Франц улс терроризмын эсрэг шинэ хууль батлав

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 04

Франц улсын парламентын доод танхим ойрын хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх терроризмын эсрэг онцгой нөхцөл бүхий шинэ хууль баталлаа. Уг хуульд онцгой нөхцөл байдалд зохицуулалт хийгдэж болохуйц шинэ заалтууд батлагдсан. Тухайлбал, терроризмтой тэмцэх Францын өмнөх хууль нэлээд болхи, хуучинсаг байсан бол шинэ хуулиар гүйцэтгэх ажиллагаа, тусгай ажиллагааны мөрдөн шалгах явц, урьдчилан сэргийлэх арга хэрэгслийн шугамаар обьект бүрт шууд нэгжлэг хийх эрхтэй болж байгаа юм.

Хэдийгээр Францын хүн амын дийлэнх нь шинэ хуулийн заалтыг зөвшөөрсөн ч зарим иргэд хүний эрх зөрчиж буйг шүүмжилж байна. Шинэ хуулиар хууль сахиулагчид албан байгууллага, бусдын хувийн өмч гэлтгүй урьдчилан үл сануулахгүйгээр айл, гэрт гэнэтийн шалгалт хийх эрхтэй юм.

Франц улс нь Арабын ертөнцтэй газар зүйн байрлалын хувьд ойролцоо, олон зуун жилийн турш Африкийн орнуудаас цагаачдыг ихээр нэвтрүүлдэг учир Европын орнуудтай харьцуулахад алан хядагчдын золиос болох явдал тасардаггүй. Үүний нэг жишээ гэхэд Исламын улсын алан хядагчид 2015 оны 11-р сарын 13-нд Парист 130 хүний амь хороосон нь Европын өөр аль ч оронд болж байгаагүй фронтын бус цуст тэмцэл билээ.

Франц улс хэзээ мөдгүй алан хядагчдын бай болж болзошгүй байдаг учраас тус халдлагаас хойш улс орон даяар зарласан онцгой байдлыг зургаан удаа сунгасан ч өмнөх хуулиар ийм олон удаа цагийн онцгой нөхцөл зарлах боломжгүй. Тиймээс хууль санаачилагчид Франц улсад хоёр жилийн турш хүчин төгөлдөр мөрдөгдөх алан хядагчдын эсрэг тэмцэх онцгой заалтууд бүхий хууль баталсан нь энэ аж.

Т.Бат