"Ах" нам анхаарлын төвд байна

Нийтлэл / Өглөөний сонин
2017 оны 10 сарын 11

-Намрын чуулган нээлтээ хийснээс хойш дорвитой нэг ч асуудлыг мухарласангүй. Эрх баригч намынхан саяхан томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн зурах, хэнийг сайдад томилох зэргээр сандал, ширээний төлөө тэмцэлдсээр өнөөдрийг хүргэв. Харин сөрөг хүчний зүгээс 65-ын бүлгийн хоёр хуваагдал, төрийн ажил урагшлахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна- 



УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, эрх баригч намын хоёр хуваагдал төрийн ажлыг “гацаагаад” байна. Уг нь, энэ намаас иргэд олон зүйлийг хүлээж байгаа. Наад зах нь, 2017 оны төсөвт тодотгол хийхээс эхлүүлээд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн батлах зэрэг улс, эх орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх цаг үеийн шаардлагатай тулгараад байгаа билээ. Гэсэн ч намрын чуулган нээлтээ хийснээс хойш дорвитой нэг ч асуудлыг мухарласангүй.

Ганцхүү саяхан томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн зурах, хэнийг сайдад томилох зэргээр сандал, ширээний төлөө тэмцэлдсээр өнөөдрийг хүргэв. Харин сөрөг хүчний зүгээс 65-ын бүлгийн хуваагдал, төрийн ажил урагшлахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. 

Ямар сайндаа л өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх ёстой байсан ч завсарлага авсан юм. Хэдийгээр тус намын бүлгийн даргын зүгээс “Төсвийн тодотголд дүн шинжилгээ хийхэд хууль зөрчсөн, алдаатай зүйл их байсан. Тиймээс бид дүгнэлтээ боловсруулж өгнө” гэх тайлбарыг өгсөн ч үнэн хэрэгтээ “Засгийн газрыг байгуулах нэрээр УИХ ажлаа хийхгүй байна” гэх мессежийг далд утгаар илэрхийлсэн явдал байлаа. 

Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлох шинэ Засгийн газраас ч иргэд олон зүйлийг хүлээж байгаа. Бүр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч илүү итгэл хүлээлгэж, тэр хэрээр хариуцлага нэхэх нь тодорхой. Шинэ Засгийн газрыг хамгийн эхэнд ОУВС-гийн зээлийг үргэлжлүүлэх үү гэх асуулт, ирэх оноос төлж эхлэх бондын өр гээд амаргүй даваа угтаж байна. Хамгийн гол нь, шинээр томилогдсон сайд нар энэ оны төсвөө хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх ёстой зэрэг шалтгаанаар чуулганаар хэлэлцэх асуудал тодорхой хугацаанд хойшилж, энэ мэт шалтгаанаас үүдэж төрийн ажил “зогсонги” байдалд орчихоод байгаа юм. Хэдийгээр 65-ын бүлэг эв түнжингээ олж чадаагүй ч аль, аль нь шинэ сайд нарын томилгооны асуудалд анхаарлаа хандуулж, өөр хоорондоо ил болон далд хэлбэрээр “тэмцэлдэж” өнөөг хүрлээ. Үр дүнд нь, төрийн ажил буюу олон нийтийн дунд хүлээлт бий болоод байгаа олон чухал асуудлыг “гацаанд” оруулж, хүлээлт бий болгоод байна. “Ах” намын энэ хагарал, энэхүү сандал ширээний төлөөх тэмцэл, цаашлаад нам доторх фракцийн хагарал хэзээ дуусах нь тодорхойгүй үлдэж байна. Уг нь, эв зүйгээ ололцож улс, эх орныхоо өмнө тулгамдаж буй амин чухал олон асуудлыг шийдээд явах нь хаа хаанаа үр дүнтэй, ашигтай л баймаар юм. 

Удахгүй МАН-ын Их хурал болж, намын даргаа сонгоно. Намын дарга солигдохтой зэрэгцээд намын бусад удирдлага ч халаагаа өгнө. Үүнээс дараагийн намын дарга хэн бэ гэх асуулт урган гарч ирэх нь дамжиггүй. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ төрийн ажлыг “гацааж”, хүлээлт бий болгосон шиг ээ дахиад л сандал, ширээний төлөө өөр хоорондоо тэмцэлдээд эхэлбэл яах вэ. Дахиад л төрийн ажил гацах уу. Энэ бүх шалтгаанаас үүдэж “ах” намынхан одоо ч анхаарлын төвд байна.

Эх сурвалж: