Ломбардууд хулгайн эд зүйл хүлээн авдаггүй болно

Нийгэм / Admin
2017 оны 10 сарын 11

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбард ажиллуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийн чуулга уулзалт болж байна.. Нийслэлд 600 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилд 32 орчим тэрбум төгрөгийн бараа эргэлддэг байна. Үүнээс долоон тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн нь хулгайн эд зүйлс байдгийг нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хурандаа н.Давааням хэллээ.  

Чуулганыг “Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” зохион байгуулж байгаа бөгөөд хууль эрхзүйн нэгдсэн зохион байгуулалттай болох, мэдээллийн нэгдсэн цахим сантай болох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь иргэдийн хувьд санхүүгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа байх ёстой үйлчилгээ мөн боловч хулгайн эд зүйлс эргэлтэд ордог учраас гэмт хэрэг дагалдаж байдаг гэдгийг чуулганд оролцогчид хэлж байлаа.  Тиймээс ломбардуудыг мэдээллийн нэгдсэн цахим санд мэдээллээ оруулж,  хулгайн эд зүйл орж ирэхээс сэргийлэх, орж ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах зохицуулалттай болгохоор ажиллаж байгаа юм байна. Цахим санд мэдээллээ нэгтгэснээр үйлчлүүлэгч аль ломбардад ямар эд зүйлээ барьцаалсан, хугацаа хэтрүүлсэн, орхисон зэрэг мэдээлэл ил болохоос гадна телевизор, гар утас, компьютер зэрэг цахилгаан барааны регистрийн дугааруудыг суулгаснаар хулгайн эд зүйлс илрэх боломж бүрдэх юм байна.

Цахим мэдээллийн нэгдсэн санг “Монголын барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” үнэ төлбөргүй зохион бүтээсэн бөгөөд ломбардын үйл ажиллагаа эрхлэгчид бүртгүүлэхэд ч үнэ төлбөргүй байхыг холбооны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар хэллээ.