Оросын телевиз – хог үйлдвэрлэгч

Нийгэм / Time Admin
2017 оны 10 сарын 11

Саяхан Германы Дойче Велле (Deutsche Welle-«Германы долгион» — Германы улсын статустай, олон улсад зориулж үйл ажиллагаа явуулдаг телевиз радиогийн компани. Уг компани нь телевиз болон радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулахаас гадна гадаадын 30 хэл дээр интернет сайт эрхэлдэг.) теле – радио компанийн орос хэл дээрхи албан ёсны сайт “Оросын телевиз – хог үйлдвэрлэгч” гэсэн нэгэн нийтлэлийг тавьжээ. 

Уг нийтлэлийг оросын сэтгүүлч, блог хөтлөгч, теле-радио хөтлөгч Александр Владимирович Плющев бичиж нийтлүүлжээ. Ийнхүү уг нийтлэлийг чадан ядан орчуулснаа хүргэе. 150 гаруй сая хүнтэй, 1931 оноос хойш телевизийн салбар хөгжиж буй, газар нутаг, эдийн засаг, зэвсэг техникийн хувьд дэлхийд тэргүүлэгч гүрний телевизийн хөгжил ямар байгааг энэхүү нийтлэлээс тольдож болох мэт. Манай улс саяхан “Зурагт зулын хойморт заларсан”-ы 50 жилийн ойгоо “сүр дуулиантай” тэмдэглэсэн билээ. Бид хуучнаар ЗХУ-аар телевизийн салбарын сууриа тавиулж, боловсон хүчин, техник технологи, нэвтрүүлгийн чиг санаагаа заалгаж, удирдуулж ирсэн нь нууц биш. Бидэнд заасан “багш”-ийн маань хөгжил иймэрхүү байхад “бид” ямархуу байгаа нь ойлгомжтой гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг орчуулав. Дашрамд хэлэхэд оросын телевизийн салбарынханд олгодог ТЭФИ дээд шагналын эзэд саяхан тодорцгоосон билээ.

Яагаад ТЭФИ (Телевизийн салбарын шилдэгүүдэд олгодог Бүх Оросын телевизийн шагнал) авч байгаа болон олгож байгаа хүмүүс бусдад сонирхолгүй болсон бэ. “Яагаад гэвэл оросын телевиз - нийгмийн оюун санааны хөтөч байж чадахаа больсон” хэмээн нийтлэлийг бичигч А.Плющев үзэж байна.

ТЭФИ шагнал нь аль хэдийнээс телевизийн салбарт ажиллаж, амьдарч буй хүмүүсээс бусдын сонирхлыг татахаа болиод удаж байна. Энэ жилийн шагнал авсан эрхмүүдийн зарим нэгийнх нь л царайг зурагтаар харж байснаас бусдаар дуулаагүй “нөхөд” байв. Харин “байгалийн хийн”, эс бөгөөс “иргэний нисэхийн салбар”-ын шилдгүүдийг гэвэл илүүтэйгээр мэдэж байх магадлал өндөр байв энэ жил. 

Харин олон түмний өмнө ил байдаг, тэдний дуу хоолойг хүргэж байдаг, эсвэл олны хайр хүндлэлийг хүлээж байдаг гэдэг утгаараа бол, энэ жилийн шагнал авсан хүмүүс яах аргагүй эргэлзээ төрүүлнэ. Харин бид нилээн хэдэн жилийн өмнөх өөрөөр хэлбэл арав, хорин жилийн өмнөхийг ярья гэвэл, шагнал авч байсан нэвтрүүлэг нь ч тэр, хийсэн эзэд нь ч тэр үнэхээр тухайн цаг үеийн “нээлт”-үүд, “ололт”-ууд байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Харин сүүлийн хэдэн жилүүдийн ололтыг дурдъя гэвэл “гэрэлтүүлдэг цаас тавиад хуулж зурсан” америк шоунуудыг л хэлэх байх. Энэ бүгдээс харахад оросын телевизүүд доторхи хямрал, зөрчлийн гадаад төрх нь энэхүү шагнал гэж хэлж болохоор. 

2000-аад оны эхнээс төр засаг телевизүүдийг өөрийн бүрэн хяналтад авснаар, сувгууд бүгд засаг төрийг магтан дуулагч, хууран мэхлэгч болон хувирцгаасан. Эдгээр жилүүдэд байдал улам доройтсоноор барахгүй, шинэлэг зүйлийг хүсэгч үзэгчдийг зөвхөн оройдоо үзүүлдэг уран сайхны кино болон унтахын өмнө, үзэгчдэд сайн сайхныг хүссэн Познерийн “унтаа” ярилцлагууд, уг салбарыг улам л уруудан доройтуулах үе шат руу нь дөхүүлсэн. 

