Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 10, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 10 сарын 10

1. С.Амарсайхан: НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг нээлээ

НИТХ-ын даргаар НИТХ төлөөлөгч С.Амарсайхан сонгогдлоо. С.Амарсайхан сонгогдсон даруйдаа НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэлэв. Тэрбээр, “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага буюу НИТХ-ын даргаар нэр дэвшүүлж, сонгосон та бүхэнд талархаж байна. Өнөөдөр та бид олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг нээлээ. Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Та бид албан тушаал эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх ховорхон боломж, эсвэл цаг нөхцөөх талбар гэж хандах бус өөрчлөлт шинэчлэл хийх өндөр үүрэг гэж үзэн урьд өмнөхөөс илүү хурдтай, эрс шийдэмгий, зоригтой ажиллах цаг үе та бидний өмнө байна.” хэмээв.  [Time.mn]

2. Уул уурхайн яаманд авлигын маш том эрсдэл байгааг АТГ-аас тогтоожээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүллээ. Тэд Уул уурхайн яаманд авлигын маш том эрсдэл байгааг АТГ-аас тогтоосон байна. Тухайлбал, уул уурхайн 19 мэргэжилтэн давхар шинжээчээр ажиллаж 3-25  сая төгрөгийн хөлс авчээ. Мөн аж ахуй нэгжүүдээс авсан хөрөнгийг төрийн санд орлогоор бүртгэдэггүй, банкинд тусдаа данс нээж зарцуулж байжээ. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон  хоёр албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна. [Medee.mn]

3. О.Баасанхүү МАХН-ын бага чуулганыг хуралдуулахыг шаардав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж,  "МАХН нь шинэчлэгдэх цаг нь болсон байна. Үүний тулд Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байна" гэжээ. О.Баасанхүү, “Аливаа нам Их хурлаа их хурлаа хийх ёстой. Намын бага чуулганаа хуралдуулаад Их чуулганаа хийнэ. Өөрийн үгээр явуулах гэсэн, долдойдуулсан хүнээр энэ намыг удирдуулж болохгүй" хэмээн хэлсэн нь илэрхий намын даргадаа хандсан үг юм. Шат дараалсан сонгуулийн ялагдлын дараа Н.Энхбаяр болон тус намаас УИХ-д ганц суудал авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын зөрчил нэмэгдсээр байгаа билээ. [news.mn]

4. Хориотой бараа хилээр нэвтрүүлэхийг завджээ

Цагдаагийн ерөнхий даргын баталсан тушаалаар “Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Уг арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Б, Т нар нь 2017 оны 10 дугаар сарын 7-нд их хэмжээний бугын чив, дагзтай нь тайрсан бугын эвэр зэргийг их хэмжээгээр зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн, Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж байна. [shuud.mn]

5. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино Оскарт өрсөлдөнө

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан байна. Энэ талаар тус киноны уран бүтээлчид маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 10-нд Театрын музейд хэвлэлийн бага хурал хийх аж. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киног Д.Золбаяр найруулжээ. 2018 онд энэ төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлж байгаа юм байна. 90 дэх удаагийн Оскарын наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. [Ikon.mn]

6. Ой хээрийн түймрийн улмаас дарсны үйлдвэр шатжээ 

АНУ-ын Калифорни мужид асар том ой хээрийн түймэр тархлаа. Түймрийн улмаас дарсны үйлдвэр бүхий талбай шатсаны улмаас дор хаяж 10 хүн амиа алдахын сацуу хэдэн зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Түймэр Сонама, Напа, Якуба хотыг дамнан тархсанаас Калифорни мужийн захирагч онцгой байдал зарлаад байна. Одоогоор дээрх гурван хотоос дор хаяж 20 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Калифорни мужид хавар, намрын цагт ой хээрийн түймэр дэгдэж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсаар байгаа тохиолдол сүүлийн 20 гаруй жил тасалдаагүй юм. [BBC]

