Эцэг эх бүр үүргээ аз жаргалтайгаар биелүүлдэг байгаасай

Нийгэм / Ц. Анхзул
9 өдрийн өмнө

“Улаанчулуутын хүүхдүүд” цувралын гуравдахь дугаарыг хүргэж байна. Энэ дугаарт Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс (ГБХЗХХ)-ийнхэнтэй уулзаж, тэдний нэг өдрийн ажилтай танилцав.

Өмнөх дугаарт “Сарнай хүүхдийн төв”-ийг барихаар ард түмнээс хандив цуглуулж буй С.Дэлгэртэй ярилцсан билээ. Тиймээс ч СХД-ийн ГБХЗХХ-ийн дарга Н.Уранчимэгээс “Хүүхэд асрах тусгай зөвшөөрлийг М.Сарнайд яагаад олгодоггүй юм? Зөвшөөрөл олгохгүй юм бол хүүхдүүдийг яагаад асруулаад байгаа юм?” зэрэг асуулт тулгав.

Харин тэрбээр “М.Сарнайг бид дэмждэг. Гэхдээ аливаа зүйл албан ёсных байх ёстой. Тиймээс тусгай зөвшөөрөл ав, бидэнтэй хамтран ажилла гэж л хэлдэг. М.Сарнай хүлээж авдаггүй. Манай хэлтсийн мэргэжилтнүүд М.Сарнайгийнд хэд хэдэн удаа очсон. Үнэндээ телевизээр гардаг шиг тийм олон хүүхэд байдаггүй. Өөрийнх нь хамаатны 5-6 хүүхэд, гадны ганц хоёр хүүхэд л байдаг. Танай сайтад нийтлэгдсэн ярилцлагад дурдагдсан талийгаач А-ийн хүүхдүүд, нөхөртэй нь холбогдсон. Аав нь хүүхдүүдээ аваад Эрдэнэтэд байдаг хамаатан руугаа явсан байна. Бага охин нь М.Сарнайгийн гэрт үлдсэн. Хүүхдүүдийн аав, том ах нь амьдралаа аваад явах ухамсартай хүмүүс. Бид уулзаж, асуудлыг аль болох нааштайгаар шийдэхэд нь туслахаар бүх талаас нь ажиллаж байна. “Сарнай хүүхдийн төв” барих хандивын мөнгөний асуудлыг бид мэдэхгүй. Хуулиараа шийдэгдээд явах байх. Бид хүүхдийн эрх, хүүхдийн асуудлаа л ярина. М.Сарнайгийн гэрт байгаа хүүхдүүдээ авна. Судалгаа үнэлгээ хийж, боломжтойг нь ар гэрт нь, боломжгүйг нь асрамжийн газарт хүргүүлнэ” гэлээ.

Түүнчлэн хэн нэгэн хүний тухай, түүний хийж буй ажлыг дүгнэн ярих биш, өөрсдийн хийж буй ажлаа танилцуулахыг тус хэлтсийнхэн чухалчилж байв. Тиймээс тэд дүүргийнхээ асрамжийн газруудаар явж, тулгамдаж буй асуудал, ажилтайгаа танилцуулахаар хамт явахыг санал болгосноор бид “Нарны хүүхдүүд” цэцэрлэг, албан бус сургалтын төвийг зорив.

Н.Мөнхтуяа: Гэртээ аяга халуун хоол идэх боломжгүй хүүхдүүд ч бий

МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хүүхдүүдэд сургуульд сурах боломж олгосон нь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг байгуулсан явдал байв. Дөрвөн талт төмөр хашаа бүхий 2.2 га газар, нам даралтын зуухаар халдаг 55 м.кав сургалтын байр, сурагчдын микроавтобус зэргийг “Мобиком” корпорацийн санхүүжилтээр шийдэж өгчээ. Өдгөө тус цогцолборт 150 хүүхэд хүмүүжиж байна.

Цэцэрлэгийн эхлэгч Н.Мөнхтуяа “Манай цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн ар гэрийн амьдрал хэцүү. Гэртээ аяга халуун хоол идэх боломжгүй хүүхдүүд ч бий.

Гэхдээ нэг үеэ бодоход хүмүүсийн ухамсар их өөрчлөгдсөн. Хүүхэд нь цэцэрлэгт яваад эхлэхээр илүү анхаарч, хувцсыг нь цэвэрхэн байлгаж, арчилж эхэлдэг. Бид хүүхдүүдээ өглөө унаагаар аваад, орой хүргэж өгдөг. Тэгэхгүй бол хогийн цэгийн ойролцоо амьдардаг аав, ээж нар өдөр бүр хүүхдээ авчирч чадахгүй, хичээл таслуулах гээд байдаг. Тэгээд хүүхдээ дагуулаад хогийн цэг рүү гарчихна.  Хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирснээр дулаан, тав тухтай орчинд өлсөхгүй, даарахгүй байхын дээр дуу шүлэг сурч, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Өнгөрсөн жилээс бид цэцэрлэгээ төгсөж, сургуульд орж буй хүүхдүүддээ анхаарч, найман хүүхдийг өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж байна. Тухайлбал, “Монген”, “British school of Ulaanbaatar” зэрэг сургуульд хүүхдүүд маань амжилттай суралцаж байна. Сургуулийн төлбөр, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс, багш, ажилчдын цалинг Жулъя маань гадаад олон оронд төсөл хэрэгжүүлэх замаар босгож өгдөг. (Жулъя гэдэг нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Улаанчулуут орчмын хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй Америкийн иргэн)” гэлээ.

“Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн багачуудын өдрийн хоолны цаг болж, будаатай шөл идэцгээв. Тэд хоолоо амтархан, уралдан идэж, зарим нь нэмүүлж байв. Багачууд нэгэн дуугаар “Сайн байна уу та, Баяртай, дараа ирээрэй” хэмээн шуугилдах нь өхөөрдөм хөөрхөн.  Ийнхүү эерэг сайхнаар угтаж, үдүүлсэн бид “Кристина нобел” сангийн “Нархан” асрамж халамжийн төвд очив.

М.Урансайхан: Асрамжинд хүүхэд авчрахдаа заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байгаарай

Тус төвийн асрамжийн газарт 60 хүүхэд амьдарч, цэцэрлэгт нь 50 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Мөн л гадны санхүүжилтээр  үйл ажиллагаагаа явуулдаг тус төв хашаандаа 10 гаруй гэртэй бөгөөд хүүхдүүдийг  нас хүйсээр нь анги болгон, “Гэр ээж”-үүдийнх нь хараа хяналтад өгчээ. Хашаандаа ногооны хүлэмжтэй тул хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, хэрэглэдэг аж. Ногоо тарих, хураах, нүүрс түлээ бэлдэх, гэрээ дулаалах, шинэчлэн барих гээд өдөр тутмын ажилд хүүхдүүд оролцон, амьдрах ухаанд суралцана. Биднийг очиход асрамжийн газрын хүүхдүүдийн дийлэнх нь  сургуулиасаа ирээгүй, цэцэрлэгийн багачуудын өдрийн унтлаганы цаг болсон тул нам гүмхэн байлаа.

Төвийн менежер М.Урансайхан ГБХЗХХ-ийнхэнд хандан “Асрамжийн газарт хүүхэд авчрахдаа заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, бүх шинжилгээг хийлгэж байгаарай. Гаднаас ирсэн хүүхэд өвчтэй, ядаж л цагаан хорхойтой байх нь бусад хүүхдэд нөлөөлдөг тул эмчийн үзлэг маш чухал шүү. Өвлийн улирал эхэлж, нүүрс түлэх цаг болсон тул галын аюулгүй байдлын талаар гал сөнөөгчдөөс зөвлөгөө заавар авмаар байна. Та бүхэн холбож өгөөрэй” хэмээн ярилцаж байсан нь эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог харуулж байлаа.

“Ид шидийн орон” тусгай зөвшөөрлөө аваагүй байна

Эндээс бид саяхан нээлтээ хийсэн “Ид шидийн орон”-ыг зорьсон юм. Хүүхдийн асран хамгаалах байр, хүүхэд хөгжлийн төв, өрх толгойлсон ээжүүдийн гэр, тэдний ажлын байр гэсэн хэсгүүдтэй тус төв хүүхдээ хүлээн авч эхлээгүй байна. Учир нь “тусгай зөвшөөрөл” нь гараагүй байгаа аж. Тусгай зөвшөөрлийг “Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар” олгодог бөгөөд үүний тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэргүүтэй мэргэжлийн олон байгууллагын шалгалт, дүгнэлтээр дэмжигдсэн байх учиртай юм байна. Одоогоор зохих шалгалт үнэлгээнүүд хийгдэж байгаа бөгөөд “Тун удахгүй зөвшөөрөл гарна” гэдгийг цэцэрлэгийнх нь эрхлэгч хэллээ.

Амьжиргааны түвшин муу, аав, ээж нь архины хамааралтай гэх Улаанчулуут орчмын хүүхдүүд, тэдний ирээдүйд санаа зовох олон хүн бий. Гэхдээ тэднийг асарч хамгаалдаг, хайрлан энэрдэг энэ мэт олон байгууллага, асрамжийн газар, сайхан сэтгэлтнүүд байдгийн жишээг нүдээр харж, сэтгэл хөнгөрөн явтал “Хүүхдийн утас 108”-аас яаралтай дуудлагууд ирснээр ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд өөр зүгт шуурхайлав. Дуудлагын мэдээлэл нууц ч, ураг төрлийн хэн нэгний бэлгийн хүчирхийлэл, эцэг, эхийн зодуур,  үл хайхрах хүчирхийлэлд өртсөн багачууд тусламж хүссэн бололтой. Дахиад л сэтгэл зовнил, эмзэглэл...

Нийгмийн эрээн бараан дунд хүний амьдрал үргэлжилсээр байгаа цагт хүүхдийн асуудал, сэтгүүлч бидний хөндөх сэдвүүд дуусахгүй мэт. Өөрийгөө хамгаалж, өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй нүдэндээ нулимстай зогсох багачуудын эрх бүү зөрчигдөөсэй. Тэднийг асран хамгаалах үүргээ эцэг эхчүүд нь аз жаргалтайгаар биелүүлдэг ухамсартай байгаасай.