Өнөөгийн Хятадын хамгийн хүчирхэг таван эрхэм

Дэлхий / Т. Батсугар
2017 оны 10 сарын 10

Барууны нийгмийн нээлттэй ардчилал шиг Хятадын улс төрийн ертөнцөд хэн нь жинхэнэ бодитоор бүх хүч, эрх мэдлийг эзэмшдэгийг шууд харах бараг боломжгүй юм. Тус улс Коммунист намын удирдлага дор нэг төрийн тогтолцоотой бөгөөд намын хамгийн өндөр албан тушаалд томилогдсон эрхэм, дээд эрх мэдлийг эзэмшдэг гэхэд буруудахгүй.

Хятадын эрх мэдлийн ширээний ард улстөрчдөөс гадна бизнес эрхлэгчид, томоохон банкны захирлууд хийгээд худалдаа, нийгмийн салбарын анхдагчид өнөөгийн хүчирхэг эдийн засгийг бүрдүүлэгчид сууж байна.

Удахгүй Хятадын улс төр дэх хамгийн том чуулган буюу Коммунист намын 19 дүгээр их хурал Бээжин хотноо болно. Барууны болон дэлхийн улс төр, эдийн засгийн шинжээчид Хятадын хамгийн хүчирхэг таван эрхмийг онцолсон юм. Энэ талаар CNN агентлаг анализ нийтлэл бичжээ.

5. Ли Көцян

Онолын хувьд Ли Көцян Хятадын улс төрийн хүчний бүтцэд дээрээсээ хоёрдугаарт бичих эрх мэдэлтэй боловч түүний нөлөө бодит байдал дээр төдийлөн найдвартай бус гэж шинжээчид үзэж байна. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албыг хашдаг тэрбээр 2012 онд Си Зиньпин ажлаа авмагц энэ суудалд заларсан. Үндсэндээ тэрбээр Си Зиньпин болон түүний улс төрийн клубийн нэг хэсэгт багтдаггүй гэхэд болно. Эдийн засгийн мэргэжилтэй Ли Көцян Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш Хятадад технологи, нийгэм, эдийн засгийн өсөлт бий болгоход тодорхой үр нөлөө үзүүлсэн гэж Хятадын улс төр судлаач  Шүи Бо тэргүүтэй экспертүүд үздэг юм.

Гэвч тэр яагаад жагсаалтын тавдугаарт бичигдэв?

Түүний албан тушаалыг “Хятадын хамгийн нөлөө ихтэй харагддаг боловч хүч, эрх мэдэл дутмаг ажил” гэж нэрлэдэг хэмээн Хятадын улс төр судлаач, професор Кэрри Браун хэлж байв. Энэ нь ч үнэний ортой. Бээжингийн их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалж, Хэнань мужийн захирагчаар ажиллаж асан Ерөнхий сайд Ли нь өмнөх Ерөнхийлөгч Ху Жиньтаогийн “халаасны хүн”. Хятадын Коммунист намын Шанхайн улс төрийн бүлэглэл гэгддэг томчууд  Бээжингийн улс төр, эдийн засгийн элит хүрээнийхний шахалтын улмаас нийтээрээ “хусагдсан” гэхэд болно. Энэ үед Ли Көцян төвийг сахиж, өөрийн нэр нөлөө, мэдлэг чадвараа ашиглан Ерөнхий сайд хэвээр үлдсэн юм. Гэхдээ түүний нөлөө эдүгээ Хятадын улс төрийн тавцан дахь хамгийн хэврэг, найдваргүй, хэзээ ч нурж болох хөзрөн байшин мэт болсныг шинжээчид дуу нэгтэй зөвшөөрдөг.

4. Ма Хуатэн

Хятадад амьдардаг хүн бүр нийгмийн сүлжээний цорын ганц апликэйшн хэрэглэх ёстой. Мэдээж гар утастай хүн бүрт тухайн апликэйшн байх шаардлагатай юм. Фэйсбүүк, твиттерийг хориглодог Хятадад Вичат (We Chat) хэмээх сошиал хэрэглэгдэхүүн нь Фэйсбүүк, твиттерийн хослол гэж хэлж болохуйц хүчирхэг сүлжээ билээ. Энэ компанийг үүсгэн байгуулагч Ма Хуатэн бол Хятадын гурав дахь баян хүн. Форбес сэтгүүлд бичигдсэнээр Жэк Ма болон Далянь Вандагийн үүсгэн байгуулагч Ван Жианлины араас Хуатэний нэр бичигддэг.

