Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: Аравдугаар сарын 11, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
9 өдрийн өмнө

1. Засгийн газрын бүрэлдэхүүнийг тохирчээ

Засгийн газрын гишүүдээ томилж, танхимаа бүрдүүлэхийн тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талцсан намаа тохиролцоонд оруулах гэж нэлээд удлаа. Засгийн газрын өнөөдрийн бүтэц Засгийн газрын тэргүүнээс гадна 15 сайд, 13 яамнаас бүрдэж байгаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх тохироондоо 9 сайдын томилогоог өөрийн мэдэлд авчээ. Одоогоор Ерөнхий сайдын мэдэлд  ЗГХЭГ, ГХЯ,  Сангийн яам,  ХЗДХЯ,  ХНХЯ,  ЭМЯ, ЭХЯ,  ХХААХҮЯ, УУХҮЯ багтсан байна. Мөн сайд нарын нэрс ч тодорхой болоод байна. Шинэ Засгийн газарт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шадар сайд болох бол ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Сайнгын сайдаар Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар ажиллах аж. Бусад сайд нарын нэрсийг дэлгэрэнгүйгээс харна уу. [Shuud.mn]

2. УИХ дахь АН Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Юун түрүүнд тэд Засгийн газар огцроод сар гаруй, Ерөнхий сайд томилогдоод долоо хоног өнгөрчихөөд байхад шинэ Засгийн газар одоо болтол байгуулагдаагүй байгаа асуудлыг хөндөв. МАН-ын хагарал Төрийн ажлыг удаашруулж, хаа сайгүй хариуцлагагүй байдал газар аваад байгааг тэд шүүмжиллээ. Мөн тэд Улсын нэгдсэн төсвийн орлого эхний найман сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнээс 43.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн, энэ оны нийт орлого 601.5 тэрбум буюу 9,2 хувиар өснө гэж тооцоолжээ. Тиймээс 2018 оноос эхлэн Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө ялгаварлалгүйгээр олгох, нийт иргэддээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг хүсэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүүлжээ. [Time.mn]

3. Эмч нар цалингаа нэмүүлэхийн тулд ОУВС-д шаардлага хүргүүлнэ гэв

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос  өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооны зүгээс ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж.  Шардлагадаа эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой болгож, тусгаж өгөхийг хүссэн байна. Учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй юм. Тиймээс цалингаа нэмүүлэхийг хүссэн эмч нар Засгийн газарт шахалт үзүүлэхээс гадна ОУВС-д ч хандахаас аргагүй болжээ. [Medee.mn]  

4. Ургац хураалт 88.3 хувьтай байна

2017 оны ургацын урьдчилсан балансаар 288.0 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн  тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон. Тэгвэл энэ сарын 08-ны байдлаар 28.8 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 100.0 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж байна. [Gogo.mn]

5. “Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу. [Ulaanbaatar.mn]

6. Каталон тусгаар тогтнолоо зарласан ч дэмжлэг авсангүй 

Испанийн хамгийн олон хүн амтай каталон үндэстэн ойрын өдрүүдэд тусгаар тогтнохоор чармайж буй боловч тодорхой ахицтай үр дүнд хүрэхгүй байна. Тухайлбал, өчигдөр каталончууд тусгаар улс болсноо зарласан ч нийслэл Мадрид хийгээд Франц, Грек, Герман, Итали улсууд тэдний тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Каталоны Ерөнхийлөгч хэмээн өргөмжлөгдсөн Карлос Пугжемонт олон нийтийн санал асуулгад үндэслэн тусгаар тогтнолоо нийтэд зарласан ч ийнхүү аль ч улс орны дэмжлэгийг авч чадсангүй. 
[BBC]

