"Юмтай" нь бус "Номтой" нь

"Эхлэл, босолт, өсөлт" гэж бичдэгтэй нэг их маргаад байх хүн байхгүй байх аа. Аливаа хэлний зөв бичгийн дүрэмд үгийн үндэс язгуур эвдрэхгүй байх гэсэн гол зарчим байдаг л даа. 

Гэтэл сүүлийн үед "эхэлдэг, босч, өсч" гэж бичих явдал ихээхэн газар аваад байгааг та анзаарсан уу? Ингэснээр бичлэгийн эхэнд жишээ авсан үгнүүдийн үндэс язгуур эвдрээд ирж байгааг ажиглаж байгаа биз дээ? Та бүхэн хэрэг болгоод дээр бичсэн хувилбараас гадна зүй ёсны "эхлэдэг, босож, өсөж" гэсэн зөв хувилбарыг нь гүүглдээд үзээрэй. Аль аль нь гараад л ирэх вий?

Миний бага залууд "босож", "өсөж" хэмээн бүх нийтээрээ маргаангүй бичиж болоод байсан үгсийг яахаараа дээрх мэт чимээгүй хувиргаад эхлэв ээ? Хэл бол аливаа үндэстний соёлын хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг. Нөгөө талаар маш хувьсамхай шинж чанартай байдаг зүйл. Тэр нь голчлон ярианы хэлний хөгжлөөс хамааралтай байдгийг бичгийн хэл нь барьж тогтоох, хашиж хамжааргалж байдаг учиртай л даа.Бидний сайн мэдэх англи хэлний бичлэг дуудлагын зөрүүтэй байдал үүний тодорхой жишээ юм. Өөрөөр хэлбэл англи хэлний бичлэг бүр 13 дугаар зууны хэв шинжийг агуулж байгаа гэлцдэг.

Монголчууд бид "нийтлэг" гэдэг утгаараа харьцангуй бат цул үндэстэн. Харин улс төр, үзэл бодол, нам эвсэл, шашин шүтлэгийн хувьд ноцтой ялгаран хуваагдаад удаж байгаагийн дээр бичгийн соёлын хуваагдал чимээгүйхэн нэрмэж эхлэсэн нь сайны ёр хэрхивч биш байх аа. Төрийн эрх барих байгууллагаас "чээж" хэмээн ярьж бичих захирамж гарсан боловч тэрийг хэрэгжүүлж байгаа хүн хэд байдаг бол?

"шоколадыг" боргол, "кофег" борхош, "цементийг" гахиур хэмээн ярьж бичих лүндэнг түрүүчийн ерөнхийлөгч гаргасныг мэдэж байгаа хүн тийм олон байдаг болов уу? Энд ч гэсэн дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг үгсийг өөрийн үндэсний хэлний дуудлагын онцлогт нийцүүлэн нутагшуулах учиртай гэсэн хэл шинжлэлийн бас л нэг гол зарчим алдагдсаныг харж байна уу? Хэл соёлын дархлаагаа айхтар дээдлэдэг, хэлний талаарх төрийн маш нарийн бодлоготой Хятадууд ч "Цяокөли", "кафэй" гээд дуудлагаар нь зээлдэн авсан байдаг л даа.

Түрүүчийн удаа намайг иймэрхүү зүйл бичихэд нэг нүүр номын анд ихээхэн эгдүүцэн маргаж билээ. Би түүнийг аль нэг сургуулийн Монгол хэлний багш юм болов уу гэсэн таамаглалаа коммент хэсэг дээр бичсэн. Гэтэл "Би жирийн инженер хүн. Инженер хүн эх хэлээ хайрлан хамгаалж болохгүй юу?" гэж бичсэн байна лээ. "Инженер гэлтгүй хүн болгон эх хэлээ эрдэнэ мэт дээдлэн хайрлах учиртай." Харин хэл шинжлэл гэдэг бол үнэндээ инженерийн мэдлэгээс тэгтэл хол дутахгүй нарийн мэдлэг ухаан юм л даа. Инженерийн ухаанд ганц эрэг шураг дутахад л техник тоног төхөөрөмж ажиллагаагүй болчих тохиолдол байдаг байж таарна. Тэгвэл Монгол хэлэнд маань "үгийн язгуур эвдрэх", "бичлэгийн зөрүүтэй байдал" гэсэн чимээгүй аюул зугуухан газар аваад байгааг ганц нэг эрэг шураг дутсан төдийхөнтэй яахин зүйрлэж болох билээ?

Эх оронч үзэл их жаахан юмнаас эхлэдэг байж мэдэхийг би түрүү түрүүчийн бичлэгүүддээ цөөнгүй дурьдаад байгаа. Монгол хүн болгон байгальдаа хог хаядаггүй зуршлыг хэвшүүлж, эх хэлээ зөв, цэгцтэй сайхан сурч хэрэглэдэг байх нь иргэний үүрэг төдийгүй эх оронч үзлийн тань илрэл байж ч болох юм шүү. Тэр дундаа хүүхэд залуус маань бүгдээрээ үндэсний монгол бичгээ гарамгай сайн эзэмшиж төрийн албанд орж ажиллах залуусын өмнө "Юмтай" биш "Номтой" байх гэсэн өндөр босго тавьж өгмөөр санагдана.