Сар бүр тогтмол тэрбум орчим хэрэглэгчийн хүрээлэлтэй байдаг Вичатыг үүсгэн байгуулагч Ма Хуатэний бизнесийн замнал төдийлөн дардан байгаагүй. Тэрбээр бизнесийн салбарт хэд, хэдэн удаа бүтэлгүйтэж, томоохон уналт босолтын үеийг туулж байсан ч Хятадын гурав дахь баян эрхэм болтлоо хөгжиж чадсан байна. Түүнийг Хятадын бизнес, улс төрийн хүрээнд “Пони” гэж хочилдог бөгөөд 1998 онд одоогийн Вичатын хувьцааны дийлэнхийг эзэмшдэг Тенсэнт (Tencent) группээ үүсгэн байгуулсан төдийгүй хоёр арван жилийн дараа гэхэд Ма Хуатэний компанийн үнэлгээ цаг, минутаар өсөхүйц хүчирхэг цогцолбор болж хувирчээ.

Тенсэнт компанийн эзэмшилд байх Вичат апликэйшн дэлхийд хамгийн олон удаа татагдсан нийгмийн сүлжээний контент гэгддэг. Мессеж, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Вичат нь ирээдүйд ч Хятадын интернэт орчин дахь нэгдүгээр хэрэглээ байсаар байх болно гэж Оксфордын их сургуулийн Хятад судлалын сургуулийн професор Рана Миттер үзэж байна. Хятадын нийгэмд Вичат гэх мэт харилцаа холбооны сүлжээний бизнес эрхлэх хэцүү. Тиймээс ч Ма Хуатэн өндийн босч, өнөөгийн амжилтад хүрэхэд Хятадын удирдагч Си Зиньпиний нөлөө зайлшгүй байжээ. Хятадын хууль хүчний байгууллага Вичатын сүлжээний урсгалыг саадгүй хянах бололцоогоор хангагдсан байдаг. Үүнээс үзэхэд Ма нь улс төрийн нөлөөллийн хувьд Сигийн бас нэгэн жигүүр билээ.

3.Ван Кишан

2012 онд Си Зиньпин Коммунист намын даргаар сонгогдож, Хятадын улс төрд нэгдүгээр хүн болж дэвшсэн. Улмаар тэр “Хятад улсыг аалзны тор шиг хэрсэн авилгын системийг устгана” гэж зоригтой мэдэгдсэн билээ. Тиймдээ ч Ван Кишан мэт хүмүүс Си Зиньпинд хэрэгтэй байв. Ван бол Хятадад “төмөр нударга” гэж танигдсан хууль хүчний хүрээнийхний айдсыг хүргэдэг нэгэн. Ван Кишаныг “Барын анчин” гэж зүгээр ч нэрлээгүй. 2008 оны олимпийг бие даан хариуцаж, зохион байгуулах комиссыг ахалсан Ван бол Хятадын улстөрд эртнээс танигдсан чекист маягийн “төрийн хар хүн” гэгддэг. Си Зиньпин хэдэн зуун мянган төрийн алба хаагчдыг авлигаас салгахын тулд Ван Кишаныг шууд ашигласан юм.

Ван Кишан урьд нь Хятадын улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажиллаж, улмаар Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хариуцах албанд тодорхой хүрээллийг бий болгож, нэр хүндтэй болох хүртлээ өсөн дэвжжээ. Улмаар Си Зиньпиний улс төрийн карьер илт өсч, Коммунист намын даргаар сонгогдоход Ван Кишан зэрэг итгэлтэй нөхөд нь дагаж дээшилсэн байна.

 Хятадын улстөрийг судалдаг шинжээчдийн ярьснаар яг одоо Ван Кишан бол эрх мэдэл, нөлөөллийн хуьд Хятадын улстөрд хоёрдугаарт орох эрх мэдлийг атгаж буй ажээ.  Си болон Ван нарын хослол Хятадын авилгын гинжин хэлхээсийг тасар татан хаяж, 1 сая орчим төрийн алба хаагчийн авилгын хэргийг илрүүлэн шийтгэсэн ч нөгөө талаар улстөрийн өрсөлдөгчдөө зайлуулах томоохон операци гэж хардаг хэсэг бий. Ямартай ч Си Зиньпиний бүхий л “хар ажил”-ыг гардан гүйцэтгэдэг Ва Кишан удахгүй 69 нас хүрч, тэтгэвэртээ гарах юм. Гэхдээ л Ван Кишан төрийн ажлаас тийм хурдан хөндийрөхгүй гэгддэг аж.

