Д.Эрдэнэбат: Төрд үл үзэгдэх хулгай дээрэм, хариуцлагагүй байдал газар авлаа

Улс төр / Time Admin
2017 оны 10 сарын 10

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.  Тэд шинэ засгийн газар болон УИХ-аар хэлэлцэх төсвийн тодотголын талаар мэдээлэлдээ дурдав. 

Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Засгийн газар огцроод сар боллоо. Шинэ Ерөнхий сайдыг томилоод 7 хонолоо. Энэ хугацаанд Монголын Төрд төрийн гүйцэтгэх ажиллагаа зогсож, үл үзэгдэх хулгай дээрэм, хариуцлагагүй байдал газар авч байна” гэв. 

Бүлгийн зүгээс шинэ засгийн газрыг яаралтай байгуулж, зодооноо зогсоон ажилдаа орох ёстой гэв. Төрийн ажил бүх түвшинд гацсан нь ард түмэнд ашиггүй гэдгийг хэллээ. 

"Төсвийн орлого оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна. Төсвийн орлого нэмэгдэж байхад эдийн засаг дампуурлаа, дефолт боллоо, гэдэг үлгэрээр нийгэмд зохиомол айдас үүсгэн цааш явж болохгүй гэдгийг шинэ засгийн газарт сануулмаар байна. Төсвийн тодотголд хөрөнгийн зардал нэмэхгүй, хүнийхээ цалинг нэмэх ёстой  гэж бид үзэж байна" гэв. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Үр ашигтай харицулагатай төсөвтэй байя гэвэл жилд 1-2 удаа тодотгоод байгаа энэ төсвийнхөө хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ерөөсөө төсвийг тодотгодоггүй байх нь зөв. Төсвийг тодотгох бүртээ дагаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлыг таслан зогсоомоор байна. Тийм учраас Төсвийн хуулийг сайжруулж, Засгийн газар ч хуулиа дагаж мөрддөг ийм системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, "Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой хэдэн тоо баримтыг үнэнээр нь хэлэх шаардлага гарсан. Миний өмнө гадаад өрийн статистик байна. 2016 зургадугаар сард Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая доллар байсан.  Тэгвэл жилийн дараа Засгийн газрын өр 6 тэрбум болж нэмэгдсэн. Нэг тэрбум гаруй доллараар огцом нэмэгдсэн. Тэрбум гаруй долларыг юунд зарцуулсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. АН-ын Засгийн газрын үед 1.5 тэрбум долларын бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийж болдог байсныг та бүхэн харсан. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригч нам Чингис бондтой дүйцэхүйц хэмжээний өр зээл, үнэт цаас гаргаж тавьсан. Гэвч бүтээн байгуулалт алга, ажлын байр нэмэгдэхгүй байна." хэмээв.