Шуугиантай ч шийдвэргүй Төрийн ордон

Нийтлэл / Өглөөний сонин
12 өдрийн өмнө

УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийхнээс хойш бүтэн долоо хоног өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохын тулд нэлээд хөл ихтэй байсан Төрийн ордон өдгөө хий шуугианаас цаашгүй өдрийг өнгөрөөж байна. Уг нь УИХ-ын ажлын хуваарт ёсоор бол өчигдөр намын бүлгүүд хуралдах товтой байсан. Гэвч дорвитой шийдэлд хүрсэнгүй. Мэдээж өнөөгийн сөрөг хүчин болж буй АН-ын хувьд бүлгийн хурлаа хийсэн ч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор өргөтгөсөн хурал зарласан байна. Ингээд УИХ дахь бүлгийн гишүүд дээр орон тооны бус зөвлөхүүд оролцож Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Энэ талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар тогтжээ.

АН-ын бүлгийн хувьд өнгөрөгч баасан гарагт завсарлага авахыг хүссэн. Тодруулбал Эдийн засгийн Байнгын хороо хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх байсан. Тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна” хэмээж, мөн УИХ-ын гишүүн Х.Боролчулуун төсөв, мөнгөтэй холбоотой асуудлыг “бүрэлдэх” Засгийн газрынхан нь цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг горимын саналаар Байнгын хороогоор хэлэлцүүлэлгүй хойш тавиад байгаа. 

Харин УИХ-д олонх хэмээгдэж байгаа ч дотооддоо хоёр хуваагдаад байгаа МАН-ынханы хувьд ёстой л юун бүлгийн хурал манатай яваа бололтой. Тэдний хувьд асуудал нь цэгцэрч дуусаагүй буюу сайдуудын тохироогоо хийж чадахгүй байгаа аж. Тиймээс сандал суудлын тохироогоо эцэслэж байж, үндсэн ажилдаа орж, асуудлыг шийдвэрлэхээр ажин таүжин байгаа бололтой. МАН-ын хувьд парламентад хэдий эрх баригч, Засгийн газраа эмхлэн байгуулах эрхтэй ч цаг хугацааны хувьд бол эрх баригч байж чадахгүй. Түүнийгээ дагаад улс орны хувьд эдийн засагтай холбоотой олон асуудал хуулийн цаг хугацаанд хавчигдан хүлээгдэж буй учраас томилгооны асуудлаа хурдхан шийдвэрлэхгүй бол олны элэг доог болж, ёстой шаварт унасан шарын эзний ааш гаргах хэрэг ч мандаж магадгүй л юм. 

Шийдэлд хүрч, шийдвэр гаргахгүй байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажлаа таслахгүйн тулд Төрийн ордноор нааш, цааш холхиж байгаа авч амьхандаа л дотоод асуудлаа дэлгэчихгүй санаатай “мэдэхгүй, бид эв нэгдэлтэй хэвээрээ” гэх үгсийг амнаасаа автоматаар унагадаг болсон. Гэвч МАН-ын бүлэгт 32-ын, 33-ын гэх салаад бий болсон нь аль хэдийн илэрхий болоод байна.