ДУУТ ЭЛСТЭЙ ГОВИЙН АЯЛАЛ

Фото / Time Admin
2017 оны 10 сарын 09

Миний нэрийг Амедио гэдэг. Би 26 настай, Ром хотноо сэтгүүлзүйн чиглэлээр сурч 2016 онд төгссөн. Суралцаж байх хугацаандаа АНУ, Франц, Япон, Солонгос улсад аялж, ажиллаж байсан. Хэдий эдгээр улсуудад аялж, ажиллах нь миний суралцах хугацааг уртасгаж орхисон ч ажлын ширээн дээрх туршлага надад маш их хэрэг болдог. Өдгөө би олон жил хүсэж байсан улсдаа буюу Монголд ирж, Time.mn сайттай хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд туршлага сууж байгаадаа баяртай байна. Аялалын маань өмнөх хэсгийн фото тэмдэглэлүүдийг энд-ээс, мөн энд-ээс үзнэ үү. 

Эхлэл

Наймдугаар сарын эхний хоёр долоо хоногт миний бие Монголын цөөнгүй газраар аялаж амжив. Тухайлбал, өмнөд болон хойд нутгийн говь, эртний хот Хархорум, Эрдэнэзуу хийд, Цагааннуур, Хөвсгөл нуурыг үзэв. Аяллын үеэр Монголын нэгэн онцлогийг мэдэрсэн минь энэ. Улаанбаатар хотод байхад энэ бүхэн төдийлөн анзаарагдаагүй. Цэвэр агаар, байгалийн сайхныг үзэж, үзэсгэлэнт газрууд болон тэнд амьдардаг хүмүүстэй танилцсан. Монгол бол Төв Азийн орнуудаас миний очиж үзэж буй анхны улс билээ. Хөндий тал, уулс, тал хээр, алслагдсан жижиг тосгод, гэр баазууд бүх зүйлээс тусгаарлагдсан мэт. Ийм бодит хийгээд диваажин мэт орчин надад онцгой мэдрэмж төрүүлсэн. Монголын үзэсгэлэнт газруудаар аялж дуусаад, Улаанбаатарт ирсэн хойноо би аяллынхаа талаар бичихээр шийдсэн юм. Аялж явахдаа хамгийн гоё гэсэн зургуудаа сонгож, сэтгэгдэл үлдээсэн газруудаа бичсэн билээ.

1. Улаанбаатар хотоос говийн элсэн манхан бүхий газар хүртэл ихэвчлэн нэгээс хоёр өдрийн зам туулна. Мэдээж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж очих хугацаа янз бүр байж болох бөгөөд жолоочийн чадвар ч үүнд хамаатай. Хамгийн ойр хот бол Даланзадгад. Гэсэн ч зам эвдэрч, дэд бүтэц муу учраас Даланзадгад хотоос элсэн цөл рүү хүрэхэд дор хаяж 180 км тойрох хэрэгтэй болсон. Хатуу хучилтат замаас гарч, шороон зам руу ороход жолоочийн ур чадвар нэлээд шаардагддаг бололтой. 

 

2. Барууныхны нэрлэсэн “цөл” гэх үгээр хэвчлэн элсэрхэг газар нутгийг хэлдэг. Барууны ойлголтоор цөлийн талаар төсөөлбөл шууд л Сахара эсвэл захгүй элсэн далайг хэлж байна гэж бодох болно. Гэвч Монголын говь цөл ийм ойлголтоос ялгаатай. Энэ нутгийн цөл нэг сая хавтгай дөрвөлжин км талбайг хамарч, Монгол болон Өвөрмонгол (БНХАУ)-ын нутгийг дамнан оршдог. Газар нутгийн дийлэнх нь тал, хээрийн бүс. Энэ нутгийн дийлэнх нь нимгэн өвсөн давхаргатай учир тэмээ, ямаа, адуу болон говийн бусад амьтдын тэжээл болно.


 
3. Өмнөд нутгийн амьтад илүү том, тоо толгойн хувьд цөөхөн болж ирдэг. Гэлээ ч гүрвэл мэт хэвлээр явагчид түгээмэл байна. Говийн хуурай хөрсөн дээр энэ мэт амьтдыг олж харах нэлээд хэцүү юм.

