй хүнд үйлчилгээ сайн үзүүлж, сайхан харьцана.

Мөн үйлчлүүлэгч нэгдүгээрт гэсэн ойлголт ер нь ховор. Тайландчууд азиудад тийм ч найрсаг биш. Загнуулах ч үе байсан нь их гайхмаар.

Мэдээж үзэж харах юм ихтэй, сайхан байгальтай, үзэсгэлэнтэй далайн эрэгтэй, тасархай арлуудтай сайхан аялал байсан.

АЯЛЛЫН ҮЕЭР ОЧИЖ ҮЗСЭН ГАЗРУУДЫНХАА ТАЛААР СЭТГЭГДЛЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Тайландын нийслэл Бангкок хотод буухад маш том хот байсан. Гэхдээ олон гудамжтай, аймар шахуу санагдсан. Улаанбаатар шиг алхаад явах саруул зай бол байхгүй. Машины зам, хажуугаар нь явган хүний нарийхан зам. Аймар бөгчим, бүх юм нь давчуу. Юмнууд нь нэлээд үнэтэй. Иргэдээс нь яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гээд асуухад “Өмнө нь Тайландад жуулчин бага ирдэг, үйлчилгээний өртөг хямд байсан ч хоёр, гурван жилийн өмнөөс жуулчны тоо ихсээд юмны үнэ нэлээд өссөн” гэсэн.

Хоол ерөнхийдөө муутай санагдсан. Street food ч идсэн ресторан ч орж үзсэн. Аймар шорвог, бага зэрэг чихэрлэг тийм хоолтой. Хоолны порц их багатай. Хоолонд нэлээд мөнгө үрэгдэнэ. Би бол энэтхэг хоол идээд яваад байсан. Гэхдээ Монголд байдаг энэтхэг хоол шиг порцтой, амттай гэж хэлж чадахгүй.

Пукет арал бол үнэхээр тасархай газар. Далайн эрэг нь маш үзэсгэлэнтэй. Пукетэд маш олон "adventure" байдаг учир уйдах завгүй ёстой сайхан газар. Бангкокоос шууд Пукет арал руу ниссэн нь хямд бөгөөд хугацаа хэмнэнэ. Пукет арал дээр жижиг мото түрээслэх хэрэгтэй. Түрээс нь өдрийн 20 мянган төгрөг орчим. Тэндээ очих далайн эргээ зөв сонгох хэрэгтэй. Гадаадын жуулчид ихээр очдоггүй далайн эргийг сонгоод очвол хямдхан. Жишээлбэл, “Patong” эрэг бол үнэтэй харин “Nai yang” эрэг бараг гурав дахин хямд байсан. Жуулчид их очдог газар хоол, буудал, үйлчилгээний үнэ нь ч хэд дахин өндөр болоод ирдэг юм билээ.

ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗАР, ЗААВАЛ ХИЙЖ ҮЗЭХ ЗҮЙЛСИЙН ТАЛААР НЭРЛЭНЭ ҮҮ?

Заавал үзэх газар гэвэл “Big budda” буюу хэвтэж буй буддаг үзэх хэрэгтэй байх. Бангкок хотод Wat Pho сүмд энэ будда байдаг.

Бас Тай массаж. Би Бангкокт нэг массажинд их үнэтэй орсон. Гэхдээ үнэхээр таалагдаагүй. Харин хямдхан массажууд нь арай дээр юм билээ. Крабби арал дээр 4 дахин хямд үнээр массаж хийлгэсэн нь их таалагдсан.

Пукет арал дээр “Paradise beach” дээр очихыг зөвлөж байна. Тэнд Kayaking завиар явж үзэх хэрэгтэй. Тэр нь үнэгүй. Тайландад үнэгүй юм байгааг хараад аймар гайхсан.

Тайландад очвол заавал заантай хамт байж үзээрэй. Заантай холбоотой олон үйлчилгээ байдаг юм билээ. Заан унах, заантай тоглох, заантай хамт усанд орох гэх мэт.

Пипи арал дээр Fireshow болдог. Тэр маш их таалагдсан.

Шүхрээр буух, “bungee jump”, Ski гээд үйлчилгээ, адал явдал бол арлууд дээр маш олон.

Ерөнхийдөө “Tourist center” дээрээс очоод эргэн тойрны арлуудын аялал, авч болох үйлчилгээ, үнэ хөлсийн талаар маш олон сонголт байдаг.

