Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 9, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
11 өдрийн өмнө

1. Д.Медведев, Ли Көцян нар У.Хүрэсүхэд баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ. Тэд хөрш орнуудын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.  [Zasag.mn] 

2. Автобус зорчигчдоо галт тэргэнд шилжүүлэн суулгажээ

Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг 14.00 цаг хүртэл түр хаах шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргажээ. Зам хаасантай холбогдуулан галт тэргийг нэмэлтээр гаргасан байна. Мөн  замын нөхцөл байдал хүнд автомашин явах боломжгүй тул Сэлэнгээс Улаанбаатарын чиглэлд гарсан автобус Дарханаас зорчигчдоо галт тэргэнд шилжүүлж суулгаж байна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. [Shuud.mn]

3. Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн гэрт АТГ-аас нэгжлэг хийжээ

АТГ-аас Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн “Залуу Монгол” компанийн байр болон гэрт нь өнгөрсөн баасан гарагт нэгжлэг хийж, түүнийг яллагдагчаар татсан байна. М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлэсэн худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн аж. Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэж, БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” хоёр жилийн дараа станцын барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. [Medee.mn]

4. М.Уранцэцэг Ташкентын гран при-д түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран при тэмцээн болох “Ташкент Гран При” тэмцээн боллоо. Тэмцээнд 29 орны эрэгтэй 103, эмэгтэй 97, нийт 200 жүдоч оролцсон байна.. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг; эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болж, манай баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, түүний жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ. [Ub.life]  

5. Г.Угалзцэцэг дэлхийн гурван удаагийн аварга боллоо

Сонирхогчдын бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд  болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүн байр эзэлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн байна. Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ удаагийн ДАШТ-д 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүнтэй оролцжээ. [Montsame.mn]  

6. Барселонагийн түүхэнд хамгийн том жагсаал боллоо

Испанийн Барселона хотод тусгаар тогтнолын төлөөх жагсаал болж, түүхэндээ хамгийн их буюу 350 мянган иргэн оролцож, дээд амжилт тогтоолоо. Тус улсын каталон үндэстнүүд “Бид хамтдаа хүчтэй”, “Каталон Испани биш” гэхчлэн уриа лоозон барьж, олон нийтийн зам талбайд жагсаал зохион байгуулсан юм. Каталончууд уг жагсаалыг тайван байдлаар зохион байгуулсан бөгөөд энэ долоо хоногт дэлхий даяар тусгаар тогтнолоо зарлана гэгдэж буй тус үндэстэн олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна. Испанийн ерөнхий сайд Мариано Раой “Каталоны салан тусгаарлахыг дэмжихгүй” гэж мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна. [Catalon Daily]

7. Ким Чен Ун эгчдээ эрх мэдэл өгөх болжээ 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун төрсөн эгч Ким Ёо Жонд улс төрийн тодорхой шийдвэр гаргах түвшний эрх мэдэл өгөх болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ингэснээр Ким Чен Ирээс хойш Умард Солонгост улс төрийн хоёр дахь хүчирхэг эрх мэдлийг эзэмших өөр хүн гарч ирсэн нь анхнхы тохиолдол болж байна. Ким Чен Уны ойрын хамаатан, аавынх нь ахын охин Ким Ёо Жон нь улс төр, эдийн засгийн өндөр боловсролтой бөгөөд ням гарагт болсон Хөдөлмөрийн намын уулзалтын үеэр Ким Чен Унтай нэлээд ойр зогссон байжээ. Ким Ёо Жон удахгүй Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр ажиллах аж. Одоо 30 настай Ким Ёо Жон гурван жилийн өмнөөс намын ахлах түвшинд дээд албан тушаал хашихаар бэлтгэгдэж эхэлсэн гэнэ. [BBC]

8. АНУ-ын дэд Ерөнхийлөгч тэмцээнийг орхин гарав 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пинс үндэсний хөлбөмбөгийн лигийн нэгэн тоглолтын өмнө төрийн дуулал эгшиглэсний дараа шалтгаангүйгээр тэмцээнийг орхин гарчээ. Уг явдал нь АНУ-ын төрийн эрх мэдэлтнүүд болон спортын хүрээнийхний дунд болж буй хагаралтай холбоотойг хэвлэлүүд тайлбарлав. ҮХЛ-ийн (NHL) тамирчид баруун өвдөг дээрээ сөхөрч сууж, төрийн дуулал сонсох болсон нь Доналд Трамптай эхлүүлсэн үл ойлголцолтой холбоотой. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг АНУ-ын NHL, NBA-ийн одууд нэгдээд буй бөгөөд Трамп тэднийг “Хөөж явуулах хэрэгтэй, зулбасаганууд” гэхчлэн доромжилсноос зөрчил нэлээд хурцдах болсон. [CNN]

9. Blade Runner тооцоолсноос асар бага ашиг олжээ 

Холливудад өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн Blade Runner 2049 УСК мэргэжилтнүүд болон кино багийнхны хүлээж байснаас хамаагүй бага ашиг олж буйд уран бүтээлчид сэтгэл дундуур байна. Тодруулбал, кино амралтын өдрүүдээр ердөө 21 сая ам.долларын ашиг олсон нь Warner Bros-ийн удирдлагуудын урмыг хугалсан гэнэ. 163 минут үргэлжлэх тус кино төсөөлснөөс хамаагүй бага үзэгчтэй байсан нь АНУ-ын кино театруудад Blade Runner 2049 төдийлөн анхаарал татаагүйг илтгэж байна. Ямартай ч Харрисон Форд, Райн Гослин нарын гол дүрд нь тоглосон уг кино дэлхий даяар нээлтээ хийж, бусад орны box office-т хэрхэн ашиг цуглуулах нь хүлээлт хэвээр үлдээд байна. Кино нийт 150 сая ам.доллараар бүтсэн төдийгүй баасан гарагт 4000 кино театраас 7.4 саяаас доош орлого олж, АНУ-ын түүхэн дэх хамгийн тааруу нээлтүүдийн нэг байжээ. [People]

10. Путины төрсөн өдрөөр 290 хүн баривчлагджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 65 насны төрсөн өдөр өнгөрсөн бямба гарагт боллоо. Энэ үеэр Москва хотын Улаан талбайд сөрөг хүчний хэдэн мянган гишүүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчид В.Путиныг дарангуйллын систем тогтоож байгааг шүүмжлээд, ОХУ-д цор ганц эрх мэдэл тогтох аюул нүүрлэсэн хэмээжээ. Жагсаалын үеэр цагдаагийнхан 290 гаруй иргэнийг баривчилж, зарим иргэдийг шууд хорих байр руу хүргэсэн байна. Путин хууль ёсоор 2012 оноос эхлэн төрийн удирдах албанд тарсалтгүй ажиллаж, хугацаагаа жил ирэх бүр нэмж байгаад сөрөг хүчнийхэн дургүйцэх болжээ. [CNN