 
4. Говийн элсэн манхан 100-180 км хүртэл үргэлжлэх тохиолдол бий. Тэдний дундаж өндөр (налуу) 80-350 метр. Хэдийгээр цөлийн зарим элсэн манхан жижиг мэт харагдавч ийм зуу, зуун манхан байдаг. Салхины нөлөөллөөс үүдэж элс байнга нүүдэллэх хэдий ч манхан хэлбэрээ өөрчлөхгүй. Салхи ширүүн салхилах үед жижиг нурууд үүсгэн, нуранги гүнзгийрэх тусмаа исгэрэх мэт дуу авиа гаргана. Энэ авиаг хүмүүс маш сайн мэддэг төдийгүй “далайн элс” гэж нэрлэдэг аж. 


 
5. Говьд амьдрах нүүдэлчин гэр бүл. Тэд жилд дунджаар 3-4 удаа нүүнэ. Ингэхдээ хамгийн багадаа 8, ихдээ 10 км-ийн радиуст нүүдэллэдэг байна. Монгол орны аялал жуулчлалын салбар эдгээр нүүдэлчин гэр бүлд тодорхой бизнес эрхлэх сэдэл болсон нь бий. 


 
6. Улаанбаатараас бидний зорих газар хүртэл хол. Хатуу хучилттай зам дуусч, цоорхой, хагархайгаар дүүрсэн зам үргэлжлэх ба тоос, шороо, бохирдол маш их. Бид говийн айлд очсоны дараа автомашины дугуйгаа янзлах хэрэгтэй болов. Үгүй бол манай дараагийн өдрийн аяллууд нэлээд хүндрэлтэй үргэлжлэх байлаа. Говийн нутгаар аялж явахдаа миний хувьд монгол жолооч нарыг биширсэн. Тэд туршлагатай механикчаас гадна ямар ч асуудал тулгарсан бай үл хамааран үргэлж шийдлийг олж чаддаг юм билээ. 

7. Хэдийгээр миний аялал жуулчны улирлын оргил үед таарсан, басхүү сайн хөтөч, мундаг жолоочтой байсан ч говь цөлийн цаг агаарыг ааш байдлыг дурьдахгүй байхын аргагүй. Энд байнгын хуурай байхаас гадна бороо маш ховор орно. Зуны улиралд говьд өдөртөө 45 хэм хүрэх ба өвөл -40 хүрдэг байна. Жил бүр олон хүн хэт халуунаас болж даралт ихсэх гэх мэт өвчнөөр амиа алддаг талаар сонслоо.


 
8. Говийн нүүдэлчдийн хамгийн найдвартай гаршуулсан амьтан бол тэмээ юм. Тун найдвартай тээврийн хэрэгсэл болохоос гадна идэшэнд хэрэглэж болно. Тажкистан, Узбекистанд тэмээ хариулдаг айл олон бий. Хавтгай тэмээ нь Афганистанаас Манжуурын зүүн хязгаар хүртэл нутагладаг бол гаршуулан тэжээсэн хоёр бөхт тэмээ Монголын говьд л бий. Хуучны торгоны замын эрин үед худалдааны шилдэг тээврийн хэрэгсэл нь хоёр бөхт тэмээ байв. 


 
9. Хоёр бөхт тэмээг гаршуулан, хамарт нь ердийн модон савааг цоолон хийж, уналга, ачилгад ашиглахад дуулгавартай амьтан болгож орхино. 

10. Элсэн цөл, говийн толгод хийгээд энэ газар аялахаар ирсэн жуулчид багадаа хоёр хонодог гэнэ. Тэд өөрсдийгөө завгүй байлгахын тулд тэмээ унаж, ойрын аялдалд гардаг байна. 

11. Герман жуулчид аялалд гарахаас хэдхэн хормын өмнө. 