АЯЛЛЫН НИЙТ ЗАРДАЛ ХЭД БОЛСОН БЭ? ЗАРДЛАА ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Би өмнө нь баян хүн л аялдаг, жуулчилдаг гэж боддог байсан. Гэтэл зүгээр л зорилго тавиад, мөнгө цуглуулбал хэн ч аялж болно гэдгийг ойлгосон. Зардлаа цалингаа цуглуулж л олсон доо. 

Эмэгтэй хүн юм чинь цалингаа буухаараа гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунар авах гээд өмнө нь зардал хэрэглээ өндөртэй байсан. Филлипинээс ирснээсээ хойш ажиллаад, мөнгөө цуглуулж эхэлсэн. Аялалдаа зориулж өөрийнхөө зардлыг нэлээд танасан. Өмнө нь хэрэггүй зардал гаргадаг байсан гэдгээ ойлгосон.

Үнэтэй гутал авах гэж байсан бол болиод, найзууд хоол идье гэвэл татгалзах, гадуур хоол идэхээ болиод гэртээ очиж хоол хийж идэх гэх мэтээр. Мөнгөө өрөөнийхөө шкафанд хадгалсан. Өдөр болгон 5, 10 мянга гэлтгүй шкафандаа хийгээд, цалингаа буухаар ихэнх мөнгөө шууд хийчихдэг байсан. Нийт зардал 1 сая 850 мянган төгрөг болсон юм уу даа. Чи хэмнэж л чадвал хамгийн хямдаар аялж чадна.

Бээжин хүртэл 200 мянга. Бээжингээсээ Бангкок хүртэл онгоцны билет ирж очихын 500 мянган төгрөг. Очоод буудал нь янз янзын үнэтэй. Бангкокын буудал өглөөний хоолгүй хэрнээ 700-800 baht буюу 49-56 мянга орчим төгрөг. Пукет арал дээр гэхэд өглөөний хоолтойгоо буудал нь 500 baht буюу 35 мянган төгрөг орчим.

Тэгээд арал хооронд явах унааны зардал, нисэх буудлаас далайн эрэг, хот хүртэлх унааны зардал гэх мэтчилэн гарна. Шоппинг хийх зардал бол хязгааргүй шүү дээ. Би бол хямд зардлаар аялах төлөвлөгөөтэй байсан учраас шоппинг хийгээгүй гэж хэлж болно. Найзууддаа жижиг бэлэг сувинерүүд, ээждээ цүнх, өөртөө өмд гэхчлэн жижиг зүйлс авсан. Ер нь хувцас авлаа гэхэд урагдаад дуусна. Харин дурсамж бол үүрд үлдэнэ шүү дээ. Тиймээс илүү их дурсамж үлдээхийг зорьж, аялж эхэлсэн.

ЖИЖИГ ЗАРДЛУУДЫН ТАЛААР БОЛОН ЗАРДАЛ ХЭМНЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАНА УУ?

Хамгийн эхний зардал хэмнэх зүйл бол Улаанбаатараас шууд нисэлгүй Бээжин хүртэл яваад тэндээс нисвэл зардал хэд дахин бага байдаг. Жишээлбэл, Бангкок хүртэл Улаанбаатараас шууд нисвэл ирж очих зардал бараг 2 сая төгрөг болохоор байсан. Гэтэл Бээжин хүртэл яваад тэндээсээ Бангкок хүртэл нисэх зардал ирж очихоо тооцвол 700 мянга байх жишээтэй.

Улаанбаатараас галт тэргэнд 22 мянган төгрөгөөр суугаад Замын- Үүд орно. Замын-Үүдээс Бээжингийн автобусанд ирж очихын 400 юаниар сууна. Автобусны буудал дээр буухаар таксинууд байдаг. Такси нь нисэх буудал хүртэл 800 юань гэж байсан санагдаж байна. Их үнэтэй. Тэрний оронд метронд суугаад газрын зургаа хараад явбал 25 юань төлөөд нисэх буудал орох боломжтой.

Бээжингийн буудлаасаа Бангкок хүртэл ниснэ. Нисэх буудал дээр буухад мөн л такси байна. Гэхдээ хотын төв орох такси мэдээж үнэтэй. Хотын төв рүүгээ нэлээд ойртдог A1 гээд автобус байдаг юм билээ.

Ер нь аль ч нисэх буудал дээр буулаа гэхэд таксинд биш автобусанд суугаад метрогоор явах нь зөв санагдсан.