Мөн үзэгчид болон телевизийн сувгийг “далдуур” эзэмшигч төр засаг хоёрын хооронд нийгмийн шинж чанартай гэрээ хэлцэл байгуулсан гэхэд болно.  Нэг талаас төр засаг олон нийтэд хүргэж буй нийгэм – улс төрийн чанартай мэдээллийн агуулгыг “атгаж”, шаардлагатай нөхцөлд амыг нь барих эрхийг эдэлж байна. Телевизийн нэвтрүүлгээр орж болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт хүртэл гарсан байлаа. Хөгжөөнт – цэнгээнт нэвтрүүлэг гэхээр л үзэгчид, ахуйн асуудлыг хөндсөн бохир заваан хэрүүл, шууд нэвтрүүлэг дэх оролцогчдын зодоон, хайр дурлал – атаа хорсол, өнгө мөнгөний тухай телевизийн олон ангит кино, ододтой бүжиглэх, аль “зөвлөлт”-ийн үед эрчээ авч байсан уран гулгалтаар оддыг уралдуулах зэргээр л үзэгчдийн “бах”-ыг хангаж байв. 
Теле сувгийн рейтингийг “хамгийн амт шимт”, “ур хийц” муутай нь тодорхойлох болов. 

Ерөөс теле сувгуудын гол зорилго нь – үзэгчдийн шүүмжлэлийг сөрөн зогсоход оршиж буй мэт санагдах болов. 

Мэдээллийн хөтөлбөрөөр нь “босож буй Донбасс”, “Донецкод алагдсан хүү”, “гаж буруу барууны нийгэм” зэрэг мэдээллийн “хог” гарна. За ер нь тэгээд үзэгчид “гоо сайхны өндөр мэдрэмж”-гүй л бол бусад хоосон орон зайг нь бид дүүргээд өгнө гэсэн үзэл сурталжсан өнгө аяс манай (оросын) телевизийн дэлгэцнээс олонтоо үзэгдэнэ. 

“Телевизийн сүүлчийн од” – Иван Ургант
 
Ер нь телевиз өнгөрсөн жилүүдэд оюун санааны болон соёлын хөгжлийн манлайлагч – хөтлөгч байхаа больсон нь тйим ч гайхаад байхаар зүйл бус. Би зарим сувгаар гарч буй симфони найрал хөгжмийн концерт болон теле жүжгүүдийн тухай ярьж байгаа юм биш шүү. 

Гэхдээ л үзэгчдийн ертөнцийг гоё, сайхнаар харахад хүргэдэг нэвтрүүлгүүд аль хэдийн устаж үгүй болжээ.  Телевиз домог болсон хүмүүсийг төрүүлэн гаргахаа больжээ. За яах вэ ХХI зуунтай зуузай холбон гарч ирсэн “од” хэн бэ? гэвэл Иван Ургантыг л хэлэх юм биз дээ. Бие биеэсээ онц ялгаагүй “охид - хөвгүүд” мэдээ, тойм нэвтрүүлгүүд, ярилцлагын шоуг дүүргэж байна гэсэн үг.

Интернет ТВ, өргөн нэвтрүүлгийн эсрэг

Телевизийн салбарт тулгамдаж буй бүхий л асуудал нь, түүнийг өөрийн зэвсгээ болгон ашиглаад байгаа төр засагт бас байгаа юм биш ээ. 

Интернет жил ирэх тусам түрэн орж ирж байна. Интернет мэдээлэл рүү эхлээд юмыг нухацтай бодож дүгнэдэг үзэгчид “шумбан орсон” гэж хэлж болно. Одоо ар араасаа бусад үзэгчид татагдан орж байна. Өрөөний мухарт хэвтэж буй “хар хайрцаг”-т холбоотой байх ямар хэрэг байна вэ, тэр хайрцгаар гарч буй бүхий л мэдээллийг хаана ч хэзээ ч гар утаснаасаа үзчихэж болж байгаа нөхцөлд.

Өнөөдөр телевиз асар олон төрлийн контент (агуулга)-той өрсөлдөх шаардлага гарч байна. Тэдгээр контентууд ямар нэгэн эфирийн бодлого, улс төр болон, форматад баригдахаа больжээ. Өнөө үеийнхэн өөрөөр хэлбэл ХХI зуунд төрөгсөд “телевиз” гэгчээр шагайлгүйгээр шууд “интернэт” гэгчид морилогсод байна. Тэгэхлээр тэдэнд телевизд ямар ч хамааралгүй өөрсдийн гэсэн “шүтэн бишрэгч”-ид  хэдийнэ бий болжээ.

ТЭФИ-2017 (телевизийн салбарын шилдгүүдэд олгодог Бүх Оросын телевизийн шагнал) шагнал гардуулах ёслол энэ жил Оросын анхны ардчилсан ТВ шоу болох “Взгляд” (үзэл бодол хэмээн орчуулж болно)-ын 30 жилийн ойтой давхцаж байна. Энэхүү нэвтрүүлэг нь орчин үеийн оросын тв-ийн шинэ боловсон хүчнүүдийг түүн дотроо өнөөгийн ОРТ буюу оросын олон нийтийн телевизийн даргыг төрүүлэн гаргасан уурхай нь билээ.

Өнөөгийн телевизийн салбар техник технологийн хувьд “уран бүтээл”-ийн салбараа тээр ард орхин оджээ. Өнөөдөр шинээр төрөн гарч буй ТВ нэвтрүүлгүүд “үзэл суртал”-ын хувьд шинэ мэт харагдавч, уран бүтээлч сэтгэлгээний хувьд ямар ч ахиц дэвшил гарахгүй байна. Ер нь өнөөдрийн Оросын телевизийн салбарт зөвхөн энэ бус, ер нь хэнд ч ойлгомжтой, ямар ч энгийн асуудал хөндөгдөхгүй байна шүү дээ, бодоод үз дээ.