7. Франц улс каталоны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй 

Испанид өрнөж буй каталон үндэстнүүдийн тусгаар тогтнох эсэх асуудал ойрын өдрүүдийн гол дуулиан болоод буй. Тэгвэл каталончуудыг Испаниас салан тусгаарлахыг Франц улс дэмжихгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Европын бүсийн санал асуулга хариуцсан Натали Лиозу энэ сарыг дуустал каталоны тусгаар тогтнох эсэх асуудлаар Европын орнуудаас санал сонсох юм. Харин Европын гүрнүүдээс хамгийн түрүүнд Франц улс Барселоныг бие даасан улс болох нь ямар ч шаардлагагүй, бүс нутагт зөрчил нэмэх шийдвэр байх болно гэж үзжээ. Цаашид каталон муж тусгаар тогтнох эсэхийг Англи, Голланд, Герман, Польш зэрэг орнуудын эрх баригчдаас сонсгол байдлаар саналыг нь авах аж. [CNN]

8. Идлиб хотод Туркийн тагнуулын групп байрлалаа

Сирийн Идлиб хотод Туркийн армийнхан нэвтрэн орж, туршилтын бүс байгуулах үүднээс тагнуулын группээ илгээсэн байна. Идлиб орчимд Турк, Сирийн засгийн газрын цэргүүд хамтран босогчид болон Исламын улсын цэргүүдээс хамгаалах бүс байгуулахаар гэрээ хэлэлцээр хийсэн юм. Үүний шугамаар туркчууд хуягт танк бүхий хоёр отряд, явган цэргийн нэг бательеон, агаарын дайрагч зориулалттай Миг18 нисдэг тэрэг хоёр, бусад дагалдах техник хэрэгслийн хамт Идлибт орж ирээд байна. Турк улсын дэмжлэгтэйгээр Сирид болж буй иргэдийн дайныг намжаах үүднээс ийм дөрвөн ч туршилтын аюулгүй бүс байгуулахыг талууд дэмжээд байгаа юм. [CNN]

9. Зарим оронд марихуаны хэрэглээг хуульчилна

Африкийн зарим улсын засгийн газар ашиг олох, марихуаны хэрэглээг хянах үүднээс “ногоон алт” гэгддэг тус ургамлыг хуулийн хүрээнд хэрэглэх, зөөвөрлөх, борлуулахыг зөвшөөрөхөөр хэлэлцэж байна. НҮБ-ын судалгаагаар Африк тивийн орнууд нь марихуан тариалалтын диваажин бөгөөд жилд 10 мянга орчим тонн ногоон навч дэлхийн өнцөг булан бүрт борлогдож буй юм. Тиймээс Африкийн орнууд марихуаны хэрэглээг хянах, ашиг олох үүднээс хуулийн хүрээнд татвар авах зэргээр асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. Африкийн орнууд дотроос Марокко, Өмнөд Африк зэрэг оронд марихуан хамгийн ихээр ургадаг бөгөөд хэрэв цаашид хууль ёсоор марихуан тарьж ургуулах, борлуулахыг зөвшөөрвөл энэ төрлийн бизнес асар их ашиг олно гэж тооцож буй гэнэ. [Euro news]

10. Вегасын алуурчин урьд нь хамгаалалтын албанд байжээ

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон халдлагыг зохион байгуулсан Стефан Паддок урьд нь хамгаалалтын албанд ажиллаж байсныг эх сурвалжууд нотолжээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан зэвсэгт халдлагын эзэн холбогдогч Паддок нь 2013 онд сэтгэцийн эмнэлэгт хяналтад орж байсан ч нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэн, улмаар хамгаалалтын албанд хэдэн сарын турш албан хаасан байна.  Тэрээр зургаан минутын турш гал нээхдээ 58 хүнийг хороож, 500 гаруй иргэнийг шархтуулсан юм. Цагдаагийнхан Паддокыг халдлага үйлдэж байх явцад буудан хөнөөсөн ба хамгийн сүүлд тус хэрэгт түүний найз бүсгүйг холбогдуулан шалгасан ч гэм буруугүй нь тогтоогдсон билээ. [Reuters