12. Би ч бас тэмээ унасан. Говийн хурц нар арай ядан зөөлөрч, үдээс хойш болмогц элсэн манханд хамгийн ойртсон минь энэ. Хөтчөө дагуулан энэ газраар аяласандаа сэтгэл дүүр байв. Говьд хачин сонин ургамал үзэгдэх ба нэг хэсэг газар ер бусын байгалийн үзэсгэлэнг шингээсэн байв. Жижигхэн гол урсч, өвс ногоо ургасан энэ хэсгийг нутгийнхан “Хонгор” гэж нэрлэдэг юм билээ. 

13. Элсэн манхны нэг хэсэг нар гудаймагц наран шарлагын байгалийн сонин тогтоц болж хувирсан. 


 
14. Ойролцоогоор 350 метр өндөр уул мэт толгод үүсгэсэн элсэн манхан. Энэ жимээр дээш авиран гардаг бөгөөд дээш өгсөх тусам хөл элсэнд гүн шигдэж, алхахад хэцүү болж байв. Хамгийн өндөр манхан руу гарахын тулд дор хаяж 30-40 минут зарцуулна. Жуулчдын ихэнх нь удаан хугацааны турш авирч байж ер бусын үзэсгэлэнт энэ газрын оргилд хүрсэн билээ. 


 
15. Аялагчид цуваагаар дээш өгссөөр оройд нь гарчээ. Авирагчдын хамгийн сүүлд явсан болохоор дээшлэх тусам амьсгаа давхцаж байлаа. Хүмүүс 30 минутын хөдөлмөрийнхөө дараа нэлээд ядарсан байдалтай манханы оройд сууж харагдана. 


 
16. Хамгийн дээр гарсан авирагч баяр хөөртэйгээр өөрийнхөө амжилтыг, эхэлсэн цэг рүүгээ харан тэмдэглэж байна. 

17. Ингээд миний авиралт ч дууслаа. Эхний алхамаас энэ хүртэл элсэн манхануудын үзэсгэлэнг биширч явсан билээ. Хөх өнгийн хавирган сар цэлмэг тэнгэрт мэлтийж, элсэн уулсын оргилууд тэнгэрийн хаяатай өнгө ялгаран холилдож байсан юм. Нарны илч буусан ч тодоос тод гэрэлтсэн хэвээр байсан. 

18.Бидэнтэй таарсан өөр нэгэн бяцхан аяллын групп үзэсгэлэнт байгалийг бишрэн байлаа. Тэд элсний нүүдлийн дагуу сонирхолтой аялал хийж байгаагаа тайлбарлахын сацуу элсээр тоглож, зарим нь зүгээр л сууж байлаа. 

19. Энэ бол элсэн манханы яг оргил дээрээс харагдах байдал. Салхины аясаар сонин хэлбэрт орсон элсний давалгаа гэрэл сүүдрийг зэрэгцүүлэн харагдаж байна. Эндээс 100 орчим км-ийн цаана уулс, хээр тал, элсний нарийн хэлхээс үргэлжилсээр Өвөрмонголын хил залгадаг байна.

 

20. Өмнөд Солонгосын гурван жуулчин говийн элсэн дээр барьсан майхнаа янзалж байна. Тэдний майхан салхины аясаар сэрвэлзэх аж. 

21. Нар бууж, гэгээ тасрах дөхсөн үед сүүдэр илүү урт, болж, удахгүй бүр мөсөн нөмрөн авах гэж буй мэт. Зочид яг л мөргөлчид шиг уулсаас уул руу, толгодоос толгод дамжин алхсаар байлаа. 

22. Далайн эргээс нар жаргахыг харж буй мэт элсэн манхан дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй. Энэ газраас дээд болон доод гадаргуу нь элсэн хөшиг шиг бөгөөд салхины нөлөөний улмаас улам бүр сайхан харагдсаар байх болно. 

23.Нар жаргах үзэгдэл маш богино хугацаанд үргэлжилсэн. Хэдхэн хоромын дотор нар хэдийнээ жаргажээ. Тэр мөчийг хүлээж байсан бидэнд энэ явдал гэнэтийн зүйл байлаа. 