АЯЛАХ ГЭЖ БУЙ ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Ямар нэг шингэн зүйлийг 100 мл-аас дээш бүү авч яв гэж зөвлөе. Би Бээжингийн онгоцны буудал дээр хил гарах үеэр хураалгасан.

Том цүнх, хүнд ачаа битгий авч яваарай. Хэрэв хамгийн хямд нислэгээр нисье гэвэл ачаа 7 кг-аас дээш бол ачааны мөнгө төлдөг. Жижиг хоёр цүнх бариад ороход асуудалгүй. Гэхдээ миний цүнх бараг 14,5 кг байсан. Ачаанд ачуулбал төлөх мөнгө нь бараг 200-300 мянган төгрөг болохоор байлуу даа. Тэгээд цүнхэн дэх хувцсаа давхарлаж өмсөөд л ачаагаа 7 кг болгож байсан.

Буудлаа www.booking.com-оос захиалсан. Ер нь буудал, билет хоёрыг эрт захиалбал хямд. Гэхдээ байрлах буудлаа сонгохдоо “Free cancellation” гэдгийг харах хэрэгтэй юм билээ. Сэтгэлд нийцэхгүй бол захиалгаа цуцлаад өөр газар руу явах нь зөв. Буудал захиалахдаа хотын төвөөс аль болох ойр “Center” гэсэн сонголтоос сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Бангкок маш том хот, явж мэдэхгүй учраас буудлаа хайж цаг алдах, хайж хол газар явах эрсдэлтэй.

Бангкокт хүн тэрэгээ “Tuk tuk” гэж нэрлэдэг. Хүн тэрэг нь таксинаасаа илүү үнэтэй. Тиймээс таксинд суугаарай. Гэхдээ заавал метртэй гэрэл ассан таксинд суух хэрэгтэй. Тийм гэрэлгүй таксинд суувал аманд орсон үнээ хэлдэг.

Бангкокт VIP завин аялалд суусан. Сулгахдаа бол сүртэй сүртэй юм их ярьдаг юм билээ. Гэхдээ 30 минут шахуу зүгээр л явж байгаад ирсэн. Тэгснээс жуулчдын нийтийн завинд суусан нь дээр юм билээ. Худлаа хэлж мөнгө идэх арга л юм байна лээ.

Пукет арал дээр такси барих хэрэггүй. Такси барьсан л бол ямар зайнд явснаас үл шалтгаалаад 200 baht нэхдэг. Мото түрээслэвэл маш хямд. Өдрийн 200 baht байдаг.

Мото түрээсэлсэн бол заавал хамгаалалтын малгайг өмсөх хэрэгтэй. Малгайг өмсөөгүй бол цагдаа нар нь хатуу торгодог. Цагдаа нар нь үнэмлэх шалгадаггүй ч малгай өмсөөгүй л бол шууд зогсоогоод торгодог.

Очих далайн эргээ зөв сонгох хэрэгтэй гэдгийг дээр дурьдсан.

Ямар нэг маргаан, хэрэг явдал болвол “Tourist police” гэж байдаг. Жуулчдад үйлчлэх цагдаа нар нь яг жуулчныхаа талд орж хамгаалдаг юм билээ. 

Үнэхээр сайхан амармаар байгаа бол Бангкок дээр хонолгүй шууд Пукет арал руу явах хэрэгтэй юм шиг санагдсан. Харин шоппинг хийе гэвэл Бангкокт буусан нь дээр л дээ.

ТАНЫ ДАРААГИЙН АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ОЧИХЫГ ХҮССЭН ГАЗАР?

Энэ жилдээ азийн орнууд руу явна гэж бодоод байгаа. Камбож Вьетнам орно гэж бодож байгаад чадаагүй болохоор шар гозойгоод байгаа.

Очихыг хүсдэг газар гэвэл бүх улс орон л байна даа. Чадах чинээгээрээ дэлхийн бүх улсуудаар бага багаар орно гэж боддог. Мэдээж эх орныхоо үзэсгэлэнтэй сайхан байгалийг үзэж, бүх аймгуудаар явах хүсэл байгаа.



“TIME TO TRAVEL” булангаараа бид баасан гараг бүрт гадаад улс орнуудаар болон эх орныхоо үзэсгэлэнт нутгаар аялсан аялагчдын зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр зорьж байна. Хэрэв Та өөрийн аяллын түүхээсээ хуваалцахыг хүсвэл TIME.MN фэйсбүүк хуудас руу бичээрэй.