Хөвсгөл-УБ чиглэлд тээвэр хийдэг жолооч нар жагсаж байна

Нийгэм / Time Admin
2017 оны 10 сарын 09

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар авто тээврийн “Драгон” төв дээр жагсаал зохион байгуулж байна. Жагсаалд “Мин транс” компанийн 40 гаруй жолооч оролцож байгаа юм. Тэд ийнхүү жагсах болсон нь “Авто тээврийн үндэсний төв” энэ оны долоодугаар сард байгуулсан хамтран ажиллах гурван жилийн гэрээг  үндэслэлгүйгээр цуцалж, өөр компанийг сонгосонтой холбоотой юм.  “Мин транс” компанийн жолооч Б-ээс зарим зүйлийг тодрууллаа.

Ямар шалгаанаар жагсаал зохион байгуулж байгаа юм бэ?

Хөвсгөл-УБ чиглэлд “Мин транс”, “Нөхөрлөл зам хоршоо” гэсэн хоёр компанийн 80 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Үүнээс 40 гаруй нь манай компанийн автобуснууд байдаг. Гэтэл “Авто тээврийн үндэсний төв” манай компанитай байгуулсан гурван жилийн гэрээгээ нэг л өдөр цуцалж, бидний эрх ашгийг зөрчөөд байна. Энд туслах жолоочтойгоо нийлээд 100 гаруй жолооч, тэдний ар гэрийнхний амьдрал яригдаж байна.

Гэрээ цуцлах үндэслэл нь юу байв?

Авто тээврийн үндэсний төв гурван жилийн хугацаатай гэрээг 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр бидэнтэй байгуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт манай байгууллагад “Гэрээ цуцлах” тухай мэдээлэл ирсэн. Үндэслэл нь жолоочийн хариуцлага сахилга бат, хурд хэтрүүлсэн гэх зүйлсийг дурдсан байна лээ. Манай байгуулага хурд хэтрүүлсэн зэргээр асуудал гаргасан жолооч нартаа тухай бүрд нь байгууллагын дотоод журмаар хариуцлага тооцдог. “Бидний оронд өөр компанийг оруулж ирэхийн тулд гэрээг цуцаллаа” гэж бид үзэж байна.

 “Тахилт транс” гэж компанийг оруулж ирж байгаа гэсэн. Энэ нь “Үндэсний төвийн дарга н.Дэлгэрнарангийн компани” гэсэн мэдээлэл бидэнд байна.

Хөвсгөл-УБ чиглэлийн автобусны хүрэлцээ ямар байгаа вэ?

Хөвсгөлөөс 08.00, 15.00, 16.00  цагаас автобус хөдөлдөг. Хүрэлцээгүй байдгаас 20.00 цагт мөн явдаг болгох саналыг бид Үндэсний төвд гаргаж байсан юм. Харин энэ цагт явах гуравдагч автобусны компанийг оруулж ирэхдээ бидний гэрээг цуцлан, бүр хасчихлаа.

“Тахилт транс” компанийн хувьд зургаан автобустай, жолооч нар нь туршлагагүй залуу жолооч нар байна лээ. Уг нь хот хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг жолооч арваас дээш жил жолоо барьсан туршлагатай байх ёстой юм. Өөрийнхөө компанийг оруулж ирэхийн тулд 40 гаруй жолоочийг ажилгүй болголоо гэж бид үзэж байна