24. Нар шингэхийг харж байхдаа би анх Чаэтэй танилцсан. Тэр 25 настай, солонгос охин. Сөүлд амьдардаг бөгөөд хөгжимчин аж. 8-р сарын эхний хагас Өмнөд Солонгост амралтын үе таардаг. Улмаар энэ үеийг тааруулан тэрбээр Улаанбаатарт аялахаар иржээ. Бидний аяллын багт ихэнхдээ солонгосчууд байсан юм. Түүнтэй танилцсаны дараа яагаад Монголд аялах болсныг нь асуусан. Тэр хариуд нь “Би маш олон газраар аялсан. Азийн ихэнх орон, Япон, Тайланд, Тайваньд очсон" гэж хэлэв. Мөн тэр Европ, АНУ-д хүртэл аялж үзжээ. Гэхдээ Монголд аялах нь түүний хувьд олон жилийн сонирхол байжээ. Тухайлбал, Монгол Улс БНСУ-тай ойрхон, амьдралын болон аяллын өртөг хямд. Мөн байгалийн гоо үзэсгэлэнг нь мэдрэхийн тулд Монголд ирсэн гэнэ. Түүнчлэн Өмнөд Солонгост Монголтой адилхан цэвэр агаараар амьсгалах боломж бага байдаг аж. Мөн Чаэ морь унаж, Монгол орны ногоон бүс, говь, хээрийн бүсээр зугаалахаар ирсэн аж. 

25. Цөлийн сайхныг мэдрэхээр ирсэн Өмнөд Солонгосын гурван жуулчин. Тэд нар жаргахыг ажиглаж дууссаны дараа жуулчны бааз руугаа буцахаар болсон байна. Тэдэнтэй хамт явсан хөх цэнхэр цамцтай нь хөтөч нь аж. 

26. Жуулчид элсэн дээр чаргаар гулгаж байлаа. Яг цасан дээр гулгаж буй мэт сайхан хөгжилдөөн. Налуу нь өндөр, газар нь уужим учраас чарга нэлээд хурдтай бууж байлаа. Бараг л бэртэхгүй учраас энэ тоглоом бүх хүнд таалагдсан. 


 
28.Миний хөтөч бид хоёр хүмүүс явсны дараа элсэн манханд үлдэв. Тэнгэр улаавтар өнгөөр гоёж, сарны цагаан тойрог тэнгэрт мэлтийнэ. Элс сүүдэртэж, харанхуй болж байгаа ч сонирхол татахаар байсан. 

28.Уулын нөгөө энгэрт би нэгэн итали хүнтэй тааралдав. Түүнийг Жуилио гэдэг. Бид нэг хэлээр ярьдаг болохоор тэр дороо л ойлголцов. Жуилио 25 настай, Чаэтэй чяцуу байлаа. Тэр мөн л Чаэгийн адилаар Монголд аялахаар ирсэн ч богино хугацаатай газарджээ. Тэр нийтдээ 7 хоногийг л аялахад зарцуулсан байв. Нэг долоо хоногийн хугацаанд Монголын хаана очихоо шийдэхдээ говийг сонгожээ. Яагаад ийм сонголт хийснийг асуутал “Итали Монголоос маш хол. Хол газар аялж үзэх л сонирхолтой байсан” гэж хэлсэн юм. 

29. Би Жуилиогоос сүүлчийн асуултаа асуухад аль хэдийн шөнө болсон байлаа. Нар хэдийн шингэж, бүрэнхийн гэгээ ч тасарсан байв. Тэнгэрийг зөвхөн сар гэрэлтүүлж, бид элсэн манханаас бууж жуулчны бааздаа буцаж ирлээ. Маргааш өглөө нь бид говийн үзэсгэлэнт газрыг орхиж Даланзадгад руу явна. Гэсэн ч манай баазад шинэ жуулчид олон ирсэн байв. Энэ байдал зун дуустал үргэлжлэнэ гэж хөтөч маань хэлсэн. Өвлийн улиралд элсэн манханд үзэх зүйл ховор учраас нутгийн уугуул малчид хавар хүртэл нам жимхэн амьдардаг байна.