7. Хойд Солонгосын хакерууд АНУ-ын нууцад халдаж байна гэв

Хойд Солонгосын мэргэшсэн хакерууд АНУ-БНСУ-ын цэрэг дайны нууц материалыг хулгайлах явдал тасрахгүй байгаа гэж Сөүл мэдэгдсэн байна. Умард Солонгосын зарим эх сурвалжийн мэдээлснээр БНСУ-ын тагнуулын албаны нууц материалд Ким Чен Уныг хөнөөх олон удаагийн даалгавар байсан аж. Мөн хулгайлагдсан зарим материалд АНУ-ын цэргийн стратегийн зарим төлөвлөгөө байсны сацуу Өмнөд Солонгосын арми Пхеньянд цөмрөн орох хэд, хэдэн хээрийн сургуулилтын баримт бичиг багтсан байсан гэв. АНУ-ын Батлан хамгаалахын мэдээлснээр Умардын хакерууд дор хаяж 235 гегабайт бүхий цахим мэдээллийг өөрийн талд оруулсан гэж үзэж байна. [BBC]

8. Исланд улс хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөнө 

Дэлхийн хамгийн цөөн хүн амтай Исланд улс дараа жил болох хөлбөмбөгийн ДАШТ-д шалгарч, гайхамшигийг бүтээлээ. Ингэснээр Исланд улс анх удаа ийм нэр хүндтэй тэмцээнд шигшээ багаа илгээж буй тохиолдол болж байна. Исландчууд дэлхийн аваргыг зорих эсэхийг шийдвэрлэх нэлээд хариуцлагатай тоглолтод хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан хөлбөмбөгийн хашир туршлагатай Косовог 2:0-ээр буулган авснаар ийнхүү мөрөөдлөө биелүүлээд буй юм. Хамгийн сүүлд 2006 онд 1.3 сая хүнтэй Тринадад Тобаго улс хөлбөмбөгийн ДАШТ-д орж байсан бөгөөд ийнхүү 335 мянган хүн амтай Исланд улс уг амжилтыг эвдээд байна. [CNN]

9. Рохинжагийн зэвсэгт дайчид ухарч эхэллээ 

Исламын шашинт рохинжа үндэстнүүдээс бүрдсэн босогчдын цэргүүд Мьянмарын үндэсний гвардын давшилтыг тогтоон барьж дийлэхгүй болсон учраас нэгдсэн фронтоор ухарч байна. Рохинжа нь Мьянмарт дүрвэн ирсэн Бангладеш, Энэтхэг, Филиппин зэрэг үндэстний цөөнх юм. Тэд сүүлийн жилүүдэд нутгийн уугуул буддын шашинтнуудтай хэт хүчтэй сөргөлдөх болсноос нөхцөл байдал ийнхүү зэвсэгт мөргөлдөөнд тулаад буй юм. Анх 8-р сарын эхээр тэдний мөргөлдөөн хурцдаж, рохинжачуудын талаас 10 гаруй зэвсэгт тэмцэгч, Мьянмарын талаас 30 орчим цагдаа оролцсон буудалцаанаас үүдэж Мьянмарт тогтворгүй байдал үүсээд байна. [BBC]

10. Калифорнид амиа алдагсдын тоо 15-д хүрчээ

АНУ-ын Калифорни мужийн Санта Роса хот бүхэлдээ ой хээрийн түймрийн хохирогч болж, тус хотын газар нутгийн 70 орчим хувь нь дүрэлзэн, шатаж байна. Үүний улмаас 15 хүн амиа алдаж, дор хаяж 30 мянган иргэн хотоос гарчээ. Эрх баригчид Калифорни мужид үүсээд буй нөхцөл байдал онц байдал зарлах хэмжээнд хүрснийг мэдэгдсэн. Гал түймэр Санта Роса хотын хамгийн том дарсны талбайг нөмрөн авснаар эдийн засгийн хувьд ч үлэмж хохирол учруулаад буй юм. Мөн Калифорнийн хойд нутгуудад ой хээрийн түймрийн аюул занал улам бүр нэмэгдсээр байгааг эрх баригчид анхааруулж байна. [CNN]