Ван Кишан хамгийн сүүлд Хятадын нэртэй бизнесмэн асан Гуо Венгуйг АНУ-аас баривчлан авч ирж, авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байна. Шинжээчид энэ баривчилгаа нь Си, Ван нарын улстөрийн ирээдүйн өрсөлдөөний бас нэгэн цэвэрлэгээ байсан гэж үзэж байгаа нь оргүй биш билээ.

2. Жэк Ма

Энэ эрхмийн талаар танилцуулах шаардлага бараг үгүй. Майкл Жексон шиг бүжиглэх дуртай шавилхан биетэй уг залууг Жэк Юн Ма гэдэг. Тэр бол өнөө цагийн Хятадын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэгт зүй ёсоор нэрлэгдээд зогсохгүй Ерөнхийлөгч Си Зиньпинтэй харьцуулахад олон улсын тавцанд илүү нэр хүндтэй байж мэдэх юм.

Хятадын гэлтгүй дэлхийд алдартай худалдааны цахим вэб сайтыг үндэслэгч “Алибаба” группийн эзэн Жэк Ма богино хугацаанд дэлхий даяар танигдаж чадсан. Түүний онлайн платформ хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэж, 2017 оны 9-р сарын байдлаар Хятадын хамгийн баян хүн гэсэн тодотголыг авч иржээ. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч нар  болох Доналд Трамп, Барак Обама нартай ганцаарчлан уулзаж байсан Хятадын цөөхөн бизнесмэний нэг. Жэк Магийн цаашдын зорилго, цахим худалдааны ертөнцөд илүү хүчирхэг гүрэн байгуулах эрмэлзэлтэй нь гарцаагүй ч яг одоо бол Хятадын хамгийн хүчирхэг хүмүүсийн хоёрдугаарт, дансан дахь юанаараа нэгдүгээрт бичигдэж байгаа.

“Алибаба” групп их хэмжээний орлого олох гол шалтгааны нэг бол үүлэн тооцоолол, өндөр технологи болох AI зэргийг гүнзгий түвшинд ашиглаж, цахим худалдааны салбарт тэсрэлт хийхүйц хөгжлийн платформ бий болгосон явдал юм.

1.Си Зиньпин

Калифорнийн их сургуулийн түүхийн профессор Жэйфри Васерстром хэлэхдээ “Хятадын хамгийн хүчирхэг арван эрхэмийг жагсаавал яг одоо Си Зиньпин эргэлзээгүй нэгдүгээрт бичигдэх болно” гэжээ.

Коммунист намын идэвхтэнээс эхэлсэн улстөрийн замналаа дэлхийн хамгийн том гүрний нэг Хятадын Ерөнхийлөгч болох хүртэл тэлж чадсан Си Зиньпиний 1980-1990-ээд оны хооронд өсөн дэвжиж чадсан амжилт нь түүхэн дэх аугаа удирдагч Дэн Сяопинаас ч илүү үр бүтээлтэй байсан гэж шинжээчид дүгнэсэн юм.
Сигийн эрх мэдэл эх газарт өдрөөс өдөрт нэмэгдсээр. Түүний үнэнч улс төрийн хамтрагч, найз нөхөд нь Коммунист намын дээд эрх мэдэлд улам бүр өгссөөр байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Си Зиньпин улстөрийн нөхөрлөлдөө нэлээд буурьтай, үнэнч ханддаг гэж Хятадын улс төр сонирхогчид бичиж байв. Тиймдээ ч Ван Кишан зэрэг үнэнч хамтрагчдынх нь эхлүүлсэн авилгын эсрэг кампанит ажлууд улс оронд ч түүний улс төрийн карьерийн замыг ч сайтар зассан юм. Хэдийгээр тэр бүх өрсөлдөгчөө шатрын өргөөс зайлуулж чадаагүй боловч Си Зиньпиний хуримтлуулсан эрх мэдэл, улс төрийн зөв нүүдэл ирээдүйд олон жилийн турш ашиглагдаж болох нөхцөл байдлыг үүсгэжээ.

Т.Бат